Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0776/З |
Дугаар | 221/МА2024/0253 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0253
“Т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Д.Д, А.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 128/2023/...../З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, 9.1.3, 16 дугаар зүйлийн 16.3, 16.3.5, 16.3.7, 17 дугаар зүйлийн 17.2, 17.2.4 дэх заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дэх заалтыг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай 405 дугаар тогтоол, 2023 оны 5 сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” 449 дугаар, 2023 оны 7 сарын 5-ны өдрийн “Үүрэг даалгаврын биелэлт дүгнэх тухай” 530 дугаар тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, 2023 оны 8 сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 554 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 405, 449, 530, 554 дугаар тогтоолууд нөхцөл шаардлагын биелэлтийн болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа, байсан эсэхийг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. “... Хариуцагч байгууллага нь манай компанийг “Т” ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, буруутгадаг. Бодит байдал дээр хариуцагч байгууллагаас тогтоосон манай “Т” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилт бодит байдал дээр биелүүлэх боломжгүй байсан бөгөөд хариуцагч нь бодит байдал дээр биелүүлэх боломжгүй, бодит байдалтай нийцээгүй ажил, үүрэг, зорилтыг биелүүлэхийг шаардаж, түүнийгээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 405 тоот “Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай” тогтоол болон 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 530 тоот “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилт, түүнийг дүгнэхдээ 2.2 дахь заалтын хүрээнд 2022 онд өөрийн өмчлөлийн ф200мм-ийн голтой 366,2м урт шугам сүлжээг төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээ аваагүй гэж 10 онооноос 2 оноогоор дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр манайд Ф200мм-ийн өөрийн өмчлөл, эзэмшлийн шугам байхгүй бөгөөд энэ шугам нь нийтээр ашиглагдаж байгаа, мөн уг шугамыг төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэм хэмжээний акт нь улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй, албан ёсоор ийм шийдвэр гараагүй байдаг юм. Гэтэл хариуцагч нь тус шугамыг төрийн өмчлөлд шилжүүлэх талаарх албан ёсны шийдвэр гараагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй байхад манайхыг хэрэгжүүлэх боломжгүй, хууль бус ажил үүрэг гүйцэтгэхийг шаардсан нь хууль бус юм.
2.2. Бид дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг бүрэн хангаж ажилласан, энэ талаарх холбогдох тайлбар, нотлох баримтыг хариуцагчид хүргүүлсэн бөгөөд хариуцагчийн манай тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтын биелэлтийг дүгнэхдээ хангалтгүй гэсэн оноо өгсөн үйл баримт нь хууль бус бөгөөд хангалтгүй гэсэн оноогоор дүгнэгдсэн асуудал дээр бодит эрх зүйн харилцаа үүсээгүй байсан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-д заасны дагуу "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох" нэхэмжлэл гаргах боломжтой. Уг нэхэмжлэлийг гаргахын тулд "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" нэхэмжлэлд тодорхой заах учиртай бөгөөд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор хариуцагч тал нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан гэдэг нь нотлогдох үндэс болж, тусгай зөвшөөрлөө сэргээлгэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хангагдах юм.
2.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 405 тоот “Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай” тогтоол болон 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 530 тоот “Үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолд дурдсан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлага хангаагүй, уг шаардлагын 2022 оны зорилтыг биелээгүй гэж дүгнэлт хийсэн үйл баримт нь бодитой биш, бодит байдал дээр биелэх боломжгүй зэрэг бодит шалтгаан байсан тул нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага хангаагүй, нөхцөл шаардлагын зорилтыг биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл, эрх зүй харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.
2.4. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тогтоолуудад дурдсан, нэхэмжлэгчид тавьсан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага нь анхнаасаа хуульд нийцсэн, бодит байдалд биелэгдэх боломжтой байсан, боломжгүй байсан эсэх дээр хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, маргааны үйл баримт, бодит байдлыг буруу дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлж дүгнэж чадаагүй болно.
2.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0043 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “...Анхан шатны шүүх “шүүх нь Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхэд халдаж, тухайн шалгуурт өгсөн оноог нь тохирсон, эсхүл тохироогүй, буруу гэж дүгнэлт өгөх эрх зүйн боломжгүй” гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй юм. Шүүхийн энэ дүгнэлт нь нэхэмжлэгчээс захиргааны актын үндэслэл, захиргааны актын талаар эрх зүйн хувьд маргах боломжгүй байдалд хүргэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа захиргааны хэм хэмжээний актын дагуу оноо өгч үнэлсэн бөгөөд шалгуур хангах оноонд хүрээгүй гэж захиргааны акт гаргасан, нэхэмжлэгч талаас энэ үнэлгээ, үндэслэлгүй, зохих ёсоор оноог өгөөгүй, хийсэн ажлыг хийгээгүй гэж илт буруу үнэлгээ өгсөн гэж маргасан, үндэслэлээ нотлох баримтаар гаргаж, тайлбарлан маргасан, гэтэл шүүх нэхэмжлэгчийн уг тайлбар, үндэслэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр үнэлэлт, дүгнэлт өгөхөөс татгалзсан.
3.2. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлага, зорилтын биелэлтийг хангалттай бүрэн биелүүлж ажилласан байдаг бөгөөд дээрх зорилтын нийт оноог бүрэн авч, хангалттай гэж дүгнэгдэх байсан. Гэтэл хариуцагч нь дээрх зорилтуудын дагуу хийж хэрэгжүүлсэн ажлуудад оноо өгч дүгнэхдээ ямар аргачлалаар, ямар томъёоллоор, хэрхэн яаж бодож оноо өгч дүгнэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус, үнэлгээ өгөхдөө баримтлах ёстой захиргааны хэм хэмжээний актыг баримтлаагүй, дур зоргоороо хандсан гэж үзэх үндэслэлтэй байгаа болно, гэтэл шүүх энэ байдал дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой байдал эрх зүйн дүгнэлт хийхээс зайлсхийсэн нь хуульд нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Хуульд үндэслэх", “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан бөгөөд үүнийг хариуцагч байгууллага зөрчсөн.
3.3. Анхан шатны шүүх хуралдааны дэг ноцтойгоор хэд хэдэн удаа зөрчигдсөн бөгөөд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн гэрч шүүхэд удаа дараа нөлөөлөх үйлдэл хийсэн, энэ талаар нэхэмжлэгч тал удаа дараа сануулсан, анхан шатны шүүх хуралдаан хараат бусаар явагдаж чадаагүй. Шүүх хуралдааны дэг удаа дараа зөрчигдсөн асуудалд шүүгч арга хэмжээ аваагүй нь хэргийг шударгаар, хараат бусаар шийдвэрлэхэд илт нөлөөлсөн. Хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүх хуралдаан "тэмдэглэл, тухайн өдрийн хурлын видео бичлэгийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна.
3.4. Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 43 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:
1.1. Нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 5 сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” 449 дугаар тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
1.1.1. Анхан шатны шүүх “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2023/8271 дүгээр захирамжаар тогтоолын үйлчлэл дуусгавар болж, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болсон гэх үндэслэлээр “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 449 тоот “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/ШТ2023/0908 дугаар тогтоолоор хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Эдгээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна...” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, “... маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу “илт хууль бус” гэж үзэх үндэслэл нь нотлогдоогүй ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
1.1.2. Учир нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор “маргаан бүхий актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байхад “Т” ХХК-аас дахин уг асуудлаар маргаж, тухайн актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл ... хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ... байгаа бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасанд нийцээгүй байна.
1.1.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэг захиргааны актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байхад тухайн актыг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан “хугацаа үл хамаарах” төрлөөр дахин шаардлага гаргасныг шинээр гаргасан нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй, уг заалт нь ийм боломж олгосон зохицуулалт биш юм.
1.1.4. Иймд “Т” ХХК-ийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 5 сарын 24-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” 449 дугаар тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг дээрх хуулийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1.2. Нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 405 дугаар тогтоол, 2023 оны 7 сарын 5-ны өдрийн 530 дугаар тогтоолыг илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагуудын тухайд:
1.2.1. Уг нэхэмжлэлийн шаардлагуудыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
1.2.2. Учир нь дээрх тогтоолууд нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоосон, үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн ямар нэгэн үр дагавар бүхий шийдвэр гаргаагүй байх ба “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үр дагавар шууд үүсгээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “үр дагавар бий болгосон” шинжгүй байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “захиргааны акт”-ын талаарх маргаан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
1.2.3. Харин хариуцагч нь 2023 оны 554 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо үндэслэсэнтэй холбоотой анхан шатны шүүх эдгээр тогтоолын холбогдох хэсгийг үнэлж, тодорхой дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбар, гомдлоо эдгээр тогтоолын үндэслэлтэй холбогдуулан гаргах эрх хязгаарлагдахааргүй байна.
1.3. Нэхэмжлэлийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 405, 449, 530, 554 дугаар тогтоолууд нөхцөл шаардлагын биелэлтийн болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа, байсан эсэхийг тогтоолгох шаардлагын тухайд:
1.3.1. Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргахад хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх; нэхэмжлэгчийн хувьд шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг шүүхээр зайлшгүй тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байх хоёр нөхцөл зэрэг хангагдсан байхыг Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд заасан ба тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тогтоолтой маргаж байгаа энэ тохиолдолд уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
1.3.2. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хоёр. Нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 554 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:
2.1. Уг маргаан бүхий 554 дүгээр тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.6, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 6.2 дугаар зүйлийн 1.2, 1.4, 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 405, 449, 530 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Т” ХХК-д олгосон дулаан түгээх 15/2019 дугаар, дулаанаар зохицуулалттай хангах 16/2019 дугаар тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус хүчингүй болгожээ.
2.2. Анхан шатны шүүх “ ... нэхэмжлэгч “Т” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллах зорилтын заримыг биелүүлж, заримыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байгаа ба нөхцөл, шаардлагын заримыг хангаж ажилласан тус компанийг хангалттай гэж дүгнэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр явуулах үйл ажиллагаа, зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийг дулаанаар доголдолгүй хангах явдал бөгөөд тус компанийн үйл ажиллагаатай холбоотой түүнээс үйлчилгээ авдаг иргэдээс гомдол удаа дараа гарсан, гарсан зөрчил арилахгүй байгааг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг хууль зөрчөөгүй...” гэж дүгнэж, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан тогтоолд дурдсан, нэхэмжлэгчид тавьсан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага нь анхнаасаа хуульд нийцсэн, бодит байдалд биелэгдэх боломжтой байсан эсэх дээр хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй, маргааны үйл баримт, бодит байдлыг буруу дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлж дүгнэж чадаагүй...” гэснийг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.
2.4. Учир нь “Т” ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2022 оны зорилтыг тухайн үед хүлээн зөвшөөрч үйл ажиллагаагаа явуулсан атлаа “биелэлтийг хангалтгүй” гэж дүгнэсний дараа “биелэх боломжгүй” байсан талаар маргаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.
2.5. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5-д “Дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчээр зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах үүрэгтэй” гэж заасан.
2.6. Хэрэгт авагдсан тус компанийн 2022 оны зорилтод “дулаан түгээх, хангах үйл ажиллагааг осол аваар, сааталгүй явуулах, хэрэглэгчдэд стандартын шаардлагад нийцсэн дулаан түгээж хангах, ажилчдыг дадлагажуулж хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, хэрэглэгчийн хууль ёсны эрх, ашгийг хангаж, санал, гомдлыг бүрэн шийдвэрлэж ажиллах” гэж заасан боловч хариуцагчаас ирүүлсэн хэрэглэгч иргэдийн болон сууц өмчлөгчдийн холбоодын санал гомдлууд, албан бичгүүдэд “...өвлийн цагаар дулаан таслах, усны даралт багасах, хэсэгчлэн дулааныг хаадаг, санал, гомдлыг ажилчид нь хүлээж авдагггүй, түргэн шийдвэрлэж өгдөггүй талаар дурдаж, зарим фото зургийг хавсарган хүргүүлж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн 2022 оны зорилтод түүний хуулиар хүлээх үндсэн үүргийг тусгасан, харин нэхэмжлэгч нь уг үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэж үзэхээр байх тул хариуцагчийг 554 дүгээр тогтоол гаргахдаа 2022 оны зорилтын биелэлтийг “Хангалтгүй” гэж үзсэн 405 дугаар тогтоолоо үндэслэснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.7. “Дулааны хэрэглээ” бол хүний наад захын хэрэгцээ бөгөөд уг хэрэгцээг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дулаанаар хангах үүргээ хангалттай биелүүлээгүй нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан “... 5000 гаруй хэрэглэгчтэй, дийлэнх нь байгаа, 2, 3 байрны СӨХ, иргэдээс байнга гомдол гаргадаг, хэрэглэгч ханаа эвдүүлэхгүй гэх зэрэг асуудал тавьдаг, сантехникийн чанарын асуудал яригдахаар барилгын компани нь контор руу чихдэг ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
2.8. Мөн 2022 оны зорилтын бусад хэсэг болон 449 дүгээр тогтоолоор өгсөн даалгаварт тусгагдсан ажлууд нь нэхэмжлэгчийн хэрэглэгчийг дулаанаар саадгүй хангах үндсэн үйл ажиллагаатай холбоотой, мөн уг үүргээ биелүүлэхэд учирч байгаа бэрхшээлээ шийдвэрлэхдээ зарим зохицуулалт хийхийг үүрэг болгосон байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь “... дулааны нэг худалдан авагчтай загварт шилжих асуудал дээр нэхэмжлэгч нөгөө 2 компанийн асуудлыг нэхэмжлэгчид хамаатуулж буруутгасан” гэх боловч тухайн компаниуд нэхэмжлэгч компанийн зөвшөөрснөөр /гэрээтэй/ түүний тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, тусдаа тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх тул энэ талаар хариуцагчийг буруутгасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
2.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо “... анхан шатны шүүх хуралдааны дэг хэд хэдэн удаа ноцтой зөрчигдсөн, гэрч шүүхэд нөлөөлөхийг оролдсон, шүүх хуралдаан хараат бусаар явагдсан” гэх боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарсан болох нь тогтоогдсонгүй.
2.10. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 554 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хууль зөрчөөгүй гэж дүгнэж, энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
3. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэрийн Тоогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д тус тус заасныг баримтлан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 405, 449, 530 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус байсан болохыг тогтоолгох, эдгээр тогтоол, мөн 2023 оны 554 дүгээр тогтоолууд нөхцөл шаардлагын биелэлтийн болон 2022 оны зорилтыг биелүүлээгүй эрх зүйн харилцаа байгаа, байсан эсэхийг тогтоолгох” шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
Мөн Тогтоох хэсэгт “2. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, 9.1.3, 16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2.4-д заасныг баримтлан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 554 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмж, “2”, “3” дахь заалтын дугаарыг 3”, “4” гэж тус тус өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280800 /Хоёр зуун наян мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК-д, 386100 /гурван зуун наян зургаан мянга нэг зуун/ төгрөгийг өмгөөлөгч Д.Од тус тус буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ