Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 01154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 59 дүгээр байрны 110 тоотод  оршин суух, эрэгтэй, Боржгон овогт Самдангийн Сосорбарам,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 59 дүгээр байрны 110 тоотод  оршин суух, эмэгтэй, Сүрэнхорлоогийн Хишигбаяр нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26 дугаар байрны 25 тоотод оршин суух, эрэгтэй, Ван Боржигон овогт Батбаярын Үүрцайх,

 

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 59 дүгээр байрны 110 тоотод  оршин суух, эмэгтэй, Дамба овогт Өлзийбуянгийн Өнгөт-Од нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 229 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч нарын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч С.Сосорбарам, С.Хишигбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Сосорбарам, С.Хишигбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид нар Б.Үүрцайх, Ө.Өнгөт-Од нартай зээлийн гэрээнүүд байгуулсан.Үүнд:

1.2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 11 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож байгуулсан.Энэ гэрээг 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, хүүг хэвээр үргэлжлүүлэхээр тохиролцож, нотариатаар батлуулсан.

2.2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож байгуулсан.Энэ гэрээг 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, хүүг хэвээр үргэлжлүүлэхээр тохиролцож, нотариатаар батлуулсан.

3.2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 37 699 400 төгрөгийн бараа материалыг зээлээр өгсөн.

4.2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Б.Үүрцайх Тэрэлж дэх Морин паркийн обьектыг ажиллуулахаар нээлтийн арга хэмжээ зохион байгуулахад зээл шаардлагатай гэж 20 000 000 төгрөгийн гэрээг сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож байгуулсан.Нийт өмнөх гэрээнүүдийг дүгнэж 78 699 400 төгрөгийн зээлийг Тэрэлж дэх морин паркийн 2012/37 тоот гэрчилгээтэй газар, түүн дээр баригдсан Үүрийн-Од ХХК-ийн нэр дээр байгаа хөрөнгө болох обьектыг барьцаалан 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд зээлсэн.

5.2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.Үүрцайх, Ө.Өнгөт-Од нартай өмнөх бүх гэрээнүүдийг дүгнэн тооцоо нийлж, дахин Морин паркийн 2012/37 тоот гэрчилгээтэй газар түүн дээр баригдсан Үүрийн-Од ХХК-ийн нэр дээр байгаа хөрөнгө болох обьектыг барьцаалан нийт 140 29 632 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцон 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 377 хоногийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан, 2014 оны 4 дүгээр сарын 22-нд өр төлбөр барагдуулах гэрээг Б.Үүрцайхтай тооцоо нийлж 229 500 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд Горхи Тэрэлжийн БЦГ 2012/37 тоот гэрчилгээтэй газрыг барьцаалан гэрээ байгуулсан.Нийт үндсэн зээл болон хүү, алдангийн тооцоог нийлсэний үндсэн дээр 229 500 000 төгрөгийг төлөх ёстойгоос Б.Үүрцайх нийт 70 000 000 төгрөгийг төлсөн тул Б.Үүрцайх, Ө.Өнгөт-Од нараас 229 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Сосорбарам шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Надад Ө.Өнгөт-Од, Б.Үүрцайх нар Тэрэлжид байрладаг морин паркийг ажиллуулах санал тавихад нь би өөрийнхөө сонирхолын дагуу тусалж, дэмжин хамтран ажиллахаар болсон.Би үйл ажиллагаанд нь цалинжих байдлаар оролцоогүй, үйл ажиллагааг нь дэмжин, нээлтийг нь өөрийнхөө дуу хоолойгоор тайлбарлаж, морин шоу үзүүлэх арга хэмжээнд нь оролцсон.Ө.Өнгөт-Од, Б.Үүрцайх нарт санхүүжилт хэрэг болох бүрт нь өөрийнхөө чадлаар туслалцаа үзүүлж зээл өгч байсан.Үүнд:

-Ө.Өнгөт-Одтой 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 1 сарын хугацаатай, 11 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан, зээлээ төлөөгүй учраас 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн гэрээнд тусгасан зүйлүүдийг хэвээр үргэлжлүүлэхээр тохиролцож, нотариатаар баталгаажуулсан.

-Б.Үүрцайхтай 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор 2012 оны 10 дугаар 03-ны өдөр 2 сарын хугацаанд төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулсан.

-2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ө.Өнгөт-Од, Б.Үүрцайх нарт 37 699 400 төгрөгийн бараа өгснийг зээлэнд оруулж тооцохоор болж, дахин 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 0,5 хувийн алданги тооцохоор, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар зээлийн гэрээ хийсэн.

-2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2 800 000 төгрөг нийт 7 800 000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар зээлдүүлсэн.Хүү, алданги тооцохгүйгээр нийт зээл, барааны үнэ 86 499 400 төгрөг болсон бөгөөд үйл ажиллагааны саатлаас болж төлөлт хийгдээгүй.Ө.Өнгөт-Од, Б.Үүрцайх нар дахин зээлийг 1 жилээр хойшлуулж, зээлийн гэрээг сунгаж өгөхийг хүссэн.Иймд өмнөх зээлийн хүү, алдангийг нэгтгэж тооцоо нийлсэн акт үйлдэж, харилцан тохиролцож, нотариатаар баталгаажуулсан.Гэрээний нөхцлөөр зээлийг тооцоход 140 729 632 төгрөг болсон, алдангийг 0.5 хувиар буюу хуульд заасан 50 хувиас хэтрүүлэлгүй тооцоход 70 364 816 төгрөг болсоныг хариуцагч нар зөвшөөрсөн,  2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ө.Өнгөт- Од Б.Үүрцайх нар төлөх ёстой 140 729 632 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр дахин сунгасан, үүнээс хойш дахин сунгалт хийгээгүй.Ө.Өнгөт-Од Б.Үүрцайх нарын төлбөл зохих төлбөр нь нийт 299 500 000 төгрөг болж байсан, Ө.Өнгөт-Од, Б Үүрцайх нар гадаадад 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ажиллаж, зээлээс 70 000 000 төгрөгийг буцааж төлсөн.Бид нэг сонирхолтой, гэр бүлийн найзууд байсан бөгөөд зээлээс болж үл ойлголцол үүссэн.Иймд Ө.Өнгөт-Од Б.Үүрцайх нараас 229 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, 140 729 632 төгрөгт өмнөх зээлийн хүү, алданги тооцогдсон, энэ үнийн дүнг өгч авалцаагүй, тооцоо нийлсэн актыг Ө.Өнгөт-Од өөрийн гараар бичсэн.Би Өнгөт-Од, Үүрцайх нарт нийт 86 499 400 төгрөг зээлдүүлсэн, гэрээ тус бүрийг 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцон гэрээгээ сунгаж байсан гэв.

 

Нэхэмжлэгч С.Хишигбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний хүүг тохиролцож байуулсан.Гэрээний хугацааг Иргэний хуулийн 285 дугаар зүйлд зааснаар харилцан тохиролцсон.Мөн хуулийн 232.6-д зааснаар алдангийг 0,5 хувиар тооцсон бөгөөд гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Үүрцайх нь С.Сосорбарам, С.Хишигбаяр нараас 2012 оны 5 дугаар сарын 14-нд 11 000 000 төгрөг, 2012 онд 19 441 500 төгрөгийн бараа, 2012 оны 8 дугаар сарын 03-нд 10 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 15-нд 20 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 25-нд 5 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 01-нд 2 800 000 төгрөг нийт 68 211 500 төгрөгийн дүнтэй мөнгө, эд барааг авсан байдаг ба энэ дүнг ч нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан, мөн эргэн төлбөрт Б.Үүрцайхаас 70 000 000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч дурдсан байна.Гэвч дээр дурдсан хугацаанаас хойш нэхэмжлэгч нар нь тооцоог өөрсдөө нэмж зохион гаргаж баримт үйлдсэн байх ба хууль зүйн хувьд үндэслэлгүйгээр 229 500 000 төгрөгийг шаардаж байна.Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шаардлага байх тул тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хэд хэдэн удаа зээлийн гэрээ байгуулсан болох нь  баримтуудаас харагдана, гэрээг тусгайлан сунгасан зүйл байхгүй.Зээлийн гэрээнд мөнгөн дүн нэмж сунгалтуудыг хийж байсан, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 78 699 400 төгрөг зээлсэн гэх гэрээг хийсэн бөгөөд сунгасан гэсэн утгаар гэрээ байгуулаагүй, 78 699 400 төгрөг нь эхэлж 11 000 000 төгрөг, дараа нь 10 000 000 төгрөг, мөн бараа материалын үнэ 37 699 400 төгрөг, 20 000 000 төгрөг, 7 800 000 төгрө, нийт 86 499 400 төгрөгийг хариуцагч нар зөвшөөрч, маргахгүй байгаа.Хариуцагч нараас төлбөр төлөх санал тавьсан боловч С.Сосорбарам, С.Хишигбаяр нар үндсэн зээлээс гадна хүү, алданги төлөхийг шаардаж байсан, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 86 499 400 төгрөг нь 140 729 632 төгрөг болсон тул үүнийг зөвшөөрөхгүй байгаа.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө болон төрлийн шинж чанартай эд зүйлийг шилжүүлж авах, хугацаа нь дуусахаар буцааж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан тул 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 140 729 632 төгрөгийг зөвшөөрөхгүй байна.Талуудын хооронд бодитойгоор 140 729 632 төгрөг шилжүүлэгдээгүй, бодитойгоор мөнгийг аваагүйг нотлох баримт хэргийн 12, 13 дугаар талд байгаа. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282.4-т заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр биш, хариуцагч нар 86 499 400 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд 70 000 000 төгрөгийг
эргүүлэн төлсөн 140 729 632 төгрөг ямар үндэслэлээр 299 500 000 төгрөг болсон нь тодорхойгүй байх тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд үлдэгдэл
16 499 400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Үүрцайх нь Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт морин тойруулга ажиллуулах зорилгоор 2012 оны зээлийн гэрээний дагуу С.Сосорбарам, С.Хишигбаяр нараас мөнгө зээлж аваад 70 000 000 төгрөгийг буцаан төлсөн, зээлийг буцаан төлөх хугацаанд нэхэмжлэгч нар өөрсдийн танил нотариатаар гэрээ үйлдэн баримтжуулж байсан ба Б.Үүрцайх болон гэр бүлийн хүнийг элдэв дарамтанд оруулж залилан хийсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулан элдэв бичигт гарын үсэг зуруулан авч байсан.Б.Үүрцайх болон гэр бүл нь 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн гэрээний дагуу 140 729 632 төгрөгийг С.Сосорбарам, С.Хишигбаяр нараас хүлээж аваагүй ба өмнө буюу 2012 онд зээлсэн 68 211 500 төгрөг дээр төлөөгүй хүү гэх мөнгийг нэмж тооцон 140 729 632 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Сосорбарам, С.Хишигбаяр нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Үүрцайх, Ө.Өнгөт-Од нартай гэрээг байгуулахдаа өмнөх зээлийн гэрээнүүдийг дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг тооцоог Ө.Өнгөт-Од өөрөө бичиж, хоёр тал харилцан тохиролцож зөвшөөрөлцсөний үндсэн дээр гэрээг хийж, нотариатаар баталгаажуулсан тул хүчин төгөлдөр гэрээ, уг гэрээнд зааснаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй тул 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Б.Үүрцайхын хүсэлтээр 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал гэрээний заалтуудыг харилцан зөвшөөрч, сунгалт хийж 2 талаас Б.Үүрцайх, С.Хишигбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд дарамт шахалт байгаагүй тул Б.Үүрцайх, Ө.Өнгөт-Од нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Сосорбарам шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлд бичсэн 140 729 632 төгрөг нь өмнөх бүх тооцоо нийлсэн зээл, алдангийн үнийн дүн, тухайн үед 140 729 632 төгрөгийг гардаж өгөөгүй гэдэг нь үнэн, Өнгөт-Од, Үүрцайх нар харилцан тохиролцож өөрсдөө бүх гэрээг бичиж, үнийн дүнг зөвшөөрч, нотариатаар баталгаажуулсан учраас 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Сосорбарам, С.Хишигбаяр нар хариуцагч Б.Үүрцайх,Ө.Өнгөт-Од нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, алдангийн 229 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч С.Сосорбарам, С.Хишигбаяр нар хариуцагч Б.Үүрцайх, Ө.Өнгөт-Од нарт 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 11 000  000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор, 2012 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20 000 000 төгрөгийг хүүгүйгээр, 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2 800 000 төгрөгийг хүүгүйгээр тус тус зээлдүүлсэн болох нь зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүдээр нотлогдож байх бөгөөд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлд нийцэж байна.

 

Нэхэмжлэгч нар 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2 800 000 төгрөгийг тус тус зээлдэгч нарт хүүтэй зээлдүүлсэн гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд хийгдсэн дээрх 2 зээлийн гэрээнд зээлийн хүүгийн болон алдангийн талаар тохироогүй, байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тохирсон гэрээг талууд бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгч нар энэхүү 22 800 000 төгрөгийн зээлийн үүрэгт хүү шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Сосорбарам, С.Хишигбаяр нар нь хариуцагч Б.Үүрцайх, Ө.Өнгөт-Од нарт 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 37 699 400 төгрөгийн барааг зээлээр өгсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байх боловч энэхүү барааны өртөгт хүү, алданги тооцох талаар зохигчид тохироогүй байна.

 

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолохоор заасан байх бөгөөд талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дууссан, 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан, 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус дууссан байхад эдгээр зээлийн гэрээний хугацааг талууд сунгаагүй байна.

 

Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний хугацааг 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр сунгасан гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд хийгдсэн хугацаатай зээлийн гэрээний хугацаанууд бүгд 2012 онд дууссан байхад эдгээр гэрээний хугацааг 2013 оны 6 дугаар сард сунгагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн талуудын хооронд хийгдсэн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2 800 000 төгрөгийн зээлийн гэрээнд хугацаа тохироогүй байх тул энэхүү зээлийн гэрээний үүрэгт алданги тооцох үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нар 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 000  000 төгрөгийн зээлийн үүрэгт үндсэн зээл 11 000 000 төгрөг, зээлийн хүү 550 000 төгрөг, алданги 5 775 000 төгрөг нийт 17 325 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, алданги 5 500 000 төгрөг нийт 16 500 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 20 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг нийт 9 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2 800 000 төгрөг, мөн зээлээр өгсөн барааны үнэ 37 699 400 төгрөг нийт 103 074 400 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй байсан байна.

 

Үүнээс хариуцагч нар 70 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн байх тул одоо үлдэгдэл 33 074 400 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

Дээрх 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлээр тухайн өдөр зохигчдийн хооронд бодитоор мөнгө өгч авалцаагүй, өмнөх зээлийн гэрээнүүдийн болон зээлээр худалдсан барааны үнийн үүргийн бүх тооцооны дүн, хүү, алдангийг нэмж нэгтгэн хийсэн гэх үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Гэвч энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т  заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн үндэслэлд нийцээгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

 

Энэхүү хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд энэ хэлцлээр талуудын хооронд эрх, үүсэх боломжгүй тул баримтлан нэхэмжлэгч С.Хишигбаяр, хариуцагч Ө.Өнгөт-Од, Б.Үүрцайх нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Батбаярын Үүрцайх, Өлзийбуянгийн Өнгөт-Од нараас 33 074 400 /гучин гурван сая далан дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан С.Сосорбарам, С.Хишигбаяр нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 196 425 600 /нэг зуун ерэн зургаан сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан С.Хишигбаяр, Ө.Өнгөт-Од, Б.Үүрцайх нарын хооронд2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 305 450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861 600 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Ө.Өнгөт-Од, Б.Үүрцайх нараас 323 322 /гурван зуун хорин гурван мянга гурван зуун хорин хоёр /төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч С.Сосорбарам, С.Хишигбаяр нараас 861 600  /найман зуун жаран нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хариуцагч нарт тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ДОРЖНАМЖИН