Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 0073

 

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2018/00473

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттайхийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг ** тоотод оршин суух, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг ** тоотод оршин суух, Д.А-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой Б миний бие нь Атэй анх 2015 онд танилцаж үерхэж эхэлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү Дтөрсөн. Бид хамтын амьдрал зохиосон боловч бие биедээ таарч тохирохгүй одоо тус тусдаа амьдардаг болно. Хүүгээ огтхон ч анхаарч хайрлаж эхийн хайрыг үзүүлээгүй зөвхөн өөрийгөө л бодож амьдарсан билээ. Хүүгээ анх дөнгөж төрүүлчихээд хаяад явлаа, чи ирж аваарай гэж хэлж байсан. Одоо миний хүү надтай хамт амьдарч байгаа. Би хүүгээ ээжийгээ санадаг байх гэж бодоод уулзуулахыг хүсдэг боловч ээж нь ганц 2 удаа ирчихээд л 1 хоноод л буцаагаад аваад ирдэг. Хүүгээ авахгүй гэсэн өргөдлөө бичиж өгсөн. Иймд миний бие үр хүүхдээ хайрладаггүй хүнтэй хамт амьдрах боломжгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хүү Б.Д-г өөрөө өсгөж хүмүүжүүлмээр байгаа тул миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бтай 2015 оноос эхлэн хамтын амьдрал зохиогоод улмаар хүү Б.Д төрсөн болно. Б.Б нь намайг төрөхөөс 4 сарын өмнөөс өөр хүнтэй явалдаж шөнө дөлөөр ирж байсан. Тэгсэн хэдий ч хэвлийдэх үрээ бодоод тэвчиж ирсэн. Б.Б нь бид хоёрыг эмнэлэгээс гарахад ирээгүй. Бид хоёрыг тоохгүй өөр эмэгтэйтэй явалдаж байсан. Түүний ээж нь ч гэсэн хүүгийнх нь хүүг төрүүлсэн байхад нэг удаа ч ирж байгаагүй. Төрөөд эмнэлгээс гараад 3 хонож байхад огт холбоогүйгээр алга болсон. Улмаар эгч ээж рүү нь залгаж хэлсэн боловч огт тоогоогүй, хүүг маань асрамжийн газар өгнө гэж хүртэл ярьж байсан. Хүү маань төрөөд 14 хоногийн дараа шарлаад 14 хоног эмнэлэгт хэвтээд гарч Б.Б-н гэрт нь очсон. Тэгэхэд Б.Б-н ээж намайг хүйтэн бороотой шөнөөр гэрээсээ хөөж би явсан. Тухайн үед Б.Б нь чамтай амьдарч чадахгүй хүүхдээ өг, чи хүүхдээ авахгүй гэсэн өргөдөл бич гээд хүчээр бичүүлсэн. Түүнээс хойш 1 хоноод хэсгийн эмчийн үзлэгээр ирээд сар болоогүй хүүхэд ээжтэйгээ байх ёстой гээд надтай цуг гэрт нь очиж хүүг авчирсан. Түүнээс хойш 2 сарын дараа Б.Б хоёулаа гэртээ харьж сайхан амьдарна гэж хэлээд хүү бид хоёрыг аваад явсан. Гэсэн хэдий ч бүтээгүй, би хөөгдөөд гэртээ ирсэн. Тэгээд дахиж энэ хүнтэй амьдрах боломжгүй юм байна гэж ойлгосон. Б.Б миний хүүг яг өөр дээрээ авч өсгөнө гэвэл түүний асрамжид хүүгээ өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүхэд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Хариуцагч эцэг хүний хайрыг мэдрүүлэх зорилгоор хүүхдээ орхиж явсан гэж яриад байна. Үнэхээр тийм байсан юм бол хүүгээ гээд буцаад ирэх боломж байсан. Хариуцагчийн хувьд хүүхдээ өөр дээрээ авах ямар ч сонирхолгүй байгаа нь өөрийнх нь ярьж байгаа ярианаас харагдаж байна. Хүүхдийн асрамжийг эцэг дээр нь үлдээнэ гэж хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэг удаа хүүтэйгээ уулзаж сүү, памперс, хувцас авч өгсөн байсан. Өмнө нь бол хайр халамж үзүүлж, анхаарал тавьж байгаагүй. Нэхэмжлэгч хүүхэдтэйгээ ирж уулз гэхээр чи өөрөө авчирч өгөхгүй юу гэж хэлдэг. Энэ бүхнээс үзэхэд хүүхдийн асрамжийг аав дээр нь үлдээх нь зөв гэж бодож байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Ад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.А нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

Б.Б, Д.А нар нь 2015 онд танилцаж, хамт амьдран, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Дтөрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Орхон аймаг, Баян-Өндөр сум Үйлсбадрах өрхийн эмнэлгийн тодорхойлолт, хүү Б.Дэлгэрмөрөнгийн 6101004186 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б хүү Б.Д-гөөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч хүү Б.Д-гнэхэмжлэгч Б.Бөхсуурийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа тайлбар гаргасан. Хүү Б.Дтөрсөн цагаас эхлэн эцэг Б.Бөхсуурийн асрамжид байгаа, хүүгийн эцэг Б.Б нь ажил төрөл эрхэлдэг, тодорхой орлоготой, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх орчин нөхцөл сайн зэрэг байдлуудыг харгалзан хүү Б.Д-гэцэг Б.Б-н асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Агээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Д-г эцэг Б.Б-н асрамжид үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Агээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ