Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00641

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2018/00641

Орхон аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би даргалж, тус шүүхийн танхимдхийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг Булагт ** тоотод оршин суух Б.С нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ** тоотод оршин суух Д.Г холбогдох эцэг тогтоолгох, овог өөрчлөх тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь төрсөн цагаас хойш өөрийн ээж болох Ё.Б-р овоглож ирсэн. Тухайн үед аав болох Д.Г нь цуг амьдардаг байсан бөгөөд 2007 онд гэр бүлээ шүүхээр цуцлуулсан. Өөрийн аав болох Г-р овогоо солих хүсэлтэй байгаа. 2013 оны 09 сарын 06-ны өдөр ээж маань өвчний улмаас нас барсан. 2007 онд гэр бүлээ цуцлуулж, эцэг тогтоолгоогүй тул овог солиход эцэг тогтоолгох шаардлага гарсан тул Д.Г-г миний эцэг мөн болохыг тогтоож овгийг маань өөрчилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан хүү Сийн нэхэмжлэлтэй маргах зүйлгүй. С нь 1996 оны 05 сарын 22-ны өдөр эх болох Б бид хоёрын дундаас төрсөн нь үнэн болно. Иймд Сийг өөрийн хүү болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн тодорхойлолт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Ганбатад холбогдуулан эцэг тогтоолгох, овог өөрчлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасн дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Гнь 1995 онд Ё.Б-тэй гэрлэлтээ бүртгүүлэн амьдарч тэдний дундаас 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүү С төрсөн, хүүг эх Ё.Б өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь 2/001609 төрсний бүртгэлийн лавлагаа, 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1042 дугаар шийдвэр, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Д.Гнь Б.Сийн эцэг мөн болох нь 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 5435 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Б.Сийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан учир шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Иймд Боржигон овгийн Д. Гнь 1996 оны 05 сарын 22-ны өдөр төрсөн хүү Жалайр овгийн Б.Сийн эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөх тухай өргөдлөө өөрийн оршин суугаа газрын сумын улсын бүртгэгчид гаргана.Сумын улсын бүртгэгч шаардлага хангасан баримтыг сумын засаг даргад танилцуулна.Сумын засаг дарга иргэний бичиг баримттай танилцаж иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчлөх тухай захирамж гаргаж шийдвэрлэдэг тул Б.С нь овог өөрчлөх асуудлаар өөрийн оршин суугаа сумын засаг даргад хандах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 135.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Боржигон овгийн Д.Г нь 1996 оны 05 сарын 22-ны өдөр төрсөн хүү Жалайр овгийн Б.С эцэг мөн болохыг тогтоож, Б.С-н овог өөрчлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА