Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 176

 

“Мөнх тунгалаг оргил” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01006

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1090 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Мөнх тунгалаг оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

          “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4.147.250 төгрөг, алданги 2.073.625 төгрөг, нийт 6.220.875 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Мөнх тунгалаг оргил” ХХК-аас:

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь манай компаниар асдаг лед биет  үсгэн хаяг, лого, түүнийг зангидах төмөр рам суурилуулалт, хаалганы хаяг /акриллан/, шилэн хаалган дээрх хуулган наалт зэргийг хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт материалын үнэ, ажил хөлсийг оруулан 5.005.600 төгрөг байхаар тохиролцсон. Манай “Мөнх тунгалаг оргил” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажлыг 2016 онд гэрээнд заасан хугацаандаа хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн боловч, захиалагчаас урьдчилгаа 858.350 төгрөгийг өгч, үлдэгдэл 4.147.250 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өнөөдрийг болтол төлөхгүй байгаа нь манай компаний хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл 4.147.250 төгрөг, Гэрээний 6.3-т заасны дагуу алданги 2.073.625 төгрөг, нийт 6.220.875 төгрөгийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болоршагайгаас:

Хэлтсийн даргаар 2012 оноос 2016 оныг хүртэл ажиллаж байсан Л.Эрдэнэбилэг нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Мөнх тунгалаг оргил” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, байгууллагын гадна хаяг хийлгэсэн гэх боловч тухайн үед тус компанитай байгуулсан гэрээний хувь байхгүй, ажлын гүйцэтгэлийн тайлан, уг ажлыг хүлээн авсан акт үйлдэгдээгүй, хэлтсийн үйл ажиллагааны 2016 оны төсөвт уг гэрээгээр хийлгүүлсэн зардал тайланд тусгагдаагүй. Харин тус компани нь гэрээгээр ажил гүйцэтгэсэн хугацаандаа ажлын доголдол гаргаж, хаягны төмөр рам суурилуулахдаа шинээр баригдсан барилгын дээврийг цоолж, байгууллагад хохирол учруулсан. Хохирлын улмаас хэлтсийн 4 дүгээр давхарт байрлах 401, 404 тоот өрөөнүүд болон цоолсон хэсгээр дамжин бусад өрөөнүүдэд бороо цас орох үед дээврээс байнга ус гоожиж, цахилгааны гэмтэл удаа дараа гарсан болно. Хэлтсийн барилга барьж гүйцэтгэсэн “Хөх бүрдний эх” ХХК-ийг дуудаж дээвэр дээр гагнуур хийж цоолсон хэсгүүдэд нөхөөс хийлгэсэн боловч тухайн цоолсон хэсгүүдээр ус алдсан хэвээрээ байна. Ажил гүйцэтгэгч “Мөнх тунгалаг оргил” ХХК нь хаяг тогтоож төмөр рамаа суурилуулахдаа дээврийг зөвшөөрөл авалгүйгээр цоолж байгууллагад хохирол учруулсан нь тус компани ажил гүйцэтгэх гэрээндээ доголдол гаргаж үүргээ бүрэн гүйцэтгээгүй нь харагдаж байна. Иймд тус хэлтсийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийн төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс 6.220.875 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнх тунгалаг оргил” ХХК-д олгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 114.490 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 114.490 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс давж заалдсан гомдолдоо:

“Мөнх тунгалаг оргил” ХХК нь ажил хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй. Ажил гүйцэтгэх явцад доголдол гаргаж хар цаасан дээврийг зөвшөөрөл авалгүйгээр цоолж, зохих ёсоор битүүмжлээгүйгээс болж дээврээс ус алдаж байгууллагад хохирол учирсан. Барилгын дээвэр болон өрөө тасалгаануудад “Хөх бүрдний эх” ХХК засвар үйлчилгээ хийж 3.500.000 төгрөгийн зардал гаргасан байгаа тул нэхэмжилсэн дүнг төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Мөнх тунгалаг оргил” ХХК хариуцагч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 4.147.250 төгрөг, гэрээнд заасан алданги 2.073.625 төгрөг, нийт 6.220.875 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч тал ажил гүйцэтгэгч “Мөнх тунгалаг оргил” ХХК-ийг хаяг тогтоож төмөр рамаа суурилуулахдаа дээврийг зөвшөөрөл авалгүйгээр цоолж байгууллагад хохирол учруулсан нь тус компани ажил гүйцэтгэх гэрээндээ доголдол гаргаж үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болон алдангийн төлбөрийг төлөх боломжгүй гэж маргасан болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа хөлс 858.350 төгрөгийг төлсөн болон гэрээний гүйцэтгэлийн хугацаа хожимдуулсан эсэх талаар маргаагүй байна.

Талууд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гүйцэтгэгч нь захиалагчийн баталсан загвар хэмжээний асдаг LED биет үсгэн хаяг, лого түүнийг зангидах төмөр рам суурилуулалт, хаалган хаяг, шилэн хаалган дээрх хуулган наалтыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Энэхүү ажлыг гэрээ баталсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан бүх ажлыг хийж дуусгах, гэрээний хөлс нь материалын үнийг оруулан 5.005.600 төгрөг байхаар тогтоосон байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зохицуулалтад хамаарч байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг байгууллагын байрны дээврийг цоолж доголдол гаргасан гэж маргажээ.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж зохицуулсан байна.

Хариуцагч тал дээрх хуульд заасан журмаар гэрээний зүйл болох үр дүнг хүлээж авахдаа доголдлын талаар хуульд заасан журмаар гомдол гаргаагүй, доголдолтой эсэх  талаар хариуцагч хуульд заасан үүргийн дагуу шүүхэд нотлоогүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу үлдэгдэл хөлс төлөх үүргээ хариуцагч гүйцэтгээгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т “Хэрэв захиалагч тал төлбөрийн үлдэгдэл мөнгөө заасан хугацаанд хийгээгүй тохиолдолд өдрийн нийт үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцно”, 6.3-т “Захиалагч нь гэрээний үнийг гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон гүйцэтгэгчид алданги төлнө” гэж тохиролцсон байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алданги тооцож хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр, болон алдангийг хариуцагчаас гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, маргааны харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                     

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХЖАРГАЛ

                                              ШҮҮГЧИД                                                 Л.АМАРСАНАА

                                                                                                                С.ОЮУНЦЭЦЭГ