Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мөнхдалайд  холбогдох 201501070348 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                        Л.Отгончимэг
Улсын яллагч:                                      Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч                         С.Сэргэлэн
Шүүгдэгч:                                                  Л.Мөнхдалай нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, В, С ангиллын тээврийн хэрэгслийн жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр Энхболор  /Интермед эмнэлэгт сувилагч ажилтай/ 5-10 насны 2 хүүхэд нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Зүүнбаянцагааны 5 дугаар гудамжны 10 тоот  хашаанд оршин суух,  Боржигон овгийн Лхамсүрэнгийн Мөнхдалай /РД:АС88092217/

Л.Мөнхдалай нь иргэн Ц.Амарсайханы итгэмжлэн хариуцуулсан 1.200.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 5 сар 5 хоногийн хугацаагаар хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Мөнхдалайгийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

            Би Амарсайхан ахад мөнгийг нь төлөөд өгчихвөл хэрэг хэрэгсэхгүй болчихно гэж бодоод түүнд ажил хийж өгөөд яваад байтал гэмт хэрэг болсон байна. Хуулийн байгууллагын үйл ажиллагааг хүндрүүлсэндээ уучлал хүсэж байна. Ялыг тэнсэж өгнө үү гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Л.Мөнхдалайгийн хэрэг бүртгэлтэд сэжигтнээр өгсөн мэдүүлэг

“Би бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдснаас хойш 3-4 хоногийн дараа байцаагч Гүлбану намайг 2 дахь өдөр хүрээд ирээрэй гэхэд нь за тэгье гэж хэлээд Хэнтий аймаг руу айлын идшинд явсан чинь машины мотор цохиод хагас сайн өдрийн үүрээр Налайхад орж ирсэн. Тэгээд Налайх дүүрэгт уурхайд ажилд орсон. Тэндээсээ цагаан сараар хот руу орж ирээд гэртээ хариад Амараа ахынд очоод ажлаа хийж байгаад цагдаад баригдсан. Би тухайн үед цагдаа дуудаад намайг шууд бариад хорьчих байх гэж айгаад дуудсан цагт нь ирээгүй гэжээ /хх-103/

Батлан даалтад  өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол

1 200 000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогдсон Л.Мөнхдалайг Б.Энхболор, Л.Дэнсмаа нарыг батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов гэжээ /хх-42/

Хохирогч Ц.Амарсайханы хэрэг бүртгэлтийн үед өгсөн мэдүүлэг

Би Мөнхдалайг 2 сарын турш цалингүй ажиллуулж 1 200 000 төгрөгөө төлүүлсэн. Л.Мөнхдалай нь 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл надад цалингүй ажилласан. Ажлаа хийж л байсан болохоор хэрэг бүртгэлтийн шатнаас оргосныг мэдээгүй. Мөнхдалай надад танд ажил хийгээд өрөө барагдуулчихлаа, байцаалтад очоогүй гээд л арга хэмжээ авахуулах байх гэж ярьж байсан. Би түүнд очих хэрэгтэй би удахгүй дагуулж очно гэж хэлж байсан гэжээ /хх-89/

Гэрч Л.Дэнсмаагийн хэрэг бүртгэлтийн үед өгсөн мэдүүлэгт:

“Би Мөнхдалайг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр батлан даалтад аваад Улаанбаатар хот руу 7 хоног ажил хийнэ гээд явсан. Тэгээд 10 хоногийн дараа бие өвдөөд байна гээд Налайхад манайд ирж эм тариа хийлгэж 7 хоносон. Тэр үед Амараа ахад машиныг нь барьж мөнгийг нь олж байгаа гэсэн ба цагдаа дээр очихгүй яасан бэ гэхэд тэгж байгаад очиж уулзана, мөнгөгүй байгаа гэж байсан. Хоёр сард дүүтэйгээ хүргэн ах Алтан-Очирын гэрт таарсан чинь цагдаа дээр очоогүй байгаа удахгүй очно гэж байсан гэжээ /хх 90 хуудас/

Торгуулийн арга хэмжээ авах тухай 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн шийтгэвэр /хх-85 хуудас/

Батлан даагч Л.Дэнсмаа, Б.Энхболор нар нь сэжигтэн Л.Мөнхдалайг батлан даасан үүргээ биелүүлээгүйн улмаас Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 192 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагджээ  /хх-84-85/

Гэрч С.Сэргэлэнбатын хэрэг бүртгэлтийн үед өгсөн мэдүүлэгт “...Мөнхдалайгийн ах нь Налайхад манай нүүрсний уурхайд ажилладаг ба гуйгаад байхаар нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэл өөрийн уурхайдаа ажиллуулсан. Тухайн үед надад хэрэгт шалгагдаж байгаа гэж огт хэлээгүй, мөнгөө хулгайд алдчихлаа л гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-92 хуудас/

Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн  тогтоол:  /хх-53 хуудас/

“Х.Амарсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед иргэн Мөнхдалайд Багануур хувьцаат компанаас нүүрс ачуулахаар өөрийн эзэмшлийн Хово маркийн машиныг 1 200 000 төгрөгтэй өгч явуулсан, Мөнхдалай 1 200 000 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн нь тогтоогдсон тул 201501070348 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Л.Мөнхдалайг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэхийг  Цагдаагийн хэлтэст даалгах”  гэжээ /хх-53/

      Яллагдагчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, /2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн/

     Мөнхдалайд холбогдох иргэн Ц.Амарсайханы 1 200 000 төгрөгийг итгэмжлэн хариуцаж байхдаа завшсан гэмт үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.3  дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэжээ /хх-116-117/

Шүүгдэгч Л.Мөнхдалайгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: Боржигон овгийн Лхамсүрэнгийн Мөнхдалай нь ял шийтгүүлж байгаагүй гэжээ. /хх-49 хуудас/

Хэрэг бүртгэлтийн үе шатанд Л.Мөнхдалайг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-105/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 Л.Мөнхдалай нь иргэн Амарсайханы итгэмжлэн хариуцуулж Багануур дүүрэг дэх Багануур ХК-аас нүүрс ачуулах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн 1 200 000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдэж сэжигтнээр тооцогдон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хэрэг бүртгэлээс 05 сар 05 хоногийн хугацаагаар зориуд зайлсхийсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. 

 Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж авсан, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, шүүгдэгчийн “Тухайн үед намайг шууд бариад хорьчих байх гэж айгаад дуудсан цагт нь ирээгүй, дахиж ийм асуудал гаргахгүй маш их гэмшиж байна” хэмээн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар  батлагджээ.

Дээрх баримтуудыг холбогдох үйлдлүүдийг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадсан, үйлдэлд хамаарал бүхий, хууль ёсны бөгөөд эх сурвалж нь тогтоогдсон, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

             Л.Мөнхдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Л.Мөнхдалайд  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулна.

Шүүгдэгч Л.Мөнхдалай хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, ялыг нь тэнсэж хянан харгалзах нь зохистой гэж дүгнэв.

Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй. Шүүгдэгч энэ хэрэгт 3 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Лхамсүрэнгийн Мөнхдалайг таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Лхамсүрэнгийн Мөнхдалайг нэг /1/ жил арав /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Мөнхдалайгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Л.Мөнхдалайгийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Л.Мөнхдалайд оногдуулсан нэг /1/ жил арав /10/ хоногийн хорих ялыг тэнсэж нэг /1/ жилийн  хугацаагаар хянан харгалзсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Мөнхдалайд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай
  7. Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд  гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд оногдуулах ялд тэнссэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх журамтайг тус тус мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Л.Мөнхдалайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Л.Мөнхдалайд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй зэргийг дурдсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  11. Тогтоолыг давж заалдвал биелэлтийг түдгэлзүүлж Л.Мөнхдалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ОЮУНБАТ