| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 176/2017/0368/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/327 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл
-улсын яллагч Б.Ганбулган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Модон овгийн Нэргүйн Анхбаярт холбогдох эрүүгийн 1734000000098 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаантын 18-8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Модон овгийн Нэргүйн Анхбаяр РД/ПЮ:91052632/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/ Шүүгдэгч Н.Анхбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Хустай” гэх газарт иргэн Г.Адилцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Улаанбаатар хотод байж байгаад найз охин Адилцэцэгийг эргэх гэж ирээд бид 2 биеэ биеэ хардаад муудалцсан. Адилцэцэг намайг өшиглөхөөр нь би алгадсан. Адилцэцэгийг дуудсан чинь ухаан алдчихсан байсан. Тэгээд эмнэлэг дуудаад цагдаа намайг аваад явсан. Би эмнэлгээр дагуулж авч яваад үзүүлсэн. Манай найз охин унадаг өвчтэй байсныг би мэдээгүй байсан гэв.
Шүүгдэгч Н.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 19- ний өдөр хотоос ирээд Төв аймгийн Сэргэлэн сумын Хустай ам гэх газарт найз бүсгүй болох Адилцэцэг дээр ирсэн. Бид хоёр бие биенээ хардаад би найз охиноо нэг удаа алгадаж ор луу түлхсэн. Адилцэцэг ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь би түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
Хохирогч Г.Адилцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 22-23 цагийн үед манай найз залуу Анхбаяр согтуу гаднаас орж ирээд намайг хөгшин хүнтэй унтаж хэвтдэг гээд хөнжил сөхөөд миний баруун талын шанаа болон чих рүү олон удаа хүчтэй алгадсан. Энэ үед нь би 2-3 удаа газар унаж хана мөргөсөн. Би Анхбаярыг болиоч гэж цээж рүү нь түлхэхэд миний баруун хөл рүү өшиглөсөн. Бас намайг үсдэж газар унагаад байсан.Тэгээд би ухаан алдаж унасан юм шиг байна лээ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5-8 хуудас/
Гэрч Ч.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн:2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр охин Адилцэцэгийг аймгийн эмнэлэг дээр бусдад зодуулаад ирсэн гэдгийг нь мэдээд очиход Адилцэцэгийг найз залуу Анхбаяр нь зодсон байсан ба хацар, дух нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/
Гэрч Ч.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: Охин Адилцэцэгийг аймгийн эмнэлэг дээр бусдад зодуулаад ирсэн гэдгийг нь мэдээд очиход Адилцэцэгийг найз залуу Анхбаяр нь зодсон байсан ба Анхбаярыг цагдаа аваад явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 600 тоот: -Г.Адилцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 12 хуудас/
Шүүгдэгч Н.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Анхбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг “Хустай” гэх газарт иргэн Г.Адилцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.Адилцэцэг, гэрч Ч.Нэргүй, Ч.Гантөмөр нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 600 тоот дүгнэлт, шүүгдэгч Н.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Анхбаярын үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Анхбаярын хөрөнгийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг шүүхээс хугацаа заан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар биелүүлэх үүрэгтэй болно.
Хохирогч Г.Адилцэцэг нь шүүгдэгч Н.Анхбаяраас нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдол саналгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.
Шүүгдэгч Н.Анхбаяр нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Анхбаярын анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Модон овгийн Нэргүйн Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Анхбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Анхбаярт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Анхбаярыг оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.Анхбаяр нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Анхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА