Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1314

 

 

 

   2022         09          08                                    2022/ШЦТ/1314 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

хохирогч Г.Г,

шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Шын Ат холбогдох эрүүгийн 2206 02860 2435 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав хотхоны 105 дугаар байрны грашид тавьсан байсан хохирогч Г.Гын эзэмшлийн 07-00 УНГ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч, замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргаж, 11.900.000 төгрөгийн хохирол учруулан, авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ш.А нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав хотхоны 105 дугаар байрны грашаас хохирогч Г.Гын эзэмшлийн 07-00 УНГ улсын дугаартай Тоёота Сай маркийн авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 14-ний орой манай гэрт оюутны ангийн найзууд Лхамхүү, Жавхлан, Нандин-Эрдэнэ, А нар ирж хамт архи уусан. Шөнө 4 цагийн орчимд бид хоорондоо маргалдсан учир манай найзууд 102 дугаарт дуудлага мэдээлэл өгч цагдаагийн алба хаагч нар ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэгэхэд манай гэрт Жавхлан, А болон манай хажуу өрөөний түрээслэгч А нар үлдсэн. Би гэрийн гадна байхад Жавхланд “ирж аваарай” гэж хэлсэн. Дараа нь цагдаагийн хэлтэст ирээд би эгч рүүгээ яриад эгч маань ирж торгуулийн мөнгө төлөөд цагдаагаас авсан ба гэртээ ирэхэд Жавхлан гэрт байсан. Тэр үед манай ээж Одгэрэл орж ирээд цагдаагаас залгаад машин чинь онхолдсон байна гэж хэлэхээр нь гарч камер шүүхэд 05 цаг 58 минутад манай грашнаас А, Ламхүү нар намайг авах гэж гараад машиныг онхолдуулсан байсан. Лхамхүү такси бариад явья гэж хэлэхэд  А “би жолооны багш замаа мэднэ” гэж хэлээд миний машиныг барьж гарсан гэж хэлсэн. Камерт бичигдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Д.Лхамхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр найз Гын гэрт би болон миний найзууд Жавхаа, Нандиа, Гын хажуу өрөөг түрээслэгч А нарын хамт архи уусан. Би Жавхаатай хамт гарч яваад буцаад тэдний гэрт ирж байх үед Г цагдаагийн машинд суугаад явж байсан. Тэгэхээр нь тэдний гэрт ороход А Г руу миний утсаар яриад түлхүүрийг нь асуусан. Хайж хайж байгаад түүний машины түлхүүрийг нь аваад намайг дагуулаад гарсан. Өөрөө утасгүй байсан учир надтай хамт гарсан. Доор грашид очоод машиныг нь хайж олоод унаад гараад явсан. Тэдний гэрээс гараад шинэ гүүрээр даваад, Натурын зам руу эргээд цааш уулзвар орчим явж байх үед би ядраад унтаад өгчихсөн. Тэгээд 05 цаг 37 минутад сэрэхэд машин хажуу тийш хараад жалганд уначихсан, би машинд ганцаараа сэрсэн бөгөөд яахаа мэдэхгүй Г руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь гараад шууд гэртээ харьсан. Гэртээ очоод байж байх үед Г над руу чат бичихээр нь би явж очоод болсон зүйлийг ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1155 дугаартай:

... Тоёота Сай маркийн 07-00 УНГ улсын дугаартай сувдан цагаан өнгийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 11.900.000 төгрөгөөр тогтоов гэх тайлан, фото зургууд /хх-ийн 28-33/,  

 

- хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, холбогдох баримтууд /хх-ийн 04-05, 06-13/,

- хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 35-40/,

 

Шүүгдэгч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тохилог нэртэй цайны газарт ажилладаг байсан бөгөөд 21 цаг 30 минутын үед ажлаа тараад Дүнжингарав хотхон руу түрээслэж байсан байр руугаа явсан. Очиход тэдний гэрт нь Гын найзууд гэх 3 гей, 1 трансжендер залуу, 2 бүсгүй архи уугаад сууцгааж байсан. Г хамтдаа суугаад уухыг санал болгосон. Хамт суугаад байж байх үед Хаб гэх нэртэй залуу болон түүний найз нь гээд нэг хүнтэй хамт орж ирсэн. Бид нар хамтдаа тоглож ууцгааж байгаад эхнээсээ ирсэн хүмүүс гарч явсан. Сүүлд нь би болон Г, түүний трансжендер найзтай нь хамт нэрт нь үлдсэн. Тухайн үед их согтолттой байсан бөгөөд тэр үедээ би Гтой муудалцаад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гээд Гыг байрны эзэмшигч гээд аваад явсан. Тэрний дараа Хаб гэгч орж ирэхээр нь түүний утсаар Г руу залгахад “цагдаа дээр байна” гэж хэлэхээр нь “машиныг хаана байгаа юм гэж асуухад” өөдөөс “грашид байгаа” гэж хэлэхээр нь машины түлхүүрийг хайж олоод грашнаас Хаб гэх залуугийн хамт машиныг нь гаргаад хэлтэс рүү явцгаасан. Хэлтэс дээр ирэхэд Г байхгүй болохоор нь би буцаад явж байх замдаа жалга руу машиныг нь унагаачихсан. Унагаасныхаа дараа ухаан ороод Хаб гэх залууг дуудахад унтаад сэрэхгүй байхаар нь цонхоороо гараад нарны замаас такси бариад түрээсэлж байсан байр руугаа ороод унтсан.

... Тухайн тээврийн хэрэгслийг авч явах зорилго нь ерөөсөө л Гыг цагдаагаас авч явах зорилготой байсан бөгөөд Гоос эхлээд машиныг нь унах талаар зөвшөөрөл аваагүй нь буруу болчихсон бөгөөд шууд машины түлхүүрийг нь хаана байгааг асуугаад авч гарсан. Тэгээд машиныг нь унаад гүүр даваад Натурын замаар яваад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн гадаа ирэх хүртэл яаж явсан талаар сайн санахгүй байгаа бөгөөд хэлтэс дотор орж ирэхэд Г байхгүй болохоор нь буцаад Дүнжингарав хороолол руу явж байх замдаа буюу гэр хороолол дундуур явж байснаа санаж байна. Нэг мэдэхэд жалга руу онхолдчихсон байсан. Тэндээс гараад яаж Дүнжингарав руу явсан талаараа ч санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 55/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Ш.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, Хас банкны дасны хуулга /хх-ийн 59-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Шүүгдэгч Ш.Аын хохирогчийн тээврийн хэрэгслийг хохирогч Г.Гын зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь тухайн автомашиныг хувьдаа завшиж ашиг олох зорилгогүй байх ба бусад төрлийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.А нь авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”-ийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэм буруугийн зарчим”-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Год гэмт хэргийн улмаас хөрөнгө үнэлгээний тайлангаар 11.900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулаагүй байх учир шүүгдэгчээс 11.900.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ш.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогтой Шын Аыг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ааас 11.900.000 /арван нэгэн сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г /РД:уп96090411/-д олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ