Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0763/З |
Дугаар | 128/ШШ2021/0237 |
Огноо | 2021-03-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2021/0237
2021 оны 03 сарын 30 өдөр Дугаар 128/ШШ2021/0237 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Б.О
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн БаОрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн засаг дарга 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 780 тоот шийдвэр гаргасантай холбогдуулан нийслэлийн газрын албаны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.К иргэн Б.О надтай 2011 оны 11-р сарын 08-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан Баянзүрх дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 133008/0006 дугаартай газар эзэмших эрхийн 0358382 дугаар бүхий 392 м.кв үйлчилгээний зориулалттай газар олгосныг миний бие холбогдох хууль тогтоомж болон гэрээнд заасны дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн.
Газрын тухай хууль болон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-нд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны дараагаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй нөхцөлд гэрчилгээгээ үргэлжлүүлэн сунгуулан авах эрхтэй.
Тиймээс 2020 оны 03-р сард тус газар эзэмших эрхийг дахин сунгуулахаар нийслэлийн газрын алба болон нийслэлийн засаг даргад хүсэлт гаргасан. Үүний дагуу Нийслэлийн засаг дарга 2020 оны 05-р сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамжаараа тухайн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгасан.
Гэтэл Нийслэлийн засаг дарга А/614 тоот захирамжаараа манай газрыг сунгахдаа газрын нийт талбайн хэмжээ болох 392 м.кв талбайг 228 м.кв болгон багасгасан байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авч гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана гэж; мөн нийслэлийн газрын алба болон бидний хооронд 2011 оны 11-р сарын 08-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 4-р зүйлийн 4.4-д Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацаа? сунгуулах эрхтэй" гэж тодорхой зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн, ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангасан байхад хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр талбайн хэмжээг 164 м.кв-аар буюу бараг нэг дахин багасгасан байна.
Үүний тодруулах үүднээс, мөн нийслэлийн засаг дарга энэхүү алдаатай гаргасан шийдвэрээ эргэн нэг харж, нягтлан залруулах болов уу гэж үзэн миний бие нийслэлийн засаг дарга болон нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох газар зохион байгуулалтын албанд гомдол, хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Тэдгээр гомдол, хүсэлтийн хариуд нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга 2020 оны 06-р сарын 26-ны 02/3191 тоот албан бичгээрээ хариу илгээхдээ газрын талбайг багасгасан талаар ямар нэгэн үндэслэл дурдаагүй тул тодруулах үүднээс дахин хүсэлт гаргасан.
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба хамгийн сүүлд 2020 оны 09-р сарын 04-ний өдрийн 02-06/4541 тоот албан тоотоор надад хариу мэдэгдэхдээ Таны хүсэлтийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл-ийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас Барилгын суурийн хэмжээгээр талбайн хэмжээг багасгаж хугацаа сунгахаар зөвшөөрсөн тухай дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2020 оны А/614 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн гэжээ.
Миний бие 2011 оноос хойш тус газрыг эзэмшиж, ашиглаж байх явцад ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан, түүнийг нь эрх бүхий байгууллагаас албан болон албан бусаар шаардаж байсан удаа байхгүй. Гэтэл арав гаруй жил тус газрыг эзэмшиж, ашигласны дараа газрын талбайн тал хэсгийг нь багасган хууль зүйн болон бодит үндэслэлгүй шийдвэр гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2, 106.3.4-д заасны дагуу Нийслэлийн засаг даргын 2020 оны 05-р сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөн бичигдсэн О холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхманлай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б Оийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна
Иргэн Б ОТ Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 780 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 392 м.кв газрыг, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б О нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах өргөдөл гаргасныг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 11 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн байна
Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаас бусдын орц, гарц болох газрыг хасаж, хугацаа сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн талаар тус албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02-06/1387 дугаар албан бичгээр иргэн Б О мэдэгдсэн болно.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26 1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу иргэн Б.От Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрийн талаар мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангасан боловч тайлбар ирүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/614 дүгээр захирамжаар талбайн хэмжээг 228 м кв болгон багасгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О 392 м.кв газрыг эзэмшиж, ашиглаж байсан. 2020 оны 3 дугаар сард гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлт өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээг нэг дахин багасгасан байсан. Үндэслэл нь тухайн газар нь бусдын эзэмшлийн орц, гарцыг хаасан байна гэдэг. Бодит байдал дээр тийм зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаанд Газрын албаны холбогдох эрх бүхий этгээд гэрчээр оролцож орц, гарц хаагаагүй байна гэж хүлээн зөвшөөрсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А614 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 7 дох мөрөнд бичигдсэн Б.От холбогдох хэсгийг хүчингүй болгож, м.кв-ын хэмжээг 392 м.кв болгон өөрчилж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргаж байгаа тухай сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй. Нийслэлийн Засаг даргын зүгээс сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.О газрыг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа газрын төлбөрийг тогтмол 392 м.кв-аар төлж ирсэн. Гэрээний үүрэг зөрчиж байгаагүй баталсан газрын төлбөрийг 10 жил төлсөн баримт хэргийн материалд байгаа.
Захиргааны байгууллагын гаргаж байгаа захиргааны акт, шийдвэрлэж байгаа асуудал хоёр хоорондоо уялдаатай байх ёстой. Барилгын ажил газраас тусдаа асуудал. Газар эзэмшлээ гээд барилга барина гэсэн үг биш. Үндэслэлгүй газрын хэмжээ багасгасан гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргасан. Б.О нь газрын төлбөрийг бүтнээр нь төлж ирсэн. Таны газар ийм байна гэж ямар ч тайлбар, мэдээлэл хэлж байгаагүй. Маргаан бүхий захиргааны актын Охолбогдох хэсгийг хүчингүй болгож, газрын хэмжээг сунгаж өгөхийг Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газарт ямар нэгэн давхцал байхгүй. Тухайн хэсэгт барилгажсан тохиолдолд явган хүний явах орц, гарцтай хэсгийг хаахаар байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар Нийслэлийн Засаг дарга газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах эрхтэй. Газрын мэдээллийн сангаас барилгажсан тохиолдолд яах вэ гэдгийг бүрэн харах боломжтой. Сонсох ажиллагааны хувьд шийдвэр гарсны дараа нэхэмжлэгчид 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Засаг даргын захирамж гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн тайлбар ирүүлээгүй.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хүсэлтийг хүлээн авснаас хойш эрхийн гэрчилгээг эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг шалгаж, хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргадаг. Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан. Газрыг гэрээний зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах ёстой.
Манай байгууллагын зүгээс сонсох ажиллагаа хийх боломжоор хангасан. Тухайн иргэн мэдээлэл, тайлбар хүргүүлэх үүрэгтэй байсан.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг зөрчөөгүй.
Бусдын газартай давхцал байхгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т заасан хэсгийг газар эзэмшигч зөрчөөгүй байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хэсгийг зөрчсөн үйлдэл байхгүй байна. Байсан тохиолдолд зөвлөлийн хуралд оруулахгүйгээр буцаах эсвэл нөхөн бүрдүүлэхээр тухайн этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.
Тухайн хэсгээр явж өнгөрч байгаа иргэдийн орц, гарцыг хаах болно гэж үзэж байгаа.
Газрын төлбөрийг төлснөөр тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх боломжгүй. Засаг дарга хянаад орц, гарц хаасан хэсгийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн газрын хэмжээг багасгаж 228 м.кв болгосон. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анх нэхэмжлэгч Б.О нь Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Ба О холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Баяртын О холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах гэж тодруулсан болно.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Б.Ойн тодруулсан Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Баяртын О холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 392 м.кв талбай бүхий газрыг Баянлиг ХХК-д нийслэлийн Засаг даргын 2002 оны 101 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн байх бөгөөд уг газрын эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжаар иргэн О.Баярмандахад шилжүүлж, газар эзэмших эрхийн 00611316 тоот гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон байна.
Харин О.Баярмандах нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч болох Б.Отай газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, улмаар нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 780 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн нэр шилжиж, газар эзэмших эрхийн 0358382 тоот гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгож, мөн өдөр газар эзэмших гэрээ байгуулснаар Б.О нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай, 392 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон байна.
Нэхэмжлэгч Б.О нь газар эзэмших эрхийн 0358382 тоот гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна.
Дээрх хугацаа сунгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар барилгажилтын асуудлыг судалж, санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл /комисс/-ийн хурлаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэж барилгын суурийн хэмжээгээр талбайн хэмжээг багасгаж, хугацааг сунгахаар зөвшөөрсөн дүгнэлт гарсан байх бөгөөд энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгч О2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/1387 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.
Хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/1387 тоот мэдэгдлийн хариуг нэхэмжлэгч ирүүлээгүй тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг үндэслэж, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/614 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 392 м.кв талбай бүхий газрын хэмжээг багасгаж 228 м.кв болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт., 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ. гэж тус тус заасан байна.
Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.О нь газар эзэмших эрхийн 0358382 тоот гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргажээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй бөгөөд нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй эсэх, хуульд заасан хугацаанд хүсэлт гаргасан эсэх, уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй учир энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Харин хариуцагч нь маргааны бүхий А/614 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөд хүрчээ.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... шийдвэр гарсны дараа нэхэмжлэгчид 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 02-06/1387 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Засаг даргын захирамж гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Манай байгууллагын зүгээс сонсох ажиллагаа хийх боломжоор хангасан. Тухайн иргэн мэдээлэл, тайлбар хүргүүлэх үүрэгтэй байсан гэж тайлбарлах боловч сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн талаар болон сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл, үүнийг баримтжуулсан нотлох баримт байхгүй байна.
Иймд хариуцагчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, санал авах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй буюу энэ хүрээнд нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан тусгай зарчмыг хариуцагч үйл ажиллагаандаа баримтлаагүй гэж үзлээ.
Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай ойлголт нь тухайн гэрчилгээний зөвхөн хугацааг сунгах тухай ойлголт юм.
Газар эзэмших эрхийн 0358382 тоот гэрчилгээ нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай, 392 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.О эзэмших эрхтэй болохыг нотлох баримт бөгөөд маргаан бүхий актаар уг гэрчилгээний зөвхөн хугацааг сунгахаар байтал түүний хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хариуцагч хянах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, газар ашиглах явцдаа газрын чанар, төлөв байдлыг дордуулсан, бусдын газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэтэл газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлөөс уг газар ирээдүйд барилгажихаар бол бусдын орц, гарцыг хаахаар байна гэж дүгнэсэн, тухайн дүгнэлтийг үндэслэж хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамжийг гаргасан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн эзэмшлээс хасагдсан 164 м.кв талбай бүхий газар Газрын кадастрын мэдээллийн санд бусдын эзэмшилд олгогдсон газраар бүртгэгдсэн мөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан нийтийн эдэлбэрийн газар гэх тогтоол нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гардаг, одоогоор тийм тогтоол, шийдвэр гараагүй гэх тайлбар зэргээс үзэхэд уг газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарахгүй байна.
Харин одоогоор уг газарт нэхэмжлэгч барилга байгууламж бариагүй, ирээдүйд барилга, байгууламж барих эсэх нь тодорхойгүй байхад эзэмшил газрыг нь нөхөх олговортойгоор солихгүйгээр талбайн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Газар дээр барилга барих тохиолдолд захиргааны байгууллагаас холбогдох зөвшөөрөл авах хуулийн зохицуулалттай тул одоогоор нэхэмжлэгчийн газар ашиглаж буй байдал нь нийтийн эрх ашгийг хөндөж, аливаа байдлаар зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Оийн гаргасан Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Ба О холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/614 тоот захирамж, түүний хавсралт хэсгийн 7 дахь мөрөнд бичигдсэн Баяртын О холбогдох хэсгийг хүчингүй болгож, сунгасан нийт талбайн хэмжээг 392 м.кв болгон өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ