Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1313

 

 

 

 

 2022         09         08                                    2022/ШЦТ/1313

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Оюунцэцэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Бийн Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02523 2486 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хустайн Баянбүрд хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Р.Хтай үл ялих зүйлээс болж маргалдаж толгой, нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед зулайд няцарсан шарх, дух, хамар, бугуй, сарвуунд зулгаралт, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 02523 2486 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Хустайн Баянбүрд дэлгүүрийн гадна хохирогч Р.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Р.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 10-ны оройн 23 цагын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин ажлын ах Мөөгийгийн хамт нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрийн гадна очсон. Ажлын ах дэлгүүр орно гээд машинаас буусан. Би тухайн үед үл таних нэг ахын хамт машинд үлдсэн. Тэгээд би машиных нь хаалгыг онгойлгоод тамхи асаах гээд сууж байх үед гудамжаар явж байсан үл таних залуу ирээд наад машиныг чинь хэн барьж яваа юм бэ гэж асуухаар нь би тухайн хүнд хандаж “машиныг бариад явж байгаан гэж хэлэхэд цааш яваад өгсөн. Гэхдээ анх над дээр ирээд надтай харицахдаа захирангүй харьцаад байсан болохоор би тэр залууг цааш явах үед нь та уусан идсэнээ шингээчих мөн насан намбандаа байгаарай гэж хэлэхэд тэр залуу буцаж ирээд намайн ахын дүү буугаад ир гэж хэлээд шууд миний гарнаас барьж байгаад газар унагаагаад чулуу болон хашаа мөргүүлээд байсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад байж байхад дэлгүүрээс хуучин ажлын ах гарч ирээд салгасан. Мөн салгах үед үл таних эгч байсан. Болсон бүх зүйл тухайн дэлгүүрийн камерт бичэгдсэн байж магадгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

Гэрч М.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Х манай ажилд цуг ажилладаг байсан. Би Төгсөө гэдэг дүүтэйгээ Чулуун-Овоон дээр уулзахаар болоод очиход Х цуг явж байж таараад бид гурав хамт Налайх руу Приус автомашины задаргаа руу явсан. Тухайн үед Х бага зэрэг үнэртүүлчихсэн явж байсан. Налайх руу явах замд Х Төгсөө хоёр нэг нэг пиво уусан. Налайх дүүрэгт нэг их удалгүй буцаж яваад Шархаднаас нэг хаалга аваад манай гэр рүү явж байх үед замд Төгсөө гэртээ орлоо гээд буучихсан. Х бид хоёр манай гэр рүү очоод машин засаж байгаад Х манайд хонохоор болоод бид хоёр хамт дэлгүүр явсан. Би дэлгүүр ороод нэг шил архи аваад гараад ирэхэд Х, Б хоёр дэлгүүрийн буланд зууралдсан хэвтэж байсан. Тэгээд би дэлгүүрээс гарч ирээд Бг салгаж аваад Хыг машиндаа суулгаж хөдлөөд гэр рүүгээ явсан юм. Б үлдсэн. Х миний авсан архинаас хэдэн удаа татчихаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 10-11/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6229 дугаартай:

“Р. Хын биед зулайд няцарсан шарх, дух, хамар, бугуй, сарвуунд зулгаралт, хамар цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-нд заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх 21-22/,

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орой хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суугаад явж байх үед Хулстайн Баянбүрд дэлгүүрийн хажууд миний танил Мөнхбаатарын машин зогсож байсан. Би Мөнхбаатарыг согтуу машин барьж байж магадгүй гэж бодоод маншин дээр нь очсон. Тэгэхэд машин дотор нь нэг шар үстэй залуу байхаар нь тэр залуугаас Мөнхбаатарыг асуухад дэлгүүр орсон гэж хэлсэн. Тэгээд явах гэхэд хагас порцоор мөргөнө шүү гэсэн үг хэлсэн. Тэгэхээр нь би “юу гэнээ чи” гээд эргэж харахад машины хаалгаа саваад буугаад ирсэн. Тэгээд над руу дайраад намайг хойш нь түрээд байхаар нь би унахгүйн тулд зууралдсаар байгаад бид хоёр хамт унасан. Тэгээд манай эхнэр болон Мөнхбаатар ирээд нөгөө залуу бид хоёрыг салгаад аваад явсан. Өөр зүйл болоогүй. Хын нүүрэнд учирсан гэмтэл нь бид хоёрыг унахад учирсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 45/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 05-06/,

- хохирогчийн “Рэгзэннамсрай овогт Х миний бие Бгээс хохирлын 170.000 төгрөг авсан. Өөр ямар нэг гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 36/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бгийн хохирогч Р.Хын бие махбодид зулайд няцарсан шарх, дух, хамар, бугуй, сарвуунд зулгаралт, хамар цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Р.Хын мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол  нэхэмжлээгүй ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 170.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн нь хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Б.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ