Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0465/З |
Дугаар | 128/ШШ2021/0249 |
Огноо | 2021-04-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2021/0249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Э.Ж
Хариуцагч: Байгаль орчин,аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖ-ын сайд болон тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар нь иргэн Э.Ж миний Богд Хан Уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль журмын дагуу БОАЖ-ын яамны сайд гомдлыг эцэслэн шийдвэрлэхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ж миний бие нь Хан-Уул дүүрэг Богдхан Уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газар ашиглах хүсэлтийг 2020 оны 02 дугаар сард гаргасан. Энэхүү хүсэлтийн хариуг өгөхдөө УИХ-ын 1995 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон Богдхан уулын дархан цаазат газар-ын хил заагийг нарийвчилсан багаж тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийн солбилцлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/00 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд холбогдох шийдвэр одоогоор гараагүй байна гэсэнг эс зөвшөөрч 2020 оны 03 сард УИХ-ын өргөдөл гомдлын байнгын хороонд дээрхи асуудалтай холбогдуулан гомдол гаргасан. Үүний хариуг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0/0000 дугаартай албан бичгээр БОАЖ-ын сайд Н.Ц-д болон надад өгсөн байдаг. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 00/0000 тоот албан хариуг БОАЖ-ын яамны ТХГНУГ-аас өгөхдөө өмнө нь өгч байсан хариугаа дахин давтаж өгснийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, түүний үндэслэлийг тайлбарлахдаа: Э.Ж 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан Хан-Уул дүүрэг Богд хаан уулын дархан цаазтай газар Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газар аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг өргөдлийн дагуу Э.Ж-д газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Нэхэмжлэгч Э.Ж 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан Хан-Уул дүүрэг Богд хаан уулын дархан цаазтай газар Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газар аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу ашиглах эрх хүссэн өргөдөл гаргасан бөгөөд Э:Ж-н газар ашиглах эрх хүссэн газар нь БОАЖЯ-ны 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 00Б/0000 тоот албан бичиг хавсралтын хамт, мөн ГЗБГЗЗГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00/0001 тоот албан бичиг болон хавсралтаар бусад иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхтэй давхцаагүй болохыг давхцалгүй болохыг тогтоосон байдаг.
Анх 2018 оны 03 сард өргөдөлд дурдсан газар ашиглах эрх хүсэж хууль тогтоомжид заасны дагуу БХУДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхтэй холбогдсон дэмжсэн санал болон БОАЖЯ-ны дотоод аудитын үнэлгээгээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлуулж өгсөн. Үүнээс хойшхи 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас хилийн заагийн маргаантай байгаа талаар амаар хариу өгдөг байсан.
2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00/000тоот албан бичгээр хариуг өгсөн. Энэ нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Э.Ж-н гаргасан өргөдөлд хариу өгөхгүй байх, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ГЗБГЗЗГ-ын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/00 тоот тушаалаар ажлын хэсэг томилогдон ажиллаж улмаар БХБС-ын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 00/0002 тоот албан мэдэгдлээр Богд Хан уулын дархан цаазат газрын хилийн цэс, солбилцол 1995 оны УИХ-ын 26-р тоот тогтоолын 01 дүгээр хавсралтын дагуу шийдвэрлэхээр байгаа нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Э:Ж-н өргөдлийг БОАЖЯ-ны сайдын шийдвэрлэх чиг үүрэгт хамаарч байгаа тул өнөөдрийг хүртэлх Э:Ж-н өргөдөлд хариу өгөөгүй байгаа нь хууль бус юм.
2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Э:Ж-н өргөдөл нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх авах хууль зүйн шаардлага нөхцөлийг хангаж байгаа тул Э:Ж-нөргөдөл нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх авах хууль зүйн шаардлага нөхцөлийг хангаж байгаа тул Э:Ж-н газар ашиглах эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага акт гаргахдаа тухайн актыг гаргах болсон үндэслэлийг шалгах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 онд газар ашиглах эрх хүссэн өргөдөл гаргаж байсан.
Төрийн захиргааны байгууллагаас албан ёсоор захиргааны акт гаргах боломжгүй гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр өгөөгүй. Захиргааны байгууллага Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллага өргөдөл гаргасан асуудалтай холбогдуулж тодорхой ажиллагааг хийх ёстой атал уг ажиллагааг хийгээгүй.
Захиргааны актыг гаргах болсон бодит үндэслэл тогтоогдож, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцсэн баримтууд бүрдсэн учраас газар ашиглах эрх хүссэн өргөдлийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан. Өмнө нь хандсан асуудлаар дахин хандсан учраас хариу өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа бол захиргааны акт гаргаж иргэн аж ахуй нэгжид танилцуулах үүрэгтэй. Уг үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдаж байх ёстой. Иймд өргөдөлд хариу өгөхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа.
Өмнө нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн учраас дахин шийдвэрлэх шаардлагагүй гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үзлэг хийх явцад мэдсэн. Өргөдлийг шийдвэрлээд ямар хариу гарсан талаар иргэнд мэдэгдээгүй.
Захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлд дурдсан газар ашиглах эрх олгохтой холбоотой захиргааны акт гаргахтай холбоотой баримт бичгүүд бүрдсэн гэж үзэж байгаа.
Газар ашиглах эрх олгохтой холбоотой асуудлын тухайд өргөдөлд дурдсан газрын координат цэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагдахгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарладаг. Өргөдөлд дурдсан газрыг олгох эрх хэмжээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд хамаарч байгаа.
Өргөдөлд дурдсан газар нь Нийслэлийн газарт хамаарч байгаа гэсэн албан ёсны шийдвэр гараагүй учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнд хамаарч байгаа.
Бидний зүгээс ТТ ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй байгаа гэж үзсэн учраас гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй. ТТ ХХК-нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах газрыг Нийслэлийн засаг даргын захирамжаар авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
Хууль зөрчсөн захиргааны актаар газар эзэмших эрх авсан байж болзошгүй гэсэн байр суурьтай байна. Бидний зүгээс дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах газарт газар ашиглах эрх хүссэн өргөдөл гаргасан.
Өргөдөлд дурдсан газар нь Нийслэлийн газарт хамаарч байгаа гэсэн үйл баримт тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр огноолсон гомдолдоо Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газар ашиглах хүсэлттэй байгаа газарт ТТ ХХК-ийн олгосон газартай давхцуулсан нь үндэслэлгүй байх тул уг компанийн Богд хан уулын дархан цаазат газартай давхцаж буй координат газрыг хэсэгчлэн хүчингүй болгож уг газрыг зориулалтын дагуу ашиглах сонирхлыг ханган шийдвэрлэж өгнө үү хэмээн гомдол гаргасан.
Дээрх гомдлыг судалж үзээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00/000 тоот албан бичиг, мөн оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00/0003 тоот албан бичгээр тус тус Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар тогтоосон Богдхан уулын дархан цаазат газар-ын хил зааг-ийг нарийвчилсан багаж тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийн солбилцлыг тодорхойлоогүйгээс үүссэн газрын асуудлыг цэгцлэх зорилгоор Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/00дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт шийдвэр гаргаагүй байгаа тул газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж иргэн Э.Ж-нд хариу хүргүүлсэн байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0/0000 тоот албан бичгээр Э:Ж-н Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны газар ашиглалттай холбоотой гомдлыг уламжлан ирүүлснийг судалж үзээд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 00/0000 тоот албан бичгээр Э.Ж-д хариу хүргүүлсэн.
Улмаар Э.Ж нь дахин дээрх асуудлаар буюу Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд 1 га газар ашиглах эрхийн гэрчилгээг олгож өгнө үү гэж өргөдөл гаргасан ба 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар нэхэмжлэл гаргажээ.
Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т зааснаар өмнө нь хандаж байсан асуудлаар дахин хандсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул хаасан гэсэн дотоод сүлжээний төлөвт хийж хаасан байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байхаар хуульд заасан байна.
Мөн дээрх анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тодруулсан гэх нэхэмжлэлийн шаардлагатай яг адилхан утга, агуулгатай гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/00 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ажлын танилцуулга, дүгнэлт гарсан хэдий ч холбогдох эцсийн шийдвэр гараагүй буюу хилийн зааг, цэсийн маргаантай асуудлууд эцэслэн шийдвэрлэгдээгүй, нэгдсэн үр дүнд хүрээгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Анх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа БОАЖ-ын сайд болон тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар нь иргэн Э.Ж миний Богд Хан Уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль журмын дагуу БОАЖ-ын яамны сайд гомдлыг эцэслэн шийдвэрлэхийг даалгах гэж тодорхойлсон байна.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Э.Ж-с 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан Хан-Уул дүүрэг Богд хаан уулын дархан цаазат газар Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газар аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг өргөдлийн дагуу Э.Ж-д газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргахыг даалгах гэж тодруулсан байна.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Э.Ж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх дурдагдсан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Богд хаан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1.0 га газар ашиглах хүсэлтээ холбогдох хуульд заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гаргасан байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах, 14.3 төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан өргөдлүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00/000 тоот албан бичгээр, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 00/0003 тоот албан бичгээр, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 00/0000 тоот албан бичгээр тус тус газрын хил заагийг нарийвчилсан багаж тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийн солбилцлыг тодорхойлоогүйгээс үүссэн газрын асуудлыг цэгцлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/00 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. гэх хариуг өгсөн байна.
Хэдийгээр ...нэхэмжлэгч ижил утгатай хүсэлтийг удаа дараа гаргасан, бидний зүгээс зохих хариултыг өгсөн учир тухайн гомдлыг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй, ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэр гараагүй байна... гэх ижил утгатай гурван удаагийн хариу тайлбарыг нэхэмжлэгчид өгсөн хэдий ч хариуцагчийг хуульд зааснаар өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д Газар ашиглуулахаас татгалзсан бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт үүний шалтгаан, үндэслэлийг заана гэж заасны дагуу хариуцагч гурван удаагийн хариу тайлбартаа ...Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/00 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа, ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэр гараагүй... гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бичиг хэрэгт хийсэн үзлэгээр тус тус тогтоогдсон.
Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон байна. Хэдийгээр уг тогтоол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэдий ч тухайн үед хил заагийг нарийвчлан зураглаж, эргэлтийн цэг, шонгуудын солбилцлыг эрх бүхий байгууллага хэмжиж тогтоогоогүй байсны улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн газар зохион байгуулалтын алба тус хилийн заагийг өөр өөрийнхөөрөө зураглаж, үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн нь иргэд, олон нийтийн дунд газрын харилцаатай холбоотой маргаан, зөрчил үүсэхэд нөлөөлсөн байна.
Улмаар дээрх асуудлыг цэгцлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтыг эрхлэх гэж заасан бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тус газрын даргын А/00 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоохоор ажлын хэсэг томилогдсон боловч хилийн зааг, цэсийн маргаантай асуудлууд эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу нэгдсэн үр дүнд одоо хүртэл хүрээгүй байна. Энэ нь Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0/00 тоот албан бичгээр нотлогдож байна.
Нөгөөтээгүүр 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 00-00/0000 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зурганд нэхэмжлэгчийн хүссэн Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд байрлах 1 га газар нь ТТ ХХК-ийн эзэмшлийн газартай бүхэлдээ давхцаж байгааг харуулсан талаарх зураг нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр Нийслэлийн Засаг дарга 2006 онд хууль зөрчсөн захирамж гаргаж ТТ ХХК-д их хэмжээний газар олгосон, улмаар 2014 онд газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Дээрхээс дүгнэвэл Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/00 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан тогтоохоор ажиллаж буй ажлын хэсгийн дүгнэлт гарсан хэдий ч хараахан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Үүнд ковидын улмаас үүссэн нөхцөл байдал нөлөөлж, ажлын хэсэг хуралдаж, шийдвэр гаргах боломжгүй байгаа тул нэхэмжлэгчээс ...хариуцагчийг 1 га газар аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэж, хариуцагчид даалгах боломжгүй байна.
Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгч Э:Ж-н гаргасан гомдол, хүсэлтэд бодит нөхцөл байдалд нийцсэн хариу тайлбарыг өгсөн гэж үзэхээр байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э:Ж-н гаргасан БОАЖ-ын сайд болон тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар нь иргэн Э.Ж миний Богд Хан Уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль журмын дагуу БОАЖ-ын яамны сайд гомдлыг эцэслэн шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ж-с 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан гаргасан Хан-Уул дүүрэг Богд хаан уулын дархан цаазат газар Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1 га газар аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрх хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг өргөдлийг өргөдлийн дагуу Э.Ж-д газар ашиглах эрх олгох захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ