Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/210

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ
 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

 

 

      Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч С.Оролмаа,
Д.Буянтогтох /и/ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор
Г.Э,

Иргэдийн төлөөлөгч Б.Б,

Хохирогч Л.Ж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй
явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн
96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Боржигон овогт Г.Гт холбогдох эрүүгийн 201619000775 тоот
хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 07 дугаар
сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн
Сэргэлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч
мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум 5 дугаар
баг Усны аж ахуйн А1-30 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял
шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Г.Г
/РД.НС/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Төв
аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны
3-а тоот байшингийн гадна хашаанд 2016 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих
шөнийн 00 цагийн үед найз Л.Жтай машины мост өгнө гээд өгсөнгүй
гэх шалтгаанаар маргалдан муудалцаж улмаар нүүрэн тус газар нь цохиж бие
махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж Төв
аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар
зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгг дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Л.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө найз Даваанямын гэрийн гадаа машины сэлбэг өпц, авахаас болж Г.Г бид 2 маргалдсан. Би урьд өмнө биедээ гэмтэл авч байсан учраас Г.Гын нэг удаагийн цохилтоос болж миний биед хүнд гэмтэл учирсан гэж бодохгүй байна. Г.Г надад эмчилгээний төлбөр бүрэн төлж барагдуулсан. Одоо миний эрүүл мэндийн байдал хэвийн ажлаа хийж байгаа шүүгдэгч Г.Гыг хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 24-ний орой 00 цаг өнгөрч байхад манай нөхөр Г, Жаргалсайхан нар гадаа тамхи татахаар гарцгаасан. Удалгуй 5-10 минутын дараа орж ирсэн чинь Жаргалсайханы хамарнаас цус гараад нүүрнийх нь баруун хэсэгт хавдчихсан байсан, Бид нар юу болсныг асуухад Жаргалсайхан, Гтой муудалцаад намайг цохичихлоо гэж хэлсэн. Жаргалсайхан манай нөхөртэй хамт гарахдаа биедээ ил харагдах гэмтэл шарх аваагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Ч.Давааням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22 цагийн үед манайх шинэ байрын найраа хийхэд манай гэрт Г, Жаргалсайхан, Өлзийсүрэн, Должинсүрэн, Баттуяа, Батцэрэн нар ирсэн. Би эхнэр Батцэцэгтэй хамт хүлээж аваад бид нар 0.75 граммын Сүлд нэртэй архийг 4-5 шилийг айрагтай ууж хоол унд идэцгээсэн. Тэгээд дуулж хуурдаад сууж байсан чинь шөнийн 00 цагийн үед Г, Жаргалсайхан нар тамхи татах гээд гадаа гарцгаасан. Манайхнаас ер нь тэр хоёр тамхи татдаг юм. Гэрээс гарсны дараа манай охин Ууганнансал 2 давхараас гадаа нэг юм болоод байх шиг байна гэхээр нь би гараад харсан чинь Жаргалсайхан энэ цохичихлоо гээд хашаан дотор зогсож байсан. Тэр хобрыг гэрт оруулсан чинь Жаргалсайханы нүд улайгаад хамраас нь цус гарсан байхаар нь крантад угаалгасан. Жаргалсайхан, Г нар согтуу байсан, тэр хоёр машины эд зүйлээс болж зодолдсон гэж ярьж байсан. Жаргалсайхан манай гэрээс гарахдаа ямар шархгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би гэрийнхээ 2 давхарт унтаж гээд гартал манай хашаанд 2 эрэгтэй хүн хэрэлдээд чанга, чанга яриад хашгираад байхаар нь аав Даваанямд энэ талаар хэлчихээд унтсан. Сүүлд сонссон чинь Г ах Жаргалсайхан ахтай муудалцаад цохиж гэмтээсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед нялх биетэй 2 хүүхэдтэй байсан болохоор 2 хүүхдээ 23 цаг өнгөрөөд унтуулах гэж хэвтээд унтчихсан байсан. Өглөө сэрсэн чинь Жаргалсайхан, Г нар муудалцаад Жаргалсайханыг цохиод хамраас нь цус гаргасан гэж манай нөхөр хэлсэн. Жаргалсайхан гэмтлээсээ болоод хагалгаанд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Ө.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Жаргалсайхан, Г хоёр тамхи татна гэж байшингаас гарсан. Эргэж орж ирэхдээ Жаргалсайхан нь Тогосоо намайг цохичихлоо гээд хамарнаас нь цус гоожоод өрөөсөн нүд нь бүлцийсэн байдалтай орж ирсэн. Бид нар тал талаас нь зэмлээд Жаргалсайханы нүүр гарыг угаалгаад тарцгаасан. Жаргалсайхан, Г хоёр нэг нь нөгөөдөө автомашины мост өгөх байсан, түүнээсээ болж хэрэлдсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр Жаргалсайхан Гтой хамт тамхи татна гээд байшингаас гарсан. Удалп/й Жаргалсайхан нь Г намайг цохичихлоо гээд хамарнаас нь цус

гарчихсан баруун нүд нь бага зэрэг хавдчихсан орж ирсэн. Би юунаас болсон талаар асуухад Гтой муудалцаад Г намайг цохичихлоо гэж хэлсэн. гэртээ очиход нөхөр маань халуураад мөн нүүр нь хавдаад байхаар нь түргэн тусламж дуудаад үзүүлсэн чинь эмч ирж эм бичиж өвчин намдаах лаа хийж өгөөд явсан. Маргааш нь манай нөхөр эмнэлэгт очиж үзүүлээд нүүрнийх нь хавдар буугаад харсан чинь нүүр нь сонин харагдаад байхаар нь би компьютер томографикт үзүүлтэл 5 газарт хугаралтай байхаар нь цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Ц.Р мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Төв аймгийн Зуунмод сумын нэгдсэн эмнэлэгт дүрс оношлогооны эмч ажилтай. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр намайг ажил дээрээ байхад 42 настай эрэггэй Жаргалсайхан ирж Төв аймгийн эмнэлэгт авахуулсан хамарын дайвар хөндийн рөнтгөн зургийг надаар уншуулж дүгнэлт бичүүлсэн. Тухайн үед баруун ухархайн гадна хана хүрээ ирмэг тэгш бус, хамар яс мурийсан, баруун дайвар хөндийн агааржилт буурсан гэсэн дүгнэлт амбулаториор эмчлүүлсэн карт дээр бичиж өгсөн. Жаргалсайхан биед нүдний ухархайн цөмөрсөн хугарал гэмтэл учирсан байх магадлалтай тул толгойн томографикийн зураг авахуулах шаардпагатай гэсэн зөвлөгөө өгч явуулсан. Жаргалсайхан 2016 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө хүнд цохиулсан гэж надад хэлж байсан. Биенийх нь байдал зовиуртай байсан. Жаргалсайханы биед үзлэг хийхэд ухархайн тойроод хөхөрчихсөн нүдэнд цус хурсан, мөн зургийг харахад биед учирсан гэмтэл нь шинэ байх боломжтой байсан болохоор би нарийн шинжилгээ хийлгэх зөвлөгөө өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/

Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 42 настай эрэгтэй Л.Ж гэх өндөр нуруутай нүүр нь нилээн хавдартай хүн ирж үзлэг хийлгэсэн. Жаргалсайхан нь гэмтэлд үзүүлчихсэн, компьютерт харуулах гэж явж байсан. Үзлэгээр Жаргалсайхан тархи доргилттой байсан. Би түүнд хамар чинь хугарчихсан юм биш үү гээд эмчилгээ бичээд явуулсан. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирж үзүүлэхэд миний бичиж өгсөн эмчилгээ эмийг уугаагүй байхаар нь дахин бичиж өгөөд явуулсан. Жаргалсайхан айлын найранд очоод зодуулчихлаа гэж надад ярьж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 81-82 дугаар хуудас/

Улсын клиникийн төв эмнэлэгт хохирогч Л.Ж 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 5 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх- ийн 36-40 дүгээр хуудас/

Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогооны радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт: Баруун духны суурь хэсэгт хугарлын харалдаа бага хэмжээний цус хуралттай. Тархины эдийн бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай, 2 талын хажуугийн ховдлууд болон 3, 4 ховдлуудын байрлал хэлбэр хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнуудад өөрчлөлтгүй. Голын бүрдэл хазайлтгүй. Зүүн талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Баруун нүдний ухархайн дотор урд ирмэг, хамрын баруун хянга болон хамрын уг хэсэг, хамрын хөндийн баруун хажуу хана, баруун гайморын хөндийн урд дотор хана, баруун ухархайн доод хана зэргийг хамарсан цөмөрсөн хугаралтай. Баруун талын чамархайн суурийн урд хэсэг, баруун ухархайн дээд хана зэргийг хамарсан зөрүүтэй хугаралтай. Баруун нүдний ухархайн гадна хананаас баруун духны хажуу хэсэг рүү бага зэрэг үргэлжилсэн хугаралтай. Баруун гайморовын хөндийн ар хана зөрүүтэй хугаралтай, дотор хана хамрын хөндий рүү цөмөрсөн хугаралтай. Баруун хацар ясны нум зөрүүтэй хугаралтай. Баруун гайморов, этмойд хөндийд шингэнтэй. /цус/ хамрын бусад

дайвар хөндийдүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн...гэх дүгнэлт /хх-ийн 90 дугаар хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: Л.Жы биед баруун талын чамархайн суурийн урд хэсэг, баруун ухархайн дээд ханыг хамарсан зөрүүтэй хугарал. баруун нүдний ухархайн гадна хананаас баруун духны хажуу хэсэг рүү үргэлжилсэн хугарал, баруун нүдний ухархайн дотор урд, ирмэг, хамрын баруун хянга болон хамрын уг хэсэг, хамрын хөндийн баруун хажуу хана, баруун гайморовын хөндийн урд дотор хана, баруун ухархайн доод ханыг хамарсан цөмөрсөн хугарал, баруун гайморовын хөндийн ар ханын зөрүүтэй хугарал, баруун гайморовын хөндийн дотор ханын хамрын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун хацар ясны нумын зөрүүгүй хугарал, баруун духны суурь цус хуралт, тархи доргилт гэмтэл учирчээ.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжпэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 3-а тоот байшингийн гадна хашаанд 2016 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнийн 00 цагийн үед найз Л.Жтай машины мост өгнө гээд өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан муудалцаж улмаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Гэрч Л.Б...“удалгүй 5-10 минутын дараа орж ирсэн чинь Жаргалсайханы хамарнаас цус гараад нүүрнийх нь баруун хэсэгт хавдчихсан байсан. Бид нар юу болсныг асуухад Жаргалсайхан Гтой муудалцаад намайг цохичихлоо гэж хэлсэн"...гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Д... “гэрээс гарсны дараа манай охин Ууганнансал 2 давхараас гадаа нэг юм болоод байх шиг байна гэхээр нь би гараад харсан чинь Жаргалсайхан энэ цохичихлоо гээд хашаан дотор зогсож байсан. Тэр хоёрыг гэрт оруулсан чинь Жаргалсайханы нүд улайгаад хамраас нь цус гарсан байхаар нь крантад угаалгасан. Жаргалсайхан, Г нар согтуу байсан"...гэх мэдүүлэг

Гэрч Ө.Ө... “Жаргалсайхан нь Тогосоо намайг цохичихлоо гээд хамарнаас нь цус гоожоод өрөөсөн нүд нь бүлцийсэн байдалтай орж ирсэн.

Бид нар тал талаас нь зэмлээд Жаргалсайханы нүүр гарыг угаалгаад тарцгаасан”...гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Р...”Жаргалсайхан 2016 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө хүнд цохиулсан гэж надад хэлж байсан. Биенийх нь байдал зовиуртай байсан. Жаргалсайханы биед үзлэг хийхэд ухархайн тойроод хөхөрчихсөн нүдэнд цус хурсан, мөн зургийг харахад биед учирсан гэмтэл нь шинэ байх боломжтой байсан болохоор би нарийн шинжилгээ хийлгэх зөвлөгөө
өгсөн”...гэх мэдүүлэг, Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогооны радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт.

2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчилэн найруулсан хуулийг буцааж хэрэглэх

үндэслэлтэй байх тул Г.Год Төв аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна

Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв

Шүүгдэгч Г.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хохирогч Л.Ж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэпг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргуй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 1, 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 4, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Год 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч            Боржигон овогт Г Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хохирол гомдол саналгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Ю.ЭНХМАА

ШҮҮГЧИД                                                                      С.ОРОЛМАА

                                                                                      Д.БУЯНТОГТОХ