Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар   2022/ШЦТ/594

 

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Х.Т-, нарийн бичгийн дарга  Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О- овогт Х-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000000870 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, “Э” ХХК-д хүнд даацын жолооч ажилтай, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О- овогт Х-гийн Т,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Х.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Бурхантын 0000 тоотод иргэн Б.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар төмөр сандал шидэж, баруун эгэм ясны сэтэрсэн хугарал, баруун даланд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Х.Т-: “...Эхнэр бид хоёр 6 сараас хойш тусдаа амьдарч байгаа, манай хүүхэд 1 дүгээр ангид сурдаг. Тухайн өдөр дэлгүүр орох гээд явж байхад манай эхнэрийн машиныг М- бариад явж байхаар нь зогсоогоод яагаад машиныг нь барьж яваа юм гэхэд өчигдөр манайд ирж хоносон, манайд хүүхдээ үлдээгээд явсан гэж хэлсэн. Ах дүү улсууд байж хүүхдээ айлд үлдээсэн байхад хэлж болоогүй юм уу гэж маргалдаад савтай хоол байхаар нь өшиглөсөн. Над руу уурлаад байхаар нь сандал авч шидчихээд хүүхдээ аваад явсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед намайг гэртээ байхад манай үеэл Х.Т- ирсэн. Манайд ирээд өөрийн эхнэр Энхтуяаг орогнууллаа гээд над руу орилоод эхэлсэн, би тэгээгүй, машиныг нь гуйгаад хөдөө гэр лүү явах гэж байсан юм, та юундаа уурладаг юм бэ гэхэд Т- над руу май алаа гээд тогоотой хоол өшиглөөд намайг босох гэхэд гэрт байсан төмөр сандлыг аваад миний баруун гар мөр хэсэг рүү цохисон. Тэр үед миний гар өвдөөд өөрийгөө хамгаалах гэж оролдсон...” /хавтас хэргийн 13 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Амарбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өлзийт хороололд М- эгчийнд байхад ...аав Т- гаднаас орж ирээд “энд битгий алнуудыг архи энэ тэр уулгаад бай” гэж хэлсэн. Тэгэхэд М- эгч тэр хоёр хоорондоо жаахан маргалдсан, ...М- эгч гэрийнхээ буйдан дээр сууж байсан, ...аав нөгөө талаас ширээний ардуур тойроод М- эгчийн сууж байсан газар ойртож очоод төмөр сандлыг М- эгч рүү шидчихсэн...” /хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч У.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Зулаа эгчийн гэрт Тэгшээ ах орж ирээд “манай эхнэр хаана байна, та нар янхныг орогнууллаа...” гээд муухай үг хэлээд уурлаад байсан. Тэгэхэд М- эгч чи авч суусан эхнэрээ ингэж хэлээд байхдаа яадаг юм гэж хэлсэн. ...М- эгч буйдан дээр сууж байсан чинь түүн рүү очоод ширээний хажууд байсан төмөр сандлыг аваад цээж рүү цохисон. Тэгээд Тэгшээ ах хүүхдээ дагуулаад явахад М- эгч түүнийг дагаж гараад “чи яагаад намайг ингэж дээрэлхэж байгаа юм” гэж хэлээд орилсон чинь Тэгшээ ах түүнийг газарт түлхэж унагаагаад гараад явчихсан...” /хавтас хэргийн 19 дэх тал/,

 

Шүүгдэгч Х.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...М-ын гэрт хүүхдээ авахаар очсон. Тэгээд хүүхдээ аваад гарах гэхэд М- над руу өөрөө уурлаж дайрсан, түүнээс биш би түүнийг цохиж гэмтээсэн зүйл байхгүй...” /хавтас хэргийн 30 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №9015 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.  Б.М-ын биед баруун эгэм ясны сэтэрсэн хугарал, баруун даланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 42 дахь тал/,

- Шүүгдэгч Х.Т-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 32 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 33 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 35 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 37 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Х.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 00  дүгээр хороо, Бурхантын 000 тоотод иргэн Б.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар төмөр сандал шидэж, баруун эгэм ясны сэтэрсэн хугарал, баруун даланд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.М-ын “...Намайг гэртээ байхад манай үеэл Х.Т- ирсэн. Манай ирээд өөрийн эхнэр Энхтуяаг орогнууллаа гээд над руу орилоод эхэлсэн, би тэгээгүй, машиныг нь гуйгаад хөдөө гэр лүү явах гэж байсан юм, та юундаа уурладаг юм бэ гэхэд Т- над руу май алаа гээд тогоотой хоол өшиглөөд намайг босох гэхэд гэрт байсан төмөр сандлыг аваад миний баруун гар мөр хэсэг рүү цохисон...” /хавтас хэргийн 13 дахь тал/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Т.Амарбилэгийн “...Өлзийт хороололд М- эгчийнд байхад ...аав Т- гаднаас орж ирээд “энд битгий алнуудыг архи энэ тэр уулгаад бай” гэж хэлсэн. Тэгэхэд М- эгч тэр хоёр хоорондоо жаахан маргалдсан, ...М- эгч гэрийнхээ буйдан дээр сууж байсан, ...аав нөгөө талаас ширээний ардуур тойроод М- эгчийн сууж байсан газар ойртож очоод төмөр сандлыг М- эгч рүү шидчихсэн...” /хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн, насанд хүрээгүй гэрч У.Түвшинжаргалын “...Зулаа эгчийн гэрт Тэгшээ ах орж ирээд “манай эхнэр хаана байна, та нар янхныг орогнууллаа...” гээд муухай үг хэлээд уурлаад байсан. Тэгэхэд М- эгч чи авч суусан эхнэрээ ингэж хэлээд байхдаа яадаг юм гэж хэлсэн. ...М- эгч буйдан дээр сууж байхад түүн рүү ширээний хажууд байсан төмөр сандлыг аваад М- эгчийн цээж рүү цохисон. Тэгээд Тэгшээ ах гэрээс хүүхдээ дагуулаад гарч явахаар М- эгч түүнийг дагаж гараад “чи яагаад намайг ингэж дээрэлхэж байгаа юм” гэж хэлээд орилсон чинь Тэгшээ ах түүнийг газарт түлхэж унагаагаад гараад явчихсан...” /хавтас хэргийн 19 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №9015 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.М-ын биед баруун эгэм ясны сэтэрсэн хугарал, баруун даланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.М-ын эрүүл мэндэд учирсан “...биед баруун эгэм ясны сэтэрсэн хугарал, баруун даланд зулгаралт, цус хуралт...” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Х.Т-ын түүний сандлаар цохисон, түлхсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Т-ын хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Х.Т- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Х.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд баруун эгэм ясны сэтэрсэн хугарал, баруун даланд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 700,000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000870 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Б.М- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О- овогт Х-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-гийн Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Т-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр  торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000870 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч Б.М- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР