Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1242

 

                                                                                                                      

 

 

 2022         08          22                                    2022/ШЦТ/1242

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Сайнхүү,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Ргийн Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02597 2478 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Р.А нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Чтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02597 2478 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Р.А нь хохирогч Г.Чгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр найз А, Амгалан нарын хамт Амгалангийн гэрт нэг шил 0.75 литрийн Хийморь нэртэй архи уусан ба архиа ууж дуусгаад архи авахаар дэлгүүр явсан. Дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Хийморь архи, тамхи худалдаж авсан. Дэлгүүрээс гараад би Баяраагийн гэрт очлоо гэж хэлээд явсан. би Баяраагийн гэрт очоод 0.75 литрийн Хараа архийг Баяраа, Оюунбат, Мэнгэт, Жагаа нарын хамт хувааж уусан. Архиа ууж дуусгаад Амгалангийн гэрт очиж үлдсэн архийг хувааж уусан. Тэгээд би согтсон ба болсон асуудлыг санахгүй байна. А миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 07/,      

 

- хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 0220602597 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 01/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 03-04/,

- хохирогчийн “...Ч миний бие найз болох Атай айлд архи ууж байгаад шүд рүүгээ цохиулж үүдэн хоёр шүдээ хугалуулж буцааж шүдээ хийлгэж авсан тул гомдол санал байхгүй тул энэ хэргийг түргэвчилсэнээр шийдвэрлэж өгнө үү. Би хөдөө ажиллаж байгаа тул шүүх хуралд оролцож чадахгүй байна” гэх хүсэлт /хх-ийн 41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8930 дугаартай:

“Г.Чгийн биед 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 14 хоногоос дээш хугацааны өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт /хх-ийн 12-13/,

 

Шүүгдэгч Р.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр найз Амгалангийн гэрт очсон. Ч Амгалангийн гэрт 0.75 литрийн Өргөө гэх нэртэй архи авч ирж бид гурав хувааж уугаад Ч хүнтэй уулзана гээд яваад өгсөн. Би найз Амгалантай ахин нэг шил архи хуваагаад ууж байх үед Ч ирсэн. Би Чтэй үл ялих зүйлээс болж маргалдаад түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Ч шүд хугарчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Р.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 27/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 28/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 29/, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 30-37/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.А нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Чтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэмтэл эдгэрсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Р.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэдий боловч өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлан гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирогчийн биед учирсан гэмтэл уг гэмтэл эдгэрч арилсан байдал, хохирогчийн шүүх хуралдаанд оролцож байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, тухайн ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Рийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ