| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0616/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/593 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, хохирогч Ц.Ц-, шүүгдэгч Т.Т-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О- овогт Т-ын Т-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000850 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймаг, Бигэр суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Х” ХХК-ийн “Т” хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 384 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, бие эрүүл, ухаан бүрэн, О- овогт Т-ын Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т- нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хотхоны харуулын байранд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Ц.Ц-ыг “хаалга онгойлгоод өгчих” гэж хэлэхэд эсэргүүцэж, улмаар түүнтэй маргалдаж нүүрэнд нь ус буцалгагчаар цохисны улмаас эрүүл мэндэд нь духны хөндийн гадна ялтас ясны цөмөрсөн хугарал, духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:
Хохирогч Ц.Ц-: “...Т- нь харуулын 5 дугаар постон дээр гардаг, гэр рүү явдаг хаалга нь хажууд нь байдаг. Хаа байсан 2 дугаар постон дээр 9 цагт ямар хэргээр ирсэн юм бүү мэд, тэр талаар мэдээгүй. Энэ талаар байцаагч Мөнх-Эрдэнэд хэлсэн, Т- хоёр машинд постыг онгойлгож өгсөн нь үнэн, эхний машин ирэхэд би хувцсаа өмсөж байсан. Машин ирэхэд гарын үсэг зурж авна, тэр дотор байгаа бүх баримт, хүмүүсийн тавьсан зүйлийг тоолж хүлээж авдаг. Надад ажил их байсан тул Т-аа онгойлгоод өгчих гэж хэлэхэд хоёуланг онгойлгож өгсөн. Онгойлгож өгчхөөд зодоон үүсгэж, бид 2 заамдалцаж авсан. Намайг орж ирэхэд надаас ээлж хүлээн авсан Бямбаа гэх хүн Т- ирэх ёстой байсан хаачив гэхэд энэ хүн ирсэн. Намайг салгасан хүн нь орон дээр хоёр гарыг дарсан байхад нэлээн зайтай байж ус буцалгагчаар миний толгой руу цохисон. Ус буцалгагч хоёр килограмм хүнд жинтэй, төмрийн ирмэг 4 сантиметр орсон. Би урьд мэдүүлэг өгөхдөө 1 машин гэж байсан, тухайн мэдүүлэг өгөхдөө ухаан орж гараад маргааш нь нэг машин байна гэж бодоод байсан чинь ухаан ороод 2 машин оруулсан байсан. Т-, гэрч Бямбаа нар 2 дугаар постонд цуг гарна гэж явсан бол энэ 2 намайг зодчихоод явахдаа хоёулаа 5 дугаар постоор хамт гарсан. 2 дугаар постны хаалгаар гарахад өмнө нь ямар ч автобусны зогсоол байхгүй. Энэ 2 хүнийг хоорондоо холбоотой, намайг зодох зорилготой байсан гэж үзэж байна. Би зодуулсан байсан тул ямар шалтгаанаар зодуулсан талаар ойлгоогүй, намайг зодохоос 3-4 хоногийн өмнө чи битгий худлаа томроод бай гээд байхаар нь тоглоом хийж байна гэж бодсон, шалтгаангүйгээр зодоон болсон. Энэ хүн надаас 10 гаруй насаар ах, намайг заамдаж байхад нь цохивол цохихоор байсан, би 44 настай, сумын заан цолтой, цохино гэсэн бодол байгаагүй, цохиогүй. Би хоёр дахь оёогоо 29-нд гэмтлийн эмнэлэг дээр тавиулсан. Эмнэлэгт хэвтэхгүй бол сэдрээд дотроо буглаад болохгүй юм байна, эмнэлэгт хэвт гэж эмч хэлсэн. Улаанбаатар хотод хэвтэх боломжгүй, би айлд байдаг, энд банкны өр дарахаар ажил хийх гэж ирсэн хүн, цайз захын эмийн сангаас 200,000 төгрөгийн эм авсан, тэр эмийн мөнгийг энэ хүн төлсөн. Сум руугаа явж гэртээ очоод эмчилгээ хийлгээд 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн, миний хувьд хоёр сар ажилгүй хохирч байна. Ажилгүй байсан хугацааны цалин болох 1,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэг гарснаас хойш буюу 6 дугаар сарын 21-ний өдөр боолт хийлгэчхээд банкны мөнгө төлөх шаардлагатай байсан тул ажлаа хийх гэж очиход Хурд компанийн дарга Даваажав ийм хүн ажиллуулахгүй, машины номер хүртэл ялгахгүй байгаа тул гарын үсэг зур, бүрэн сайн эдгэчхээд Хурд компанид ажилд ороорой гэж хэлээд 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн, толгой байнга өвддөг, шөнө хоёр эм давхарлаж ууж байж унтдаг, ухаан санаа хуучин үеийнхээс эрс өөр байна. Толгой байнга өвдөж эм уудаг, духан дээр сорвитой болсон, гоо сайхнаараа хүртэл хохирсон, толгойны өвчтэй болсон...” гэв.
Шүүгдэгч Т.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ц.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ...09 цагийн үед ээлж солилцох гээд харуулын байранд ээлж авах хүн Бямбаатай цуг хувцсаа сольж байсан, тэгсэн гаднаас Т- орж ирсэн. Тэгтэл үүдэнд машин ирэхээр нь би “хаалга онгойлгоодхоо Т- аа” гэхэд хаалга онгойлгож өгснийхөө дараа “лайтай юм бэ, байнга дарамталчих юм аа” гээд уурлаад байхаар нь би хувцсаа сольж байна гэж хэлсэн. Тэгээд гарчхаад орж ирэхдээ би чамайг сүвлээд хаячихна шүү гэхээр нь чи яахаараа хүн сүвлэдэг юм гээд бага зэрэг маргалдахад би чиний зарц юм уу гээд намайг заамдаад авсан. ...Бямбаа бид хоёрыг салгаад орон дээр суулгахад ...төмөр ус буцалгагчаар толгойн дух хэсэгт цохисон...” /хавтас хэргийн 10дахь тал/ гэсэн,
Гэрч Г.Бямбадорж мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “..2022 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед ээлж солилцож байсан, харуулын 2-р байранд Ц- хувцсаа сольчихсон байсан. ...Т- гаднаас орж ирэхэд гадаа нэг машин ирсэн, тэгэхээр нь би чи хаалга онгойлгоод өгөөч би хувцсаа сольчихъё гэхэд Т- гараад хоёр машинд хаалга онгойлгож өгсөн. Тэгээд Т- орж ирэхэд гадаа хоёр машин ирсэн. Тэгэхэд Ц- хөөе чи гараад тэр хаалга онгойлгочих гэхэд Т- яахаараа би онгойлгодог юм чи намайг хөгшин гээд дээрэлхээд байна уу гэж хэлсэн. Тэгтэл Ц- босож ирээд Т-ыг заамдаж авч боогоод Түмээ адил өөдөөс нь боосон. Ц- тоглоом даахгүй, гарын ая даахгүй байж гэж хэлсэн, тэгээд би очиж салгах гэхэд Ц- Т-ыг аваад тонгороод ширээний хажуу тал руу унагаасан. Би хоёуланг нь босгоод Ц-ыг орон дээр дарж байхад орны хажууд байсан ус буцалгагчаар нүүр хэсэг рүү нь цохих шиг болсон. ...Ц- Т-ын араас очиж уулзана гээд гараад явсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Т.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ...2-р харуулын байр руу очиход бууж байгаа харуул Бямбадорж, ээлж авч байгаа харуул Ц- нар байсан, дөнгөж ороод байж байхад гадаа машин ирсэн. Тэгсэн Ц- намайг гадаа машин ирчихлээ, машин оруулаадах гэхээр нь би дандаа томроод байхдаа яадаг юм гэж хэлээд машиныг оруулаад эргээд орж ирэхэд Ц- өөдөөс хараад яасан том юм чи гэж хэлээд намайг заамдаж боогоод хавсарч унагаасан, тэгээд цонхон доор байх ширээний хажуу хэсэг рүү унагаад эргэж татаж босгоод орон дээр дараад миний толгой руу хоёр удаа цохисон. Бямбадорж Ц-ыг татаад намайг дээш босгохоор нь би орны хажууд байсан ус буцалгагчийг аваад дух хэсэг рүү нь нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 30 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №8790 дугаартай дүгнэлтэд: “...1. Ц.Ц-ын биед духны хөндийн гадна ялтас ясны цөмөрсөн хугарал духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.5 Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хавтас хэргийн 6 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 7 дахь тал/,
- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 46 дахь тал/,
- Шүүгдэгч Т.Т-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний мэдээлэл /хавтас хэргийн 33 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 34 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 36 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 38 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 42-44 дэх тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 47 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Т.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хотхоны харуулын байранд иргэн Ц.Ц-ыг “хаалга онгойлгоод өгчих” гэж хэлэхэд эсэргүүцэж, улмаар түүнтэй маргалдаж нүүрэнд нь ус буцалгагчаар цохисны улмаас эрүүл мэндэд нь духны хөндийн гадна ялтас ясны цөмөрсөн хугарал, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ц-ын “...Бямбаа бид хоёрыг салгаад орон дээр суулгахад ...төмөр ус буцалгагчаар толгойн дух хэсэгт цохисон...” /хавтас хэргийн 10дахь тал/ гэсэн, гэрч Г.Бямбадоржийн “...Т- гаднаас орж ирэхэд гадаа нэг машин ирсэн, тэгэхээр нь би чи хаалга онгойлгоод өгөөч, би хувцсаа сольчихъё гэхэд Т- гараад хоёр машинд хаалга онгойлгож өгсөн. Эргээд орж ирэхэд гадаа дахиад хоёр машин ирсэн. Тэгэхэд Ц- хөөе чи гараад тэр хаалга онгойлгочих гэхэд Т- яахаараа би онгойлгодог юм, чи намайг хөгшин гээд дээрэлхээд байна уу гэж хэлсэн. Тэгтэл Ц- босож ирээд Т-ыг заамдаж боогоод Түмээ адил өөдөөс нь боосон. Ц- тоглоом даахгүй, гарын ая даахгүй байж гэж хэлсэн, тэгээд би очиж салгах гэхэд Ц- Т-ыг аваад тонгороод ширээний хажуу тал руу унагаасан. Би хоёуланг нь босгоод Ц-ыг орон дээр дарж байхад орны хажууд байсан ус буцалгагчаар нүүр хэсэг рүү нь цохих шиг болсон...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Т.Т-ын “...Бямбадорж Ц-ыг татаад намайг дээш босгохоор нь би орны хажууд байсан ус буцалгагчийг аваад дух хэсэг рүү нь нэг удаа цохисон...” /хавтас хэргийн 30 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №8790 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ц.Ц-ын биед духны хөндийн гадна ялтас ясны цөмөрсөн хугарал духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд учирсан “...биед духны хөндийн гадна ялтас ясны цөмөрсөн хугарал духанд шарх...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Т-ын түүнийг ус буцалгагчаар цохисон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Т-ын хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Т.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зардлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогч Ц.Ц-ын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, орлогын нөхцөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуу дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд духны хөндийн гадна ялтас ясны цөмөрсөн хугарал духанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эм тариа авсан баримтаар 261,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Т- 261,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Хохирогч шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримт гаргаагүй тул шүүхээс хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Ц- гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан духны хөндийн гадна ялтас ясны цөмөрсөн хугарал, духанд шарх бүхий хөнгөн хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхий нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2210000000850 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Т- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Ц- гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О- овогт Т-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ын Т-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Т-т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т- хохирогч Ц.Ц-од 261,000 /хоёр зуун жаран нэгэн мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2210000000850 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Т- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Ц- гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР