Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2023/0871/З |
Дугаар | 221/МА2024/0300 |
Огноо | 2024-05-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2024/0300
“ЭП” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Б
Нэхэмжлэгч: “ЭП” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/842 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч А.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0871/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЭП” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/842 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр шийдвэрээр: “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.12, 27 дугаар зүйлийн 27.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭП” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын аюултай бүстэй давхацсан гэх үндэслэлийг хүчингүй гэж үзсэн бөгөөд “ЭП” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төмөр замын зурвас газартай давхцалтай гэдэг нь тогтоогдсон ба Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, Төмөр замын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг хэлнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэх болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно” гэсэн заалтад төмөр замын зурвас газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж болохыг зөвшөөрсөн заалт байхгүй, хуулиар зөвшөөрөөгүй байхад нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй байна.
3.2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн тул уг талбай нь төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүстэй давхацсан дээрх зөрчлүүд нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг нь Захиргааны акт эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх болон шударга ёсны шаардлагыг хангаагүй. Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжид “Талбайн давхцалыг хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.2.3-д “ямар нэг байдлаар давхцаагүй”, 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “давхцаагүй”, 19.2.3-д “бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан”, 23 дугаар зүйлийн 23.4.3-д “талбайн аль нэг хэсэгт давхацсан” гэж өөр өөрөөр томьёолон заажээ. Ийнхүү талбайн давхцалын талаар ялгамжтай заасан нь тус бүрдээ өөр өөр үр дагавар бий болгох тул тухайн зүйл, хэсгийн утга агуулгатай нь сайтар харьцуулан үзэж, дүгнэлт хийх хэрэгтэй.
3.3. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1025 дугаар захирамжийг хүчингүй болгосугай" гэжээ.Энэ хүчингүй болгосон захирамж нь “ЭП” ХХК-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захирамж бөгөөд энэхүү захирамжийг хүчингүй болгосон байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “ЭП” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0151 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Шүүх гомдлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
2.1. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/842 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт “ЭП” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 21/М048 дугаартай тусгай зөвшөөрлийг “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийн талбай нь Төмөр замын аюултай бүстэй давхцалтай” зэрэг зөрчилтэй байхад олгосон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1027 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.2. Улмаар “ЭП” ХХК-аас тус захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчээс “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан бөгөөд нийслэлийн Засаг даргаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийг олгосон атлаа “хугацаа дуусгавар болсон” гэсэн нь үндэслэлгүй, ...мөн маргаан бүхий акт нь төмөр замын зурвас газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан болон төмөр замын аюултай бүстэй давхцалтай гэж хууль зүйн үндэслэл нь зөрүүтэй гарсан, ...анх тусгай зөвшөөрөл авахад Төмөр замын хэрэг эрхлэх газраас ...шавар олборлох цэгийн эхлэл нь Төмөр замын гол шугамаас 250 метрээс дээш зайнд байгаа нь төмөр замын тээврийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөхгүй тул хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, ашиглуулах боломжтой гэсэн хариу өгсөн байхад манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ холбогдох хууль, журамд заасны дагуу бичиг баримтын бүрдүүлбэрийг хангуулалгүй зөвхөн хүсэлтээ өгч дараа нь бүрдүүлэх материалуудаа нөхөж өгсөн учир тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, ...мөн тусгай зөвшөөрлийн давхцалгүй байх шалгуурыг хангаагүй буюу Төмөр замын тээврийн тухай хуульд заасан төмөр замын зурвас газарт дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэснийг зөрчиж олгосон байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасны дагуу хууль бус захиргааны актыг хүчингүй болгосон” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
2.3. Харин анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг ...нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1027 дугаар захирамжийн хавсралтад заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол /40.58 га/ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлоос /41.16 га/ зөрүүтэй байгааг зургаар баталгаажуулав гэж, мөн ...нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалтай болон давхцалгүй талаарх зөрүүтэй баримтуудыг дүгнэсэн атлаа эдгээр зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг; 3.1.12-т “төмөр замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг, 3.1.13-д “төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг ойлгоно гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно”, 27.7-д “Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэх болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно” гэж тус тус хуульчилсан.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10/407 дугаар албан бичигт “...ЭП ХХК-ийн ХВ-014755 дугаар хүчингүй тусгай зөвшөөрлийн талбай ...төмөр замын хамгаалалтын зурвас газартай 32.13 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна” гэж, Төмөр замын хэрэг эрхлэх газрын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 01/151 дугаар /нотлох баримтын шаардлага хангахгүй/ албан бичигт “...олборлолт хийх 27 га талбай нь ...төмөр замын гол шугамаас хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд 280 м хүртэл зайнаас эхэлж байна, ... “ЭП” ХХК-ийн шавар олдворлох цэгийн эхлэл нь гол шугамаас 250 м-ээс дээш зайд байгаа нь төмөр замын тээврийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх зүйлгүй тул ...зохих хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, ашиглуулахад боломжтой” гэж, мөн Улаанбаатар төмөр замын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 10/3961 дугаар бичигт “...“ЭП” ХХК-ийн ...нэгж талбар бүхий газар нь ...төмөр замын өртөө хоорондын 120 метр өргөнтэй төмөр замын зурвас газартай давхцалгүй байна” гэсэн албан бичгийг тус тус өгсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...нэхэмжлэгч “ЭП” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй харин хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь төмөр замын хамгаалалтын зурвастай давхцалтай гэсэн төлөвтэй байна” гээд мөн нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/1027 дугаар захирамжийн хавсралтад заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол /40.58 га/ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлоос /41.16 га/ зөрүүтэй байгааг зургаар баталгаажуулав гэж тэмдэглэсэн зэрэг болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас дүгнэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын аюултай бүс болон аюулгүйн бүс, зурвас газрын алинтай хэдий хэмжээгээр давхцаж байгаа болох нь тодорхойгүй байна.
2.6. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч нь нутаг дэвсгэртээ түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар төрийн бодлогыг хэрэгжүүлж, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд түүнийг цуцлах, дуусгавар болгох эрхтэй хэдий ч маргаан бүхий актыг гаргахдаа “ЭП” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бодит нөхцөл байдал бий болсон эсэхийг бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор байжээ.
2.7. Тодруулбал, дээр дурдсан Төмөр замын хэрэг эрхлэх газрын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/151 дугаартай албан бичигт ...“ЭП” ХХК-ийн шавар олдворлох цэгийн эхлэл нь гол шугамаас 250 м-ээс дээш зайд байгаа нь төмөр замын тээврийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлөх зүйлгүй гэж, харин Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10/407 дугаартай албан бичигт ...тусгай зөвшөөрлийн талбай ...төмөр замын хамгаалалтын зурвас газартай 32.13 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна гэсэн хариуг Байгаль орчны газарт хүргүүлж, тойм зургийг хавсарган хүргүүлсэн зэрэг баримтаас дүгнэвэл хариуцагч нь маргаан бүхий газар нь төмөр замын аюултай бүстэй аль хэсгээрээ ямар хэмжээгээр давхцалтай болохыг тогтоож, улмаар нэхэмжлэгч цаашид тухайн газарт ашигт малтмал ашиглах боломжтой эсэхийг тогтоох, түүнчлэн холбогдох хууль, дүрэм, журамд зааснаар төмөр замын аюултай болон аюулгүй бүс, зурвас газраас хэдий хэмжээний зайд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах боломжтой болох, тусгай зөвшөөрөл бүхий талбайн байршил нь эдгээр бүсээс ямар хэмжээний зайтай байгаа зэргийг тогтоож Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм”, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын 12 дугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам”-д нийцүүлэн тус маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.
2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч компани Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэмийн 3 дугаар зүйлийн 3.4-д заасан төмөр замын хамгаалалтын зурвас газарт үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн эсэх, тус дэглэмийн 4 дүгээр зүйлд заасан аюулгүй бүсэд хамаарч байгаа эсэх, түүнчлэн зурвас газар дээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж болох эсэх талаар нягталж, тогтоолгүйгээр “ЭП” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 21/М048 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчсөн, уг нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас зөвшөөрөгдсөн бүсэд хамаарах тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж болох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг судалж тогтоох нь зүйтэй.
2.9. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан, уг хүсэлт нь хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч “ЭП” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа бүрдүүлбэр хэрхэн хангаж байсан болохыг мөн тодруулах шаардлагатай.
2.10. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбай нь төмөр замын зурвас газар, аюултай бүс, аюулгүйн бүстэй хэдий хэмжээгээр хэрхэн давхцаж байгаа эсэхийг бүрэн дүүрэн тогтоож, нэхэмжлэгч нь давхцаагүй талбайд үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх асуудлуудыг шийдвэрлэж бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт шалгалт явуулсны үндсэн дээр дахин шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.
2.11. Тиймээс хариуцагч дээр дурдсан зүйлүүдийг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий А/842 дугаар захирамжийн “ЭП” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий актыг дахин хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 27.7, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/842 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамж буюу шинэ акт гаргаагүй бол уг захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА