Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/950

 

 

 

 2022        06          21                                   2022/ШЦТ/950  

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1778 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун хотхоны 801 дүгээр байрны 01 дүгээр давхарт байрлах Си  Юу сүлжээ дэлгүүрийн лангуун дээр тавьсан байсан иргэн Б.Бий Ай фоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Бд 1.600.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхоны 801 дүгээр байрны Си Юу сүлжээ дэлгүүрээс 14 цагийн орчим худалдан авалт хийхдээ гар утсаа лангуун дээр тавьж цаад талаас Хот дог аваад лангууны урд 3 настай хүүхдийн хажууд 50 орчим насны хүн шахаад зогсож байхаар нь хүүхдээ холдуулаад авсан эд зүйлийнхээ хажууд тавьсан байсан гар утсаа авах гэхэд байхгүй байсан. Хүүхдийн хажууд зогсож байсан хүнийг авсан гэж бодоод 10 орчим секунтын дараа араас нь гарахад байхгүй байсан. Улмаар дэлгүүрийн камерын бичлэгийг шалгаж үзэхэд миний араас юм авахаар зогсож байсан хүн, намайг Хот дог авахаар явах үед гар утсыг авч дэлгүүрээс нэг бэлэн гоймон худалдаж аваад гараад явсан байсан. Туахйн хүн 78-48 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан байсан гэх мэдүүлэг /хх 07-08/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээнийн компанийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн:

Ай фоне 11 загварын гар утсыг 1.600.000 төгрөгөөр үнэлэв гэх шинжээчийн тайлан /хх 66/,

 

Шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутагт байрлах Си Юу нэртэй сүлжээ дэлгүүрээс бэлэн гоймон авах гээд урд талын хүн тооцоо хийчихээд явахдаа гар утсаа мартахаар нь би өөрийнхөө тооцоог хийчихээд гар утсыг авч машиндаа суугаад гэр рүүгээ явсан.

... 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутагт байрлах Си Юу нэртэй сүлжээ дэлгүүрээс бэлэн гоймон авч тооцоогоо хийхээр байж байх үед урд талд зогсож байсан эмэгтэй гэр утсаа орхиод явахаар нь гар утсыг авч машиндаа суугаад явсан гэх мэдүүлэг /хх 31-32, 73-74/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1 хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 01-02/,

- эд зүйл хүлээн авсан тухай: ...Б.Бд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ай фоне 11 маркийн гар утас нэг ширхгийг хүлээлгэн өгөв гэх тэмдэглэл /хх 14/,

- хохирогч Б.Бий ... миний бие нь алдсан гар утсаа олж авсан тул гомдол санал гаргах зүйл байхгүй болно... /хх 36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ц.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19/,  жолоодох эрхийн лавлагаа /хх-20/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 21/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 22/, АСАП сангийн лавлагаа, хувийн байдлын талаарх баримтууд /хх 24, 47-60, 81-83/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун хотхоны 801 дүгээр байрны 01 дүгээр давхарт байрлах Си  Юу сүлжээ дэлгүүрийн лангуун дээр тавьсан байсан иргэн Б.Бий Ай фоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Бд 1.600.000 төгрөгийн хохирол учруулж, өөрийн болгон захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Ц.Эын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж байгаа эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Бийг Ай фоне 11 загварын гар утсыг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгсөн байх ба хурлын тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн зүйлд заасан дундаж хэмжээгээр оногдуулж, тодорхой нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цын Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жил 6 сарын хугацаагаар шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч нар, шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ