Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 71

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02444 дүгээр шийдвэртэй, Ц.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-д холбогдох, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 685 714 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, Ж.Мөнхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хны Архангай аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/783 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалд Мөсний баяр, Монгол цэргийн өдөр ажилтнуудтай хамт архи уусан гэх боловч эмэгтэйчүүдийн болон цэргийн баярыг хамтатган тэмдэглэхдээ байгууллага удирдаж байгаа хүний хувьд гадаа хүйтэн байсныг харгалзан авто гражид 1 цаг гаруй юм ярьж сууцгааж, архи уусан нь үнэн ч ажлын бус цагаар, нийтээр тэмдэглэх баяр ёслолын үе байсан. Гэтэл архи согтууруулах ундаа ажлын байранд, ажлын цагаар, удаа дараа хэрэглэсэн гэж үзээд тушаал гаргасанд гомдолтой.

Мөн тушаалд салбарын үндсэн кассыг нээх, хаах ажиллагаанд биечлэн оролцдоггүй, үндсэн кассыг 2017 оны 4, 5 дугаар сард 16 удаа салбарын нийтэд үйлчлэх цагаас хоцорч нээсэн, кассын түлхүүрийг эрхгүй этгээдэд дамжуулсан зэргээр Кассын ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн. 4-5 минут болон нэг удаа 25 минут хоцорсон тохиолдол байгаа ч журамд зааснаар кассыг нээх, хаахад ня-бо болон теллер хамт байдаг тул бусдаас шалтгаалдаг. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эмчийн магадлагаагаар ажилдаа очоогүй ба байгууллагын ажилтнаар түлхүүрийг өгч явуулсан, үүнээс болж ямар нэг хохирол учраагүй.

Зээлийн муу түүхтэй, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэггүйг мэдсэн атлаа холбогдох журам, заавар зөрчин харилцагч Э.Б, Д.Ц нарт зээл олгож, зохих ёсоор хяналт тавиагүй гэх үндэслэлийн тухайд бичил бизнесийн болон шугамын зээл авсан зээлдэгч нар байсан. Зээлийн мэргэжилтэн нар материалыг бүрдүүлэн судалж зээлийн хороонд танилцуулснаар гишүүд 100 хувийн саналаар баталсан байдаг. Дээрх зээлдэгч нарын зээл хэвийн төлөгдөж байгаа ба  уг зээлээс болж банкинд эрсдэл учирсан зүйлгүй.

Нэр бүхий 15 зээлдэгчид 317 500 000 төгрөгийн цалингийн буюу барьцаагүй зээл олгохдоо гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан зээл олгох шийдвэрийг хамтарсан эрхээр шийдвэрлэхээр заасныг зөрчин, ганцаараа шийдвэрлэж албан тушаалд олгогдсон эрх хэмжээг хэтрүүлсэн гэх тухайд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс Салбарын захирлаар ажилласан. 2016 оны 11 дүгээр сард гүйцэтгэх захирлын тушаалаар тухайлсан эрх өгөгдсөн, уг эрх хэтрүүлсэн гэх зээлүүд хэзээ олгогдсон, ямар харилцагчийн зээл болох талаар мэдээлэл байхгүй. Зээлийн үйл ажиллагааны зааврын 7.1-т Салбар нэгжийн зээлийн хорооноос гаргасан тогтоолын төслийг Зээлийн хорооны хурлын нарийн бичгийн дарга, зээл шийдвэрлэх хамтарсан эрхээр гаргасан шийдвэрийн төслийг  зээл судалсан мэргэжилтэн үйлдэж, эрх бүхий ажилтнуудаар хянуулах, 7.2-т хянах ажилтан төсөлд бичигдсэн зээлийн хэмжээ хугацаа хүү, эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгө, нэмэлт, тусгай нөхцөл гэх мэт бусад нөхцөл нь хорооны хурлаас болон хамтарсан эрхээр гаргасан шийдвэрийн дагуу үнэн зөв, бүрэн бичигдсэн эсэхийг хянана гэж заасан байдаг.

Цалингийн зээл бол банкны батлагдсан журмаар судалгаа шаардахгүй шууд гардаг ба 10 сая төгрөгөөс дээш зээлийг хамтарсан эрхээр олгодог. Хариуцсан зээлийн мэргэжилтэн зээлийг судлаад захиралд танилцуулснаар гарын үсэг зурж баталгаажуулж олгогддог. Дээрх 15 зээлийн заримыг зээлийн мэргэжилтэн Г.Нэргүй судалж оруулсан. Архангай аймаг дахь салбарт 2017 оны 3 дугаар сард төв банкнаас аудит ирж шалгаад манайхыг зөрчилгүй гэж гарсан. Удирдлагын хувьд зээлийн мэргэжилтэн Г.Нэргүйд журам заавар зөрчиж зээл олголт хийх хууль бус үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй.

Дээрх үйл явдал нь мэргэжилтэн Г.Нэргүй хууль зөрчсөн ажиллагаа хийснийг илрүүлж дээш мэдэгдсэний хариуд тэрээр худал мэдээлэл өгч, улмаар төвөөс шалгалтын баг ирж шалгаснаас үүдэлтэй. 2017 оны 5 дугаар сарын дундуур шалгалтын баг ирээд бүх ажилтнуудтай уулзаж шалгаад 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тушаал гарсан. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалд үүнээс олон үндэслэл зааж холбогдох хууль, дүрэм журмыг бүгдийг зөрчсөн мэт тусгаж Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчин ажил үүрэг, албан тушаалын хувьд огт хамааралгүй асуудлуудыг оруулж ажлаас халсан тушаал хүчингүй тул Архангай салбарын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл 3 сар 15 хоногийн цалин 6 685 714 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр талууд байгуулаагүй. 2017 оны 4 дүгээр сард гэрээндээ гарын үсэг зураад шуудангаар явуул гэсний дагуу явуулсан ч гэрээний хувь эргэж ирээгүй. Шүүхэд засварласан, хугацаа өөрчилсөн байдлаар ирсэн байна. Энэ нь гэрээ байгуулах, хүчин төгөлдөр байх шаардлагад нийцэхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5, 21.7.-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Мөн хуулийн 24.1, 24.3-т заасныг бүхэлд нь зөрчсөн, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон гэрээ учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаархүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэн Архангай салбарын Захирлын албан тушаалд ажиллаж байсан Ц.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар, ажилтан дараах таван зөрчлийг гаргасан тул цуцалсан болно.

1. Ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 2017 оны 2, 3, 4 сард нийт 3 удаагийн үйлдлээр хөдөлмөрийн гэрээний 5.1.2. ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, 5.1.5. банкны эрх зүйн акт зөрчсөн үйлдэлдээ бусад ажилтныг татан оролцуулах, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.18 дахь заалтыг зөрчсөн тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээнд энэ зөрчлийг ноцтойд тооцохоор тусгагдсан. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно, тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан. Ц.Б салбарыг бүхэлд нь удирдаж, ажилтнуудаа манлайлан үлгэр дууриалалтай ажиллах үүргээ зөрчиж, өөрөө санаачлага гарган уриалан дуудаж ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

2. Салбарын үндсэн касс нээх хаах ажиллагаанд оролцдоггүй хоцорч нээх, эрхгүй этгээдэд түлхүүр дамжуулан кассын үйл ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн. Уг журмын 2.11-т Үндсэн касс нээх, хаах ажиллагааг салбар, тооцооны төвийн хувьд захирал, нягтлан бодогч эсхүл хянагч нягтлан бодогч, ахлах теллер гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй хийх ёстой. 2017 оны 4, 5 дугаар сарын касс нээх, хаах бүртгэлийн дэвтрээс үзвэл нийт 16 удаа гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдсон нийтэд үйлчлэх цагийн хуваариас хоцорч нээсэн байдаг. Эрх бүхий гурван хүн бүгд хамт байж кассыг нээж, хаадаг. Гэтэл хоцорч ирж, кассыг оройтож нээснээрээ захирлын хувьд салбар, тооцооны төвийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах үүргээ зөрчсөн. Мөн журмын 2.19-д түлхүүрийг удирдлагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх, 2.20-д кассын ажиллагаанд оролцогч түр ирэх бололцоогүй бол захирал буюу дээд удирдлагын шийдвэрийн дагуу тоолж, акт үйлдэн хүлээлцэхээр заасан. Гэтэл 2017 оны 3 дугаар сард эрхгүй этгээдэд түлхүүрийг дамжуулж явуулсан. Дээрх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан журам, бусад эрх зүйн актад заасан хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөнд хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан давтан зөрчилд тооцсон.

3. Банкны зээлийн үйл ажиллагааны журам, холбогдох шаардлагыг хангаагүйг мэдсэн буюу мэдэх үүрэгтэй атал Э.Б-д 30 000 000 төгрөг, Д.Ц-д 28 100 000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэж Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, зээлийн эрсдэлийг удирдаж ажиллах үүргээ болон Зээлийн үйл ажиллагааны журмыг давтан зөрчсөн. Журамд зааснаар зээлдэгч олгосон зээлийг бусдад дамжуулан зээлдэх гэж байгаа тохиолдолд зээл олгохыг хориглодог. Зээлдэгч Э.Б ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг байсан тухай зээлийн мэргэжилтэн хэлсэн байдаг. Гэтэл дамжуулан зээлдэх гэж байгааг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 30-нд зээл олгосон. Д.Ц-ийн зээлийн хувьд зээлийн хорооны шийдвэрээр батлан даалтын гэрээ байгуулсны дараа зээлийг олгохоор шийдвэрлэсэн зээлийн хорооны хурлын шийдвэр биелэгдээгүй, батлан даагч батлан даалтын гэрээнд гарын үсэг зураагүй байхад зээлийг түрүүлж олгосон нь журмын 5.7, Хөдөлмөрийн гэрээний 5.1.3-ийг зөрчсөн үйлдэл давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлд хамааруулж тооцсон.

4. Нэр бүхий 15 харилцагчид ганцаараа шийдвэрлэж нийт 317 500 000 төгрөгийн зээл олгосон. Салбарын захирал нь ажлын байрны тодорхойлолтын 3.4-т ...олгогдсон эрхийн хүрээнд зээлийн хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй бөгөөд Хны захирлын 2016 оны А/760, А/965 дугаар тушаалаар Салбарт зээл шийдвэрлэх эрхийг заасан. Уг эрхээр салбарын захирал 10 сая хүртэлх дүнтэй цалингийн зээлийг харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэнтэй хамтран шийдвэрлэхээр, 50 хүртэл дүнтэй зээлийг зээлийн хорооны хурлаар шийдвэрлэх эрхийг олгосон. Уг тушаалаар захирал дангаар зээл шийдвэрлэх эрхгүй, зээл олгох шийдвэрт хоёр хүн гарын үсэг зурах байтал 2016 оны 10, 11 дүгээр сард дангаар гарын үсэг зураад дээрх зээлийг олгосон. Дээрх үйлдлээр Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.11-т заасан өөрт олгогдсон эрх хэмжээг урвуулан ашигласан, эрхээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан зөрчилд тооцсон. 2017 оны 3 дугаар сард тус салбарт аудит бүхэлд нь бус түүвэрчилж хийгдсэн тул зөрчилгүй гэж дүгнэсэн.

5. Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтан Г.Нэргүйд 2016 оны 8 дугаар сарын үеэр хамтран зээлдэгч нь гэрээнд гарын үсэг зураагүй, зээл олгож болохгүй гэж хэлсээр байхад зээл олгох хууль бус даалгавар өгсөн. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д заасныг зөрчсөн тул энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцсон.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд өөр зөрчлүүдийг дурдсан ч энэ нь тушаалын үндэслэлд хамааралгүй, зөвхөн түүний гаргаж байсан зөрчлөөс дурдсан. Хөдөлмөрийн гэрээний хувь аваагүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Ц.Быг Хны Архангай салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 6 685 714 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу баталгаажилт хийхийг хариуцагч Хинд даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121 921 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй бөгөөд тушаалын үндэслэл болон зөрчлүүд, тэдгээрт хамаарагдах гэрээ, журмуудын заалтыг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж, хариуцагчийн тайлбар, тушаалын үндэслэлийг няцаах байдлаар гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг буруу, дутуу тайлбарлаж ашигласан тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус, шударга бус болсон гэж үзэж байна.

Шүүхээс “нэхэмжлэгч нь 2017оны 2-4 дүгээр сарын хооронд 3 удаагийн үйлдлээр ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх боловч хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т “ажилтан ажилдаа согтуурсан буюу мансуурсан байдалтай ирсэн, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан” гэсэн ноцтой зөрчилд тооцохоор заасан, харин нэхэмжлэгч ажлын бус цагаар, амралтын өдрийг тохиолдуулан уусан” гэж дүгнэсэн. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байдлыг үндэслэн Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.18-д “ажлын байранд архидан согтуурахгүй” гэдэг ажилтны үүргийг 3 удаа зөрчсөн, үүнд ажлын эсхүл ажлын бус цагаас үл хамааран ажлын байранд архи хэрэглэж болохгүй гэдэг нь тодорхой, Хөдөлмөрийн гэрээний 5.1.3, 5.1.5-т тухайлан заасан зөрчилд хамрагдаж байгаа зөрчил.

Банк нь бэлэн мөнгө ихээр байршуулж байдаг онцгой обьект тул ажилтнуудыг ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэдгийг хариуцагч дээрх байдлаар Хөдөлмөрийн дотоод журамдаа тусгасан. Шүүх Хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалт, нөхцөл байдлыг огт харгалзахгүй зөвхөн хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т хамаарахгүй, ажлын бус цагаар архи уусан гэдэг байдлаар гэрээ, дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасныг огт хэрэглээгүй, дүгнэлтийг дутуу хийсэн.

Кассын ажиллагааны журам зөрчсөн буюу кассыг нийтэд үйлчлэх цагаас хоцорч нээсэн үйлдлийг ажилтны ажилдаа хоцроогүй ирсэн гэдэг үндэслэлээр зөвтгөж, тухайн үйлдэл бүр нэхэмжлэгчээс хамааралгүй, бусад ажилтнуудаас хамааралтай тохиолдол бий гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Кассын ажиллагааны журмын 3.3.1-т “Салбарын захирал кассын үйл ажиллагааг бүхэлд нь удирдан зохион байгуулах үүрэгтэй”, 2.19-т “...хариуцаж буй кассын түлхүүр зэргийг удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн байхад шийдвэрт “кассын түлхүүрийг эрхгүй этгээдээр дамжуулан өгч явуулсан гэдэгт маргаагүй байна” гэж дүгнэсэн атлаа зөрчилд тооцоогүй нь ойлгомжгүй.

Зээлдэгч Д.Ц, Э.Б нарт зээл олгогдсон байдалд шүүх дүгнэлт хийхдээ зээлийн шийдвэрт заасан нөхцөл биелэгдээгүй буюу батлан даалтын гэрээнд батлан даагч нь гарын үсэг зурагдаагүй байдлыг “...хэний буруугаас үүдэлтэйг ялгаж салгаагүйн гадна уг байдлыг мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй” гэж, зээл хүсэгч Э.Б барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь судалгааны явцад тогтоогдсон гэсэн нотлох баримтыг үнэлж дүгнэлгүйгээр “мэдсээр байж зээл олгосон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй” гэх зэргээр дүгнэснийг зөвшөөрөхгүй. Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтын 3.3-т “зээлийн хүсэлт хүлээн авах, судлах, шийдвэрлэх хугацаа нь холбогдох журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих, зөвлөгөө өгөх, эрхийн хүрээнд зээлийн хүсэлтийг шийдвэрлэх, зээлийн эрсдлийг удирдаж ажиллах” үүрэгтэй атал дээрх нөхцөл байдалд салбарын захирал хамааралгүй гэсэн нь учир дутагдалтай.

Мөн 15 зээлдэгчид нийт 317 500 000 төгрөгийн зээлийг ганцаар шийдвэрлэж олгосон, гүйцэтгэх захирлын зээл шийдвэрлэх эрх олгосон тушаал, Ц.Бын зээлийн шийдвэрүүд хэрэгт авагдсан бөгөөд гүйцэтгэх захирлын тушаалаар салбарын захирал ганцаар зээл шийдвэрлэх эрх олгогдоогүй. Хэн зээлийг судлах, ямар баримтад гарын үсэг зурах асуудлаас тусдаа, тухайлбал зээл хүсэгч Б-д 10 000 000 төгрөгийн зээл олгох эсэх гэдэг шийдвэрийг салбарын захирал, зээлийн мэргэжилтэн хоёр хамт гаргана гэдэг эрх олгогдсон байхад баримтад нэг хүн гарын үсэг зурсан нь ноцтой зөрчил гаргасан үзэх боломжгүй гэжээ. Ажил олгогч уг үйлдлийг эрх бүхий этгээд олгогдсон эрхээ хэтрүүлсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан ноцтой зөрчил гэж үзсэн, уг зөрчил байгууллагын дотоод хяналт шалгалтын албаны тайлангаар нотлогдсон. Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй этгээд байтал, зээлийн мэргэжилтний оруулж ирсэн маягтад гарын үсэг зурсан нь хангалттай гэсэн байдлаар дүгнэсэн нь хөдөлмөрийн харилцаа тухайн ажилтны эрх үүрэг, хариуцлагын асуудалд бүрэн дүүрэн дүгнэлт өгсөнгүй.

Ц.Б нь удирдлагадаа ажиллаж буй ажилтанд журам зөрчсөн үүрэг өгсөн талаар ажилтан өөрөө гэрчийн мэдүүлэг өгсөн байтал шүүх “мэдүүлгийг дэмжих бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэж зөрчлийг үгүйсгэсэн. Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагч баримтаар үгүйсгээгүй” гэх мэт нотлох баримтыг үнэлэх зарчимаа зохигчдод ялгамжтай хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан өдрөө шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Х” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/783 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2, 8.2.8, 15.7.3, 15.8, 16.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.8, 5.1-д заасныг үндэслэн Архангай салбарын захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх9-10/

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилтнуудыг дээрх зорилгоор уриалан дуудсан, үндсэн касс нээх, хаах ажиллагаанд биечлэн оролцдоггүй, нийтэд үйлчлэх цагаас хоцорч нээсэн, кассын түлхүүрийг эрх бүхий ажилтанд дамжуулаагүй, зарим харилцагчид зээлийн шугамын эрх нээх шийдвэр гаргахдаа хяналт тавиагүй, бизнесийн ажиллагаа эрхэлдэггүй зээлдэгчид журам, заавар зөрчин шугамын эрх олгосон, зээлийн эрсдлийн түвшинг хамгийн бага хэмжээнд удирдах үүрэгтэй атал 15 зээлдэгчид 317 500 000 төгрөгийн цалингийн зээл олгохдоо хамтарсан эрхээр бус ганцаар шийдвэрлэж эрх хэмжээгээ хэтрүүлсэн, удирдлагад буй ажилтанд хууль бус үүрэг өгч гүйцэтгүүлэх зэргээр хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон кассын үйл ажиллагааны журам, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмыг зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэж тодорхойлсон байна.

 

Шүүх, ажил олгогчийн гаргасан тушаал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам болон холбогдох бусад нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчилд тооцсон үндэслэл тус бүрийн талаар тухайлан хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Бын хувьд ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үндсэн кассыг хоцорч нээсэн, түлхүүрийг эрхгүй этгээдээр дамжуулсан, удирдах ажилтны хувьд хяналт тавих үүргээ бүрэн биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан үйл баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруу гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн зөрчлийн улмаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу ажлаас халахаас өөр хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байжээ.

 

Мөн зарим харилцагч нарт цалингийн болон бизнесийн зээл олгох, эрх нээх үйл ажиллагаатай холбоотой зөрчилд тооцсон үйлдэл нь тухайн банкны салбарын бусад ажилтнаас хамааралтай тул нэхэмжлэгчийг дангаар буруутгахгүй. Энэ агуулгаар шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоох, цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхтэй холбоотой шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар нэмэгдүүлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагыг гаргасан өдөрт шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж давж заалдах гомдолд дурдсан байна.

 

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хариуцагч талд уг нэхэмжлэлийг гардуулж, энэ тухай баримтыг үйлджээ. /2хх28-31/ Шүүх хуралдааны тэмдэглэл, уг шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэргээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа нэмэгдүүлсэн шаардлага гардуулах ажиллагаа хийж, хугацаа авах эсэхийг асуусан даргалагчийн асуултанд “Хуулийн хугацаа авахгүй, шууд тайлбар гаргаад хуралдаанаа үргэлжлүүлье” гэснийг шүүх харгалзсан байна.

 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02444 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 721 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА