Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 320

 

Э.Од холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхтулга,

шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Оын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1808052981476 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

6................., 1984 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33-545 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-79а тоотод түр оршин суух, /РД:..................../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон;

Э.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-43б тоотод оршин суух иргэн Л.Цэрэндуламын гэрт нэвтэрч, булган шуба 1 ширхэг, зурагтын кабелийн хүлээн авагч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Боржигон овгийн Энхтуяагийн Одбадралыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Э.Од мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 6 сap 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 4 cap 18 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан 3 жил 4 cap 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.О давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхэд орохдоо хууль зүйн мэдлэг хомс, хууль ёсны өмгөөлөгч байхгүй оролцсон. Мөн хулгайлсан гэх эд зүйл эмэгтэй хүний булган шуба, кабель холбогч зэргийг хууль бусаар нэвтрэн авсанаа хүлээн зөвшөөр ч байгаа. Тэр дор нь авсан эд зүйлийг буцаан аваачиж өгсөн. Хохирогч Л.Цэрэндуламаас өөрийн биеэр уучлалт гуйж, өөрийн гэмтэй үйлдлийг хүлээж байсан. Цагдаагийн албан хаагчдад өөрөө хэргээ хүлээн мөрдөн байцаалтын явцад саад бэрхшээл учруулаагүй. Үйлдсэн хэргийнхээ хор холбогдлыг ойлгон буруутай гэдгээ дахин, дахин хүлээн зөвшөөрч, улмаар хууль биелүүлэх, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, сэтгэлзүйн бэлтгэлтэй болохоо харуулж байсан. Бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа чин сэтгэлээсээ ойлгож гэмшиж байгаа эсэхээ анхан шатны шүүхэд учирлан хэлсэн. Тус гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдсон. Нотлох баримт болон үйл баримтуудад мөрдөн шалгах ажиллагааны нэгдүгээр хугацаанд хамгийн түрүүнд хүлээсэн байгаагаар шүүх, прокурорын аль алинд нь хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхээс авсан 3 жил 4 сар 18 хоногийн хорих ялын хэмжээнд өөрчлөлт оруулж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Оын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.О нь 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн боловч учруулсан бодит хохирол гэж байхгүй. Бусдад төлөх төлбөргүй, мөн гэм буруугаа хүлээж мөрдөн байцаалтанд анхнаасаа мэдүүлгээ өгсөн. Хувийн байдлын хувьд өрөөсөн нүд нь хараагүй, харааны бэрхшээлтэй, ар гэргүй зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтээд 2 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. Ялын зүйлчлэл болон гэм буруу дээр маргаан байхгүй.” гэв.

Прокурор С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оын хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зорилгод тухайн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх гэж байдаг. Тэнсэгдсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээд байгаа нь хувийн байдлын зүгээс нийгэмшээгүй нь харагдаж байна. Хувийн байдалд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26-43б тоотод оршин суух иргэн Л.Цэрэндуламын гэрт нэвтэрч, булган шуба 1 ширхэг, зурагтын кабелийн хүлээн авагч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Цэрэндуламын “2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 09 цагийн орчим манай үүдээр зүс таних залуу нэг залуугийн хамтаар явж байхаар нь би тэр хоёрыг дуудаад хашааныхаа төмрийг янзлуулах гэж гуйсан юм. Тэр хоёр манай хашааг янзлаж байтал төмөр дуусахаар нь нэмж төмөр авахаар явах гэтэл 5.000 төгрөг өгчих гээд байхаар нь өгчихөөд төмрөнд яваад буцаад ирэхэд нөгөө хоёр залуу байхгүй байсан. Гэртээ ороход том өрөөний зурагтын хажууд эвхээд тавьсан булган шуба, зурагтан дээр байсан Талстын хар өнгийн төхөөрөмж байхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-21-22/,

гэрч С.Нямсүрэнгийн “Тэгээд гэртээ ирээд байж байтал 1 цагийн дараа Од манай гэрт тортой эд зүйл барьчихсан орж ирэхээр нь би Одоос “наадах чинь юу юм бэ” гэж хэлтэл Од “би түрүүний хашаа янзалж өгсөн айл руу ороод авчихсан юм” гэж хэлсэн. Би тухайн эд зүйлийг нь харахад хар өнгөтэй эмэгтэй хүний булган шуба байсан бөгөөд би Одод “чи наадхаа буцааж аваачиж өг” гэж хэлэхэд Од манай гэрээс тортой эд зүйлээ барьсан чигээрээ буцаад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-24-25/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-4/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-9, 15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17/, эд зүйлийн үнэлгээ /хх-29/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Э.Оыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Э.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Э.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 10 сар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

 ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ