Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Мөнхтуяа даргалж,

              -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

              -улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ

              -шүүгдэгч, хохирогч О.Х, Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн

              шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х, Г.Ц нарт холбогдох эрүүгийн 1734000000003 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. .....төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... оршин суух, урьд өмнө нь 4 удаагийн ял шийтгэлтэй, О.Х РД//

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. ... төрсөн, 29 настай,эрэгтэй дээд боловсролтой тогооч мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ..... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Ц РД/.../

 

              Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

              Шүүгдэгч О.Х, Г.Ц нар нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны зүүн талын хашаанд 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, шүүгдэгч Г.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын ХААН банкны хашаанд байх Хуягбаатар ахын гэрт хоол идэж архи уусан. Тэгээд дараа нь тэдний гэрээс гарч буудлын байрлуу орж архи ууж хөзөр тоглосон. Хуягаа ах надад хожигдохоор нь би түүнд ярьсандаа утсаа өгөөрэй гэхэд Хуягаа ах надад уурлаад байсан. Дараа нь тэр газраасаа гараад Хуягаа ахын гэрт орж дахин 1 шил архи аваад ууцгаасан. Нэг мэдэхэд Хуягаа ах бид хоёр зодолдоод цус нөжтэйгээ хутгалдсан байсан. Хуягбаатар ахаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 18,70 хуудас/,

 

              Хохирогч, шүүгдэгч О.Хын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн:2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт Цэдэндаш нар

ирчихсэн байсан. Тэгээд хоол хийж идээд ганц юм ууя гээд манай гэрээс гарч аймгийн талбайн хажуугийн сандалд 0,75 литрийн 1 шил архи уусан. Тэндээс яваад би дахин 1 шил архи авч өгөөд буудлын байранд очиж уугаад тэндээс салаад гэртээ хэзээ ирснээ санахгүй байгаа юм. Тэгээд тэд манайд ирсэн. Би Цэдэндаштай юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Цэдэндаш намайг боож унагаад цохиод байхаар нь давраад байгаарай гээд түүний нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Надад Цэдэндашаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17, 68,92,93 хуудас/,

 

              Шүүх шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 356 тоот: -Г.Цийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн

няцрал гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 12 хуудас/,

              Шүүх шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 363 тоот: -О.Хын биед дух, хүзүү, нуруунд зулгаралт, баруун нүдний зовхинд цус

хуралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ -Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаамэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт

/хх-ийн 10 хуудас/,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 26-

ны өдрийн 131 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 40-42 хуудас/,

Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 09

дүгээр сарын 26-ны өдрийн 131 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 43-45 хуудас/,

Төв аймгийн Сум дундын шүүхийн 1 дүгээр шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын

07-ны өдрийн 313 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 46-72 хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч О.Х, Г.Ц нар нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1

дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны зүүн талын

хашаанд 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтуурсан үедээ хувийн таарамжгүй

харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож улмаар бие биенийхээ эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэагт

шинжлэн судалсан шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх

шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 356 тоот 2017 оны 06

дугаар сарын 21-ний өдрийн 363 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдож байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Х, Г.Ц нарын үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

              Шүүгдэгч хохирогч О.Х, Г.Ц нар харилцан бие биедээ санал гомдолгүй эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй гэж үзэв.

              Шүүгдэгч Г.Цийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд байдлыг нь

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

              Шүүгдэгч О.Х, Г.Ц нарын хөрөнгийн байдал, орлого олох боломж

зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан хоногийг /2 хоног/ торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүний торгуулийн ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

 

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй шүүгдэгч О.Х нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Ц нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

              1.Шүүгдэгч О.Х, Г.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000/ зургаан зуун мянга/төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийн 1 хоног тус бүрийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 30.000 /гучин мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж 420.000/дөрвөн зуун хорин мянга/ төгрөгөөр ялыг тооцсугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Хт оногдуулсан 600.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Цид оногдуулсан 420.000 төгрөгөөр торгох ялыг 04/ дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Х, Г.Ц нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Ц нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног баривчлагдсан, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

              7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х, Г.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

              9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан

шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

              10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан

бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Х, Г.Ц нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.МӨНХТУЯА