Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/587

 

 

 

 

 

 

 

2022          08              24                              

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, хохирогч М.Э-, шүүгдэгч Б.О-, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О- овогт Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110017920614 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаватор, ковш оператор, мэргэжилтэй, ам бүл 1, \улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О- овогт Б-ын О,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Б.О- 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Нутгийн 1-2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Э-тай маргалдаж, улмаар түүний толгой нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

          Хохирогч М.Э-: “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр найз Ариунсайханы төрсөн өдөрт очих замдаа Мөнгөнхуягтай таарсан /манай ажлын нярав/. Тэгээд нэг шил 0.75 литрын архи авхуулсан, бид хоёр шил архи уугаад би тасраад унасан. Намайг Дэлгэрмаагийн бууны нохой гэж хэлээд зодсон, би гэрээс нь гараад зугтаагаад Ариунсайханы гэр очиход миний шүдийг уначихсан байна гэхээр нь Шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй би санал нийлээгүй. Миний хамар хугаралттай баруун талын чихний хэнгэрэг цооролттой одоо муу сонсдог. Би дахин 10 дугаар хорооллын хувийн эмнэлэгт үзүүлж, нарийн шинжилгээ хийлгэсэн. Хамрын хагалгааны зардал 3,440,000 төгрөг болно, шүдээ үзүүлэхэд зардал нь өндөр үнэлгээтэй болно гэсэн, 06 сарын өмнө хагалгаанд орох ёстой байсан боловч шүүх хуралдаанаас болоод хойшлуулаад байгаа. Мөн хагалгаа хийлгэхэд эмнэлэгт хагалгааны өмнө болон дараа нь 7 хоног хэвтэнэ, өдрийн 50.000 төгрөг гэсэн. Мөнгөний боломжгүй болохоор хагалгаа хийлгэх чадахгүй байна. Тухайн хэрэг гарснаас 02 хоногийн дараа шүүгдэгчээс уулзъя, гэмтэл дээр хүрээд ир гэсэн, очсон боловч утсаа таслаад алга болсон. Одоо шүүгдэгчээс нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжилмээр байна...” гэв.

 

          Шүүгдэгч Б.О-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ...Баянмөнх гэх залуутай тааралдсан бөгөөд бид хоёр манай цэцэрлэгийн гэх Мөнгөнхуягийн гэрт нь очсон юм. ...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо нутгийн зам гэх нэртэй 1-1 тоотод очиход Мөнгөнхуяг байсан. Найз О- гэх залуу эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдалтай байсан юм. Удалгүй дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн бөгөөд тэрийгээ бид дөрөв хувааж ууж дуусгаад байж байтал Мөнгөнхуяг дахин архинд гарсан. Удалгүй 0.75 литрийн Хараа архи авч ирснийг нь бид нар хуваагаад ууж байсан. Архиа уугаад би орон дээр нь сууж байтал тасраад уначихсан байсан, намайг хэвтэж байхад миний дээрээс Мөнгөнхуягийн найз нь гэх О- гэх эрэгтэй миний нүүр ам хэсэг рүү баруун зүүн гараа атгаж байгаад 8-9 удаа цохьсон санагдаж байна. Тухайн үед би яагаад зодоод байгаа юм гэж асуухад чи Дэлгэрмаагийн бууны нохой гэж хэлээд намайг зодоод байхаар нь яахаараа бууны нохой байдаг юм гэсэн. Мөнгөнхуяг нь намайг зодуулж байхад согтуу хараад сууж байсан юм. Тэгээд би О-ыг түлхээд цааш нь болгоод гэрээс нь гүйгээд гараад явчихсан...” /хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Мөнгөнхуяг мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн өдрийн өглөө Э- 7 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн юм. Тэр үед надаас архи нэхээд байсан бөгөөд би дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи авч өгсөн юм. ...Бид дөрөв архиа хувааж уугаад гарахад 10 цаг өнгөрч байсан, тэр үед Э- тасраад унасан бөгөөд бид гурав дахин 0.75 литрийн Хараа архи авч уугаад байж байтал ажил дээр ариутгал хийж байна гэхээр нь би 11 цаг өнгөрөөгөөд ажил руу явсан. Би ажлаасаа 2 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд Э- ах сэргэчихсэн байсан. Э-гийн ахын найз нь унтаж байсан. Бид гурав уугаад байж байсан цаашаа сайн санахгүй байна. Унтаад өгсөн юм.  Дараа нь цагдаагийн хүмүүс гэрт ирээд Э- ахын нүүр нь зодуулсан байдалтай танай найз миний нүүр нүдийг ийм болгочихлоо гэж надад нүүрээ харуулаад байсан. Би согтуу байсан тул болсон асуудлыг сайн санахгүй байна. Э- ахын хэлж байгаагаар манай найз О- зодсон гэсэн...” /хавтас хэргийн 13-15 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.Мөнхбаяр мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ...Э- хүнд зодуулсан бололтой нүүр ам нь цус болсон шүд нь унасан согтуу орж ирэхээр нь яасан хэнд зодуулсан гэсэн чинь ажлын газрын хүний найзад зодуулчихлаа гэсэн...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ...Мөнгөнхуяг найзынхаа гэрт байж байтал гаднаас Э- гэх залуу нэг найзтайгаа согтууруулах ундаа хэрэглсэн байдалтай орж ирсэн. Би тухайн үед эрүүл байсан. Э- гэх залуу нь манай найз Мөнгөнхуягийг архи аваад өг гэсээр байгаад манай найз Мөнгөнхуяг гадагшаа гараад 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи 1 шилийг бариад ороод ирсэн. Тэр архийг нь бид 4 хувааж уунгаа ойр зуурын юм ярьж суусан. Тэгээд сууж байтал Э- гэх залуу Мөнгөнхуяг найз руу үг хаяад, үгээр идээд байсан. Манай найз болон Э-тай хамт ирсэн үл таних залуу хоёр ажилдаа явсан. Мөнгөнхуягийн гэрт Э- бид хоёр л үлдсэн. Би тэр Э-д хандаж та манай бие муутай найз Мөнгөнхуягийг ингэж хэлж ярьж болохгүй шүү дээ гэж хэлээд нүүр лүү нь гарынхаа алгаар түлхсэн. Тэгсэн чинь Э-гийн хамраас цус гараад шууд гараад явчихсан. Би Э- гэх хүний биед ийм гэмтлүүд учруулаагүй, учруулахаар ч зүйл хийгээгүй, болоогүй. М.Э- гэх хүн өөрөө архи дарс их уудаг, гэр бүлийнхээ хүнтэй хэрүүл маргаан, асуудалтай байдаг хүн юм шиг байсан. Миний хувьд тухайн үед нүүр лүү нь гарынхаа алгаар нэг л удаа түлхсэн, тэгэхэд М.Э-гийн хамраас цус гараад шууд гараад явчихсан юм...” /хавтас хэргийн 17-18 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №8044 дугаартай дүгнэлтэд: “...1. М.Э-гийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн мөрний цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын зүүн талын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хавтас 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

-  Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 34 дахь тал/,

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтас хэргийн 37 дахь тал/,

- Хохирогч М.Э-гийн эмчлүүлэгчийн картын хуулбар /хавтас хэргийн 40-48 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 56-57 дахь тал/,

- Шүүгдэгч Б.О-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний мэдээлэл /хавтас хэргийн 49 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 71 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.О- нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Нутгийн 1-2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ М.Э-тай маргалдаж улмаар түүний толгой нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Э-гийн “...Мөнгөнхуягийн найз О- гэх эрэгтэй хүн миний нүүр ам хэсэгт баруун, зүүн гараа атгаж байгаад 8-9 удаа цохисон, тухайн үед би яагаад зодоод байгаа юм гэж асуухад чи Дэлгэрмаагийн бууны нохой гэж хэлээд намайг зодоод байхаар нь яахаараа бууны нохой байдаг юм гэсэн. Мөнгөнхуяг нь намайг зодуулж байхад согтуу хараад сууж байсан. Тэгээд би О-ыг түлхээд цааш болгоод гэрээс нь гүйгээд гараад явчихсан...” /хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн, гэрч Г.Мөнгөнхуягийн “...Э- ахын хэлж байгаагаар манай найз О- зодсон гэсэн...” /хавтас хэргийн 13-15 дахь тал/ гэсэн, гэрч Э.Мөнхбаярын “...Э- хүнд зодуулсан бололтой нүүр ам нь цус болсон, шүд нь унасан согтуу орж ирэхээр нь яасан хэнд зодуулсан гэсэн чинь ажлын газрын хүний найзад зодуулчихлаа гэсэн...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.О-ын “...Би Э-д хандаж та манай бие муутай найз Мөнгөнхуягийг ингэж хэлж ярьж болохгүй шүү дээ гэж хэлээд нүүр лүү нь гарынхаа алгаар түлхсэн. Тэгсэн чинь Э-гийн хамраас цус гараад шууд гараад явчихсан. Би Э-гийн биед тэр гэмтлүүдийг учруулаагүй, учруулахаар ч зүйл хийгээгүй, болоогүй. М.Э- өөрөө архи дарс их уудаг, гэр бүлийнхээ хүнтэй хэрүүл маргаан, асуудалтай байдаг хүн шиг байсан. Миний хувьд тухайн үед нүүр лүү нь гарынхаа алгаар нэг л удаа түлхсэн, тэгэхэд М.Э-гийн хамраас цус гараад шууд гараад явчихсан юм...” /хавтас хэргийн 17-18 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №8044 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.Э-гийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн мөрний цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын зүүн талын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас 23-24 дэх тал/ гэсэн дүгнэлт, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтас хэргийн 37 дахь тал/ дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч М.Э-гийн эрүүл мэндэд учирсан “...биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн мөрний цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын зүүн талын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.О-ын түүнийг цохисон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.О-ын хохирогч М.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, орлогын нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-гийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн мөрний цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын зүүн талын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч шүүх хуралдаанд баруун талын чихний хэнгэрэг цооролттой, одоо муу сонсдог  гэж мэдүүлсэн бөгөөд баримтаар 484,250 /хавтас хэргийн 56-57 дахь тал/ төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зардалд нийт 9,000,000 төгрөг нэхэмжилсэн болно.

Шүүхээс хохирогч М.Э-гийн баримтаар нэхэмжилсэн 484,250 төгрөгийг гэм буруутай этгээд болох Б.О-аас гаргуулж, хохирогч М.Э-г өөрийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн мөрний цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, дээд уруулын зүүн талын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, язарсан шарх бүхий гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин хохирогч гэмт хэргийн улмаас баруун талын чихний хэнгэрэг цоорсон гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн хэдий ч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ энэ талаар мэдүүлээгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцсан баримт, хэргийн материалтай танилцсан баримт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт энэ талаар санал хүсэлт гаргаагүй байх тул баруун талын чихний хэнгэрэг цоорсон гэмтлийг Б.О-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2110017920614 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О-т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Э- гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О- овогт Б-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.О-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас  484,250 /дөрвөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч М.Э-д олгож, хохирогч М.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2110017920614 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О-т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Э- гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР