Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/946

 

 

 

 

  2022        06          21                                    2022/ШЦТ/946

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Н.Өнөрбаяр,   

нарийн бичгийн дарга Г.М,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бн овогт Цийн Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1887 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 08 дугаар байрны 13 тоот өөрийн гэтээ хохирогч Т.Ж, Б.М нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч Б.Мийн нүүр хэсэгт нь гараараа цохиж дух, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл,

хохирогч Т.Жийн нүүр хэсэгт нь нэг удаа толгойгоороо мөргөж, гараараа цохиж духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, тархи доргилт бүхий гэмт тус тус учруулж хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1887 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Жийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би ажлаа тараад 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай 14 настай хүү Ууган-Эрдэнэ байрны гадаа тоглож байгаад нохойд хазуулсан байсан. Эхнэр бид хоёр хүүхдээ дагуулаад нохойн эзний гэрт очиход настай эмэгтэй хүн гарч ирэхээр нь танай нохой манай хүүхдийг хазсан байна гэж хэлэхэд би мэдэхгүй байна, манай хүүхдийн нохой юм, манай хүүхэд согтуу байна гэж хэлээд байж байх үед цаанаас том биетэй эрэгтэй хүн гарч ирээд манай эхнэрийг бүдүүн авгай гэж хэлээд эхнэр Мийн нүүрний дух хэсэгт 2 удаа баруун гараараа цохисон. Би голоор нь ороод болиулах гэхэд миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд духнаас цус гаргаад би доошоо хараад байж байх үед гараараа 3-4 удаа миний нүүр рүү цохисон. Тэгээд бид нар цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

 

Хохирогч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би ажлаа тараад 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай 14 настай хүү Ууган-Эрдэнэ байрны гадаа тоглож байгаад нохойд хазуулсан байсан. Нөхөр бид хоёр хүүхдээ дагуулаад нохойн эзний гэрт очиход настай эмэгтэй хүн гарч ирэхээр нь танай нохой манай хүүхдийг хазсан байна гэж хэлэхэд би мэдэхгүй байна, манай хүүхдийн нохой юм, манай хүүхэд согтуу байна гэж хэлээд байж байх үед цаанаас том биетэй эрэгтэй хүн гарч ирээд намайг бүдүүн авгай гэж хэлээд эхнэр Мийн нүүрний дух хэсэгт 2 удаа баруун гараараа цохисон. Манай нөхөр Ж голоор нь ороод болиулах гэхэд Жийн нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөхөд Жийн духнаас цус гаргасан. Гэтэл Жийн нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд бид нар цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Гэрч Ш.Мягмаржавын мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүү Б үдээс хойш гэрээсээ гараад тэгээд оройн 17 цагийн орчимд ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэлээн согтуу орж ирээд гэртээ тэжээдэг овчарк нохойг салхилуулна гэж гараад удалгүй орж ирэхдээ нохой хүүхэд урчихлаа гэж хэлээд гэрээс гарч явсан ба нөгөө хүүхэд байхгүй байна, олсонгүй гээд буцаж орж ирээд унтаж амарсан. Оройн 21 цагийн орчим гэрийн хаалгыг хүчтэй цохиж нүдээд байсан тул би очиж нээхэд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр бага насны хүүхдийн хамт зогсож байсан. Тэгээд та нар ямар удаан хаалгаа тайлдаг юм бэ гээд хаалгыг татаж нээсэн. Би тухайн хүмүүст хандаж хүүхэд нохойд уруулсан нь бид нарын буруу мөнгө хэрэгтэй бол маргааш өгье, одоо мөнгө байхгүй байна гэж хэлэхэд хүүхэд нохойгоороо уруулчихаад юун маргааш вэ гэж хэлсэн. Манай хүү Б босож ирээд би одоо согтуу байна, маргааш цагдаагийн байгууллагад очъё гэж хэлэхэд тухайн хүмүүс хүүхэд нохойд уруулчихаад юун маргааш вэ гэж хэлээд эрэгтэй нь хүү Бийг заамдаж аваад эрэгтэй, эмэгтэй хоёр нь Бийн энгэр орчимоос зуурсан байдалтай тэр гурав хаалганы үүдэнд хэсэг зууралдсан. Тэгээд нэг харахад тухайн эрэгтэйн духнаас цус гарсан байсан. Гэхдээ Бийг цохиж зодсон эсэхийг хараагүй. Удалгүй цагдаагийн албан хаагчид ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 6791 дугаартай:

... ДҮГНЭЛТ: Б.Мийн биед дух, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 6793 дугаартай:

... ДҮГНЭЛТ: Т.Жийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 6795 дугаартай:

... ДҮГНЭЛТ: Ж.Ууган-Эрдэнийн биед цээжинд шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз Идэрбат, түүний эхнэр Гэрлээ нарын хамт 17 цагийн орчимд Идэрбатын гэрт 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад гэртээ ороход манай ээж Мягмаржав байсан. Гэртээ ороод унтах гээд хэвтэх үед манай гэрт байдаг тэжээвэр овчарка нохойг гадаа гаргах шаардлагатай болсон. Намайг нохой дагуулаад гадагш гарахад хүн байхгүй байсан тул нохойныхоо хошуувчийг аваад шээлгэх гээд байж байх үед байшингийн урд талын булангаас 14 орчим насны эрэгтэй хүүхэд бөмбөг барьсан байдалтай гарч ирсэн бөгөөд нохойгоо хажуудаа суулгаад уяанаас бариад байж байх үед хүүхэд хажуугаар гүйх үед гартаа барьж байсан бөмбөгөө газарт унагаасан. Манай нохой бөмбөг рүү нь цоройж хүүхдийн өмсөж явсан подволконы энгэр орчмоос хазсан. Гэхдээ биед нь ил харагдах гэмтэлгүй байсан. Би тухайн хүүхдэд хандаж миний дүү зүгээр үү гэж хэлэхэд зүгээрээ гэж хэлээд цааш явсан. Би нохойгоо гэрт оруулаад буцаж гарч ирээд байрны орчимд тухайн хүүхдийг хайсан боловч байсан байсан тул гэртээ ороод унтаж амрахаар хэвтэж байх үед хаалга хүчтэй цохиод байсан. Удалгүй ээж хаалга нээхэд 1-2 хүн гэрийн хаалганы гадаа ирээд танай нохой хүүхэд хазсан байна гэж хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би босож очоод үл таних эрэгтэй, эмэгтэй, нэг хүүхдийн хамт хаалга алдалсан байдалтай зогсож байхаар нь тухайн хүмүүст хандаж би архи уусан, согтуу байна, та нар хүүхдээ эмнэлгийн байгууллагад үзүүлчих, цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай бол би маргааш очъё гэж хэлэхэд үл таних эрэгтэй нь миний энгэр орчмоос заамдахад нь ямар сүртэй юм бэ, би эмчилгээ, төлбөрийг нь өгье, би одоо биеэ авч явах чадваргүй байна гэж хэлэхэд тухайн эрэгтэй эмэгтэй хоёр над руу дайраад зууралдаад байсан учир би миний хувцаснаас зууралдахаа боль, тавь гэж хэлэхэд тавихгүй байсан тул тавиулах зорилгоор зууралдсан. Би тухайн эрэгтэй, эмэгтэй хоёрыг цохиж зодсоноо санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/,

- БЗДЦГ ЦХ-3, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 14/,

- хохирлын баримтууд /хх-ийн 36-40/,

- 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0419041 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 55/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 49/, НДШ төлөлтийн лавлагаа /50/, цагдаагийн мэдээллийн сангийн баримт, оршин суугаа хорооны тодорхойлолт, зэрэг хувийн байдлын талаарх /хх-ийн 46-56/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийн хохирогч Т.Ж, Б.Мөнгөнцэцэг нарын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “... хоёр, түүнээс олон хүнийг ...” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

 

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар 806.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байх ба хохирогч нарт хурлын тов мэдэгдэхэд хохирлоо нэхэмжилсэн болохоо илэрхийлсэн байх учир шүүгдэгчээс 806.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Жид 403.000 төгрөг, хохирогч Т.Мт 403.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цийн Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг найман зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 825.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 825 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 825.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

 

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бээс 806.000 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Т.Ж /хм75120971/-д 403.000 төгрөгийг, хохирогч Т.М /хн85112561/-т 403.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ