Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 177

 

“Агромаштех” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00674

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1084 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Агромаштех” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Баялаг бумбат” ХХК-д холбогдох

          “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2.880.900 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнээс:

“Баялаг бумбат” ХХК-ийн захирал Ц.Ариунтуяа зээлийн гэрээгээр сэлбэг худалдан авах  хүсэлт гарсныг үндэслэн “Агромаштех” ХХК нь “Баялаг бумбат” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр SPL-15-22 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 6.000.000 төгрөгийн бараа зээлээр нийлүүлэхээр тохиролцож, урьдчилгаа 30 хувийн үнийг төлөх, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулж дуусгах ба нэг сарын хүү 0.5 хувь байхаар тохирсон. Манай компаний зүгээс захиалагчийн хүсэлтээр нийт 6.187.500 төгрөгийн сэлбэг нийлүүлсэн. “Баялаг бумбат” ХХК-аас 1.800.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 4.387.500 төгрөгийн төлөлтийг хийх хугацаа болсон  боловч хугацаа хэтрүүлэн 2016  оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2.502.000 төгрөгийн төлөлт хийж, үлдэгдэл 1.885.500 төгрөгийн одоог болтол огт төлөөгүй байх тул хариуцагчаас үндсэн төлбөр 1.885.500 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 4.387.500 төгрөгийн хүү 52650 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд үндсэн төлбөрийн үлдэгдэл 1.885.500 төгрөгийн алданги 942.750 төгрөг, нийт 2.880.900 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн SPL-15-22 дугаартай барьцааны гэрээний дагуу 0174455 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум 1 дүгээр баг 8 дугаар бригадын урд байршилтай 185.7 га газар тариалангийн зориулалтай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Баялаг бумбат” ХХК-ийн захирал Ц.Ариунтуяагаас:

Манайх “Агромаштех” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Б.Болдсайхан гэрээ хийж сэлбэг авсан гэрээ хийсэн ажилтан нь сайн мэдэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Болдсайхан гэрээ хийснээ гэрчилж шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн. Гарын үсэг нь Ц.Ариунтуяагийнх биш гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1084 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Баялаг бумбат” ХХК-аас 2.641.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Агромаштех” ХХК-д олгож, 239.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох “Баялаг бумбат” ХХК-ийн өмчлөлийн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байршилтай, 080310184 дугаар бүхий, 185,7 га газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.045 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баялаг бумбат” ХХК-аас 57.214 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан “Баялаг бумбат” ХХК-ийн захирал Ц.Ариунтуяагийн “Агромаштех” ХХК-д гаргасан сэлбэг зээлээр худалдан авах хүсэлтийг нотлох баримт болгон дурдсан. Гэтэл энэ хүсэлтийг Ц.Ариунтуяа бичээгүй Б.Болдсайхан бичсэн байдаг. Талууд худалдах, худалдан авах гэрээг хийгээгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр болон гэрч Б.Болдсайханы мэдүүлгээр нотлогдсон байхад хүчин төгөлдөр бус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл тул алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Агромаштех” ХХК нь хариуцагч “Баялаг бумбат” ХХК-д холбогдуулан үндсэн төлбөр 1 885 500 төгрөг, хүү 52 650 төгрөг, алданги 942.750 төгрөг нийт 2 880 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Баялаг бумбат” ХХК-ийн захирал Ц.Ариунтуяа гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Талууд дараах үйл явдлын талаар маргаагүй байна. Үүнд:

  • Нэхэмжлэгч “Агромаштех” ХХК-аас хариуцагчид гэрээний дагуу 6 000 000 төгрөгийн сэлбэгийг шилжүүлсэн ба хариуцагч “Баялаг бумбат” ХХК нь хүлээн авч “Агромаштех” ХХК-ны зарлагын баримт дээр гарын үсэг зурсан,
  • Хариуцагч тал гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 1 800 000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн,  /хх-ийн 22-40 дугаар хуудас/
  • Хариуцагч “Баялаг бумбат” ХХК-ийн захирал Ц.Ариунтуяагийн “Агромаштех”  ХХК-д хандаж гаргасан сэлбэг зээлээр худалдан авахаар гаргасан хүсэлт,
  •  Гэрээний дагуу сэлбэг хэрэгслийн үнэ гэж 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ц.Ариунтуяагийн эзэмшлийн Хаан банкны данснаас 2.502.000 төгрөг “Агромаштех”  ХХК-д шилжүүлсэн зэрэг болно. /хх-ийн 6, 78-81 дүгээр хуудас/

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дараах баримтуудаар хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

Нэхэмжлэгч “Агромаштех” ХХК нь хариуцагч “Баялаг бумбат” ХХК-тай 2015 оны 8 сард 28-ны өдөр “Зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан баталгаажуулж талууд тамгаа дарж 6 000 000 төгрөгийн сэлбэг хэрэгслийг хариуцагчид шилжүүлэн урьдчилгаа төлбөрт хариуцагчаас 1 800 000 төгрөгийг авч, үлдэх 4 200 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-нд буюу 3 сарын хугацаанд, сарын 0,5  хувийн хүү төлөхөөр /гэрээний 2.2/, төлбөрийг төлөөгүй нөхцөлд хоног тутамд 0,5 хувийн алданги /гэрээний 4.5/ тооцохоор гэрээ байгуулсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн талууд дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр SPL-15-22 дугаартай барьцааны гэрээ байгуулан хариуцагч “Баялаг Бумбат” ХХК-ны өмчлөлийн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байршилтай,  185,7 га газрыг барьцаалан гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна. /хх-ийн 7-16 дугаар хуудас/

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...”Агромаштех” ХХК болон “Баялаг бумбат” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд худалдан авагчийг төлөөлж Сэлэнгэ аймаг Баянгол сум “Баялаг бумбат” ХХК-ийн захирал Ц.Ариунтуяагийн загваруудтай тохирохгүй байна гэснийг дээрх зохигчид маргаагүй баримтуудтай харьцуулж дүгнээд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 85-р хуудас/

Хариуцагч “Баялаг бумбат” ХХК-ийн захирал Ц.Ариунтуяа нь худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин  төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Баялаг бумбат” ХХК-аас үлдэгдэл төлбөр 4.200.000 төгрөг, 3 сарын хүү 63.000 төгрөг нийт 4.263.000 төгрөгийн үндсэн үүргээс төлбөрт шилжүүлсэн 2.502.000 төгрөгийг хасч үлдэх 1.761.000 төгрөг, алданги 880.500 төгрөг нийт 2.641.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Агромаштех” ХХК-д олгож, 239.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Баялаг бумбат” ХХК-ийн худалдах худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хүчин  төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн  маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн үнэлж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангажээ.

Хэргийн үйл баримт болон зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс үзвэл талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д гэрээ байгуулсан байх тул хууль хэрэглээний талаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1084 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Баялаг бумбат” ХХК-аас 2.641.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Агромаштех” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 239.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, энэ хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.214 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                     

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                              ШҮҮГЧИД                                                 С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                С.ОЮУНЦЭЦЭГ