Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ЭХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Уын гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2067073 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч ЭХХК-ийн захирал Ч.Бү, гомдол гаргагчийн өмгөөлөгч Л., хариуцагч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ЭХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлага болон шүүхэд гаргасан тайлбартаа: ...Манай ЭХХК нь Шоу урлагийн арга хэмжээний, хөгжим, гэрлийн тоног төхөөрөмжүүд худалдаалдаг ба тоглолтод хэрэглэх зориулалттай тайзны манан гаргагч тоног төхөөрөмжийг дагалдах утааны шингэний хамт мөн худалдан борлуулдаг болно. Уг утааны шингэнийг анх БОАЖЯ-нд шаардлагатай бичиг баримт, материалыг бүрдүүлж өгөн байгаль орчинд ямар нэгэн хор хөнөөлгүй болох талаар 2019 онд 13/4283 тоот Ерөнхий үнэлгээний дүгнэлт авсан. Уг дүгнэлтээр тус бүтээгдэхүүнд нь Байгаль орчинд ямар нэгэн хор нөлөөгүй болох нь тогтоогдож ерөнхий үнэлгээний дүнгээр уг төслийг 3 жилийн хугацаатай нөхцөл болзолтой хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.

Химийн хорт болон аюулгүй бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам-ын 2.1.4-т Доорхи төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдахад энэхүү журам хамаарахгүй, Үүнд. 2.1.4.11 Жижиглэн борлуулах зориулалтаар савласан ахуйн болон гоо сайхны химийн бодис, шингэнүүд гэх заалтад хамаарагдах ахуйн химийн бодис, шингэнүүд гэж ойлгон 2019-07-24-нд 480 кг утааны шингэнийг импортолж оруулж ирсэн. Тухайн бодисыг дагалдах хор аюулгүй лавлах мэдээлэл /ХАЛМ/-ийг дагалдуулан импортолж оруулж ирэхэд Хил гаалийн хяналтаас химийн хорт болон аюулгүй бодис гэж үзэхгүйгээр БТКУС-ийн ангиллын 3824.99.00 кодод хамаарах Тайзны зориулалттай усан суурьтай хор хөнөөлгүй шингэн гэж үзэн хилээр нэвтрүүлсэн болно.

Уг бүтээгдэхүүнийг Монгол улсын хэмжээнд байгаа бүх баар ресторан, хөдөө орон нутгийн соёлын төвүүд, соёл урлагийн концерт тоглолт, хурим найр болон спорт арга хэмжээ, телевизийн шоу арга хэмжээнүүд гэх мэт газруудад өргөнөөр хэрэглэгддэг бөгөөд тэсэрч дэлбэрэн утаа гаргадаг пиротехникийн хэрэгсэл огт биш бөгөөд 60-70 хувийг ус агуулсан шингэн бодис юм. Шингэнийг нэмэлт химийн бодистой хольж найруулахгүйгээр зориулалтын утааны аппаратад хийж, халуун улайссан хоолойгоор уг шингэнийг шахсанаар шингэнийг ууршуулсан уур болгон агаарт цацаж, хиймэл манан үүсгэн энгийн хүмүүсийн амьдрал ахуйн нөхцөлд шууд хэрэглэх боломжтой, дэлхийн бүх улс орнуудад өргөнөөр ашиглагддаг, жижиглэн борлуулах зориулалттайгаар 1л-ээс 5л хүртэл хэмжээгээр савласан таг нь нэг удаагийн лацаар лацадсан бүтээгдэхүүн юм.

Гэтэл манай байгууллагатай ижил төрлийн бизнес хийдэг П******* ХХК-аас 2019 оны 11 сарын 11 өдөр НМХГ-т Химийн бодис болох утааны шингэн зөвшөөрөлгүй шинжилгээний бичиггүй зарж борлуулж байгаа тухай 0191111174 тоот өргөдөл гомдлыг гаргасан байна. Уг гомдол гаргагч П******* ХХК нь уг утааны шингэн 12 сарын 1-ний өдрөөс 31-ний өдрүүдийг дуустал албан байгууллага, хувь хүмүүс шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаатай холбогдуулан утааны шингэний худалдан авалт эрс нэмэгддэг тул эрэлт хэрэгцээтэй болох үеийг дөхүүлэн тухайн зах зээлд өрсөлдөж байгаа бусад байгууллагуудыг ижил төрлийн утааны шингэн худалдаалахгүй байлгахын тулд гомдол гарган шалгуулан үйл ажиллагааг нь зогсоох зорилготой уг шалгалтын ажлыг хийлгэсэн болно. Манай компани утааны шингэнийг 4л савлагаатайг 40,000 төгрөгөөр зарж борлуулдаг бол П******* ХХК нь 5л савлагаатай шингэнийг 81,900 төгрөгөөр худалдан борлуулж байна. Гомдол гаргагч П******* ХХК нь өөрсдөө утааны шингэн мөн адил зарж борлуулах зөвшөөрөлгүй бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 2016/83 тоот Химийн хортой, аюултай бодис Импортлох, ашиглах, худалдах зөвшөөрлийг 2016-04-29-өөс 2019-04-29 хүртэл хугацаагаар авч байсан байна. Уг хугацаанд Монгол улсын хилээр 2016 оны 05 сарын 10-ны өдөр 4,4 тонн БТКУС-ийн ангиллын 3824.99.00 кодод хамаарах утааны шингэнийг БТКУС -ийн ангиллын 3824.90.00 кодоор оруулж ирж уг шингэнүүдийг хувь хүн болон албан байгууллагууд чөлөөтэй худалдан борлуулж байна. Уг маргаан бүхий утааны шингэнүүд нь хувь хүн болон албан байгууллагуудад чөлөөтэй худалдан борлуулж байна. Уг маргаан бүхий утааны шингэнүүд нь монгол улсад анх орж ирж байгаа бүтээгдэхүүн огт биш бөгөөд 1990 оноос хойш одоог хүртэл манай улсад өргөнөөр хэрэглэгдсээр ирсэн ямар нэгэн хор аюулгүй бүтээгдэхүүн юм.

Манай байгууллагыг хууль бусаар торгож байгаа нь зөрчлийн тухай хуулийн дараах заалтуудтай зөрчилдөж байна. Үүнд, 1. Нэг компани эрх ашгийн төлөө захиалгаар манай компанийг торгож байгаа бөгөөд уг шалгалтад хамрагдсан манайхаас бусад байгууллага нь ямар ч хор аюулгүйн лавлах мэдээлэл /ХАЛМ/ бичиг баримтгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хил гаалиар хууль бусаар нуун оруулж ирж худалдаалж байсан байгууллагуудыг хувь хүн гэж үзэн 300.000 төгрөгөөр торгон харин хууль журмын дагуу татвар хураамжаа төлөн оруулж ирсэн манай байгууллагыг 3.000.000 төгрөгөөр торгож байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйл. Хуулийн зорилго 1. Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино. Гэх хуулийн үндсэн зорилго болох шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасантай нийцэхгүй шударга бус байна.

2. Манай компани нь зохих журмын дагуу татвар хураамжаа төлөн олон улсын стандарт шаардлага хангасан хор аюулгүй утааны шингэнийг урлаг соёлын байгууллагуудад хямд үнээр нийлүүлсэнээрээ ямар нэгэн хувь хүн, албан байгууллагад болон байгаль орчинд хохирлын хэр хэмжээг огт гараагүй болно.

1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим

1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохиролын хэр хэмжээнд тохирсон байна. Гэх хуулийн шудрага ёсны зарчимд хохиролын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасантай нийцэхгүй байна.

3. НМХГ-аас Зөрчлийн тухай хуулийн 5, 11 зүйлийн 1,7 дахь хэсэгт заасан Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль зөрчиж худалдсан гэх үндэслэлээр биднийг торгож байна. Хэрэв уг шаардлагын дагуу манай компани Химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд хуулийн:

Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам-ын

3.4 Худалдахад тавих шаардлага

3.4.1.1 химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад химийн хорт болон аюултай бодсыг худалдахыг хориглоно. Гэж заагдсан заалтын дагуу зөвхөн ашиглах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад худалдаалах болж байна. Энэ нь амьдралд хэрэгжин нийцэх ямар ч боложгүй бөгөөд Монгол улсын хэмжээнд спорт соёл урлагийн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн бүх байгууллагууд болох аймаг сумдын соёлын төвүүд, спорт заалууд, үзвэл үйлчлгээний газрууд, бүх телевиз, продакшнууд, бар рестораны үйл ажилгаа эрхэлдэг хувь хүн болон албан байгууллагууд бүгд мөн адил химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болхоор байна. Энэ нь мөн зөрчлийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн Зөрчил 2.Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заасан хуулийн заалтын дагуу Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг амьдралд биелүүлэх боломжгүй байгаа тул зөрчил гэж үзэх үндэслэл алга байна. Ийнхүү П******* ХХК-ны ашиг сонирхолоос шалтгаалан манай компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт эрс буурч цаашид уг бүтээгдэхүүнийг захиалан борлуулах эрх хязгаарлагдаж байна.

Иймд НМХГ-ын Улсын байцаагч Г.Уын 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, хяналтын улсын байцаагч Г.У би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр П******* ХХК-д менежер ажилтай О.Ц*******аас гаргасан Манай П******* ХХК нь утааны шингэн бодис болох химийн бодисыг Д/2016/83 тоот /Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, 38249000 код/-оор гаалийн мэдүүлэг бүрдүүлэн импортолж байхад бусад газрууд адилхан утааны шингэн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр импортолж байна шалгаж өгнө үү гэсэн гомдлын дагуу БЗД-ийн 10 дугаар хороо, Эрэл 46 дугаар байранд байрлах Шоутек нэрийн хөгжмийн дэлгүүрт Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, стандартын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЭХХК-ийн захирал Ч.Бүг байлцуулан хийхэд тухайн аж ахуйн нэгж нь химийн хорт болон аюултай бодис ашиглах, худалдан борлуулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Химийн хорт болон аюултай бодис ашиглах, худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь баримт бичгийн шалгалтаар тогтоогдсон ба утааны шингэн болох 5 нэр төрлийн 3-4 литрээр савлагдсан нийт 11 ширхэг бодисыг тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа тухайгаа мэдүүлсэн болно.

Шалгалтын хүрээнд улсын байцаагчийн хөтөлсөн Д/0057057 тоот Шалгалт хийсэн тухай тэмдэглэл-ийн санал, хүсэлт хэсэгт захирал Ч.Бцаашид тусгай зөвшөөрөл авч импортлох нь зүйтэй хэмээн зөвшөөрч харин гадуур хяналтгүй зарагдаж байгаа утааны шингэнүүдийг хяналттай болгох талаар өөрийн саналыг тэмдэгтүүлж гарын үсэг зурсан.

Баримт бичгийн шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь БОАЖЯ-аар батлуулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлттэй боловч утааны шингэн бодисын хор аюулын лавлах мэдээллийг бодис хадгалж байсан агуулахад нүдэнд харагдахуйц ил тод байрлуулаагүй, утааны шингэн хадгалах зориулалтын өргөөгүй байгаа нь Химийн бодис хадгалах агуулах МИS6458:2014 стандартын шаардлага хангаагүй болон мөн Ослын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө-гүй байсан болно.

ЭХХК нь БОАЖЯ-аар батлуулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 334/104 дүгээр хамтарсан тушаалын хавсралт Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам-ын 2.1.4 дэх /Доорх төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдахад энэхүү журам хамаарахгүй/ гэснээр 2.1.4.11 дэх /Жижиглэн борлуулах зориулалтаар савласан ахуйн болон гоо сайхны химийн бодис шингэнүүд/ гэх заалтад хамрагдах эсэх талаар БОАЖЯ-аас тайлбар лавлагаа авахаар НМХГ-ын даргын 2019.11.28-ны өдрийн 02-01/4980 тоот албан бичгээр хүргүүлсэн болно.

БОАЖЯ-ны хариу бичигт 334/104 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан химийн бодис химийн бүтээгдэхүүн агуулсан жагсаалт мөрдөгдөж байгаа ба Монгол Улсын хилээр лицензгүй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн Газрын 2014 оны 379 дүгээр тогтоолд Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмаар зөвшөөрөл авах шаардлагагүй бүтээгдэхүүний жагсаалтад орсон бодисоос бусад химийн бодис, химийн бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэхэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгож байхаар шийдвэрлэсний дагуу тус яамнаас Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл олгож байгаа бөгөөд тус ЭХХК-ийн утааны шингэн химийн бодис нь дээрх журмын жагсаалтад ороогүй тул Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн тайлбар эрх бүхий байгууллагаас ирсэн болно.

Мөн Гаалийн ерөнхий газрын Хяналтын шинжилгээний албанд НМХГ-ын дэд даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02-03/5136 тоот албан бичгээр Хил гүний хяналтаар тус утааны шингэн бодисыг тусгай зөвшөөрөлтэй импортолдог эсэх талаар лавлагаа хүссэн албан бичгийг хүргүүлсэн болно.

Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-1/105 тоот албан бичгээр ЭХХК нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газарт 02-2091006-19-100763R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр 3 төрлийн утаа гаргагчийн бэлдмэлд бүртгүүлэлт хийсэн байна. Бүрдүүлэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, гадаад харилцааны хийсэн байна. Бүрдүүлэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын 2009 оны 334/104 дүгээр хамтарсан тушаалын хавсралт Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам-ын 2.1.4 дэх /доорх төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдахад энэхүү журам хамаарахгүй/ гэснээр 2.1.4.11 дэх /Жижиглэн борлуулах зориулалтаар савласан ахуйн болон гоо сайхны химийн бодис шингэнүүд/ гэх заалтад хамруулсан хийсэн байна.

Гэхдээ дээрх ахуйн болон гоо сайхны зориулалтгүй химийн хорт болон аюултай бодисыг савлагааны хэмжээнээс үл хамааран Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж, хил гүний хяналтаар нэвтрүүлэх болно гэсэн хариуг ирүүлсэн болно.

Иймд ЭХХК-ийн гаргасан үйлдлийг Монгол Улсын Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандартуудыг зөрчсөн гэж үзэн зөрчлийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналтын дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсгийн дагуу 0067073 дугаартай шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль оногдуулсан болно.

Тухайн аж ахуйн нэгжид торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хяналтын прокурорт хүргүүлж, хянуулж ажилласан тул тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анх гомдол гаргагч ЭХХК-иас тус шүүхэд хандан ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Уын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У нь П******* ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрөөр шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Шүүх гомдлын шаардлагын хүрээнд, гомдол гаргагч болон өмгөөлөгчөөс, мөн хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт өгч дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

П******* ХХК-ийн менежер О.Ц*******аас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар П******* ХХК нь утааны шингэн бодис болох химийн бодисыг Д/2016/83 тоот /Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах, устгах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, 38249000 код/-оор гаалийн мэдүүлэг бүрдүүлэн импортолж байхад бусад газрууд адилхан утааны шингэн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр импортолж байгааг шалгаж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээж шалгаад ЭХХК-ийг химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах устгах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан гэх үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсаар ЭХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.7 дах хэсэгт заасан зөрчлийг гаргасанд тооцож 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Гомдол гаргагч ЭХХК дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлээ ...Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1.6, 1.7-д заасныг тус тус зөрчсөн гэж торгосон. Энэ заалтууд нь зөвшөөрөлгүй химийн хортой бодисыг хадгалсан, худалдсан гэж байгаа. Утааны шингэн нь хортой бодис биш. Монгол улсын Засгийн газраас баталсан хортой болон аюултай бодисын жагсаалтад байхгүй. Химийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ бодисыг хортой болон исэлддэг бодис гэсэн дүгнэлт гараагүй. П******* ХХК нь зөвшөөрлийн хугацаа нь дууссан байхад тэднийхийг 300,000 төгрөгөөр торгоод манай байгууллагыг 3.000.000 сая төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна. хэмээн тайлбарлан маргаж байна.

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ гэж  тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл,  шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг ойлгох бөгөөд 3.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг, 18 дугаар зүйлийн 18.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.
1-д Тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх,  худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгоно. гэж тус тус заасан байна.

Үүнээс үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 5.11 дүгээр зүйлийн 1.6, 1.7 дахь хэсгүүдэд химийн хорт болон аюултай бодисыг худалдах, хадгалах хэмээн тус тус заажээ.

Хэдийгээр гомдол гаргагч болон түүний өмгөөлөгч нар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч Г.Уыг ижил төрлийн зөрчилд ЭХХК-ийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, харин П******* ХХК-ийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус ялгавартай байдлаар зөрчлийн хэргийг шалгасан гэж маргадаг боловч хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06/8613 тоот Мэдээлэл хүрүүлэх тухай албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02-1/105 тоот Мэдээлэл хүрүүлэх тухай албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1902000641 дугаар Зөрчлийн хэргийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээс тус тус үзэхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Уын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсаар ЭХХК-д оногдуулсан шийтгэвэр нь үндэслэлтэй, хуульд нийцэж байна.

ЭХХК 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хөгжим гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийн сэлбэгийн худалдаа, засварын үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн байна.

Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журамд утааны шингэний талаар тусгайлан журамлаагүй боловч эрх бүхий захиргааны байгууллагуудаас ЭХХК-д хүргүүлсэн албан тоотуудад бэлдмэлүүдийг импортлоход Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бодис импортлох тусгай зөвшөөрөл зайлшгүй авах шаардлагатай гэдгийг удаа дараа сануулсан мэдэгдлийг хүргүүлж байсныг дурдах нь зүйтэй байна.

ЭХХК нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газарт 02-2091006-19-100763R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр 3 төрлийн утаа гаргагчийн бэлдмэлд бүрдүүлэлт хийхдээ дээрх журмын 2.1.4 дүгээр зүйлийн 2.1.4.11-т Жижиглэн борлуулах зориулалтаар савласан ахуйн болон гоо сайхны химийн бодис шингэнүүд гэх заалтад хамруулан гаалийн бүрдүүлэлтээ хийсэн байна.

Гэвч тус химийн бодис, бэлдмэлийг савласнаас үл хамааран Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийг авах шаардлагыг хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандартыг зөрчсөн гэж үзэв.

Түүнчлэн гомдол гаргагч болон түүний өмгөөлөгч нар ...ахуйн зориулалтаар хэрэглэхээр Монгол улсын хилээр оруулж ирсэн, ...хууль болон журамд утааны шингэн гэж заагаагүй тул химийн аюултай, хортой бодис гэж үзэхгүй гэж маргадаг бөгөөд дээрх утааны шингэнийг хууль, журамд зааснаар ахуйн зориулалтын шингэн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл ахуйн зориулалттай шингэн гэдэг нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг химийн бодис агуулсан /үүнд: саван, аяга таваг угаагч шингэн, угаалгын нунтаг, шампунь гэх мэт/ бүтээгдэхүүнийг ойлгоно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Уын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 тоот шийтгэлийн хуудсаар ЭХХК-ийн зөрчилд оногдуулсан шийтгэлийг буруутгах үндэслэлгүй байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

2. П******* ХХК-ийн хувьд утааны шингэн бодисыг импортлох тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй байсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар П******* ХХК-д Химийн хорт болон аюултай бодисын ашиглалтад бус Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д Аж ахуйн нэгж, байгууллага нь химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавина. гэснийг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтад дотоод хяналт тавиагүй бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан П******* ХХК-ийн зөрчлийн хэргээс үзэхэд П******* ХХК нь хуульд заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа эрхэлж байсан байна. Улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахад эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У нь П******* ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрөөр шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг даалгах шаардлага бүхий гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Уын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У нь П******* ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрөөр шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг даалгах шаардлага бүхий ЭХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ