Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0184

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АХХК

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газарт

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн АХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу тооцохгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан өдрөөр үргэлжлүүлэн тооцон бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах -ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа бидэнд мэдэгдээгүй. Бидний зүгээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах Их зүүн нэртэй АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 оны 01 дүгээр сард Ашигт малтмал газрын тосны газраас хүчингүй болгож шийдвэрлэснийг манай компанийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2005 дугаар албан бичгээр хандсаны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгээр хариу ирүүлсний дагуу мэдлээ.

Мөн манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг буруу тоолон сэргээсэн шийдвэр нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэр болохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгээр мэдсэн боловч өнөөдрийг болтол албан ёсоор танилцаж, хууль зүйн үндэслэл, тушаалын агуулгатай танилцаагүй байна.

АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмал газрын тосны газрын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэсэн заалтыг огт биелүүлээгүй энэ талаар АМГТГ-ын цахим хуудсандаа ч тавьж мэдээлээгүй байна.

АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцалж байгаагаа дурдахдаа ...Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах Их зүүн нэртэй АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр цуцалсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0066 дугаар магадлалыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрээр сэргээсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тооцсон болно гэжээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төрийн захиргааны байгууллагын даргын аливаа шийдвэр нь хууль тогтоомжид үндэслэж гарах ёстой билээ. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 24-ний 221/МА2018/0066 дугаар магадлалд XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг заагаагүй байхад Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрээр сэргээсэн шийдвэрийн 2 дахь хэсэгт ...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцож 2 дахь жилийн ээлжит төлбөрийг хүлээн авч бүртгэсүгэй гэж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин үндэслэлгүйгээр хугацааг хугацааг тогтоосон байдаг. Аливаа захиргааны байгууллага албан тушаалтан нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хуульд заагаагүй эрхийг эдлэн, хуулийн заалтыг буруугаар эдлэн, хуулийн заалтыг буруугаар хэрэглэж, өөрийн үзэмжээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үргэлжлэх хугацааг дур мэдэн тогтоосон байна. Бидний зүгээс дээрх шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт цагаан дээр хараар бичсэн ...үргэлжлүүлэн тооцно гэдэг үгийг зориуд орхигдуулан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд хэрэг маргаан шийдвэрлэгдэх явцад тусгай зөвшөөрлийн хугацааг тоологдохгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолох ёстой байсан. Хэрэв ингэж хуульд зааснаар тооцвол тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа эрх цуцлагдсан хугацаа болох 4 сар 20 хоногийн нэмж тогтоох байсан юм.

Анх АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон огноо нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байдаг. АХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 540 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулахаар Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ өдрөөс хойш Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч гаргасан 402 дугаар шийдвэр нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байгаа бөгөөд яагаад Монгол улсын хууль зөрчин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хохироох болов. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тооцоход 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь жил дуусах байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал эцэслэн гарсан 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тогтоож байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг тус тус зөрчсөн байна.

Хэрэв Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гаргасан 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөр тооцвол XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр 3 дахь жилийн хугацаа дуусах байсан юм. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэсэн заалтыг удаа дараа зөрчиж байгаа юм. Эндээс үзэхэд Ашигт малтмал газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тогтоосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж ойлгож байгаа юм.

Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн боловч хугацааг хуульд зааснаас богиносгож дур зоргоор тогтоосон нь бидний хайгуул хийх хугацааг 4 сар 20 хоногоор хасаж богиносгосон, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хаагдуулан хууль бусаар хязгаарласан, дээрх хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн, санаатайгаар гуйвуулсан үйлдэл гэдэг нь харагдаж байгаа юм. АХХК-ийн эзэмшилд байсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сард гаргасан XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг илт зөрчсөн байна гэж үзэж байгаа юм.

Иймд манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг буруу тоолон сэргээсэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрээ эргэн харж, АХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. хэлтэс АХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүчингүй байсан хугацааг хүчинтэй мэт тооцсон бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 402 дугаар шийдвэр гарсан. Гэтэл тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тоолохдоо ухрааж 01 дүгээр сарын 24-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөр хугацааг тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн АХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг дахь XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,

АХХК-ийн эзэмшилд байсан ХV020222 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу тооцохгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан өдрөөр үргэлжлүүлэн тооцон бүртгүүлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь АХХК нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт ХV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн.

Уг тусгай зөвшөөрлийг эзэмшээд 1 жилийн хугацаа өнгөрч байхад Ашигт малтмал газрын тосны газраас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ...тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан.

АХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 221/МА2018/0066 дугаар давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан.

Хариуцагчийн зүгээс манай компанийг 2020 оны 02 дугаар сард буюу нэг сарын өмнө хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргахад танай тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа дуусгавар болсон байна гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалгүй эс үйлдэхгүй гаргасан.

Улмаар 4 дэх жилийн төлбөрөө төлөх, тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ 2020 оны 02 дугаар сарын 4-ний өдөр төлбөрийн баримтын хамт гаргасан.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллагын зүгээс манай компанийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлтээ, төлбөрийн хамт гаргах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх байдлаар шийдвэр гаргасан.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсонтой холбоотой баримтыг гаргуулахаар захиргааны байгууллагад хандсан боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсонтой холбоотой шийдвэр гаргахгүй гэх тайлбарыг өгсөн.

Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон үндэслэл нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс 3, 4 дэх жилийн төлбөр төлөх хугацааг тооцсонтой холбоотой.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д ...энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж заасан байдаг.

Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно гэх байдлаар тайлбарладаг. Харин бидний зүгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108, 110 дугаар зүйлд шүүхийн шийдвэр хүчинтэй болох, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох гэх заалтаар ойлгож байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд шүүхийн шийдвэр хүчинтэй болох гэх агуулгаар бичилгүйгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойших хугацааг тооцно гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т Давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно гэж хуульчилсан.

Нэхэмжлэгчийн зүгээс өмнөх шүүх хуралдааны өмнө шүүхийн төрөлжсөн архиваас 3 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг материалд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчид гардуулж өгсөн талаарх баримт байгаа. Үүнээс үзэхэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2/363 дугаар албан бичгээр магадлалыг Ашигт малтмал газрын тосны газарт шуудангаар илгээсэн байдаг тул шүүхийн шийдвэр 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс 402 дугаар шийдвэрээ манай компанид одоог хүртэл албан ёсоор гардуулж өгөөгүй бөгөөд уг 402 дугаар шийдвэр нь шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болох гэх агуулгыг буруу хэрэглэж гаргасан байна.

Бид 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хугацаа сэргээлгэх хүсэлтээ, төлбөр төлсөн баримтын хамт Ашигт малтмал газрын тосны газарт гаргасан. Харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг манай компанийн зүгээс 1 сарын өмнө гаргах гэх заалтыг 14 хоногоор хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч байгаа.

Хэдийгээр АХХК нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрөө 14 хоногоор хоцорч төлсөн боловч нэг сарын алданги төлсөн талаарх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгч байсан. Уг баримт нь хавтаст хэргийн 226 дугаар хуудсанд авагдсан байгаа.

Түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн АХХК-д холбогдох хэсэг нь дээрх үндэслэлийн дагуу хууль бус гэж үзвэл манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон гэдгийг мэдэгдсэн Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичигт дурдсан үндэслэл хүчингүй болох боломжтой байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шинээр хугацаа сунгахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд манай компанийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосонтой холбоотой эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэж байгаа. Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон албан бичгээ бидэнд гардуулж өгнө үү гэхэд тийм баримт бичиг гардаггүй гэсэн. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3 дахь нэхэмжлэлийн шаардлага АХХК-ийн эзэмшилд байсан ХV-020222 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу тооцохгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан өдрөөр үргэлжлүүлэн тооцон бүртэл хийлгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах байгаа.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс манай компанийн хайгуулын ажлын төлөвлөгөөг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталгаажуулсан атлаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь ойлгомжгүй байна.

АХХК-ийн эзэмшилд байсан ХV020222 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу тооцохгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан өдрөөр үргэлжлүүлэн тооцон бүртгүүлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дэх хэсэгт заасныг үндэслэн Ашингт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн АХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу тооцохгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан өдрөөр үргэлжлүүлэн тооцон /хүчингүй байсан хугацааг тооцох/ бүртгүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар даалгах бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Их зүүн нэртэй 455.01 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020222 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 330 дугаар шийдвэрээр АХХК-д олгожээ.

АХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 326 дугаар шийдвэрээр 154.56 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-020841 дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

Тус компани нь үлдсэн ашигт малтмалын хайгуулын XV-020222 дугаартай 300.45 га талбайн 2 дахь ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр цуцалсныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0853 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0066 дугаар магадлалаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийн АХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр биелүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрээр АХХК-ийн ашигт малтмалын хайгууллын XV-020222 дугаартай тусгай зөвшөөрөлийн хүчин төгөлдөр хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн ээлжит жилийн төлбөрийг хүлээн авч бүртгэж шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж заасан тул АХХК-ний хүчин төгөлдөр хугацааг тооцсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбараа бичгээр шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 8/1737 дугаартай албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй нэхэмжлэгчид өгсөн хариу бичиг юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг зөв тооцож гаргасан учраас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэр хууль ёсны дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хугацааг тооцохдоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд бичигдсэн өдрөөс буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс тооцсон. Магадлалыг биелүүлж маргаан бүхий 402 дугаар шийдвэрийг гаргасан.

Нэхэмжлэгчийн зүгээс 3, 4 дэх жилийн төлбөр төлсөн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгадаг. Жилийн төлбөрийг хугацаа дуусах өдрөөс өмнө төлөх ёстой.

Төлбөр төлөөгүй тохиолдолд 30 хоногийн хугацаа олгож алданги тооцдог. Төлбөрөө төлөөгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр дуусгавар болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарсан гэж заасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй учраас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хугацааг тооцсон.

Хариуцагч талаас магадлалд гомдол гаргах байсан боловч гомдол гаргах шаардлагагүй гэж үзэж шүүхийн шийдвэрийг магадлалын дагуу биелүүлэхээр болсон. Нэхэмжлэгч 2018, 2019 оны буюу 2, 3 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн. Харин 2020 оны төлбөрийг төлөхөөс өмнө 01 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөл цуцлагдсан.

Иймд шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч АХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн АХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгосон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,

АХХК-ийн эзэмшилд байсан XV-020222 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу тооцохгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан өдрөөр үргэлжлүүлэн тооцон бүртгэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодорхойлсон байна.

Анх Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах Их Зүүн нэртэй 455.01 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын АХХК-ийн эзэмшилд байсан ХV-020222 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан ээлжит жилийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан байна.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байх бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0853 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0066 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Кадастрын хэлтсийн даргын 540 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэх үүднээс Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж зааснаар АХХК-ийн ХV-0202222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тоолох талаар дүгнээгүй байхад Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн 2 дахь хэсэгт ...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцож 2 дахь жилийн ээлжит төлбөрийг хүлээн авч бүртгэсүгэй гэж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хугацааг тооцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөд хүргэсэн байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно, 110.1.1-д энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, 110.1.2-д давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй, бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийг оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүй бол, гомдол гаргасан тохиолдолд тухайн хэргийг холбогдох дээд шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор байна.

Бодит байдал дээр хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0066 дугаар магадлал гарч, давж заалдах шатны шүүхийн тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2/363 дугаар албан тоотоор магадлалыг Ашигт малтмал газрын тосны газарт шуудангаар хүргүүлсэн, хариуцагч дахин дээд шатны шүүхэд гомдол гаргаагүй уг магадлалыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргаас 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 402 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээн шийдвэрлэсэн байна.

Гэтэл хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэх хуулийн заалтыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хуульд заасан ...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж заасныг орхигдуулан хуулийг буруу тайлбарлаж дээрх хуулийн дагуу хариуцагч магадлал гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тооцож 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийг гаргасан хэрнэ тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг хариуцагч бодит байдал дээр 2018 оны 01 сарын 24-ний өдрөөр багасгаж хуулийг буруу тайлбарлан тусгай зөвшөөрлийн хугацааг тооцож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

Хэрэв Ашигт малтмал газрын тосны газрын, Кадастрын хэлтсийн даргын 402 дугаар шийдвэрийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөр тооцвол нэхэмжлэгчийн ХV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр 3 дахь жилийн хугацаа дуусах байсан байна.

Түүнчлэн хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэсэн заалтыг удаа дараалан зөрчиж хайгуул хийх хугацааг 4 сар 20 хоногоор хасаж, тооцож байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг удаа дараа дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгчийн ХV-020222 тоот тусгай зөвшөөрлийг хариуцагч дуусгавар болгохдоо нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг буруу тоолон сэргээсэн шийдвэр нь Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэр болохыг нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар албан бичгээс мэдсэн, хүчингүй болгосон шийдвэрийг гардаж аваагүй, түүний хууль зүйн үндэслэлтэй танилцаагүй болох нь нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 56.3-д Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ., 56.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон мэдэгдлийг гаргахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг огт биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч 2020 оны хайгуулын ажлын тайланг хариуцагчид хүлээлгэж өгсөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар 2018, 2019 оны 2, 3 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн байхад хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэр, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор хуульчилсан, харин нэхэмжлэгч АХХК-ийн хувьд ХV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон гэж үзэхээргүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу нэхэмжлэгч АХХК нь ээлжит жилийн төлбөрөө төлж ХV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст хандсан нь хуульд нийцэж байна.

Мөн хариуцагчаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж тайлбарласан нь бодит байдал дээр авч үзвэл дээрх 402 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулаагүй, MRPAM.gov.mn гэсэн цахим хуудсанд XV-020222 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар ямар нэгэн мэдээллийг байршуулаагүй, болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 20005 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримт болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

АХХК нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 03/20 тоот албан бичгээр, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 05/20 тоот албан бичгээр тус тус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаарх гомдол гаргахад Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны 8 дугаар сарын 11-ний 1/3598 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариуг өгсөн байна гэж үзэв.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн АХХК-д холбогдох хэсгийг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, АХХК-ийн эзэмшилд байсан ХV-020222 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу өмнөх шүүхийн шийдвэрийн болон магадлалын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөн үргэлжлүүлэн тооцож бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, харин Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.5, 34 дүгээр зүйлийн 34.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4, 56.8-д заасныг тус тус баримтлан АХХК-ийн нэхэмжлэлийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 402 дугаар шийдвэрийн АХХК-д холбогдох хэсгийг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1737 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, АХХК-ийн эзэмшилд байсан ХV-020222 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу өмнөх шүүхийн шийдвэрийн болон магадлалын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөн үргэлжлүүлэн тооцож бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагыг тус тус хангаж, үлдсэн Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ