Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1281

 

                                                                                                                      

 

 

2022         08          30                                    2022/ШЦТ/1281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Аийн Пийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00000 2424 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цээнэ зочид буудлын 07 тоотод иргэн О.Аын нүүрэн тус газар нь шалтгаангүйгээр гараараа цохиж, биед нь баруун хөмсөгний шарх, баруун хөмсөг, хацар, шанаа, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холб  огдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 2424 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч А.П нь 2022 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Цээнэ зочид буудалд хохирогч О.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч О.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Лакс баранд ганцаараа үйлчлүүлэн пиво уугаад тэндээс гараад үүдэнд байсан үл таних 3 залуутай танилцаж, Влю скай-н автобусны буудлаас тэр гурван залуутай хамт таксинд сууж Бөхийн өргөөний автобусны буудал дээр бууж хамт алхаж байгаад ахин таксинд сууж Кино үйлдвэрийн Цээнэ гэх нэртэй зочид буудлын харалдаа бууж тэр зочид буудалд хамт явсан гурван залуугийн хамт орсон. ... Буудлын өрөөнд ороод үл таних гурван залуу архи гаргаж ирээд тойруулаад уусан. Би архи огт уугаагүй. Учир нь би өглөө 08 цаг 30 минутаас ажилтай байсан. Авч ирсэн бэлэн гоймонгоос идээд 10 минут хэвтэж байгаад явъя гэж бодож байгаад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд надаас маш их хэмжээний цус гарсан. Зочид буудлын өрөөнд ганцаараа байсан. Хамт буудалд орсон 3 залуугийн хоёр нь гаднаас орж ирэхэд удалгүй араас нь цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,      

 

2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “...Таних гэрэл зургийг зүүн талын дээд өнцөгөөс 1-6 гэж дугаарт тэмдэглэн, 1-6 хүртэл дугаарласан 6 ширхэг гэрэл зургийг хохирогч О.Ат үзүүлэн: Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цээнэ зочид буудалд өөрийг нь зодсон гэх хүнийг хараад таних уу гэхэд хохирогч О.А нь би одоо тэр эрэгтэйг хараад танина: №4 гэж дугаарласан хүнийг зааж, мөн дээрх гэрэл зургуудын байрлалыг сольж А.Пийн гэрэл зургийг №3 гэж дугаарлан 1-6 хүртэл дугаарласан гэрэл зургийг хохирогч О.Ат дахин үзүүлэхэд №3 гэж дугаарласан гэрэл зургийг энэ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цээнэ зочид буудалд өөрийг нь зодсон хүн мөн байна гэж заав.” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 10-13/,  

 

Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... өглөөний 6-7 цагийн хооронд П намайг сэрээгээд явъя гэхээр нь босоод харахад буудалд хамт орж ирсэн эмэгтэй ганцаараа унтаж байсан. Очирсүрэн түрүүлээд явсан байсан. П намайг гарч бай, араас чинь гаръя гэхээр нь би түрүүлж гараад коридорт зогсож байх үед манай өрөөнд хүн орилох чимээ гарахаар нь ороод харахад нөгөө эмэгтэйн хөмсөгнөөс цус гарсан, уйлаад сууж байсан. ...П намайг гарсны дараа өрөөнөөс гарахдаа тэр эмэгтэйг унтаж байх үед нь гараараа нүүр рүү нь цохичихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 9576 дугаартай:

“О.Аын биед баруун хөмсөгний шарх, баруун хөмсөг, хацар, шанаа, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч А.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... бид дөрөв буудалд ороод Нямсүрэн, Очирсүрэн бид гурав архи уугаад хохирогч А нь архи уухгүй гоймон идээд сууж байсан. Өглөөний 08 цагийн орчимд үл ялих зүйлээс болоод би Аыг унтаж байх үед нь би гараараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тухайн үйл явдал болох үед өрөөн дотор А, бид хоёр байсан. Нямсүрэн өрөөнөөс гараад коридорт байсан болохоор хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 05-06/,

- хохирлын баримт /хх-ийн 45/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч А.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 37/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 39/, үйл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 40/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 50-51/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.     

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.П нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.П нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цээнэ зочид буудлын 07 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.Аын нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь баруун хөмсөгний шарх, баруун хөмсөг, хацар, шанаа, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч О.А гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 133.500 төгрөгийн хохирол нэхэмжилснийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэмтэл эдгэрсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч А.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэдий боловч өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлан гэмт буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.П нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Аийн Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Пид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ