| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2018/00154/И |
| Дугаар | 314 |
| Огноо | 2018-08-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 314
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг,
.................. оршин суух, *******
овогт О.М /РД: /
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг,
........................................ оршин суух ******* овогт
Э.Ө /РД: /
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М , хариуцагч Э.Ө , нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М би Э.Ө тай 2003 оноос танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлэн, гэр бүл болж амьдарсан бөгөөд 2009 онд хүү Э.Ө ын Э төрсөн. Хамтран амьдрах хугацаанд бидэнд үл ойлголцох, санал зөрөлдөх асуудал байсан ч бид гэр бүлийнхээ хүрээнд шийдэж саяхныг хүртэл хамтран амьдарсан. Бид хамтран амьдарч байхдаа айл бүрд тохиолдохгүй хүнд хэцүү бүхнийг ч хамтдаа даван туулж чадсан. Гэвч сүүлийн үед хоорондоо үл ойлголцох, санал зөрөлдөх асуудал ихсэж, нэгнийгээ хардаж сэрдэх зэргээр хамт амьдрах боломжгүй байдалд хүрсний улмаас бид 2017 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Бид нэгэнт цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хариуцагч Э.Ө аас нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э овогтой Э.Ө /....../ миний бие 2018 оны 04 сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан О овогтой О.М /..../-ийн нэхэмжлэлтэй танилцсан. Тухайн гаргасан нэхэмжлэлийн “үндэслэл” хэсэг дээр бичигдсэн “Гэвч сүүлийн үед хоорондоо үл ойлголцох, санал зөрөлдөх асуудал ихсэж, нэгнийгээ хардах, сэрдэх зэргээр хамтран амьдрах боломжгүй байдалд хүрсэн...” гэж бичсэнийг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү гэр бүлийн маргаан нь 2017 оны 08 сарын 20-ний өдрөөс хойш болсон асуудал бөгөөд О овогтой О.М /....../ нь ажлын шаардлагаар буюу БНСУ-руу газар тариалангийн чиглэлээр Өмнөговь аймгийн газар тариалан эрхлэгч нарын төлөөллийг авч явах, тэдгээр иргэдийн виз болон бусад холбогдох материалыг хүргүүлэх, бүртгүүлэх зэргээр 2-3 удаа Улаанбаатар хот руу явсан. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хот руу очсон үедээ өөрийн төгссөн ХААИС-ийн оюутны ангийн залуу болох ******* гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн асуудлаас болж 2018 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл буюу Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч дээр очих хүртэл хугацаанд уулзаагүй болно. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг хүлээн авснаас хойш эд хөрөнгө болон бусад зүйлсийг өөрийн төрсөн эгч болох О овогтой О.Б хамтаар ирж авсан бөгөөд, өмнө нь шинээр захиалсан байсан орон сууц ашиглалтад орж О овогтой О.М нь хүү Э.Ө ын Э-ий хамтаар тэр орон сууцанд амьдрах болсон. Тэрхүү орон сууцанд орсон үеэс нь эхлэн шинээр захиалсан байсан тавилга болон бусад эд хөрөнгийг угсрах, зөөх зэргээр нэг cap гаруй хугацаанд хоёр гэрийн хороонд эв зүйгээ олж, гэр бүлээрээ байцгаасан. Тэрхүү хугацаанд ч О овогтой О.М нь өөрийн эзэмшлийн “*******” гэх “facebook”-ийн “chat”-aap болон өөрийн биеэр надад тэр ангийнхаа ******* гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаараа бичиж, хэлж байсан. Дээрх өнгөрсөн хугацаанд тэрхүү үүссэн асуудлаас болж хэрүүл болон хардсан, сэрдсэн асуудал огтхон ч үүсээгүй. Учир нь О овогтой О.М ийн ангийнхаа залуутай үүсгэсэн гэр бүлээс гадуурх харилцааны талаар түүний эцэг, эх, эгч нар нь мэдсэнээс хойш Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Мөн тэрхүү үүсгэсэн харилцааг нь ******* гэх залуугийн эхнэр болох С гэх эмэгтэй мэдсэн бөгөөд тэрээр... “Би нэг удаа даа гэр бүлээ авч үлдье...” гэж утсаар надтай холбогдож байсан. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан О овогтой О.М /......../-ийн гаргасан нэхэмжлэлийн “үндэслэл” гэх хэсэг дээр дурдсан “2017 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна...” гэсэн хугацаанаас хойш О овогтой О.М /......../-ийн үүсгэсэн гэр бүлийн үл ойлголцох асуудлаар ямар нэгэн байдлаар хардах, сэрдэх зүйл байхгүй байсан бөгөөд миний зүгээс аль болох уучлах, эв зүйгээ олох, эвлэрэх талын байр суурьтай байсан. Одоо ч гэр бүлийн харилцаагаа хэвээр хадгалж, цаашдаа амьдрах бодолтой байна. Учир нь өмнөх жилүүдэд хэвийн байсан гэр бүлийн харилцааг О овогтой О.М /......../ нь өөрөө иймэрхүү байдалд хүргэчхээд эцэст нь “нэхэмжлэлийн шаардлага...”-д дурдсан “Гэрлэлт цуцлуулж, нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох...” гэж байгаа нь зөвхөн өөрийн эрх ашгаа бодож нэг талыг барьсан үйлдэл гэж үзэж байна. Иймд миний зүгээс эвлэрэх хүсэлтэй байгаагаа ийнхүү хариу тайлбараар илэрхийлж байна гэжээ.
Хариуцагч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд эвлэрэх 2 сарын хугацаанд эвлэрэх гэж хэд хэдэн удаа оролдсон байгаа. Энэ хүнтэй нүүр нүүрээ хараад уулзаж чадаагүй. Зөвхөн утсаар ярьж, мессеж бичиж байсан. Эвлэрэх талаар мессеж бичсэн чинь надад хариу ирээгүй. Хэд хоногийн өмнө нь энэ хүн над руу мессеж бичээд ярилцаад салахаар шийдсэн. Би хувийн зүгээс хэд хэдэн удаа эвлэрэх арга хэмжээ авах гэж их хичээсэн. Одоо бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ө.Э ий төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгсдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймаг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын улсын тэргүүний 3 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн гаргасан хариу тайлбар, 3 хуудас facebook, messenger chat-ийн хуулбар, 2 ширхэг гэрэл зураг, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэгсдийн гэрлэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолын хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн гаргасан хүсэлт, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/60 дугаартай албан тоотын хуулбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М нь хариуцагч О.Э.Ө аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч О.Э.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба эвлэрэх боломжтой гэсэн хариу тайлбар ирүүлдэг.
О.М , О.Э.Ө нар нь 2009 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлснийг Иргэний бүртгэлийн байгууллага 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон нь Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа хийхийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгасан боловч гэрлэгчид нь шүүхээс өгсөн эвлэрэх хугацаанд эвлэрээгүй ба хугацаа дууссан, цаашид хамтран амьдрах боломжгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар О.М , Э.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Ө аас охин Ө.Э ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор багтаан гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч О.М ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ө аас улсын тэмдэгтийн хураамж 98.209 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 42.191 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан О.М т олгосугай.
Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ