Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0312

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бы гомдолтой захиргааны

 хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Т

Гомдол гаргагч: М.Б

Хариуцагч: Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх газрын улсын байцаагч, ахлах дэслэгч З.Ө

Гомдлын шаардлага: “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч 3.Ө-ын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч М.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Т,

Хариуцагч улсын байцаагч З.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0055/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч М.Б нь Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх газрын улсын байцаагч, ахлах дэслэгч З.Ө-т холбогдуулан “2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаар шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасныг тус тус баримтлан М.Баас Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх газрын улсын байцаагч З.Өт холбогдуулан гаргасан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч 3.Ө-ын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт болох Б.Д-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 279/1219 дүгээр дүгнэлт, мөн тус газрын шинжээч Г.Т, Т.С, Е.Л  нарын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 303/1219 дүгээр дүгнэлтүүдэд галын чиглэлийг тогтоосноос өөрөөр хэрэглэгч буюу нэхэмжлэгчийн ямар буруутай үйлдлийн улмаас гал гарсан талаарх тодорхой дүгнэлт огт байхгүй үүнээс гадна 3, 5, 6 гэсэн тоогоор дугаарлагдсан цахилгаан утаснуудад бөмбөлөг үүссэн гэж байгаа ч яг аль утас нь гал гарах шалтгаан болсон талаар тодорхой зүйл байхгүй түүнийг тогтоох боломжгүй талаар дурдсан байтал анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ цахилгаан дамжуулах утсанд гэмтэл гарсны улмаас гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

3.2. Мөн шинжээчийн дүгнэлтүүдээр цахилгаан утсанд үүссэн бөмбөлгийг богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл гэх мэт шалтгааны улмаас үүссэн гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гурван шалтгаан нь ямар хүчин зүйлсийн нөлөөллөөр үүсэх боломжтойг мэргэжлийн байгууллага болох “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГазар гэх байгууллагуудаас тодруулга, мэдээлэл авахад нэхэмжлэгчийг буруутай гэх гол үндэслэл болсон шалтгаанууд нь дан ганц хэрэглэгчийн буруутай үйлдлээс бус өөр гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх боломжтой талаар дурдсан (нэхэмжлэгчийн зүгээс тухайн өдөр нийтээр тог тасраад ирсний улмаас цахилгааны гэмтэл үүссэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа) мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч гал гарсны дараа ч бөмбөлөг үүсэх боломжтой талаар дурдсан. Гэтэл нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй үйлдлээс шалтгаалан цахилгааны утсанд гэмтэл буюу бөмбөлөг үүсэн улмаар гал гарсан гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн гэм бурууг хангалттай тал бүрээс нь нотлоогүй байхад буруутай гэж дүгнэсэн тул үндэслэлгүй юм.

 

3.3. Эд зүйлд үзлэг хийхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2021 онд А/77 дугаартай Улсын Ерөнхий Прокурор баталсан “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварыг шинэчлэн батлах” тухай тушаал”-аар батлагдсан маягтыг ашиглаагүй. Тушаалын 1 дүгээр хавсралтаар “хэргийн газрын үзлэг хийсэн тухай” ЗХБ-16 маягт баталсан, тус маягтад: “3. ...Дуу-дүрсний бичлэгийг тасралтгүй хийх нөхцөлийг хангасан байх ба зайлшгүй шаардлагаар бичлэг тасалдсан тохиолдолд ажиллагаанд оролцсон хүнд мэдэгдэн ажиллагааг түр зогсоож, энэ талаар тэмдэглэлд тодорхой тусгана”, “4. Үзлэгийн явцад шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагаа хийсэн байдал” зэргээр эрх бүхий албан тушаалтан хэргийн газрын үзлэг хийхэд дагаж мөрдөх, хийх шаардлагатай үйлдлүүдийг тодорхой зааж өгсөн байтал тус тус хийгээгүй.

 

3.4. ...3, 5, 6 гэж дугаарласан хэв загвар дээж авахдаа дээрх хууль, тушаалаар тус тус батлагдсан “хэв загвар, дээж авсан тухай” ЗХБ-15-ш ашиглаагүй. Оролцогч, хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, дээжүүдийг авахдаа дуу дүрсний бичлэг хийгээгүй. Дээжид авсан хэв загварыг хадгалах, шилжүүлэх, устгахдаа тус тус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.10 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаартай Шинжилгээнд зориулан авсан хэв загвар, дээжийн хадгалалт, тээвэрлэлтийн горим баталсныг дагаж мөрдөөгүй. Тухайлбал тус горимын 2.3-т: “Хэв загвар, дээжийн хаягжуулалт (дагалдах хуудас)-д байгууллагын нэр, огноо, зөрчлийн хэргийн дугаар, холбогдогчийн нэр, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаалыг тодорхой тусгаж, гарын үсэг, баталгааны тэмдэг хэрэглэж, зөрчлийн хэрэг нээсэн хуулийн заалт, хэзээ, хаанаас бэхжүүлэн хураан авсан зэргийг тодорхой бичсэн байна”, 2.4. “Хэв загвар, дээжийг хадгалах сав, баглаа боодол нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Цаасан уут”, “Сав баглаа боодол”, “Нийлэг хальсан уут”-ны стандартыг хангасан байна.” 3.4.“Эрх бүхий албан тушаалтан нь хэв загвар, дээжийн бүрэн бүтэн байдал, нууцлалыг бүрэн ханган битүүмжилж, шинжилгээ хийх эрх бүхий байгууллагад өөрийн биеэр хүргэнэ. Хэрэв өөрийн биеэр хүргэх боломжгүй бол эрх бүхий албан тушаалтнаар, эсхүл тусгай шуудангаар хүргүүлнэ.” 4.2. “Хэв загвар, дээжийг лабораторийн шинжилгээнд зориулан авах, шинжилгээ хийх эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх, шинжилгээ хийх, устгах, шинжилгээний үр дүнг авахтай холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу зохицуулна.”-гэж заасныг тус тус дагаж мөрдөөгүй.

 

3.5. Холбогдогчоос объектын 2 дугаар давхарт байсан цахилгаан халаагуурууд ажиллагаагүй гэдгийг тайлбар мэдүүлэгт хэлсээр байтал зөрчил шалган шийдвэрлэх ажиллгааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 10-д заасны дагуу цахилгаан халаагууруудыг хураан авч, мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2.3-д заасны дагуу туршилт хийн тогтоож болох байтал хийгээгүй. Эрх бүхий албан тушаалтан нь үзлэг хийх явцдаа 2 дугаар давхарт байсан цахилгаан тенүүдийн фото зураг хэд хэдэн талаас авсан байдаг атлаа 1 дүгээр давхарт байсан 3 цахилгаан тенийн 1-ийг л авч үзлэгийн тэмдэглэлдээ хавсаргадаг. Хавтаст хэргийн 22 дугаар хуудаст эрх бүхий албан тушаалтан нь: “...монос эмийн сангийн хэсэгт 3 ширхэг цахилгаан тень байх бөгөөд 1 ширхэг нь ажилладаг болно...” гэж туршилт холбогдох ажиллагаа хийгээгүй атлаа тэмдэглэсэн байдаг.

 

3.6. Зөрчлийн хэргийг 58 хоног хоёр эрх бүхий албан тушаалтан шалгасан атлаа тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, тогтоогоогүй. Түймэр гарсан объектод түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэн, ААН тус тус Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2, 17.2, ОБЕГ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/154 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулан гал түймэр, цахилгааны болзошгүй аюулаас сэргийлэн үйл ажиллагаа явуулах байтал тус дүгнэлт гаргуулсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, шалгах шаардлагагүй гэж хэлдэг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа дээрх нөхцөл байдлуудаас алийг нь ч ач холбогдолтой хэмээн авч үзээгүй.

 

Иймд Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч З.Ө-ын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасан шүүхийн шийдвэрийг гаргах бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамжны 579 тоотод байрлах М.Б-ы эзэмшлийн 18х13 метрийн хэмжээтэй 2 давхар байшинд гал түймэр гарсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгох болон иргэн А.Т-д 40,568,000 /Дөчин сая таван зуун жаран найман мянга/ төгрөг, “Монос Улаанбаатар” ХХК-д 29,144,692 /Хорин есөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэх шийтгэл оногдуулсан байна.

2.2. Анхан шатны шүүхээс “... М.Б нь тухайн гал гарсан байшингийн өмчлөгчийн хувьд ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсан гал гарсан хэсэг нь түүний өмчлөл, эзэмшилд байсан хэсэг байх тул гомдол гаргагчийг эзэмшлийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ” гэх дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.3. Учир нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд галын аюулгүй байдлыг хангах талаар иргэний эрх, үүргийг нарийвчлан тодорхойлоод, 19 дүгээр зүйлд галын аюулгүй байдлыг хангах талаар тавих нийтлэг шаардлагыг нэрлэн заасан.

2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12/164 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байх ба үүний дараа ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, дэслэгч Б.Д-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 279/1219 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 303/1219 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд тус тус гарсан байна.

2.5. Дээрх дүгнэлтүүдэд “...тухайн байшингийн цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ улмаас гал гарсан байх үндэслэлтэй, ...Гал түймрийн голомт нь тухайн байшингийн зүүн хойд талын өрөөнөөс үүсвэрлэн гарч босоо болон хэвтээ чиглэлтэй шаталга явагдаж шатах материалаар дамжин тархсан байна” гэсэн дүгнэлтийг хийжээ.

2.6. Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч М.Баас нарийвчилсан шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасны дагуу хариуцагчаас гал гарсан шалтгааныг тогтоохтой холбоотой лабораторийн дүгнэлт гаргуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч холбогдох газруудад хандсан боловч “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-аас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 650, Нийслэлийн Шүүх шинжилгээний газраас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14/633, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/2064 дугаартай албан бичгээр шинжилгээ хийх болон шинжээчээр ажиллах боломжгүй талаар хариуг тус тус ирүүлсэн хэдий ч дээр дурдсан бусад нотлох баримтаар гомдол гаргагч нь хуульд заасан галын аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч холбогдох шинжээчийн дүгнэлт, гэрч, шинжээч нарын мэдүүлэг бусад баримтуудыг үндэслэн гал гарсантай холбоотой хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

2.7. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчийн ямар буруутай үйлдлийн улмаас гал гарсан талаарх тодорхой дүгнэлт огт байхгүй, ...дан ганц хэрэглэгчийн буруутай үйлдлээс бус өөр гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх боломжтой талаар дурдсан, ...эрх бүхий албан тушаалтан нар нь зөрчлийг шалган тогтоохдоо хууль, тушаалд заасан журмыг зөрчсөн” гэх боловч гомдол гаргагч М.Б нь уг объектийн хууль ёсны өмчлөгч, түрээслэгчийн хувьд хуульд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлж, барилга ашиглалтын үед иргэний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд үйлчлүүлэх, ажиллах, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангах, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй байх, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хор хөнөөлийг хязгаарлах зэргээр бүхий л байдлаар хариуцах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

2.8. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж; 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж шударга ёсны зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлон хуульчилсан.

2.9. Энэ тохиолдолд гомдол гаргагч М.Б нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүрэгтэй гэж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д “техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх”, 30.1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн төдийгүй Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасан “иргэн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байшингийн цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах” үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгох болон иргэн А.Т-д 40,568,000 /Дөчин сая таван зуун жаран найман мянга/ төгрөг, “Монос Улаанбаатар” ХХК-д 29,144,692 /Хорин есөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэх хариуцлага тооцсон нь хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Тын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА