Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/590

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Ө.Т-, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Ө-ы Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000792 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, өвөө, эмээ нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ө-ы Т,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрхэс сүлд” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.С-ыг үл ялих зүйлээр шалтаглан, түүний бүсэлхий хэсэгт нь ир үзүүртэй  /цаасны хутга/ зүйлээр хатгаж, эрүүл мэндэд нь бүсэлхийд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Ө.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлын мөнгийг дансаар шилжүүлсэн, надад торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны ...шөнө 2 цагийн орчимд Баттулга, Т-, шивээстэй залуу гурав амралтын гадаа гараад гурвын эсрэг гурав зодолдъё гээд байхаар нь гэрээсээ бүгд гарсан ...Баттулга, Т-, шивээстэй залуу над уруу дайрсан. Эхлээд шивээстэй залуу нь дайраад ирэхээр нь зайлаад өөрийнхөө эрчид газар унасан. Тэгээд эргээд харсан чинь тэр шивээстэй Ө.Т- гэдэг залуу нь араас миний баруун бөөрний хэсэгт цохих шиг болсон байсан. Тэгээд би зугтаасан ... Гэрт орж ирээд харсан чинь бөөрний хэсгээс цус гарч байсан. Тэгээд хутганых байж магадгүй гээд дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 13, 15 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Баасанжаргал мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би унтаж амрах гээд орон дээр хэвтэж байхад нүүрэндээ шивээстэй залуу чам шиг янхан ууж идээгүй байж ингэж унтахгүй гэх зэргээр доромжлоод байсан. ...Манай нөхөр намайг өмөөрөөд гэртээ харь гэж хэлсэн. ...гадаа орилж чарлаад байхаар нь нөхрөө гаргаад араас нь гарсан чинь С- нуруугаа дарсан эндээс цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд гэрт оруулаад харсан чинь өмсөж байсан майк нь ар хэсгээрээ цус болсон мэс орсон бололтой зүсэгдсэн байсан....” /хавтас хэргийн 17-18 дахь тал/ гэсэн,

 

 Гэрч Б.Хайдав мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “... орой 23 цагийн орчимд гаднаас ирсэн үл таних залуу манай Ган-Эрдэнэ гэх нэртэй найзыг дуудаад гэрийн гадна гараад маргалдаж эхэлсэн. Тухайн үед гаднаас ирсэн үл таних залуутай С-, Ган-Эрдэнэ хоёр агсам согтуу тавихгүй байх талаар яриад учраа олох гэж оролдож байгаад муудалцаад улмаар барилцаж аваад салахад нь С-ын нуруунаас нь их хэмжээний цус гоожиж эхэлсэн ...” /хавтас хэргийн 20-21 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Т.Т- мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Хайдав, Ө.Т- хоёр маргалдаад гэрээс гарсан. Араас нь Баттулга, Ганаа хоёр гарсан. Мөн С- ах бид хоёр араас нь салгах гээд гарсан чинь Хайдав, С- ах хоёр гадаа маргалдаад би С- ахыг нэг удаа гараараа мөрөнд нь цохиж авахад С-аа ах намайг мөн мөрөнд цохиод аваад шидсэн. Намайг босоод ирэхэд Баттулга намайг одоо боль гээд аваад явсан. Баттулга Ө.Т-г аваад ир гэсэн гээд аваад хүрээд ирсэн юм. Тэгээд тэгж байхад Хайдавын найз охин Ө.Т- рүү чи хутгалсан юм уу гээд дайраад байсан. ..Ө.Т- гадаа Хайдав ах бид хоёрыг маргалдаж байхад тухайн хутганы үзүүрийг нь гаргаж ирсэн зогсож байсан...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн,

 

Гэрч С.Баттулга мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С- ах Ө.Т- хоёр зодолдоод байж байсан. Тэгээд Т.Т-г аваад эргээд Ө.Т-г авах гэхэд С- нуруу яасан байна хардаа гэсэн би нурууг нь хараагүй. С- ах нуруу эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд бид гурав зам дагаад явж байхад цагдаа ирээд аваад явсан ... Би тэр хутгыг бол хараагүй. Харин Ган-Эрдэнэ надад Ө.Т- чинь хутгатай юм биш үү гэхээр нь би Ө.Т-гээс хутга байгаа юм уу гэхэд байхгүй гэж надад хэлсэн. С-ыг Ө.Т- хутгалсан байх. Учир нь Т.Т- зодоогүй байхад нь би татаад цаашаа аваад явсан байсан...” /хавтас хэргийн 28 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т.Т- нь С- ахын толгой хэсэгт цохих шиг болсон. Би араас нь гүйгээд Т.Т-г барьж аваад Баттулгад найзыгаа ав гэж өгөөд С- ах дээр очсон чинь баруун бөөрний хэсэг нь цус болсон байсан юм...” /хавтас хэргийн 31 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ө.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 3 цагийн үед ... гадаа гараад маргалдаад байж байхад ... манай найз Т- гарч ирээд С-тай ноцолдсон тэгэхээр нь би өмсөж байсан  цамцныхаа энгэрийн зүүн халаасанд байсан цаасны хутганы ирийг гаргаж ирээд айлгах санаатай бариад ойртуул ална шүү гэж хэлэхэд С- нь над руу ойртохоор нь би гэдэс хэсэг рүү нь барьж байсан цаасны хутгаараа зүссэн юм ...” /хавтас хэргийн 44 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дүгээр сарын 09-ны өдрийн №8329 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 А.С-ын биед бүсэлхийд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

3.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хавтас хэргийн 35-36 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

-  Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дахь тал/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3-7 дэх тал/,

-  Илтгэх хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/,

- Яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 33-34 дэх тал/,

- Шүүгдэгч Ө.Т-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 51 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 50 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ө.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс сүлд” амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.С-ын биеийн бүсэлхий хэсэгт ир үзүүртэй зүйлээр хатган эрүүл мэндэд нь  бүсэлхийд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.С-ын “...Шөнө 2 цагийн орчимд Баттулга, Т-, шивээстэй залуу гурав амралтын гадаа гараад гурвын эсрэг гурав зодолдъё гээд байхаар нь гэрээсээ бүгд гарсан ...Баттулга, Т-, шивээстэй залуу над уруу дайрсан. Эхлээд шивээстэй залуу нь дайраад ирэхээр нь зайлаад өөрийнхөө эрчинд газар унасан. Тэгээд эргээд харсан чинь тэр шивээстэй Ө.Т- гэдэг залуу миний араас баруун бөөрний хэсэгт цохих шиг болсон байсан, би зугтаасан. Гэрт орж ирээд харахад бөөрний хэсгээс цус гарч байсан. Тэгээд хутганых байж магадгүй гээд дуудлага өгсөн ...” /хавтас хэргийн 13, 15 дахь тал/ гэсэн, гэрч Б.Баасанжаргалын “...Би унтаж амрах гээд орон дээр хэвтэж байхад нүүрэндээ шивээстэй залуу чам шиг янхан ууж идээгүй байж ингэж унтахгүй гэх зэргээр доромжлоод байсан. ...Манай нөхөр намайг өмөөрөөд гэртээ харь гэж хэлсэн, гадаа орилж чарлаад байхаар нь нөхрөө гаргаад араас нь гарсан чинь С- нуруугаа дарсан эндээс цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд гэрт оруулаад харахад өмсөж байсан майк нь ар хэсгээрээ цус болсон мэс орсон бололтой зүсэгдсэн байсан....” /хавтас хэргийн 17-18 дахь тал/ гэсэн, гэрч Б.Хайдавын “...Орой 23 цагийн орчим гаднаас ирсэн үл таних залуу манай Ган-Эрдэнэ гэх нэртэй найзыг дуудаад гэрийн гадна гараад маргалдаж эхэлсэн. Тухайн үед гаднаас ирсэн үл таних залуутай С-, Ган-Эрдэнэ хоёр агсам согтуу тавихгүй байх талаар яриад учраа олох гэж оролдож байгаад муудалцаад улмаар барилцаж аваад салахад нь С-ын нуруунаас их хэмжээний цус гоожиж эхэлсэн...” /хавтас хэргийн 20-21 дахь тал/ гэсэн, гэрч Т.Т-гийн “... Хайдав, Ө.Т- хоёр маргалдаад гэрээс гарсан, араас нь Баттулга, Ганаа хоёр гарсан. Мөн С- ах бид хоёр салгах гээд араас нь гарахад Хайдав, С- ах хоёр гадаа маргалдаад би С- ахыг нэг удаа гараараа мөрөнд нь цохиход С-аа ах намайг мөн мөрөнд цохиод шидсэн. Намайг босоход Баттулга одоо боль гээд аваад явсан. ...Хайдавын найз охин Ө.Т- рүү чи хутгалсан юм уу гээд дайраад байсан. Ө.Т- гадаа Хайдав ах бид хоёрыг маргалдаж байхад тухайн хутганы үзүүрийг нь гаргаж ирсэн зогсож байсан...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн, гэрч С.Баттулгын “...С- ах Ө.Т- хоёр зодолдоод байж байсан. Тэгээд Т.Т-г аваад эргээд Ө.Т-г авах гэхэд С- нуруу яасан байна, хардаа гэсэн би нурууг нь хараагүй. С- ах нуруу эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд бид гурав зам дагаад явж байхад цагдаа ирээд аваад явсан ...Би тэр хутгыг бол хараагүй. Харин Ган-Эрдэнэ надад Ө.Т- чинь хутгатай юм биш үү гэхээр нь би Ө.Т-гээс хутга байгаа юм уу гэхэд байхгүй гэж хэлсэн, С-ыг Ө.Т- хутгалсан байх, Т.Т- зодоогүй байхад нь би татаад цаашаа аваад явсан...” /хавтас хэргийн 28 дахь тал/ гэсэн, гэрч Г.Ган-Эрдэнийн “...Т.Т- С- ахын толгой хэсэгт цохих шиг болсон. Би араас нь гүйгээд Т.Т-г барьж аваад Баттулгад найзыгаа ав гэж өгөөд С- ах дээр очсон чинь баруун бөөрний хэсэг нь цус болсон байсан юм...” /хавтас хэргийн 31 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ө.Т-гийн “...Шөнө 3 цагийн үед гадаа гараад маргалдаад байж байхад ...манай найз Т- гарч ирээд С-тай ноцолдсон, тэгэхээр нь би өмсөж байсан цамцныхаа энгэрийн зүүн халаасанд байсан цаасны хутганы ирийг гаргаж ирээд айлгах санаатай бариад ойртуул ална шүү гэж хэлэхэд С- нь над руу ойртохоор нь би гэдэс хэсэг рүү нь барьж байсан цаасны хутгаараа зүссэн ...” /хавтас хэргийн 44 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №8329 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.С-ын биед бүсэлхийд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 35-36 дэх тал/ гэсэн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3-7 дэх тал/, илтгэх хуудас /хавтас хэргийн 8 дахь тал/, яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 33-34 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.С-ын эрүүл мэндэд учирсан “...биеийн бүсэлхийд хатгагдсан шарх...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ө.Т-гийн түүний хэвлийд цаасны хутганы ирээр зүссэн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ө.Т-гийн хохирогч А.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Ө.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, үйлдсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.С-ын эрүүл мэндэд “...бүсэлхийд хатгагдсан шарх...” бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.С-т эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардалд 1,500,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000792 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.Т- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.Т- торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж шүүх хуралдааны явцад мэдүүлэх бөгөөд түүнийг тодорхой ажил эрхэлж, орлого олдог тухай баримт хэрэгт авагдаагүй, торгуулийн ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал байх тул түүний саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ө-ы Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-ы Т-г 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ө.Т-д оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000792 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.Т- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.С- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР