| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 106/2018/0803/Э |
| Дугаар | 288 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 288
Э.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Оюунжаргал,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,
хохирогч Г.Алтаншагай, түүний өмгөөлөгч Д.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Эийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1803004350320 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
......................, 1998 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэнгэрийн хишиг” ХХК-д нарийн боовчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Нарангийн 5-11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;
Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Түмэн плаза” худалдааны төвийн урд талын замд “Хьюндай Соната 5” маркийн 76-87 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Алтаншагайг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын 1133020 дугаарын жолоочийн үнэмлэхийг Э.Эд буцаан олгож, флаш диск 1 ширхэг, компакт диск 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Эээс 993.970 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймаг, Мандал сум, 3 дугаар баг, Үтрэм 1-9 тоотод оршин суух Боржигон овгийн Ганзоригийн Алтаншагайд олгож, хохирогч Г.Алтаншагай нь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс намайг машин жолоодож явахдаа хохирогч Г.Алтаншагайг мөргөж гэмтээсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулахыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь гэрч Б.Лхамаагийн мэдүүлэгт “машинаа асаагаад хойшоо ухраад огцом эргээд найз Алтаншагайг машиныхаа урд хамраар мөргөөд дээгүүр нь дайрч гараад шууд яваад өгсөн” гэх мэдүүлэг /41 дүгээр хуудас/, гэрч Э.Итгэлийн “Алтаншагайгийн цээжний бие хэсгээр гараад явах шиг болсон” гэх мэдүүлэг /42 дугаар хуудас/, гэрч Б.Даваа-Очирийн мэдүүлэгт “жолоочийн эсрэг талд очоод байж байхад шууд ухраад, тэгэхдээ манай найз Алтаншагайн жолоочийн талд зогсож ухрах үйлдэл хийхдээ түүнийг унагаж чирээд жолооч талын урд дугуйгаар түүний бие дээгүүр гараад шууд төв зам руу нийлж ороод явсан” гэх мэдүүлэг /45 дугаар хуудас/ зэргээс харахад ухрах үйлдэл хийхэд урд хамраараа мөргөж дээгүүр нь дайрах гэсэн ойлголт байхгүй. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь илт худал хуурмаг, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэл байна. Өмнөх шүүх хуралдаанаас талуудын хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийлгэсэн бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны 1258 дугаартай шинжилгээний дүгнэлтийн 4 дүгээрт “хохирогч Г.Алтаншагайн биед учирсан зүүн талын шагайн доторх хашлага ясны хугарал гэмтэл нь автомашинд дайруулснаас үүсэхгүй” гэжээ. /205-207 дугаар хуудас/ Дээр нь ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /18 дугаар хуудас/ 2 удаагийн шүүх хуралдаанд хохирогч болон гэрчүүд автомашинаар цээжний дээгүүр болон толгой дээгүүр нь гарсан гэх мэтээр худал зөрүүтэй мэдүүлсэн. Эдгээр гэрч хохирогч гэх хүмүүс анх олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж байсан ба хоорондоо зодолдсон байх үндэслэлтэй. Иймд бичлэгт байсан бусдыг хөөж танхайрсан 7, 8 хүнийг бүгдийг байцаах. Хэн, хэн машины хаана нүдэж, цохих, толь хагалах үйлдэл хийсэн. Яг хохирогчийн хаагуур дайрсан, хэн хэн яг харсан юм бэ? хэргийн бүрдүүлэлт маш муу, анх энэ асуудал юунаас үүссэнийг, авто аваарын хэрэг мөн эсэх, хэрэв энэ хүмүүсээс бид зугтаагаагүй бол бие эрхтэн болон цаашлаад амь насаа ч алдах эрсдэл байсан. Иймд энэ хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцаах, энэ хэрэг дээр мөрдөн байцаагчийн туршилт хийхэд бүх зүйл ойлгомжтой болно. Би залуу хүн аливаа юманд итгэл үнэмшилтэй байх, цаашид сурч мэдэх, нийгэмд зөв хүн болж явах итгэл байна. Эдгээр хүмүүс болон Г.Алтаншагай ийм аргаар бусдаас мөнгө олох ашиг сонирхолтой байна. Дахин хүсэхэд мөрдөн байцаалтанд буцааж үнэнийг тогтоолгох хүсэлтэй ба шинэ нотлох баримт гаргана.” гэв.
Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Эрдэнэпилийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралд хэргийг мөрдөн байцаалтанд буцаах байр суурьнаас оролцсон. Анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэрэгт зайлшгүй хийх хэд хэдэн ажиллагаанууд байдаг. Хохирогчид учирсан гэмтэл, уг гэмтлийг учруулсан механизм, гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлтүүд эргэлзээтэй байдаг. Эхний дүгнэлтээр зам тээврийн ослоос үүссэн байх боломжтой гээд дүгнэсэн байдаг. Үүнийгээ шинжээч Номинцэцэг шүүх хуралд тайлбарлахдаа анхнаасаа зам тээврийн осол гарсан гэж шинжээч томилсон тогтоол дээр бичсэн учраас л би зам тээврийн ослоос үүсэх боломжтой гэж дүгнэлтээ бичсэн гэдэг. Үүнийх нь дагуу шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэхэд автомашинаар дайрагдсанаас үүсэх боломжгүй гэмтэл гэж эрс зөрүүтэй дүгнэлт гарсан байдаг. Хохирогч Алтаншагайд учирсан зүүн шагайн дотор хашлага ясны хугарал гэсэн гэмтэлээс бусад нүүрэнд учирсан гэмтэл автомашинд мөргүүлсэнээс үүсэх боломжгүй гэмтэл байдаг. Харин харилцан зодолсоноос үүсэх боломжтой гэмтэл харагддаг. Шинжээчийн дүгнэлтээр гэмтлүүдийг ерөнхийд нь хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн байдаг. Толгой, нүүрэнд болон шагайнд учирсан гэмтлүүд бүгдээрээ нийлээд хүндэвтэр гэмтэлд хамаараад байгаа юм уу, эсвэл шагайнд учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаараад байгаа юм уу, нүүрэнд учирсан гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаараад байгаа юм уу гэдэг нь тодорхой биш харагддаг. Энэ талаар шинжээч шүүх хурал дээр тодорхой хэлж чаддаггүй. Анхан шатны шүүх хуралд шинжээч автомашинд дайруулах, мөргүүлэх хүчний үйлчлэл өөр байдаг гэдэг. Машинд мөргүүлсэнээс нүүрэнд шалбарах зулгарах шанаанд гэмтэл учирч болно гэдэг. Харин шагайн дотор хашлага ясны хугарал нь машинд дайруулах, мөргүүлэх үед дангаараа хэзээ ч хугардаггүй, харин шагайн дотор гадна яс хамт хугардаг гэж шүүх хуралдаан дээр шинжээч мэдүүлдэг. Гэрчүүдийн мэдүүлгүүд эрс зөрүүтэй байдаг. Гэрч Лхамаа, Итгэл гэх хүмүүс мэдүүлэхдээ автомашинд суугаад хөдөлгөөн эхлээд шууд хохирогчийн дээгүүр нь гараад дайраад явсан гэдэг. Гэтэл камерын бичлэгийг үзэхэд хөдөлгөөн эхлээд авто зогсоолоос хөдлөөд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ хүртэл ямар ч хүн мөргөсөн зүйл харагдахгүй байдаг. Харин хохирогч болон түүнтэй хамт явж байсан 6 хүн автомашиныг тойроод толь хаалга зэргийг өшиглөөд автомашиныг үсэрч очоод цохиж байгаа харагддаг. Тухайн үед Алтаншагайтай хамт явж байсан нэр бүхий долоон хүмүүсийг гэрчээр асуугаагүй. Дуудлагаар очсон цагдаа болон түргэний эмч нарыг мөн гэрчээр байцаагаагүй, хэрэгт нотлогдвол цохих ажиллагаа хийгдээгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баримт хэрэгт харагддаггүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтэнд дурдагдаад явдаг. Тухайн үеийн камерийн бичлэгээс харахад хохирогчийн нүүр нь гэмтэлтэй гүйж явсан уу, гэмтэлгүй гүйж явсан уу гэдэг нь харагддаггүй. Нүүрэнд учирсан гэмтэл өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боломжтой харагддаг. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэв.
Хохирогч Г.Алтаншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надтай 2 хүн ирж маргалдаад цохисон. Машинаар дайрсан нь үнэн. Машинд мөргүүлснээс болоод миний үүдэн 5 шүд унасан. Би гомдолтой байна. Эхлээд нэг найзтай нь маргалдаад салсан, дараа нь 3-4 залуучууд ирээд маргалдаад, намайг хүрээд ир гээд дуудахаар нь очтол машиныхаа толиор мөргөж унагаагаад миний дээгүүр машинаараа гарсан. Би машины толинд нь мөргүүлсэнээс хойш юу ч санахгүй байгаа.” гэв.
Хохирогч Г.Алтаншагайгийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан гомдолтой уншиж танилцсан. Гомдол үндэслэл муутай байна. Яагаад гэвэл хавтас хэрэгт авагдсан баримтаар машин руу хохирогч эрүүл саруул гүйж очоод ухаан алдсан байдаг. Зам дээр 2 шүд нь унасан. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд зодуулсан асуудал байхгүй. Гэрчүүдийн мэдүүлсэнээр хохирогчид учирсан гэмтэл машинд мөргүүлснээс үүссэн байх боломжтой гэж тогтоогдсон. Гэрчүүд хохирогчийн дээгүүр машин гарсан гэж ярьдаг боловч бодит байдал дээр машин дээгүүр нь гарсан бол хохирогчид ийм гэмтэл үүсэхгүй гэж маргаан үүссэн. Үүнийг бол манайх хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч, хохирогч нар өмнө нь маргасан нь тогтоогдсон. Маргаан дуусаагүй үргэлжилж байгаа нь харагддаг. Хохирогч машин руу яваад очиход нь ухраад машинаараа мөргөөд хохирогч унасан байдаг. Гэрчүүд баруун талаас нь харж байсан болохоор дээгүүр гарсан байдалтай харагдсан байхыг үгүйсгэхгүй. Шүүгдэгч Э.Э нь эмчилгээний зардал төлөөгүй, хийсэн хэрэгтээ гэмшээгүй нь харагддаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Эрдэнэпилд оногдуулсан ял багадсан гэж үзэж байна. Би давж заалдах гомдол гараагүй. Гэхдээ бодит байдлыг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Шүүгдэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.” гэв.
Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. А, Б цэгийг тогтоосон байдаг. Б цэг дээр хохирогч Г.Алтаншагайгийн нүүрэн хэсгээс цус гарсан талаар хавтас хэрэгт авагдсан байгаа. Автомашинаараа ухрах үедээ хохирогчийг толиороо мөргөж унагаасан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж оруулсан байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Түмэн плаза” худалдааны төвийн урд талын замд “Хьюндай Соната 5” маркийн 76-87 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Алтаншагайг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан үүргээ зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:
Хохирогч Г.Алтаншагайгийн “...нэг нь намайг шууд цохисон, тэгэхээр нь манай найз нар яагаад байгаа юм боль гээд салгах гэхэд найз Буянзаяаг бас нэг нь цохиод авсан. Тэгээд тэндээ муудалцаад байсан. Би жоохон манарсан байсан. Тэндээс салаад бид нар зогсож байтал нөгөө залуучууд ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь бид нар бөөнөөрөө араас нь хөөсөн. Тэгсэн нөгөө залуучууд цайвар өнгийн суудлын автомашинд суугаад хөдлөх гээд байж байсан. Тэрнээс хойш би юу болсон талаар санахгүй байгаа. Өглөө эмнэлэг дээр сэрсэн. Миний биеийн байдал муу байгаа. Миний зүүн хөлний шагай орчим хэсгийн савхан яс, зүүн нүдний ухархайн яс болон зүүн шанаа, хамар орчим хэсгээр хугарсан. Тэгээд хадуулсан бас дээд уруул сэтэрч, дээд 4 шүд хугарч, буйл няцарсан, доод уруул бас задарч оёдол тавиулж доод 1 шүд хугарсан.” гэх мэдүүлэг /1хх-24-25/, гэрч Б.Лхамаагийн “...машинаа шууд асаагаад хойшоо ухраад огцом дараад эргэхдээ найз Г.Алтаншагайг машиныхаа урд хамраар мөргөөд дээгүүр нь дайрч гараад шууд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /1хх-41/, гэрч Э.Итгэлийн “...Алтаншагай гүйж очоод саарал өнгийн Соната 5 маркийн автомашины жолооч талын хаалгыг татсан чинь нөгөө машин хойшоо гэнэт ухараад Алтаншагайгийн цээжин бие хэсгээр гараад явах шиг болсон.” гэх мэдүүлэг /1хх-42-43/, гэрч Д.Даваа-Очирын “...Алтаншагай жолоочийн эсрэг талд зогсож байхад ухрах үйлдэл хийхдээ түүнийг унагааж жолооч талын урд дугайгаар биеэн дээгүүр нь гараад шууд төв зам руу ороод явсан.” гэх мэдүүлэг /1хх-45/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9-12/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13-15/, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-18/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 6245, 4517 дугаартай дүгнэлтүүд /1хх-59, 61-62/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 427 дугаартай дүгнэлт /1хх-68-69/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч Э.Эийг Замын хөдөлгөөний дүрмийн “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Алтаншагайг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн дүрмийн 2.5-д заасан үүргээ зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ