Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00524

 

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00524

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ** тоотод түр оршин суух Монгол овгийн О.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баянталын ** тоотод оршин суух Их Монгол овгийн А.М,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ** байранд байрлах С ХХК -д холбогдох

Нөтбук буюу 1 160 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагч А.М, хариуцагч С ХХК-ийн захирал О.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.М  миний хүү Т.А-с манай АСЕRнөтбүкийг авч Э ломбардад анх 2018-01-14-нд 7 хоногийн хугацаанд 6%-ийн хүүтэй 80 000 төгрөгөнд тавьсан байна. Мөнгөний 30 000 төгрөгийг А-т өгч 50 000 төгрөгийг М  авсан байна. Ингээд хугацаа болоход нөтбүкийг ломбардаас авч өгсөнгүй. А 2 удаа хугацаа сунгах мөнгөө тухайн ломбардаас нэмж аван нэг удаа 7 хоногоор нэг удаа 14 хоногоор сунгасан байна. Э ломбард нь 7, 10, 14 хоногийн гэсэн хугацаатай хүүлдэг. Дараагийн 7 хоног гэхэд нэмээд 6%, 14 хоног гэхэд 8% гэх мэтээр хүү нь нэмэгдэж. хоногийн алданги 1% гэх мэтээр хүүлж 2 сарын 14-нийг дуустал сунгуулахад 286 300 төгрөг болсон байна. 3 сарын 7-нд би гэртээ ирээд А-с ломбардыг асууж очиход эзэн нь эзгүй байсан ба утсаар ярихад 8-нд ирэхийг хүссэн. 3 сарын 8-нд очиход нөтбүкийг зарсан байсан. Би "доторх мэдээлэл чухал, зарсан хүнээсээ буцаагаад асуугаад өгөөч' гэхэд Улаанбаатар луу ченжид зардаг. Тэр ченж цааш нь зарсан байна гэсэн. Гэхдээ ломбардны эзэн залуу "Форматалсан нөтбүк байсан гэж худал ярьж байна билээ. Мөн намайг сая гаран төгрөгний үнэтэй эдийг 80 000 төгрөгөнд тавьсан хүүтэйгээ алдангитай байсан ч өөрийнх нь үнийн дүнгийн 70-75%-д хүрээгүй байхад яагаад зардгийн гэхэд "Манай журам тийм. Хаа хүрэх газраа явж заргалд гэсэн". Бүх мөнгө, хүү алдангийг өөрсдийнх нь журмын дагуу бодуулж үзэхэд 3 сарын 8-ны өдрийн байдлаар 351 000 (хэдэн зуун төгрөгтэй) төгрөг гэж хэлсэн. Ломбардын хүлээлгийн хоног электрон бараан дээр 7 хоног гэж бичсэн байсан. Монгол Улсад барьцаат зээл нэг сард 15-28%. алданги хоногийн 1% гээд 1 сар хагасын хугацаанд анхны зээлийн үнээс 4 дахин өсч хүний үнэт зүйлийг асар хямд аван зарахыг хуулиар зөвшөөрдөг гэж би бодохгүй байна. Ломбардны эзэн залуу Энэ нөтбүкний ижил ороод ирнэ, 400.000 төгрөгөнд аваарай" гэсэн. Би тийм нөтбүк ирвэл холбогдоорой гэж хэлсэн боловч хүн өөрийн чухал хэрэгцээтэй юмаа хямд зардаггүй тул ломбардаас ямар нэг эд зүйл авахыг хүсэхгүй байна. Иймд Монгол Улсад Санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх журмын дагуу Э ломбард миний нөтбүкийг зарсан хэргийг шүүж нөтбүкийг маань А.М  болон Э ломбардаар төлүүлж өгнө үү. Зээлийн 30 000 төгрөг болон явцын дунд хугацаа сунгуулахдаа А-н авсан 10 000 төгрөг нийт 40 000 төгрөг ба түүнд ногдох хүүг хасуулан тооцуулах болно. Уг нөтбүк нь 1 200 000 төгрөгний үнэтэй ба шинэ жилийн хямдралаар цүнх хулганатай нь 1 049 900 төгрөгөөр авч байсан баримтын хувийг хавсаргав. Мөн Э ломбардын мөнгө хүүлэх журмын зураг, ломбардаас нөтбүк тавьж зээл авсан А.Мөнх-Эрдэнийн баримтыг ломбард эх хувиасаа олшруулж өгснөөр хавсаргав. Иймд 1 200 000 төгрөгөөс 40 000 төгрөг түүний хүүг хасуулан төлүүлэх эсвэл ижил нөтбүк цүнх хулганатай нь шинийг төлүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.А-р нь удаа дараалан надаас мөнгө зээлж байсан ба нийт өрийн хэмжээ нь А-с авсан гэгдэх 50 000 төгрөгний хэмжээнээс их байсан. Ийнхүү 2018.01.14-ний өдөр А нь acer i3, 5-р үе, 8gb ram, 500 gb hard, 14 inch нөтбүкийг мөнгөний хэрэгцээ байна гээд миний бичиг баримтаар ломбарданд тавьж өгөхийг гуйсан. А нь надад 50 000 төгрөг өгч бидний хоорондох өрийн асуудлыг дуусгахаар тохиролцсон. Би Т.А-н хамтаар Э барьцаалан зээлдүүлэх газар очиж 2018.01.14-нд 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр 80 000 төгрөгийг миний бичиг баримтаар барьцаалан зээлдэж, тохиролцсоны дагуу 50 000 төгрөгийг надад өгч, үлдсэн 30 000 төгрөгийг Т.А өөрөө авсан. Ийнхүү барьцааны хугацаа дуусах болоход Т.А нь нөтбүкээ барьцаалан зээлдүүлэх газраас аваагүй байсан ба, би сайн санааны үүднээс өөрийн өрөндөө авсан 50 000 төгрөг хүртлэх мөнгөн тусламж санал болгосон боловч Т.А нь ахин надаас мөнгө зээлээгүй. Барьцаалан зээлдүүлэх хугацаа дуусч Т.А-н нөтбүк зарагдсан байна. Үүнийг мэдсэн Т.А-н эх О.Г нь өөрийн хүү Т.А-н надад өртэй байсныг мэдэлгүй намайг шүүхэд дуудсан байна. Түүнчлэн надад өрийн асуудал байсныг А өөрөө нотлох тул энэхүү хэргээс миний нэрийг цагаатгаж өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөрхгүй... гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн захирал О.Э  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Г-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие О овогтой Э  нь С ХХК-ийг үүсгэн байгуулж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг Э-3 нэртэйгээр ажиллуулдаг. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Т.А, А.М  нар нь АСЕР i3, 5-р үө, 40В ram, 500gb hагd, 14 инч бүхий дэлгэц нь гэмтэлтэй нөтбүкийг авч ирж барьцаанд авиад 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй 80 000 төгрөгийг холбогдох баримт бичигт гарын үсэг зурж авцгаасан. Ингээд эхний хугацаа дуусахад нөүтбүкээ авалгүй, мөнгө ч өгөлгүй үндсэн зээл дээрээ нэмэлт хийж зээлийн хугацааг 3 удаа сунгаж байсан. 2018 оны 01 дүгээ сарын 21-ний өдөр 38 500 төгрөг, 01 дүгээр сарын 24-ний өдөр 21 500 төгрөг, 01 дүгээр сарын 28-ны өдөр 57 000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 000 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр 45 000 төгрөг, 02 дугаар сарын 05-ны өдөр 10 000 төгрөг ингээд нийтдээ 270 000 төгрөгийн зээлтэй болсон. Хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирж 7 хоногоор сунгаж мөнгө нэмж авч яваад хугацаандаа ирээгүй алга болсон. Би энэ хоёрыг хамгийн сүүлд ирэхэд ахиад мөнгө нэмж өгөхгүй шүү дэлгэц нь гэмтэлтэй учир цаашдаа үнэ хүрэхгүй гэж хэлсэн. Иймээс та хоёр одоо мөнгөө л авчираад нөтбүкээ аваарай, сунгалтаа хэдэн ч удаа хийлгэж болно гэж хэлсэн. Хэрвээ хугацаандаа ирэхгүй бол зарагдана шүү гэдгийг ч мөн сануулж байсан. Зээлийн гэрээний хуудсан дээр зээлийн гэрээ дуусах хугацаа нь 7 хоногоос хэтэрвэл зарах болно гэсэн тайлбар байгаа үүнийг уншиж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Харин хугацаа 7 хоногоосоо хэтэрсэн боловч зараагүй хүлээж байсан. Утсаар нь залгаж хэлж байсан мөн гадаа хоёулантай таараад сунгахгүй бол зарлаа гэж ч хэлж байсан. Холбогдож анхааруулаад байхад ирээгүй сүүлд нэмэлт хийх гээд ирэхэд хоёуланд нь маш сайн хэлсэн байгаа. Ингээд Т.А , А.М  нар ирээгүй учир нөтбүкийг 380 000 төгрөгөнд зарсан. Харин тэдний зээлсэн мөнгө хүүтэйгээ мөн хугацаа хэтэрсэн алдангитайгаа нийлээд 351 000 төгрөг болсон байгаа. Миний хувьд нөтбүк зарсан үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу явуулсан болно. Нэхэмжлэгч болох Г гэдэг хүнийг би огт танихгүй. Энэ хүнээс нөтбүк аваагүй, зээлийн гэрээ ч байгуулаагүй. Харин Т.А , А.М  нартай зээлийн гэрээ байгуулсан. Тиймээс удаа дараа сануулж байхад ирээгүй учир нөтбүкийг зарж журмын дагуу зээлийн гэрээгээ хаасан тул одоо бидний хоорондох зээлийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгч Г нь Т.А , А.М  нараас нэхэмжлэх нь зүйтэй болов уу. Миний хувьд энэ хүнд /Г/ ямар ч төлбөр мөнгөний тооцоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Г нь А.М  болон С ХХК-д холбогдуулан шинэ нөтбүк /цүнх хулганатай нь/ буюу 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа, 1 200 000 төгрөгнөөс 40 000 төгрөгийн хүүг хасаад 1 160 000 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Г-н хүү Т.А нь хариуцагч А.М-н хамт өөрийн эзэмшлийн АСЕР i3, 5-р үө, 40В ram, 500gb hагd, 14 инчийн нөтбүкийг С ХХК-ийн Э ломбардад тавьж эхлээд 80 000 төгрөг, дараа нь Т.А , А.М  нар нь мөнгө нэмж авсаар нийт 270 000 төгрөгийн зээл авсан гэдэг дээр талууд маргахгүй байна.

Хариуцагч А.М нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... 2018.01.14-ний өдөр Т.А нь мөнгөний хэрэгцээ байна гээд миний бичиг баримтаар нөтбүкээ ломбарданд тавьж өгөхийг гуйсан. Ингээд нөтбүкийг нь 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэйгээр 80 000 төгрөгийг миний бичиг баримтаар барьцаалан зээлдэж аваад, надтай тохиролцсоны дагуу надад өгөх ёстой 50 000 төгрөгөө надад өгсөн, үлдсэн 30 000 төгрөгийг Т.А өөрөө авсан. Гэрээний хугацаа дуусахад Т.А нь нөтбүкээ барьцаалан зээлдүүлэх газраас аваагүй байсан. Ингээд нөтбүк зарагдсан байсан. Т.А ийн ээж нь Т.А ийг надад өртэй байсныг мэдэлгүй надаас мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Би Т.А ийнд орж гарч байгаагүй, өөрөө л намайг гуйгаад миний бичиг баримтаар ломбарданд тавиулсан. Нөтбүкээ Т.А нь байнга өөрөө аваад л явж байдаг байсан...гэсэн тайлбар гаргасан.

Харин С ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... өмнө нь Т.А нь У-тай орж ирээд нөтбүкээ тавина гэхэд нь бичиг баримтгүй байсан тул бичиг баримттай хүнд зээл өгнө гэж хэлсэн. Тэгтэл дараа нь А.М тэй орж ирээд дэлгэц нь гэмтэлтэй нөтбүкийг 7 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй 80 000 төгрөгийг холбогдох баримт бичигт гарын үсэг зурж авцгаасан. ...нэмж авсаар нийтдээ 270 000 төгрөгийн зээлтэй болсон. ...Зээлийн гэрээний хуудсан дээр зээлийн гэрээ дуусах хугацаа нь 7 хоногоос хэтэрвэл зарах болно гэсэн тайлбар байгаа үүнийг уншиж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. Харин хугацаа 7 хоногоосоо хэтэрсэн боловч зараагүй хүлээж байсан. Утсаар нь залгаж хэлж байсан мөн гадаа хоёулантай нь таараад сунгахгүй бол зарлаа гэж ч хэлж байсан. Холбогдож анхааруулаад байхад ирээгүй, сүүлд нэмэлт хийх гээд ирэхэд хоёуланд нь маш сайн хэлсэн. Ингээд нөтбүкийг зарсан... Нэхэмжлэгч О.Г-ыг би огт танихгүй. Энэ хүнээс нөтбүк аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Тиймээс нэхэмжлэгч нь Т.А , А.М  нараас нэхэмжлэх нь зүйтэй болов уу. Миний хувьд Г-д ямар нэг төлбөр мөнгөний тооцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарласан.

Хариуцагч А.М  нь нэхэмжлэгч О.Г-ын хүү Т.А ийн гуйлтаар өөрийнхөө бичиг баримтаар Т.А т өөрийнх нь нөтбүкийг барьцаалж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газраас мөнгө зээлж авч өгсөн, Т.А нь надад өртэй байсан ч би түүнээс мөнгөө авья гэж шахаагүй, өөрөө л миний мөнгийг өгье гэсэн... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж эсэргүүцээгүй бөгөөд, няцаагаагүй.

С ХХК-ийн хувьд нэхэмжлэгч О.Г-тай эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд, уг хариуцагчаас нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А ийг 1999.10.09-нд төрсөн насанд хүрсэн гэсэн бөгөөд, нөтбүкийг О.Г-, Т.А нарынх гэж тайлбарласан.

Хариуцагч А.М-н: ... миний бичиг баримтаар нөтбүкээ ломбарданд тавиад өгөөч гэсэн..., хариуцагчийн төлөөлөгч О:Э ын: ...өмнө нь Т.А нь У-тай орж ирээд нөтбүкээ тавина гэхэд нь бичиг баримтгүй байсан тул бичиг баримттай хүнд зээл өгнө гэхэд дараа нь А.М тэй орж ирээд дэлгэц нь гэмтэлтэй нөтбүкийг барьцаанд тавьсан... гэсэн тайлбаруудаас үзэхэд Т.А нь хариуцагч А.М-н бичиг баримтаар ломбарданд нөтбүкээ тавьж зээл авсан гэж үзэхээр байна. Тиймээс А.М  нь Т.А ийн нөтбүкийг ломбарданд тавиулж мөнгө зээлүүлж хувьдаа ашигласан байдал нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан А.М , С ХХК-с 1 160 000 төгрөг гаргуулах О.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА