Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 324

 

М.Н, Р.Н, Г.М,

Д.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар магадлалтай, М.Н, Р.Н, Г.М, Д.С нарт холбогдох эрүүгийн 201710000086 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.        

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Мэргэжлийн хяналтын 147-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхбаатарын Нандин-Эрдэнэ.

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, эмээ нарын хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр Сулинхээрт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөхүүн овогт Ренчинлхүмбийн Наран-Өлзий.

3. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр Сулинхээрт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Зидраа овогт Гантуяагийн Мөнх-Эрдэнэ.

4. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Энхтайваны 3-13 тоотод оршин суух,

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Тогоо овогт Диваагийн Сүхбаатар.

М.Н, Р.Н, Г.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956.200 төгрөгийн 136 кг 600 грамм үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

Д.С нь М.Н, Р.Н, Г.М нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу “Ханги мандал” боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956.200 төгрөгийн 136 кг 600 грамм үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор “... Эрүүгийн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Сыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул гэм буруугүйд тооцож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарыг хязгаарласан барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Р.Нд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Мд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нарыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Нандин-Эрдэнийн эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 74-85 ДГО улсын дугаартай УАЗ-220692 загварын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Нд буцаан олгож” шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар магадлалаар “… анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун гаргасан гомдолдоо “... М.Н, Р.Н, Г.М нар нь 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хязгаарласан бараатай хил нэвтрэх үйлдлийг хийхэд Д.С хамт байгаагүй, хил нэвтрүүлэх үйлдэл хийхэд ямар нэгэн үүрэг хүлээж оролцоогүй зөвхөн хил нэвтэрсэн, хэрэг төгссөн үед очсон үйлдлийг хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохирч Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйл гаргасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон, тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Сүхбаатар нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар, гэмт хэрэг илрэх үед хамт байгаагүй боловч уг гэмт хэрэгт урьдчилан үгсэн тохиролцож, автомашинаар хангаж оролцсон нь гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М нар нь Д.Стай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах “Ханги мандал” хилийн боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 136.6 килограмм үхрийн түүхий махыг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Сыг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрээгүй, хязгаарласан эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлээгүй гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц нотлох баримтыг бодитой дүгнэж чадаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн бөгөөд өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, нотлогдсон гэж үзэх, ямар нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх талаар урьдчилан шийдвэрлэх эрхгүй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй тул нэр бүхий 4 шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н, Р.Н, Г.М, Д.С нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                Б.ЦОГТ

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН