Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1280

 

                                                                                                                      

 

 

 2022         08          30                                    2022/ШЦТ/1280

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ж.Бүрэнжаргал,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Цын Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2426 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 07 дугаар 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 114 дүгээр байрны 03 дугаар орцны В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг оёдлын газраас хохирогч Г.Цийн Apple air pod pro загварын Ай фоне маркийн гар утсанд тохируулга хийж хэрэглэдэг утасгүй, 455.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг чихэвчийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 2426 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 114 дүгээр байрны 3 дугаар орцны В1 давхраас хохирогч Г.Цийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ээжийнхээ ажил дээр ирээд ээждээ тусалж байсан юм. Тэр үед манай ээжээр дээл захиалгаар оёулсан гэх хүний дүү гэх 25-30 орчим насны эрэгтэй хүн захиалсан дээлийг авахаар орж ирсэн байсан. Тэгээд дээлийг нь аваад тэр залуу гараад явсан. Тэр өдрийн маргааш нь би оёдолынхоо байрны эд зүйлсийг янзалж байх үед миний гар утасны чихэвч алга болсон байсан. Би тухайн дээлийг авсан залууг сэжиглэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 12/,      

 

- хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 05/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн БЗД2-22-1429 дугаартай:

“Аффли айр под про маркийн утасгүй чихэвчийг 455.000 төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,

 

Шүүгдэгч Ц.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би тухайн оёдлын газрын хаягийг заалгаад тухайн оёдлын газарт очиж Пүрэв-Очирын захиалж хийлгэсэн дээлийг авсан. Намайг оёдлын газар руу ороход эзэн гээд нэг эгч байсан. Араас нь охин гээд нэг эмэгтэй дээлийг бариад орж ирсэн. Би оёдлын газар руу ороод тухайн эгчээс гар утасны цэнэглэгч асууж аваад гар утсаа цэнэглээд сууж байсан. Миний хажуу талын ширээн дээр хар өнгөтэй утасгүй чихэвч хайрцагтай байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд гар утасны цэнэглэгчийг өгөөд тэндээс Налайх руу гараад явсан. Тухайн гар утасны чихэвчийг нууцаар авснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

- шүүгдэгчийн “би гэм буруугаа хүлээн хохирогчийн хохирлыг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 43/,

 

- хохирогчийн “...Г.Ц миний бие нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хохирлын мөнгө болох 700.000 төгрөгийг дансаар авч, Д гэх хүн нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүсэж байна. Миний бие гомдолгүй ” гэх хүсэлт /хх-ийн 44/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 32/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 07 дугаар 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 114 дүгээр байрны 03 дугаар орцны В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг оёдлын газраас хохирогч Г.Цийн Apple air pod pro загварын Ай фоне маркийн гар утсанд тохируулга хийж хэрэглэдэг утасгүй, 455.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг чихэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага бус хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ц.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Ц.Дыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Дт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч Г.Цид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 44 дүгээр хуудаст авагдсан нотлох баримт, шүүхийн шатанд гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдов.

 

Хохирогчид хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч Ц.Дын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан тухайн зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цын Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Дт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ