Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Тавчуул овогт Х.Э, Шарнууд овогт Ж.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Г-г эцэг Х.Э-н асрамжинд үлдээж, хариуцагч Ж.Б-н хүүхдийн асрамжийн талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч Ж.Б-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Э хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
- Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Э-с 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Ж.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12 860 000 /арван хоёр сая найман зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар зохигчдын урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 299 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-с 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Э-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас илүү төлсөн 62 193 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж Ж.Б-д олгосугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгасугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ