Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0524

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0524

Улаанбаатар хот

 

 

“Талын фокус” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Талын фокус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр, Л.Бархасбаатар нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Талын фокус” ХХК-ийн захирал Д.Батхуяг 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр, Л.Бархасбаатар 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 263659 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 331 дүгээр шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3, 14.4, 14.5-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр, Л.Бархасбаатар 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 263659 тоот актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт “...Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.3, 14.4, 14.5-д заасныг тус тус баримтлан ...тоот актыг хүчингүй болгосугай” гэж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон... заана” гэсэн бөгөөд шүүх тогтоох хэсэгтээ буюу шүүхийн шийдвэрийн гол баримтлах заалтаараа татварын улсын байцаагчийн актын үндэслэл болсон заалтуудыг дурдсанаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн дээрх шийдвэрт баримталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэг нь хэргийн нөхцөл байдалд ямарч хамааралгүй байна.

Нэхэмжлэгч “Талын фокус” ХХК нь 2011 онд “Валверус” ХХК-ийн 009022637 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 45454,6 мянган төгрөгийн, 009744676 дугаартай падаанаар 68181,8 мянган төгрөгийн буюу нийт 113636,4 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд үүнийг улсын байцаагч нар хяналт шалгалтын явцад шалгахад уг худалдан авалт нь борлуулалт талдаа тусгагдаагүй, анхан шатны баримтуудаар нотлогдоогүй, “Валверус” ХХК-иас мах худалдан авсан нь хөндлөнгийн мэдээлэл болон анхан шатны баримтуудаар нотлогдоогүй тул татварын улсын байцаагч нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварын хасч тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцсон болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад “Валверус” ХХК-ийн падааныг Г.Алтанцэцэг гэгч нь бусдад зарж борлуулсан болох нь нотлогдсон байх бөгөөд энэ баримт нь “Талын фокус “ХХК-ийн бодитой худалдан авалтыг уг аж ахуйн нэгжтэй хийгээгүй болохыг, дээрх дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болохыг хангалттай нотолж байна.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын “Заавар, загвар шинэчлэн батлах тухай” 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалын 1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг юм. Падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болно”, 4-т “Падаанд тусгагдах мэдээллийг үнэн зөв, бүрэн бичиж, түүнийг үйлдсэн ажилтан гарын үсгээ зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Падааны бүрдэлт, үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцна” гэж зохицуулсан.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, 15 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгоход гол нотлох баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааны үнэн зөвийг худалдан авалт хийсэн аж ахуйн нэгж бүрэн хариуцаж байх үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд үндэслэгдээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хуулийн агуулгыг зөв үнэлж дүгнээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” байхаар зохицуулсан байдаг.      

Гэтэл нэхэмжлэгчийн “Валверус” ХХК-иас 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0009022637 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 45454,6 мянган төгрөгийн, 12 дугаар сарын 30-ны өдрийн 009744676 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 68181,8 мянган төгрөгийн, нийтдээ 113636,4 мянган төгрөгийн үнэ бүхий үхрийн мах худалдан авахдаа 11363,6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэх нь санхүүгийн анхан шатны бусад баримтаар нотлогдохгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хуулийн дээрх шаардлага хангагдахгүй байна.

Тухайлбал, дээрх худалдан авалттай холбоотой “Валверус” ХХК-ийн регистрын дугаар бүхий 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 12 дугаар сарын 25-наар огноолсон тус компанийн бэлэн мөнгөний кассын орлогын ордер, “Талын фокус” ХХК-ийн мөн өдрөөр оноолсон кассын зарлагын ордероос өөр анхан шатны санхүүгийн баримт байдаггүй.

Өөрөөр хэлбэл “Валверус” ХХК-ийн нэхэмжлэх байхгүй, худалдан авалтын гэрээ, хэлцэл байгуулаагүй, төлбөрийг тус компанийн харилцах дансанд шилжүүлээгүй, хэдийгээр төлбөрийг бэлнээр хийсэн гэдэг ч олон удаагийн давтамжтай худалдан авалтын төлбөрийг 2 удаа төлсөн мэтээр нэгтгэн баримт үйлдсэнийг хуульд заасан баримт гэж үзэх боломжгүй.

Иймд “Валверус” ХХК-ийн регистрийн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тус компаниас бодитоор худалдан авалт хийсний үндсэн дээр авсан бус харин энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан гэж дүгнэх үндэслэлтэй.

Түүнчлэн Улсын мөрдөн байцаах газраас 2013 онд Татварын ерөнхий газарт хүргүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зөрчилтэй, хяналт шалгалтад хамрагдах компанийн жагсаалтад “Валверус” ХХК орсон, мөн нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт хийсэн гэх “Валверус” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч н.Сэлэнгэ болон түүний охин Г.Алтанцэцэг нар нь сэжигтнээр болон яллагдагчаар татагдаж байцаагдсан мэдүүлэгтээ нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад зарж борлуулж байснаа тус тус хүлээн зөвшөөрсөн байна.

Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдэг нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нэгдсэн дугаар бүхий нягтлан болох бүртгэлийн анхан шатны баримт бичиг мөн” болохыг, 4-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн төсөвт төлөх болон бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн албан татварын хасалтыг тодорхойлж, тайлан гаргах үндэслэл болдог бөгөөд падааны бүрдэлт үнэн зөвийг түүнийг олгосон, хүлээн авсан татвар төлөгч хариуцах” болохыг тус тус тодорхойлсон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, 15 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгоход гол нотлох баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын падааны үнэн зөв эсэхийг худалдан авагч тал нягтлах шаардлагатай, өөрөөр хэлбэл их хэмжээний үнийн дүнтэй худалдан авалтыг хийхдээ санхүүгийн анхан шатны баримтыг хангалттай бүрдүүлэлгүйгээр, хэнээс худалдаж авч байгаагаа ч мэдэлгүй, зөвхөн “тамгатай падаан өгсөн” гэдэг үндэслэлээр худалдан авалтыг нотлох гэж байгаа нь үндэслэлгүй. 

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гээд 74 дүгээр зүйлийн 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэснээс гадна уг хуулийн 74.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 74.1...-т заасны дагуу нөхөн төлүүлэх ...татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн актаар “...нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 11363,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 3409,1 мянган төгрөгийн торгууль, 2403,4 мянган төгрөгийн алданги, нийт 17176,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, татварын хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байх тул Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр, Л.Бархасбаатар нарын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 263659 тоот актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Татварын улсын байцаагчдын хувьд нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн махыг худалдан аваагүй гэж, эсхүл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд гэрээний дагуу мах нийлүүлээгүй гэж буруутгаагүй, гагцхүү уг худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэн хариуцлага ногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулах, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ....этгээдийг өршөөн хэлтрүүлэх”-ээр байх тул энд татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болох “Талын фокус” ХХК-д актаар тогтоосон нийт 5812.5 мянган төгрөгийн торгууль, алдангийг хамааруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /хуучин/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга 2016.01.01-нээс дагаж мөрдөгдсөн/ 14 дүгээр зүйлийн 14.5, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 263659 тоот акт ногдуулсан 3409,1 мянган төгрөгийн торгууль, 2403,4 мянган төгрөгийн алдангийг тус тус өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 5812.5 мянган төгрөгөөр багасган 11363,6 мянган төгрөг болгосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН