Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00528

 

 

 

 

 

 

2021           05            25                                          001/ХТ2021/00528

............ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00586 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1108 дугаар магадлалтай,

 

............ий нэхэмжлэлтэй

............ ОНӨААТҮГ-т холбогдох

 

2019.07.19-ний өдрийн Б/765, 2019.09.25-ны өдрийн Б/1182 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулж, ............ ОНӨААТҮГ-ын хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн хөрөнгө оруулалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон 2019.8, 9 дүгээр сарын үр дүнгийн цалин, ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин, 2019 оны ажлын үр дүнгийн урамшууллыг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мэндбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ нь ............ ОНӨААТҮГ-т 2014.10.30-ны өдрөөс хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2019.06.20-ны өдөр хэлтсийн дарга нарын зүгээс Газрын даргыг өвчтэй байх үед ажлаас нь халсан, одоо шинэ томилогдсон дарга хууль бусаар түүний ажлыг авах гэж байгаа тул бүх ажилчид үүдэнд жагсахад оролц гэсэн. Билгүүн тухайн үед удирдлагуудын хэлснээр байгууллагынхаа үүдэнд жагссан. Газрын даргаар Ч.Мэндбаяр гэх хүн 2019.06.21-ний өдөр томилогдон ирээд хэд хэдэн ажилчдыг халж, заримыг нь харьяа газрууд руу тушаал бууруулан шилжүүлсэн. Нийт жагссан албан хаагчдад 2019.06.20-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед шинээр томилогдсон дарга болон удирдлагуудтай цаашдаа хамтран ажиллах учраас маргаан хийгээд яахав гэж бодоод үндэслэлгүй сахилгын шийтгэлд гомдол гаргалгүй орхисон. Гэтэл 2019.09.03-ны өдөр Хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн дарга С.Батбилэг, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр нар дуудан Цаашид хамтарч ажиллаж чадахгүй, өөрөө өргөдлөө өгөөд яв, эсвэл харьяа газар буюу Хэрэглэгчдэд үйлчлэх 8 дугаар төвд усны инженерээр яв. Өмнөх дарга Ж.Батсайханы хүн, мэдээлэл дамжуулдаг, н.Урантогостой /тухайн үеийн Санхүү хэлтсийн дарга байсан/ уулзаж мэдээлэл өгч байгаа зураг байгаа гэж гүтгэсэн. Өргөдлөө өгч чадахгүй гэхэд тэгвэл өөрөөр ярих нь дээ гэж хэлсэн бөгөөд 2019.09.10-ны өдөр Дотоод хяналт хариуцсан санхүүгийн мэргэжилтэн А.Ариунцэцэг нь дотоод хяналтын шалгалтаар хийсэн дүгнэлтийг гарган ирж, танилцаад гарын үсгээ зураад яг одоо өг гэсэн. Дүгнэлтийг уншихад үндэслэлгүйгээр гүтгэсэн байсан. Маргааш нь 2019.09.11-ний өдөр хэлтсийн дарга С.Батбилэгбас өргөдлөө өгөхийг шаардсан. Улмаар 2019.09.20-ны өдрийн 08:45 минутад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтсийн дэслэгч Б.Баярболд гомдол ирсэн байна, ирж мэдүүлэг өг гэж дуудсан. Улмаар 2019.09.25-ны өдөр ямар нэгэн зөрчил илрээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт явууллаа гэсэн. Гэтэл мөрдөн байцаагчийн хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн гэдгийг мэдээд 9 дүгээр сарын цагийн бүртгэлийг шалгаад 5 өдөр ажлын цагаас цаг хоцорч бүртгүүлсэн гэх үндэслэл гарган ирж цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан хоёр тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ОСНААУГ-ын Ажлын цаг ашиглалтын журмын холбогдох заалтуудад нийцээгүй. 2019.07.19-ний өдрийн Б/765 тушаалд ... Сахилга дэг журмыг чанд сахих үүргээ биелүүлээгүй, ёс суртахууны доголдол гаргаж, тус газрын даргын ажил хүлээлцэх ажлын хэсгийг ажлын байранд нэвтрүүлээгүй саад учруулсан гэх шалтгааныг заасан атлаа ОСНААУГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.4 дэх заалт буюу ажлын байрыг эмх цэгцтэй байлган, тавилга эд хогшил, хөрөнгө, техник тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглаж, хэмнэлттэй үр бүтээлтэй зарцуулан, сахилга дэг журмыг чанд сахина гэснийг үндэслэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. 2019.09.25-ны өдрийн Б/1182 тушаалд ажлын 5 өдөр хоцорч ирсэн гэж буруутгахдаа ОСНААУГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.10 дахь заалт буюу ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлын цагтаа амжиж ирээгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ. Тасралтгүй ажиллагаатай ажил эрхэлдэг ажилтан дараагийн ээлжийн ажилтанг ирэхээс өмнө ажлын байрыг орхин явахыг хориглоно гэснийг баримталсан нь тушаал гаргах үндэслэл болсон зөрчилтэй хамааралгүй байна. Уг тушаалын хавсралтаас үзэхэд 2-26 минут 4 өдөр хоцорсон, мөн 2019.09.11-ний өдөр чөлөө авч, 1 цаг 23 минут хоцорч ирснийг оруулан 5 өдөр хоцорч ирснээр гаргасан байна. Хэрвээ 4 өдөр ажлаас хоцорч ирсэн гэж үзэж байгаа бол ОСНААУГ-ын Ажлын цаг ашиглалтын журмын 5.2-т Ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдож тасалсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн cap бүрийн ажлын цагийн балансаас хоцорсон хугацааны нийлбэрийг цалингаас хасч тооцох эсхүл ажлаас хоцорсон минут бүрийг 100 төгрөгөөр тооцож цалингаас суутгана гэсний дагуу хоцорсон минут бүрийг 100 төгрөгөөр бодож цалингаас хасах байсан. 2019.10.02-ны өдөр сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. 2019.09.20-ны өдрийн 08:45 минутад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр байсан, 2019.09.25-ны өдөр дахин дуудахад очсон, өдөржин тэндээ хүлээсэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Намжилмаад мессэж бичиж чөлөө хүссэн. Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн н.Энхцэцэг залгаад Л.Намжилмаа дарга чөлөөний хуудас өгсөн чинь танай хэлтсийн дарга С.Батбилэг надад хэлж мэдэгдээгүй учраас гарын үсэг зурахгүй гээд чөлөөний хуудсан дээр гарын үсгээ зурдаггүй гэж хэлсэн. Иймд 2019.10.02-ны өдрийн Б/1205 тоот тушаалыг хүчингүй болгож, Орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын Хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын инженерийн ажилд эргүүлэн томилуулж өгнө үү гэжээ. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт болон 2019.08,09 дүгээр сарын үр дүнгийн цалин, ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин, 2019 оны ажлын үр дүнгийн урамшууллыг тус тус гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч ажлаас хууль бусаар халагдаагүй, ажлаа хийгээд явж байсан бол сарын үр дүнгийн цалин хэвийн олгогдох байсан тул ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин, 2019 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулал /13 дах сарын цалин/-ыг тус тус нөхөн төлүүлж өгнө үү. /ажилгүй байсан хугацааны сарын үр дүнгийн цалин гэдэгт 2019.10, 11, 12 дугаар сар болон 2020.01, 02,03 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тооцно/ гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ нь 2019.06.20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ч.Мэндбаярын ажил хүлээлцэх явцад бусад ажилчидтай нийлэн Засаг даргын ажлын хэсгийг ОСНААУГ-ын байранд нэвтрүүлэхгүй, эсэргүүцэн жагсаж, гадаа хаалгыг түгжих мэтээр нийтийн хэвийн үйл ажиллагаанд санаатай саад учруулсан нь ОСНААУГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.7, 7.2.4, хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь хэсгийг зөрчсөн............. нь өөрийн энэ үйлдлээ нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрч удирдлагуудын хэлснээр байгууллагынхаа үүдэнд жагссан гэжээ. ............ нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлаас хоцрох ажил таслах зэрэг үйлдэл гаргасан тул 2019.09.25-ны Б/1182 тушаалаар үндсэн цалинг хоёр сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх Б/765, Б/1182 тушаалууд нь нь хүчин төгөлдөр учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн, Хөдөлмөрийн гэрээний 1.10.1 дэх заалтын дагуу 2019.10.02-ны Б/1205 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00586 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан ............ийг Орон сууц нийтийн удирдах аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хөрөнгө оруулалтын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц нийтийн удирдах аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 984 000 төгрөгийг гаргуулж ............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 805 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ............ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Орон сууц нийтийн удирдах аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142 694 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1108 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00586дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 1 дэх заалтад 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/765 тоот тушаалыг хүчингүй болгосугай гэж нэмж, Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудад Орон сууц нийтийн удирдах аж ахуйн газар ОНӨААТҮГ гэснийг ............ ОНӨААТҮГ болгож өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мэндбаяр хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ...Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт заасан хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдолд болон хууль хяналтын байгууллагад дуудагдсан үед ажилтны ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах юм. Нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг хангаж ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцнэ гэж дүгнэжээ. Ажил олгогч ............ийг 2019.09.25-ны өдөр ажлын 8 цагийн турш ажилдаа ирээгүй учир Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтын ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Тухайлбал: Ажилтан ............ нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр дуудагдсан боловч өдрийн 8 цагийн турш тэнд байцаалт, мэдүүлэг өгөөгүй, ажил дээрээ ирж нөхцөл байдлаа танилцуулаад албан ёсоор чөлөө бичүүлээд явах бүрэн боломжтой байсан нь ирээгүй учир сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа тул шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагч ............ ОНӨААТҮГ-ын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, олговрыг гаргуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

1. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2019.10.02-ны өдрийн Б/1205 дугаар тушаалд ............ нь 2019.07.19-ний өдрийн Б/765, 2019.09.25-ны өдрийн Б/1182 дугаар тушаалаар сахилгын шийтгэл авагдсан байхдаа 2019.09.25-ны өдөр ажил тасалж, сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзсэн боловч давтан зөрчлийг нотлоогүй тул нэхэмжлэгчийг ............ ОНӨААТҮГ-ын хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн хөрөнгө оруулалтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 7,984,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 35  дугаар зүйлийн 35.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1,46.2, 131 дүгээр зүйлийн 131.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зааглан тодорхойлж, сахилгын зөрчил, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хугацаа, ажил олгогчийн тушаалуудын үндэслэлийн талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ажил олгогчийн 2019.07.19-ний өдрийн Б/765, 2019.09.25-ны өдрийн Б/1182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон боловч үүнээс 2019.09.25-ны өдрийн Б/1182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нь бие даасан шаардлага бус ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл буюу давтан зөрчил гаргаагүй болохыг тогтоолгох шалтгаан нь болсон тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тушаалыг хүчингүй болгоогүй нь хууль зөрчөөгүй байна. Харин 2019.07.19-ний өдрийн Б/765 тоот тушаалыг хүчингүй болгоогүй орхигдуулсан анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Байгууллагын удирдлагыг өөрчилсөн талаар үзэл бодлоо илэрхийлсэн гэх ажиллагсадтай хамт байсан ............ий үйлдэл сахилгын зөрчлийн шинжийг агуулаагүй байхад “...сахилгын дэг журмыг чанд сахих үүргээ биелүүлээгүй, ёс суртахууны доголдол гаргасан...” гэж үзэж сануулах шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2019.07.19-ний өдрийн Б/765 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1,131.1.1-д  нийцээгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн байна.

Харин нэхэмжлэгч 5 өдөр ажилдаа хоцорсон гэх зөрчилд үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан 2019.09.25-ны өдрийн Б/1182 дугаар тушаал үндэслэлтэй боловч ажилтан 2019.09.25-ны өдөр бүтэн ажил тасалж, дахин зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул давтан зөрчил гаргасан гэх үндэслэлгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ. Өөрөөр хэлбэл, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан 2019.09.25-ны өдрийн Б/1182 дугаар тушаал хууль зөрчөөгүй боловч 2019.07.19-ний өдрийн Б/765 дугаар тушаал хуульд нийцээгүй, 2019.09.25-ны өдөр ажил тасалсан гэх зөрчил тогтоогдоогүй тул давтан зөрчил гаргасан гэх үндэслэл үгүйсгэгдсэн байна.

 

2.Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэгч нь 2019.09.25-нд бүтэн өдөр ажил тасалсан, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдсан боловч 8 цагийн турш байцаалт өгөөгүй, ...албан ёсоор чөлөө аваагүй зөрчил гаргасан байхад шүүх дүгнэж чадаагүй, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй  хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэх эрхтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол энэ үндэслэлд хамаараагүй байна.

 

Хариуцагч нь Цагдаагийн байгууллагад нэхэмжлэгчийг шалгуулахаар хандсан, үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь мэдүүлэг өгөхөөр ажлын цагаар ажлын байраа орхисон үйл баримт тогтоогдсон байх ба 2019.09.25-ны өдөр “мэдүүлэг өгөхөөр очсон, дуудсан цагт байх ёстой гэсний дагуу хүлээж байгаад мэдүүлэг өгсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж нотлоогүй, баримт, нотолгоо заагаагүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй ба хариуцагч нь ажилтны гаргасан зөрчлийг нотолж чадаагүй талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийсэн тул гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1108 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ