Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/586

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт М-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010014311163 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, хувиараа хөдөлмөр хийдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-гийн С,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.С- нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15,372,706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.С-: “...Юуны түрүүнд би гэмт хэрэг үйлдээгүй, миний бие “М” ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл ажилласан. Хохирогч гэх иргэн С- нь 2017 онд “М” ХХК-тай 01 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, тухайн үед 130,000,000 төгрөгийн өртэй байсан, улмаар гэрээний хугацаа дуусаж, “М” ХХК иргэн С-ос өрөө нэхэмжилсэн. Тухайн үед миний бие гэрээ хариуцдаг албан тушаалд байсан, иргэн С- шатахуун авах хөрөнгийн эх үүсвэр байхгүй, шатахуун станцыг ажиллуулж чадахгүй байна гэсэн тайлбаруудыг хэлж байсан. Иймд миний бие сайхан сэтгэл гаргаж 2019 оны 02 дугаар сард С-д хамтран ажиллах саналыг тавьсан, улмаар мөн оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээг баталгаажуулсан. Гэрээнд заасан үндэслэлээр намайг захирлаар томилж, холбогдох ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Тус гэрээнд ажлын чиглэл болон маргаан гарвал яаж шийдвэрлэх талаар тусгасан. Компанийн эргэлтийн хөрөнгө иргэн С-д байгаагүй, “М” ХХК-иас бариулсан объект л байсан. Иймд миний бие тухайн үед таньдаг найз, нөхөдтэйгөө зээлийн гэрээ байгуулж, анхны эргэлтийн хөрөнгө нийт 200,000,000 төгрөг гаргаж 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйл ажиллагаа эхэлсэн байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажиллахдаа хамтран ажиллах гэрээнд заасан үүрэгт ажлыг миний бие 100 хувь биелүүлсэн гэж үздэг. Миний бие ажилласан хугацаандаа нийт 250,000,000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан, үүнээс би 1 хувийн ч ашиг авч чадаагүй. Компанийн ашгийг 100 хувь С- авч байсан, харин надад ашгийг одоо хүртэл бүрэн өгөөгүй. Үүнээс болж маргаан үүсэх шалтгаан болсон байдаг. Иргэн С- надад тайлбарлахдаа баланс тайлан гаргаад чамд ашиг өгнө гэж худлаа хэлсэн боловч би түүнд итгэсэн. 2020 оны 04 дүгээр сард ашиг өгнө гэсэн боловч бас л өгөөгүй тул маргаан хүндэрсэн. Тэгээд надад ажиллах хүсэл төрөөгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа гарсан. Миний бие эргэлтийн хөрөнгийг гаргаж, компанийн хамаг ажлыг хийж, иргэн С-д бүх ашгийг өгч байсан. Мөн бүх ажлыг хийж 15 хувийн ашгийг би өөртөө авна гэсэн заалтыг тус гэрээнд оруулсандаа харамсаж байна. Намайг буруутгаад байгаа яллах дүгнэлтээр гарсан 15,372,706 төгрөгийн бэлэн мөнгийг хувьдаа завшсан гэх нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй. Гэрчийн мэдүүлгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шүүхэд өгсөнд гомдолтой байна. Яагаад гэвэл би санхүүгийн тайлан гаргадаггүй байсан. Иргэн С-той байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.4 дүгээр заалтад иргэн С- санхүү хариуцаж ажиллана гэж заасан. Тухайн үед шатахуун түгээх станцын өдөр тутмын тооцоогоор бэлэн мөнгөний дутагдал огт гарч байгаагүй. Үүнийг тайлан гаргаж байсан эрхлэгч гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. Миний бие 02 жилийн хугацаанд мөрдөн байцаагчид шалгуулж байхдаа мэдүүлэгтээ ямар ч дутагдалгүй тайлан гаргадаг байсан, гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлсэн. Шатахуун түгээх станцын нэг өдрийн үйл ажиллагааг тодруулж хэлбэл өдөрт хоёр түгээгч гардаг, хоёр түгээгч ээлж хүлээн аваад, 24 цаг ажиллаж, ажлаа хүлээлгэн өгөхдөө тооцоог бүрэн хариуцдаг байсан. Тус тооцоог борлуулалтын дүнгээр орж ирсэн бэлэн мөнгийг тушаадаг. Тушааж болохгүй задгай бэлэн гэмтэлтэй мөнгийг эрхлэгч болон надад хүлээлгэн өгдөг байсан. Энэ үлдэгдэл бэлэн мөнгийг Солонгын нягтлан бодогч болох нягтлан Бүжидмаад кассын ордерт бичүүлж, хүлээлгэн өгдөг. Нэг өдрийн дутагдалгүй тооцоог эрхлэгч Оюунчимэг тайлан гаргадаг байсан. Тухайн сарын тайланг би хянан баталгаажуулж, гарын үсэг зурж, иргэн Солонгын нягтлан Бүжидмаад хүлээлгэн өгдөг байсан. Хэрвээ дутагдал гарч байсан бол тухайн үед яагаад нягтлан бодогч Бүжидмаа акт тавиагүй юм бэ. Нягтлан бодохын хуульд зааснаар акт үйлдэх байсан. Тайланг тухай бүрд хүлээж авдаг байсан атлаа олон сарын дараа ямар ч үндэслэлгүй, дутагдал тооцоо гаргаж шалгуулж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнээс дүгнэхэд хүнд тус болсныхоо төлөө ашгаа авч чадахгүй, дээрээс нь ийм хэрэгт холбогдон шалгуулаад сууж байгаадаа харамсаж байна. Би өөрөө хохирогч болох байтал эсрэгээрээ шалгуулаад гүтгүүлээд сууж байна. Шударга шүүхийн өмнө бодит үнэнийг ярьсан болно...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лавай төв дээр урд аймаг руу явах вокзал нүүж ирсэн. Авто тээврийн үндэсний төвөөс хажуудаа шатахуун түгээх станц байвал давуу тал болох гээд байна, та нар шатахуун түгээх станц барихгүй юм уу гэсэн. Тэгээд манай байгууллагад 2017 онд “М” ХХК-тай уулзаж “М” ХХК нь манай газар дээр өөрийн хөрөнгөөр шатахуун түгээх станцыг барьж, бид ажилтнуудыг гаргаад, ерөнхий удирдлага, шатахууны нийлүүлэлтийг МТ ХХК хариуцна гэж амаар ярилцаж байсан. Тэгээд 2018 оны сүүлээр шатахууны станцыг барьж дуусаад МТ ХХК бидэнтэй уулзаж ярилцаж байсан хүмүүс шатахуунаа нийлүүлье гэсэн бусад байгууллагын шатахуунаас өндөр үнэтэй байсан. Бид нар өндөр үнэтэй шатахуун аваад ажилчдаа цалинг нь олгож чадахгүй байдал хүрэхээр байна гэж хэлсэн. Тэгсэн МТ ХХК нь бид нар шатахууны үйл ажиллагааг хариуцахгүй, харин шатахуун барьж өгсөн төлбөрөө бид нарт буцааж өгөөрэй гээд яриа хэлцэл явагдаж байхад С- тухайн үед МТ ХХК-д ажилладаг байсан С- манай “Комит сервес” ХХК-ний захирал Б.Дөмэйтэй уулзаад би танай шатахуун түгээх станцыг чинь хариуцаж ажиллая гэж санал тавиад надтай уулзуулсан. С-той уулзаад бид нар шатахуун түгээх станцын санхүүгийн тооцоолол хийгээд ир гэсэн чинь С- хэд хоногийн дараа санхүүгийн тооцоолол хийж ирээд танилцуулсан. Тухайн үед С- бид нарт нэлээн ашигтай ажиллах тооцоолол үзүүлсэн, ингэж ашигтай ажиллуулах юм чинь ашгаас хувь хүртье гэхээр нь би тухайн үед үйл ажиллагаа нь түр зогссон байсан “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж 2019 оны 04 дүгээр сараас шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эхлүүлсэн. Компани удирдаж байгаа хувьд шатахууны түгээгч нарыг ажилд авч үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн үед би нягтлан ав гэхэд С- өөрөө нягтлангийн мэргэжилтэй гээд нягтлан авдаггүй байсан. С- шатахуунаа “Монсуль”, “Сан Петролиум” гэх шатахуун зардаг компаниас зээлээр авдаг, шатахуунаа борлуулчхаад өдөр тутмын орлогоос шатахуун худалдсан компанид төлбөрийг төлдөг байсан. С- надад тэдэн төгрөгийн шатахуун авсан гэж өдөр бүртгүүлэхээр нь Т ХХК-ийн данс руу шатахууны орлого орж ирдэг байсан учир шатахуун худалдан авсан төлбөрийг би өөрөө шилжүүлж байсан. Шатахуун борлуулсан бэлэн мөнгөний орлогыг С- өөрөө дур мэдэн тээврийн зардал, цалинд өгсөн гэдэг байсан бөгөөд С-од бэлэн мөнгөний анхан шатны баримтаа бүрдүүлээч гэж байнга шаардлага тавьдаг байсан. Эхний 2-3 сар шатахуун станцын үйл ажиллагаа дажгүй ашигтай явж байсан. Сүүлдээ шатахуун нийлүүлж байгаа компанийн өрийг төлж чадахгүй шатахууны нийлүүлэлт нь их болоод ирсэн. Тэгэхээр нь би С-ын сар болгон тайлан гаргаж өг гэж тайлангийн маягтыг өөрөө боловсруулж өгсөн, зээлээр хэдэн төгрөг, бэлнээр хэдэн төгрөг, дансаар хэдэн төгрөг орж ирж байгаа талаар бичиж өг гэсэн чинь хагас дутуу бичиж өгч байсан. Тухайн үед яг тайлан гарах болохоор С- өөрөө гаргаж чадахгүй манай “Комит сервес” ХХК-ийн ерөнхий нягтлан Бүжидмаа, тооцооны нягтлан Наранцацралт нарыг гуйгаад яваад байсан. Тэгээд Бүжидмаа нягтлан надад “Т” ХХК-ийн санхүү нэг л бишээ өглөг авлага нь юу болж байгаа нь ойлгомжгүй, нэг л зээлээр өгсөн гээд мөнгө нь орж ирэхгүй байна гэхээр нь би С-од тээвэр хийх машиныг нь энэ хүнээр хийлгэж бай гээд Ууганбаяр гэх хүнтэй уулзаж тээвэр хийх гэрээг хийж 2-3 удаа С- Ууганбаяр луу тээврийн зардлыг би шилжүүлсэн. Тэгсэн 2-3 сарын дараа Ууганбаяр надтай ирж уулзаад би нэг удаа тээвэр хийж өгсөн, намайг устай бензин авчирч өглөө гээд намайг хардаж эхэлсэн, би устай бензин хийх хүн бишээ миний данс руу тээврийн мөнгө гэж орж ирснийг С- над руу яриад тээврийн хөлс гэх мөнгийг надаас өөр хүний данс руу шилжүүлж авсан гэсэн. Тэгэхээр нь уг дансыг үзсэн чинь С-ын эхнэрийнх нь данс байсан. Би С-ыг биш болчихлоо гээд шатахуун мэддэг хүнийг ажилд авъя гэж хүн хайсан боловч олдохгүй удсан. Би С-ыг ажиллах хугацааны тайланг сар сараар гаргаж өг гэж шаардаж эхэлсэн. Тэрнээс болоод хэрүүл үүссэн чинь С- намайг хардлаа би үйл ажиллагааг чинь зогсоочхоод шатахуун түгээх станцад хий соруулчхаад явна гээд байсан. Тэгэхээр нь би ажлаа өгөх гэж байгаа бол ном ёсоор нь ажлаа өгөх ёстой гэсэн чинь маргаашаас нь С- ажилдаа ирээгүй. Зарим бүртгэлийн дэвтэр нь байхгүй байсан. Тэгэхээр нь бүртгэлийн дэвтрийг авчирч өгөхгүй бол цагдаад өгнө гэсэн чинь С- бүртгэлийн дэвтрийг түгээгч нарт авчирч өгсөн байсан. Тэгээд би Сайнжаргалыг нягтлангаар аваад “Т” ХХК-ийн өглөг авлагын компанийг олоод санхүүгийн асуудлыг янзал гэхэд Сайнжаргал харилцагч байгууллагыг олж холбогдоход төлбөрт машин өгч нэрийг С-од шилжүүлсэн, төлбөрийг С-од өгсөн, бид нар зээлээр авах шаардлага байхгүй төлбөрийг бэлнээр өгч байсан гээд хүмүүс нь бид нартай уулзаагүй. Зарим нэг байхгүй байгууллага бололтой Google дээр хайхад гарч ирэхгүй байсан тэгэхээр нь бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. “Сан Петролиум”, “Монсуль” ХХК-аас авсан шатахууны төлбөрт өглөг нь өсөөд байна гэсэн чинь С- орон нутагт явдаг автобуснаас авах авлага өсөөд байна, өнөө маргаашгүй төлнө гэхээр нь хүлээсэн чинь мөнгө орж ирэхгүй байхаар нь иргэний шүүхэд хандаад би хуулийг харж байгаад тэмдэгтийн хураамж төлөх юм байна ойролцоогоор 300 мянган төгрөг болох юм байна гээд явуулсан чинь С- болчихлоо өгчихлөө гэсэн чинь 10 гаруй хоногийн дараа тэмдэгтийн хураамж дутуу төлсөн учир хэрэг үүсгэхээс татгалзлаа гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь би С-оос тэмдэгтийн хураамжийг яагаад дутуу төлж байгаа юм гэсэн чинь шүүхийн туслах нь 100 гаруй мянган төгрөг төлөх юм бол болно гэхээр нь төлсөн гэж хэлсэн. С- ажиллах хугацаанд компанид 2-3 сарын тайлан бичиж өгсөн. Тайлан дээр орж ирсэн мөнгө, зарцуулсан мөнгөний тайлан нь байхгүй байсан учир тайланг буцаан өгч дутуу байна НӨАТ-ын тайлан, өглөг юу болж байна гэж өдөр бүр хэлдэг байсан. Тухайн үед С-од санхүүг захиран зарцуулах эрхгүй байсан, байгууллагын санхүүгийн баримт дээр 1 дүгээр гарын үсэг нь С-, 2 дугаар гарын үсэг нь би байсан. Интернэт гүйлгээ хийх код нь бас над дээр байдаг байсан. Би санхүүгийн хяналттай байхын тулд байсан. С-од мөнгө төгрөгийг шилжүүлэхээр бол надад хэлээд би шилжүүлдэг байсан. Бэлэн мөнгөний орлогыг Комит сервесийн кассаар оруулж бай гэж шаардаж байсан боловч тэгдэггүй байсан...” /1 дэх хавтас хэргийн 51-54 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Т.Бүжидмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн шатахуун түгээх станцын тайлан тооцоог гаргахдаа С-ын сар сараар нь бэлдэж өгсөн баримтыг нэгтгэж гаргадаг байсан. ...С- өөрөө анхан шатны баримтыг бүрдүүлээд боловсруулж өгдөг байсан. ...Т ХХК-ийн шатахуун түгээх станц нь Лавай нэртэй, би 2019 оны 07 дугаар сараас хойш С-ын өгсөн баримтад тулгуурлаж тайлан тооцоог гаргаж өгдөг байсан. Намайг шатахуун түгээх станцын баримтад тооцоо хийж байхад дутагдал гардаг боловч тухайн үед нь С- учир явдлыг тайлбарладаг эсвэл дутуу орхисон баримтаа авч ирж өгдөг. С- тээврийн хөлс гэж бэлнээр кассаас авдаг байсан, 2020 оны 04 дүгээр сард халагдахаас өмнө шатахуун түгээх станцын 3 өдрийн орлогыг түгээгч нараас нь бэлнээр нь аваад явсан байсан. Хэн гэдэг түгээгчээс хэдэн төгрөг авсан талаар санахгүй байна түгээгч нарын ээлж хүлээлцсэн дэвтэр дээр байгаа. Дараа нь шатахуун түгээх станцаас зээлээр шатахуун авсан газруудтай тооцоо нийлэх болсон юм тэгээд С-ын зээлээр шатахуун авсан гэх Алсын их хайрхан ХХК руу утсаар залгаж ярьсан чинь С-той тооцоо нийлнэ гээд зээлээр авсан шатахууныхаа мөнгийг өгөөгүй, шатахуун түгээх станц нь Сан Петролиум ХХК-иас шатахуунаа татаж авдаг. С- ажиллаж байх хугацаандаа тээврийн хөлс Сан Петролиум ХХК-д өгнө гээд бэлнээр том машинд нь 300,000-400,000 төгрөг, жижиг машинд 150.щ,000 төгрөг авдаг байсан. Тэгээд С-ыг ажлаас гарснаас хойш Сан Петролиум ХХК-тай холбогдож шатахуунаа авсаар байгаа бөгөөд Сан Петролиум ХХК-ийн нийлүүлж байгаа шатахуунд нь тээврийн хөлс нь орсон байдгийг мэдсэн...” /1 дэх хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т ХХК-ийн Лавай нэртэй ШТС-ын санхүүгийн тайланг харахад 2019 оны 04 сараас хойш үйл ажиллагаа явуулсан юм байна лээ. Би 2020 оны 07 сараас хойш тайлан тооцоог хийгээд С-од өгдөг байсан. Намайг эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд санхүүгийн алдаа дутагдал гарч байгаагүй ээ. Намайг ажиллаж байх хугацаанд Сан Петролиум ХХК-иас шатахуунаа авдаг би ирсэн шатахууныг падаанаар нь тулгаж авдаг байсан. Тээврийн хөлсөнд 200,000-400,000 төгрөгийг төлдөг байсан бөгөөд 20 тонн шатахуун ирэх юм бол 400,000 төгрөг, 6.000-18.000 литрээр ирж байгаа тээврийн хөлсөнд 200,000 төгрөг түүнээс дээш мөнгө төлдөг байсан. Сардаа 4-5 удаа шатахуун ирдэг байсан. Тухайн өдрийн бэлнээр орсон орлогыг түгээгч нар АТМ-д тушаадаг, үлдсэн 200,000 төгрөг доторх мөнгийг С- бид хоёрын аль нэг нь бэлнээр авч Бүжидмаад өгдөг бас үлдэгдэл мөнгөө намайг орсноос хойш хааяа нэг банканд өгдөг.

...Өдөр тутмын тайланг би түгээгчээс авна, уг тайланг тухайн өдрийн борлуулалтын тооцоо байдаг, түгээгч нар тухайн өдрийн бэлэн мөнгөний орлогыг Т ХХК-ийн данс руу АТМ- ээр тушааж, тушаасан баримт дээр нь би тулгалт хийж авдаг. Сарын тайланг би гаргаад С-од хүлээлгэж өгөөд тооцоо нийлдэг байсан бөгөөд  С-од би ямар ч дутагдалгүй тооцоо нийлдэг байсан. Тухайн гаргаж өгч байсан өдөр болон сарын тайлангаа С-од гаргаж өгч С- цааш нь Т ХХК-ийн санхүүд тушаадаг байсан. Тухайд өрийн түгээгч нар өглөө 9 цагт ээлжээ хүлээлцээд тооцоо хийхдээ бэлнээр орсон орлогыг АТМ-д тушааж баримтыг хавсаргаж надад өгнө, мөн банкны пост машинаар орсон орлогыг баримтаар тулгалт хийдэг. Мөн гэрээт байгууллага болон захирал С-ын зөвшөөрлөөр хийгдсэн шатахууны гүйлгээ хийгддэг. Уг шатахуун нь хүлээн авч жолоочийн гарын үсгээр баталгааждаг. ...Гэрээт байгууллага гэдэгт Т ХХК нь өөрөө авна, Лавай трейд ХХК нь авна, Нэмэн констракшн ХХК, Алсын Их хайрхан ХХК гэж автобусны компани гэх мэтчилэн төлбөрийг дараа заасан хугацаанд байгууллагын дансаар төлбөр тооцоо хийдэг гэрээтэй байгууллагыг хэлнэ. Энэ шатахуунуудыг захирал С-ын зөвшөөрлөөр олгож байсан. ...С- захирал шатахуун түгээх станцад ирж байгаа шатахуун ачиж ирсэн тээврийн хөлсний мөнгийг өдөр тутмын авлагаас авч олгодог, сардаа 4-5 удаа 200,000-400,000 төгрөгийг жолоочид олгодог байсан, С- захирал түгээгчээс аваад өөрөө цаашаа жолооч нарт олгодог байсан. Тухайн мөнгийг тайландаа тусгахдаа тээврийн хөлсний мөнгө гэж бичдэг байсан...” /1 дэх хавтас хэргийн 84-86 дахь тал/ гэсэн,

 

Гэрч А.Одончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ер нь бол С- захирал гараа болгон дээр бэлэн мөнгийг аваад тушаадаг байсан. 2020 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдөр гарч байхад ирээд эхлээд 1,150,000 төгрөг, дараа нь 1,600,000 төгрөгийг аваад явсан тэр мөнгийг тушаагаагүй гэж мэдсэн. ...Намайн ажилд орсноос хойш миний мэдэж байгаагаар 7 хоногт том машин /20 тонн хааяа чиргүүлтэй/ машинаар хоёр удаа заримдаа гурван удаа, түлш 6 тонн ирдэг.

...Хэрэв эрхлэгч байхгүй бол захирал С-од үлдээгээд явдаг байсан. Бид нар ээлжээс буухдаа тухай бүр нь тооцоогоо хийгээд ямар нэг өр төлбөргүй ажлаасаа буудаг байсан. ...захирал С- шатахуун тээвэрлэж авчирсан машинд өгнө гэж мөнгө авдаг байсан, он сар өдрийг нь санахгүй байна, тухайн үед машин шатахуун түгээх станц борлуулалт ихтэй байсан учир шатахуунаа 7 хоногт 3 машин шатахуун авдаг байсан. Эрхлэгч Оюунчимэг ажлаасаа гарсны дараа захирал С- бэлэн мөнгөний орлогоос үлдсэн мөнгийг аваад өөрөө банканд тушаадаг байсан. ...Миний санаж байгаагаар нийт 4 сая гаруй төгрөгийг орлогоос авч байсан, ...тэмдэглэж байсан дэвтрийг байгууллага авсан. ...Миний мэдэхээр түгээгч нараас өр төлбөр дутагдуулж байсан талаар мэдэхгүй байна. ...Ээлжээс буухад тооцоогоо нийлдэг учир ямар нэг дутагдал гаргах ямар ч боломж байхгүй, хэрэв орлого дутах юм ол өөрөөсөө төлөөд буудаг, ...тээврийн зардалд төлбөр өгөхдөө ямар нэг баримт үйлдэж байгаагүй, захирал өөрөө цаашаа баримт үйлддэг үгүйг мэдэхгүй, бид нар дэвтэр дээрээ бичдэг байсан...” /1 дэх хавтас хэргийн 87, 90-92 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Л.Сугармаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг ажиллаж байхад хэн нэгэн өр төлбөр гаргаж байгаагүй. ...Өдөр өдөртөө тооцоо нийлж байгаа тул өр төлбөр гаргах боломжгүй. ...Бид нарыг ээлжид гарч байх хугацаанд ...шатахуун тээвэрлэсэн зардлын мөнгө гэж эрхлэгч эсвэл захирал хоёрын аль нэг нь бид нарын орлогын мөнгөнөөс аваад өгдөг байсан. ..Мөн ээлжээс буухдаа АТМ уншаагүй болон бутархай мөнгийг эрхлэгч юм уу захирал аваад үлддэг байсан, захирал хэлэхдээ оффис руу орж тооцоо хийнэ гээд аваад ордог байсан, яг тооцоо хийдэг үгүйг мэдэхгүй. ...Бид нар шатахуун түгээхдээ зээлээр авч байгаа компанид тамгатай цаасаар зээлээр өгсөн гэж баримт үйлдэж жолоочоор гарын үсэг зуруулаад нэг хувийг бид нар авч үлдээд, нөгөө хувийг жолооч нарт өгдөг байсан, бид нар ээлжээс буухдаа энэ баримтаа цаасан дээр наагаад тооцоо нийлж эрхлэгч эсвэл захирал хоёрт өгдөг байсан. Тээврийн зардал мөнгө болон бид нарын хөдөлмөр хамгаалал гээд 80,000 төгрөг аваад бид нарт бээлий болон ахуйн хэрэгсэл авч өгдөг байсан...” /1 дэх хавтас хэргийн 95-97 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Н.Ундрах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар бэлэн мөнгөний орлогыг байгууллагын картад АТМ-ээр дамжуулж хийдэг. Тэгээд АТМ уншаагүй бол бутархай  мөнгийг эрхлэгч болон захирал нарын аль нэгэнд өгөөд ээлжээс буудаг. ...Өдөр өдөртөө тооцоо нийлж байгаа тул өр төлбөр дутагдуулах боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 100-101 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц.С-той хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Т ХХК-ийн захирлаар томилж ажиллах болсон, хамтын ажиллагааны гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Лавай төвийн хажууд шатахуун түгээх станцыг зээлээр бариулсан. Хамтын ажиллагааны гэрээнд заасан заалтын дагуу миний бие борлуулалт болон шатахууны нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байсан. Намайг ажиллах хугацаанд сар бүр ашигтай ажиллаж байсан. Гэрээний дагуу А тал болон Ц.С- нь 85 хувийн ашгаа сар бүр авч байсан. Тухайн ашгаа авсны дараа байгууллагад орсон орлогоос Ц.С- нь шатахуун түгээх станц барьсан зээлийн төлбөр болох 20,000,000 төгрөгийг орлогын ашгаас төлж байсан. Хамтын ажиллагааны гэрээнд шатахууныг барьсан зээлийн төлбөрийг төлнө гэж заагаагүй, миний хувьд хамтын ажиллагааны гэрээнд заасан ашгийн 15 хувийг сар бүр авч байгаагүй болно. Хамтын ажиллагааны гэрээнд А тал болох Ц.С- нь санхүүгийн үйл ажиллагаа хэрэгжүүлнэ, Б тал болох миний бие бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн заалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Иймд санхүүгийн тайлан тооцоог Т ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Бүжидмаа нь бүх санхүүгийн тайланг гаргадаг байсан. Анхан шатны тайланг Шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан С.Оюунчимэг нь ажлын тайланг гаргаж өөрийн гарын үсгээр баталгаажуул, надаар хянуулж цааш нь нягтлан Бүжидмаад тайлангаа өгдөг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд сар бүр ямар нэг дутагдалгүй тайлан өгдөг байсан. Хэрэв сар бүр дутагдал гарч байсан бол ерөнхий нягтлан бодогч Бүжидмаа нь тухайн бүрийн дутагдал гарч байсан бол тухай бүр эзэнжүүлсэн акт үйлдэж хэлж байх байсан. ....Надаас Оюунчимэгийг гарга энэ хүний цалин бид нар ашиг болж үлдэнэ гэж байсан. ...Би ажиллах хугацаанд хамтын ажиллагааны гэрээний дагуу ашгийн 15 хувь болох 35-40 сая төгрөгийг авах ёстой байснаас одоогоор 8,000,000 гаруй төгрөгийг авсан. Задалж хэлэх юм бол зээлээр шатахуун авсан компани болох Нутгийн их үйл ХХК-аас 4,947,543 төгрөгийн төлбөрт Бенз МЛ350 маркийн машиныг авсан.Уг машиныг би тухайн Лавай төвийн хашаанд авчирч 14 хоног байршуулж Ц.С-д хэлээд уг машиныг би өөртөө авсан. Улмаар би уг машиныг зарж мөнгийг ашиг гэж өөртөө авсан. Энэ талаар Ц.С-д хэлсэн, 4,000,000 төгрөгийг ажлаас гарахдаа Ц.С-д хэлж ашгаас 4,000,000 төгрөг авлаа шүү гээд түгээгчээс бэлнээр авсан...” /1 дэх хавтас хэргийн 138-139 дэх  тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Хариулт 1. “Нью эстимэйтор аудит” ХХК-ийн тохиролцсон горимоор гүйцэтгэх гэрээт ажлын тайлангаар:

1.  “Т” ХХК-ийн шатахуун түгээх станцын 2019.04.26-аас 2020.0.430-ны өдрийг дуустал хугацааны түгээгчийн өдөр тутмын тооцоог тулган шалгахад 16,377,616.30 төгрөгийг дутагдал илэрлээ. 30,791,000.0 төгрөгийн тээврийн зардал, 24,833,251 төгрөгийг зарцуулсан гэх боловч баримтаар нотлогдохгүй  зардал гарсан байна.

2. 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын дуустал хугацааны зээлийн борлуулалтын тулгалтаар 78,428,882.30 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна гэжээ.

Шинжээчийн дүгнэлтээр:

Шатахуун түгээх станцын 2019.04.26-аас 2020.04.30-ны өдрийг дуустал хугацааны түгээгчийн өдөр тутмын тооцоог тулган шалгахад 15,372,706.10 төгрөгийн дутагдал гарсан. 30,791,000.0 төгрөгийн тээврийн зардал санхүүгийн анхан шатны баримт, бусад дэмжих баримтаар нотлогдохгүй байна.

Мөн нийт 78,428,882.30 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаагаас 36,316,331.0 төгрөгийн авлагыг С-оос тодруулж тогтоох хэрэгтэй байна.

Хариулт 2. Шинжээчид ирүүлсэн “Т” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны шатахууны тайлангууд холбогдох санхүүгийн баримтууд нь сар сараар хөтлөгдөж байсан бөгөөд эдгээр баримтуудын үнэн зөвийг санхүүгийн тайлангууд, баримтуудыг үйлдэж байгаа хүн хариуцна.

Хариулт 3.  Нийт 15,372,706.10 төгрөгийн дутагдал гарсан, С-той холбоотой 36,316,661,000 төгрөгийн авлагын тооцоо байна. 30,791,000.0 төгрөгийн тээврийн зардал санхүүгийн анхан шатны баримгүй байна. Эдгээр зөрчил, дутагдал, авлагын тооцоог тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, түгээг нар хариуцна.

Хариулт 4. Шинжилгээний явцад ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” /1 дэх хавтас хэргийн 111-115 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /1 дэх хавтас хэргийн 36-45 дахь тал/,

- “Нью эстимэйтор Аудит” ХХК-ийн тохиролцсон горимоор гүйцэтгэх гэрээт ажлын тайлан /1 дэх хавтас хэргийн 120-127 дахь тал/,

- М.С-ыг ажилд томилсон тушаалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 143 дахь тал/,

- М.С-ыг ажлаас чөлөөлөх томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 144 дэх тал/,

- Хамтын ажиллагааны гэрээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 145-147 дахь тал/,

- Харилцан ойлголцлын санамж бичгийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 150-151 дэх тал/,

- Шүүгдэгч М.С-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 164 дэх тал/, төрөл садангийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 165-168 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 169 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 175 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 дэх хавтас хэргийн 178  дахь тал/, М.С-ын дансны хуулга /1 дэх хавтас хэргийн 189-227 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч М.С- нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15,372,706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Солонгын “...С- тухайн үед “М” ХХК-д ажилладаг байсан С- манай “Комид сервес” ХХК-ний захирал Б.Дөмэйтэй уулзаад би танай шатахуун түгээх станцыг чинь хариуцаж ажиллая гэж санал тавиад надтай уулзсан. С-той уулзаад бид нар шатахуун түгээх станцын санхүүгийн тооцоолол хийгээд ир гэсэн чинь С- хэд хоногийн дараа санхүүгийн тооцоолол хийж ирээд танилцуулсан. Тухайн үед С- бид нарт нэлээн ашигтай ажиллах тооцоолол үзүүлсэн, ингэж ашигтай ажиллуулах юм чинь ашгаас хувь хүртье гэхээр нь би тухайн үед үйл ажиллагаа нь түр зогссон байсан “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж 2019 оны 04 дүгээр сараас шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эхлүүлсэн. Компани удирдаж байгаа хүний хувьд шатахууны түгээгч нарыг ажилд авч үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн үед би нягтлан ав гэхэд С- өөрөө нягтлангийн мэргэжилтэй гээд нягтлан авдаггүй байсан. С- шатахуунаа “Монсуль” ХХК, “Сан Петролиум” ХХК гэх шатахуун зардаг компаниас зээлээр авдаг, шатахуунаа борлуулчхаад өдөр тутмын орлогоос шатахуун худалдсан компанид төлбөрийг төлдөг байсан. С- надад тэдэн төгрөгийн шатахуун авсан гэж өдөр бүртгүүлэхээр нь “Т” ХХК-ийн данс руу шатахууны орлого орж ирдэг байсан учир шатахуун худалдан авсан төлбөрийг би өөрөө шилжүүлж байсан. Шатахуун борлуулсан бэлэн мөнгөний орлогыг С- өөрөө дур мэдэн тээврийн зардал, цалинд өгсөн гэдэг байсан бөгөөд С-од бэлэн мөнгөний анхан шатны баримтаа бүрдүүлээч гэж байнга шаардлага тавьдаг байсан. Эхний 2-3 сар шатахуун станцын үйл ажиллагаа дажгүй ашигтай явж байсан. Сүүлдээ шатахуун нийлүүлж байгаа компанийн өрийг төлж чадахгүй шатахууны нийлүүлэлт нь их болоод ирсэн. Тэгэхээр нь би С-ыг сар болгон тайлан гаргаж өг гэж тайлангийн маягтыг өөрөө боловсруулж өгсөн, зээлээр хэдэн төгрөг, бэлнээр хэдэн төгрөг, дансаар хэдэн төгрөг орж ирж байгаа талаар бичиж өг гэсэн чинь хагас дутуу бичиж өгч байсан. Тухайн үед яг тайлан гарах болохоор С- өөрөө гаргаж чадахгүй манай “К” ХХК-ийн ерөнхий нягтлан Бүжидмаа, тооцооны нягтлан Наранцацралт нарыг гуйгаад яваад байсан. Тэгээд Бүжидмаа нягтлан надад “Т” ХХК-ийн санхүү нэг л бишээ, өглөг авлага нь юу болж байгаа нь ойлгомжгүй, нэг л зээлээр өгсөн гээд мөнгө нь орж ирэхгүй байна гэхээр нь би С-од тээвэр хийх машиныг нь энэ хүнээр хийлгэж бай гээд Ууганбаяр гэх хүнтэй уулзаж тээвэр хийх гэрээг хийж 2-3 удаа С- Ууганбаяр луу тээврийн зардлыг би шилжүүлсэн. Тэгсэн 2-3 сарын дараа Ууганбаяр надтай ирж уулзаад “би нэг удаа тээвэр хийж өгсөн, намайг устай бензин авчирч өглөө гээд намайг хардаж эхэлсэн, би устай бензин хийх хүн биш, миний данс руу тээврийн мөнгө гэж орж ирснийг С- над руу яриад тээврийн хөлс гэх мөнгийг надаас өөр хүний данс руу шилжүүлж авсан” гэсэн. Тэгэхээр нь уг дансыг үзсэн чинь С-ын эхнэрийнх нь данс байсан. Би С-ыг биш болчихлоо гээд шатахуун мэддэг хүнийг ажилд авъя гэж хүн хайсан боловч олдохгүй удсан. Би С-ыг ажиллах хугацааны тайланг сар сараар гаргаж өг гэж шаардаж эхэлсэн. Тэрнээс болоод хэрүүл үүссэн чинь С- намайг хардлаа, би үйл ажиллагааг чинь зогсоочхоод шатахуун түгээх станцад хий соруулчхаад явна гээд байсан. Тэгэхээр нь би ажлаа өгөх гэж байгаа бол ном ёсоор нь өгөх ёстой гэсэн чинь маргаашаас нь С- ажилдаа ирээгүй. Зарим бүртгэлийн дэвтэр нь байхгүй байсан. Тэгэхээр нь бүртгэлийн дэвтрийг авчирч өгөхгүй бол цагдаад өгнө гэсэн чинь С- бүртгэлийн дэвтрийг түгээгч нарт авчирч өгсөн байсан. Тэгээд би Сайнжаргал нягтлангаар аваад “Т” ХХК-ийн өглөг авлагын компанийг олоод санхүүгийн асуудлыг янзал гэхэд Сайнжаргал харилцагч байгууллагыг олж холбогдоход төлбөрт машин өгч нэрийг С-од шилжүүлсэн, төлбөрийг С-од өгсөн, бид нар зээлээр авах шаардлага байхгүй төлбөрийг бэлнээр өгч байсан гээд хүмүүс нь бид нартай уулзаагүй. Зарим нэг байхгүй байгууллага бололтой Google дээр хайхад гарч ирэхгүй байсан, тэгэхээр нь бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...С- ажиллах хугацаанд компанид 2-3 сарын тайлан бичиж өгсөн. Тайлан дээр орж ирсэн мөнгө, зарцуулсан мөнгөний тайлан нь байхгүй байсан учир тайланг буцаан өгч дутуу байна, НӨАТ-ын тайлан, өглөг юу болж байна гэж өдөр бүр хэлдэг байсан. Тухайн үед С- санхүүг захиран зарцуулах эрхгүй байсан, байгууллагын санхүүгийн баримт дээр 1 дүгээр гарын үсэг нь С-, 2 дугаар гарын үсэг нь би байсан. Интернет гүйлгээ хийх код нь бас над дээр байдаг, санхүүгийн хяналттай байхын тулд би байсан, С-од мөнгө төгрөгийг шилжүүлэхээр бол надад хэлээд би шилжүүлдэг байсан. Бэлэн мөнгөний орлогыг “К” ХХК-ийн кассаар оруулж бай гэж шаардаж байсан боловч тэгдэггүй байсан...” /1 дэх хавтас хэргийн 51-54 дэх тал/ гэсэн, гэрч Т.Бүжидмаагийн “...Би тухайн шатахуун түгээх станцын тайлан тооцоог гаргахдаа С-ын сар сараар нь бэлдэж өгсөн баримтыг нэгтгэж гаргадаг, С- өөрөө анхан шатны баримтыг бүрдүүлээд боловсруулж өгдөг байсан. ...“Т” ХХК-ийн шатахуун түгээх станц нь Лавай нэртэй, би 2019 оны 07 дугаар сараас хойш С-ын өгсөн баримтад тулгуурлаж тайлан тооцоог гаргаж өгдөг байсан. Намайг шатахуун түгээх станцын баримтад тооцоо хийж байхад дутагдал гардаг боловч тухайн үед нь С- учир явдлыг тайлбарладаг эсвэл дутуу орхисон баримтаа авч ирж өгдөг. С- тээврийн хөлс гэж бэлнээр кассаас авдаг байсан, 2020 оны 04 дүгээр сард халагдахаас өмнө шатахуун түгээх станцын 3 өдрийн орлогыг түгээгч нараас бэлнээр аваад явсан байсан. Хэн гэдэг түгээгчээс хэдэн төгрөг авсан талаар санахгүй байна, түгээгч нарын ээлж хүлээлцсэн дэвтэрт байгаа. Дараа нь шатахуун түгээх станцаас зээлээр шатахуун авсан газруудтай тооцоо нийлэх болсон, тэгээд С-ын зээлээр шатахуун авсан гэх “Алсын их хайрхан” ХХК руу утсаар залгаж асуухад С-той тооцоо нийлнэ гээд зээлээр авсан шатахууныхаа мөнгийг өгөөгүй, шатахуун түгээх станц нь “Сан Петролиум” ХХК-иас шатахуунаа татаж авдаг. С- ажиллаж байх хугацаандаа тээврийн хөлс “Сан Петролиум” ХХК-д өгнө гээд бэлнээр том машинд нь 300,000-400,000 төгрөг, жижиг машинд 150,000 төгрөг авдаг байсан. Тэгээд С-ыг ажлаас гарснаас хойш “Сан Петролиум” ХХК-тай холбогдож шатахуунаа авсаар байгаа бөгөөд “Сан Петролиум” ХХК-ийн нийлүүлж байгаа шатахуунд нь тээврийн хөлс орсон байдгийг мэдсэн...” /1 дэх хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн, гэрч Б.Оюунчимэгийн “...Би 2020 оны 07 сараас хойш тайлан тооцоог хийгээд С-од өгдөг байсан. Намайг эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд санхүүгийн алдаа дутагдал гарч байгаагүй ээ. Намайг ажиллаж байх хугацаанд “Сан Петролиум” ХХК-иас ирсэн шатахууныг падаанаар нь тулгаж авдаг байсан. Тээврийн хөлсөнд 200,000-400,000 төгрөг төлдөг байсан бөгөөд 20 тонн шатахуун ирэх юм бол 400,000 төгрөг, 6.000-18.000 литрээр ирж байгаа тээврийн хөлсөнд 200,000 төгрөг, түүнээс дээш мөнгө төлдөг байсан. Сардаа 4-5 удаа шатахуун ирдэг байсан. Тухайн өдрийн бэлнээр орсон орлогыг түгээгч нар АТМ-д тушаадаг, үлдсэн 200,000 төгрөг доторх мөнгийг С- бид хоёрын аль нэг нь бэлнээр авч Бүжидмаад өгдөг бас үлдэгдэл мөнгөө намайг орсноос хойш хаяа нэг банканд өгдөг. ...Өдөр тутмын тайланг би түгээгчээс авна, уг тайланг тухайн өдрийн борлуулалтын тооцоо байдаг, түгээгч нар тухайн өдрийн бэлэн мөнгөний орлогыг “Т” ХХК-ийн данс руу АТМ-ээр тушааж, тушаасан баримтанд би тулгалт хийж авдаг. Сарын тайланг би гаргаад С-од хүлээлгэж өгөөд тооцоо нийлдэг байсан бөгөөд  С-од би ямар ч дутагдалгүй тооцоо нийлдэг байсан. Тухайн гаргаж өгч байсан өдөр болон сарын тайлангаа С-од гаргаж өгч С- цааш нь “Т” ХХК-ийн санхүүд тушаадаг байсан. Тухайд өрийн түгээгч нар өглөө 9 цагт ээлжээ хүлээлцээд тооцоо хийхдээ бэлнээр орсон орлогыг АТМ-д тушааж баримтыг хавсаргаж надад өгнө, мөн банкны пост машинаар орсон орлогыг баримтаар тулгалт хийдэг. Мөн гэрээт байгууллага болон захирал С-ын зөвшөөрлөөр хийгдсэн шатахууны гүйлгээ хийгддэг. Уг шатахуун хүлээн авсан жолоочийн гарын үсгээр баталгааждаг. ...Гэрээт байгууллага гэдэгт “Т” ХХК нь өөрөө авна, “Лавай трейд” ХХК, “Нэмэн констракшн” ХХК, “Алсын Их хайрхан” ХХК гэж автобусны компани гэх мэт төлбөрийг дараа заасан хугацаанд байгууллагын дансаар төлбөр тооцоо хийдэг гэрээтэй байгууллагыг хэлнэ. Энэ шатахуунуудыг захирал С-ын зөвшөөрлөөр олгож байсан. ...С- захирал шатахуун түгээх станцад ирж байгаа шатахуун ачиж ирсэн тээврийн хөлсний мөнгийг өдөр тутмын авлагаас авч олгодог, сардаа 4-5 удаа 200,000-400,000 төгрөгийг жолоочид олгодог байсан, С- захирал түгээгчээс аваад өөрөө цаашаа жолооч нарт олгодог байсан. Тухайн мөнгийг тайландаа тусгахдаа тээврийн хөлсний мөнгө гэж бичдэг байсан...” /1 дэх хавтас хэргийн 84-86 дахь тал/ гэсэн, гэрч А.Одончимэгийн “...Ер нь бол С- захирал гараа болгон дээр бэлэн мөнгийг аваад тушаадаг байсан. 2020 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдөр гарч байхад ирээд эхлээд 1,150,000 төгрөг, дараа нь 1,600,000 төгрөгийг аваад явсан, тэр мөнгийг тушаагаагүй гэж мэдсэн. ...Намайг ажилд орсноос хойш миний мэдэж байгаагаар 7 хоногт том машин /20 тонн хааяа чиргүүлтэй/-аар хоёр удаа, заримдаа гурван удаа, түлш 6 тонн ирдэг.

...Хэрэв эрхлэгч байхгүй бол захирал С-од үлдээгээд явдаг байсан. Бид нар ээлжээс буухдаа тухай бүр тооцоогоо хийдэг, ямар нэг өр төлбөргүй ажлаасаа буудаг байсан, захирал С- шатахуун тээвэрлэж авчирсан машинд өгнө гэж мөнгө авдаг байсан, он сар өдрийг нь санахгүй байна, тухайн үед машин шатахуун түгээх станц борлуулалт ихтэй байсан учир шатахуунаа 7 хоногт 3 машин шатахуун авдаг байсан. Эрхлэгч Оюунчимэг ажлаасаа гарсны дараа захирал С- бэлэн мөнгөний орлогоос үлдсэн мөнгийг аваад өөрөө банканд тушаадаг байсан. ...Миний санаж байгаагаар нийт 4 сая гаруй төгрөгийг орлогоос авч байсан, ...тэмдэглэж байсан дэвтрийг байгууллага авсан. ...Миний мэдэхээр түгээгч нараас өр төлбөр дутагдуулж байсан талаар мэдэхгүй. ...Ээлжээс буухад тооцоогоо нийлдэг учир ямар нэг дутагдал гаргах ямар ч боломж байхгүй, хэрэв орлого дутвал өөрөөсөө төлөөд буудаг, ...тээврийн зардалд төлбөр өгөхдөө ямар нэг баримт үйлдэж байгаагүй, захирал өөрөө цаашаа баримт үйлддэг үгүйг мэдэхгүй, бид нар дэвтэр дээрээ бичдэг байсан...” /1 дэх хавтас хэргийн 87, 90-92 дахь тал/ гэсэн, гэрч Л.Сугармаагийн “...Намайг ажиллаж байхад хэн нэгэн өр төлбөр гаргаж байгаагүй. ...Өдөр өдөртөө тооцоо нийлж байгаа тул өр төлбөр гаргах боломжгүй. ...Бид нарыг ээлжид гарч байх хугацаанд ...шатахуун тээвэрлэсэн зардлын мөнгө гэж эрхлэгч, эсхүл захирал хоёрын аль нэг нь бид нарын орлогын мөнгөнөөс аваад өгдөг байсан. ..Мөн ээлжээс буухад АТМ уншаагүй болон бутархай мөнгийг эрхлэгч юм уу захирал аваад үлддэг байсан, захирал хэлэхдээ оффис руу орж тооцоо хийнэ гэдэг, яг тооцоо хийдэг үгүйг мэдэхгүй...” /1 дэх хавтас хэргийн 95-97 дахь тал/ гэсэн, гэрч Н.Ундрахын “...Бид нар бэлэн мөнгөний орлогыг байгууллагын картад АТМ-ээр дамжуулж хийдэг. Тэгээд АТМ уншаагүй бол бутархай мөнгийг эрхлэгч болон захирал нарын аль нэгэнд өгөөд ээлжээс буудаг. ...Өдөр өдөртөө тооцоо нийлж байгаа тул өр төлбөр дутагдуулах боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 100-101 дэх тал/ гэсэн, шүүгдэгч М.С-ын “...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц.С-той хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар “Т” ХХК-ийн захирлаар томилж ажиллах болсон, хамтын ажиллагааны гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Лавай” төвийн хажууд шатахуун түгээх станцыг зээлээр бариулсан. Хамтын ажиллагааны гэрээнд заасан заалтын дагуу миний бие борлуулалт болон шатахууны нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байсан. Намайг ажиллах хугацаанд сар бүр ашигтай ажиллаж байсан. Гэрээний дагуу А тал болон Ц.С- нь 85 хувийн ашгаа сар бүр авч байсан. Тухайн ашгаа авсны дараа байгууллагад орсон орлогоос Ц.С- нь шатахуун түгээх станц барьсан зээлийн төлбөр болох 20,000,000 төгрөгийг орлогын ашгаас төлж байсан. Хамтын ажиллагааны гэрээнд шатахууныг барьсан зээлийн төлбөрийг төлнө гэж заагаагүй, миний хувьд хамтын ажиллагааны гэрээнд заасан ашгийн 15 хувийг сар бүр авч байгаагүй болно. Хамтын ажиллагааны гэрээнд А тал болох Ц.С- нь санхүүгийн үйл ажиллагаа хэрэгжүүлнэ, Б тал болох миний бие бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн заалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Санхүүгийн бүх тайлан тооцоог “Т” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Бүжидмаа гаргадаг байсан. Анхан шатны тайланг шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байсан С.Оюунчимэг гаргаж, өөрийн гарын үсгээр баталгаажуулж, надаар хянуулж цааш нь нягтлан Бүжидмаад өгдөг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд сар бүр ямар нэг дутагдалгүй тайлан өгдөг байсан. Хэрэв сар бүр дутагдал гарч байсан бол ерөнхий нягтлан бодогч Бүжидмаа эзэнжүүлсэн акт үйлдэж хэлэх байсан. ...Надаас Оюунчимэгийг гарга, энэ хүний цалин бид нарт ашиг болж үлдэнэ гэж байсан. ...Би ажиллах хугацаанд хамтын ажиллагааны гэрээний дагуу ашгийн 15 хувь болох 35-40 сая төгрөгийг авах ёстой байснаас одоогоор 8,000,000 гаруй төгрөгийг авсан. Задалж хэлэх юм бол зээлээр шатахуун авсан компани болох “Нутгийн их үйл” ХХК-аас 4,947,543 төгрөгийн төлбөрт “Бенз МЛ350” маркийн машиныг авсан. Уг машиныг би тухайн “Лавай” төвийн хашаанд авчирч 14 хоног байршуулж Ц.С-д хэлээд уг машиныг зарж мөнгийг ашиг гэж би өөртөө авсан, энэ талаар Ц.С-д хэлсэн. Ажлаас гарахдаа ашиг 4,000,000 төгрөг авлаа шүү гэж Ц.С-д хэлж түгээгчээс бэлнээр авсан...” /1 дэх хавтас хэргийн 138-139 дэх  тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 236 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Хариулт 1: ...Шинжээчийн дүгнэлтээр: Шатахуун түгээх станцын 2019.04.26-аас 2020.04.30-ны өдрийг дуустал хугацааны түгээгчийн өдөр тутмын тооцоог тулган шалгахад 15,372,706.10 төгрөгийн дутагдал гарсан. 30,791,000.0 төгрөгийн тээврийн зардал санхүүгийн анхан шатны баримт, бусад дэмжих баримтаар нотлогдохгүй байна.

Мөн нийт 78,428,882.30 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаагаас 36,316,331.0 төгрөгийн авлагыг С-оос тодруулж тогтоох хэрэгтэй байна.

Хариулт 2. Шинжээчид ирүүлсэн Т ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны шатахууны тайлангууд холбогдох санхүүгийн баримтууд нь сар сараар хөтлөгдөж байсан бөгөөд эдгээр баримтуудын үнэн зөвийг санхүүгийн тайлангууд, баримтуудыг үйлдэж байгаа хүн хариуцна.

Хариулт 3.  Нийт 15,372,706.10 төгрөгийн дутагдал гарсан, С-той холбоотой 36,316,661,000 төгрөгийн авлагын тооцоо байна. 30,791,000.0 төгрөгийн тээврийн зардал санхүүгийн анхан шатны баримгүй байна. Эдгээр зөрчил, дутагдал, авлагын тооцоог тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, түгээгч нар хариуцна...” /1 дэх хавтас хэргийн 111-115 дахь тал/ гэсэн дүгнэлт,

“Нью эстимэйтор Аудит” ХХК-ийн тохиролцсон горимоор гүйцэтгэх гэрээт ажлын тайлан /1 дэх хавтас хэргийн 120-127 дахь тал/, М.С-ыг ажилд томилсон тушаалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 143 дахь тал/, М.С-ыг ажлаас чөлөөлөх томилох тухай тушаалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 144 дэх тал/, хамтын ажиллагааны гэрээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 145-147 дахь тал/, харилцан ойлголцлын санамж бичгийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 150-151 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгснийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч М.С- нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15,372,706,10 төгрөгийг орлогыг байгууллагын орлогоос дутагдуулж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хөрөнгө завших” гэмт хэргийг хүндрүүлэх шинжүүдийг тусгасан бөгөөд 2.1-д “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх шинжийг заажээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч М.С- нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбар /1 дэх хавтас хэргийн 143, 144 дэх тал/, хамтын ажиллагааны гэрээ болон харилцан ойлголцлын санамж бичгийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 145-147, 150-151 дэх тал/ зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд шүүгдэгч М.С- нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж шатахуун түгээх станцыг хариуцан ажиллуулж, борлуулалт, нийлүүлэлтийг хариуцаж байхдаа шатахууны борлуулалтын орлогоос 15,372,706.10 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч М.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13,000 /арван гурав мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,000,000 /арван гурав сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 01 /нэг/ жил, 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа  тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч “Т” ХХК-ийн эд хөрөнгөд 15,372,706 төгрөгийн хохирол учирсан /хавтас хэргийн 16-17 дахь тал/ бөгөөд шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсний дараа шүүгдэгч М.С- хохирол төлөх талаар завсарлага авч 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Т” ХХК-ийн 504хххх033 дугаартай дансанд 15,372,706 төгрөгийг төлсөн /шүүх хуралдаанд гаргаж өгсөн банкны хуулга/ байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2010014311163 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдөөс “...М.С- гэмт хэрэг үйлдээгүй, иргэн С-той байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.4 дүгээр заалтад иргэн С- санхүү хариуцаж ажиллана гэж заасан. Тухайн үед шатахуун түгээх станцын өдөр тутмын тооцоогоор бэлэн мөнгөний дутагдал огт гарч байгаагүй,  ...шинжээчийн дүгнэлт өөрөө учир дутагдалтай, ...мөнгө нь яг ямар орлогоос яаж дутсан, хэдэн сарын хэдний өдрийн орлогоос дутсан гэх зэрэг нарийвчилсан задаргаа байхгүй, ..236 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 15,372,706 төгрөгийн дутагдал гарсан гэдэг нь тогтоогдохгүй байна. ...Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа байна гэж харж байгаа. Гэрээ нэгэнт 15 хувь, 85 хувь гэсэн заалтыг тодорхой зааж өгсөн. Тухайн ногдох ашгийг өөрөө дур мэднэ зарцуулна гэсэн гэрээний заалт байна. Компани ашигтай ажилласан гэдэг нь санхүүгийн баримтаар харагддаг. Гэвч мөрдөн шалгах ажиллагаагаар компанийн ашиг хэдэн төгрөг байсан гэдгийг тогтоосон зүйл байхгүй байгаад байна. Тэгэхээр хамтын ажиллагааны гэрээний дагуу өөртөө авч ашигласан байгаа гэдэг асуудлыг ерөөсөө завшсан гэж үзээд байгаа юм уу, эсхүл хамтын ажиллагааны гэрээнээс гадна өөр асуудлыг ярьж байна уу гэх зэрэг ийм эргэлзээтэй зүйлүүд байгаа учраас С-ыг 15.372.706 төгрөгийн дутагдал гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. ...Улсын яллагчийн зүгээс үйлдсэн яллах дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн техникийн шинжтэй алдаа засуулна гэх үндэслэлээр удаа дараа шүүх хуралдаан хойшлуулж, зассан боловч тамга, тэмдэг дарагдаагүй, архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд нийцэх ёстой. Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.1.4-т байгууллагаас гарч байгаа албан бичиг гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх, гэм буруутай гэж үзэх боломжгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан хохирогч Ц.Солонгын “...Шатахуун борлуулсан бэлэн мөнгөний орлогыг С- өөрөө дур мэдэн тээврийн зардал, цалинд өгсөн бөгөөд С-од бэлэн мөнгөний анхан шатны баримтаа бүрдүүлээч гэж байнга шаардлага тавьдаг байсан. ...Тэгээд би Сайнжаргалыг нягтлангаар аваад “Т” ХХК-ийн өглөг авлагын компанийг олоод санхүүгийн асуудлыг янзал гэхэд Сайнжаргал харилцагч байгууллагыг олж холбогдоход төлбөрт машин өгч нэрийг С-од шилжүүлсэн, төлбөрийг С-од өгсөн, бид нар зээлээр авах шаардлага байхгүй, төлбөрийг бэлнээр өгч байсан гээд хүмүүс нь бид нартай уулзаагүй. Зарим нэг байхгүй байгууллага бололтой Google дээр хайхад гарч ирэхгүй байсан, тэгэхээр нь бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Байгууллагын санхүүгийн баримт дээр 1 дүгээр гарын үсэг нь С-, 2 дугаар гарын үсэг нь би байсан. ...Бэлэн мөнгөний орлогыг “К” ХХК-ийн кассаар оруулж бай гэж шаардаж байсан боловч тэгдэггүй байсан...” /1 дэх хавтас хэргийн 51-54 дэх тал/ гэсэн,

гэрч Т.Бүжидмаагийн “...С- өөрөө анхан шатны баримтыг бүрдүүлээд боловсруулж өгдөг байсан, 2019 оны 07 дугаар сараас хойш С-ын өгсөн баримтад тулгуурлан тайлан тооцоог гаргаж өгдөг байсан. Намайг шатахуун түгээх станцын баримтад тооцоо хийж байхад дутагдал гардаг боловч тухайн үед С- нь учир явдлыг тайлбарладаг, эсхүл дутуу орхисон баримтаа авч ирж өгдөг. С- тээврийн хөлс гэж кассаас бэлэн авдаг байсан, 2020 оны 04 дүгээр сард халагдахаас өмнө шатахуун түгээх станцын 3 өдрийн орлогыг түгээгч нараас бэлнээр нь аваад явсан байсан, С-ын зээлээр шатахуун авсан гэх “Алсын их хайрхан” ХХК руу утсаар залгаж ярьсан чинь С-той тооцоо нийлнэ гээд зээлээр авсан шатахууныхаа мөнгийг өгөөгүй...” /1 дэх хавтас хэргийн 78-79 дэх тал/ гэсэн,

гэрч Б.Оюунчимэгийн “...Тухайн өдрийн бэлнээр орсон орлогыг түгээгч нар АТМ-д тушаадаг, үлдсэн 200,000 төгрөг доторх мөнгийг С- бид хоёрын аль нэг нь бэлнээр авч, Бүжидмаад өгдөг, бас үлдэгдэл мөнгөө намайг орсноос хойш хааяа нэг банканд өгдөг.

...С- захирал шатахуун түгээх станцад шатахуун ачиж ирсэн тээврийн хэрэгслийн хөлсийг өдөр тутмын авлагаас авч өгдөг, сардаа 4-5 удаа 200,000-400,000 төгрөгийг жолоочид олгодог байсан...” /1 дэх хавтас хэргийн 84-86 дахь тал/ гэсэн,

гэрч А.Одончимэгийн “...С- захирал гараа болгон дээр бэлэн мөнгийг аваад тушаадаг байсан. 2020 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдөр гарч байхад ирээд эхлээд 1,150,000 төгрөг, дараа нь 1,600,000 төгрөгийг аваад явсан, тэр мөнгийг тушаагаагүй гэж мэдсэн.

...Хэрэв эрхлэгч байхгүй бол захирал С-од үлдээгээд явдаг, бид ээлжээс буухдаа тухай бүр тооцоогоо хийгээд ямар нэг өр төлбөргүй ажлаасаа буудаг байсан, захирал С- шатахуун тээвэрлэж авчирсан машинд өгнө гэж мөнгө авдаг байсан, он сар өдрийг нь санахгүй байна, ...хэрэв орлого дутах юм бол өөрөөсөө төлөөд буудаг, ...тээврийн зардалд төлбөр өгөхдөө ямар нэг баримт үйлдэж байгаагүй, захирал өөрөө цаашаа баримт үйлддэг үгүйг мэдэхгүй, бид нар дэвтэр дээрээ бичдэг байсан...” /1 дэх хавтас хэргийн 87, 90-92 дахь тал/ гэсэн,

гэрч Л.Сугармаагийн “...Намайг ажиллаж байхад хэн нэгэн өр төлбөр гаргаж байгаагүй. ...Мөн ээлжээс буухдаа АТМ уншаагүй болон бутархай мөнгийг эрхлэгч юм уу захирал аваад үлддэг байсан, захирал хэлэхдээ оффис руу орж тооцоо хийнэ гээд аваад ордог байсан, яг тооцоо хийдэг үгүйг мэдэхгүй...” /1 дэх хавтас хэргийн 95-97 дахь тал/ гэсэн,

гэрч Н.Ундрахын “...Бид нар бэлэн мөнгөний орлогыг байгууллагын картад АТМ-ээр дамжуулж хийдэг. Тэгээд АТМ уншаагүй бол бутархай мөнгийг эрхлэгч болон захирал нарын аль нэгэнд өгөөд ээлжээс буудаг. ...Өдөр өдөртөө тооцоо нийлж байгаа тул өр төлбөр дутагдуулах боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 100-101 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Хариулт 1. ...Шатахуун түгээх станцын 2019.04.26-аас 2020.04.30-ны өдрийг дуустал хугацааны түгээгчийн өдөр тутмын тооцоог тулган шалгахад 15,372,706.10 төгрөгийн дутагдал гарсан.

...Хариулт 3.  Нийт 15,372,706.10 төгрөгийн дутагдал гарсан, ...Эдгээр зөрчил, дутагдал, авлагын тооцоог тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, түгээгч нар хариуцна...” /1 дэх хавтас хэргийн 111-115 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг баримтаар няцаагдах бөгөөд дээрх мэдүүлэг, дүгнэлтүүд хуульд заасан журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байна.

Харин шүүгдэгч М.С-ын “...Би гэмт хэрэг үйлдээгүй, ...яллах дүгнэлтээр гарсан 15,372,706 төгрөгийн бэлэн мөнгийг хувьдаа завшсан гэх нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй. Гэрчийн мэдүүлгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шүүхэд өгсөнд гомдолтой байна. Яагаад гэвэл би санхүүгийн тайлан гаргадаггүй байсан. Иргэн С-той байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.4 дүгээр заалтад иргэн С- санхүү хариуцаж ажиллана гэж заасан. ...хүнд тус болсныхоо төлөө ашгаа авч чадахгүй, дээрээс нь ийм хэрэгт холбогдоно шалгуулаад сууж байгаадаа харамсаж байна. Би өөрөө хохирогч болох байтал эсрэгээрээ шалгуулаад гүтгүүлээд сууж байна...” гэснийг нотолсон баримт хэрэгт авагдаагүйн дээр түүний дээрх мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж зааснаар буруутгах үндэслэл болохгүй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 727 дугаар яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсэгт “1. Яллагдагч М.С-ын Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээх станцын орлогоос 15.372.706 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” /1 дэх хавтас хэргийн 231-235 дахь тал/ гэжээ.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, яллах дүгнэлтийн ТОГТООХ хэсгийн шүүгдэгчийн холбогдсон хэргийн шинж байдлаас дүгнэхэд М.С- дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд прокурор яллах дүгнэлт бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргаж, М.С-ын холбогдсон хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3” гэж алдаатай бичсэн байна.

Техникийн шинжтэй алдаатай бичигдсэн дээрх яллах дүгнэлтийг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой, энэ талаар шүүх хуралдаанд томилолтоор оролцсон улсын яллагчаас “яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засах хүсэлтэй байна” гэсний дагуу шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан, улмаар энэ шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүхэд шинээр гаргаж өгсөн яллах дүгнэлт нь прокурорын байгууллагын тэмдэг дарагдаж албажаагүй тул шүүх уг яллах дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн үнэлээгүй бөгөөд 1 дэх хавтас хэргийн 231-235 дахь талд авагдсан 2021 оны 727 дугаартай яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааны явцад шүүмжлэлийн шатанд улсын яллагч төрийн нэрийн өмнөөс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар санал гаргахдаа М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон гэж санал гаргасан нь прокурорын 727 дугаар яллах дүгнэлтэд бичигдсэн техникийн шинжтэй алдаа шүүх хуралдааны явцад засагдсан гэж шүүх үзсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М-гийн С-ыг 13,000 /арван гурав мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,000,000 /арван гурав сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.С-од оногдуулсан 13,000 /арван гурав мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 13,000,000 /арван гурав сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 /нэг/ жил, 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С- хохирогч “Т” ХХК-д 15,372,706 /арван таван сая гурван зуун далан хоёр мянга долоон зуун зургаа/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн 2010014311163 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.С-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР