Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 321

 

И.От холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч И.О,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 302 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлээр И.От холбогдох эрүүгийн 1810024840020 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр 3 дугаар хэсэг гудамж, 15-3 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 16 хоногийн өмнө тэнсэн суллагдсан;

И.О нь 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид” харш хотхоны орцонд хамтран амьдрагч С.Гэрэлчимэгийг зодож эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн хацар, хүзүү, зүүн шуу, зүүн сарвууны хуруу, зүүн гуя, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: И.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байх бөгөөд И.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг дахин нягтлан шалгах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Ивановын Отгонбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол И.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч И.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор Н.Нарангэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст С.Гэрэлчимэгийн төрсөн ах С.Сүхбаатараас гаргасан “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байрны 124 тоотод 11-нээс 12-нд шилжих шөнө миний дүү С.Гэрэлчимэгийг түүний нөхөр болох Отгонбаяр нь хүндээр гэмтээн зодож тус байранд амьдрах дүү Сарангуа нарыг айлган сүрдүүлж доромжлон архи ам руу цутгаж, хутгаар биеийг нь энд тэндгүй сийчэж хүнд гэмтээсэнд гомдолтой байна.” гэсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгахад гомдолд дурьдсан асуудлууд болон С.Гэрэлчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт дурьдсан нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч И.О нь хамтран амьдрагч С.Гэрэлчимэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүд мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч С.Гэрэлчимэг нь гэртээ байгаагүй өөр эрэгтэй хүнтэй хамт согтуу ирсэн гэсэн шалтгаанаар хардалтын улмаас маргалдаж И.О нь С.Гэрэлчимэгийг орцонд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл тохиолдлын шинжтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. С.Гэрэлчимэгийг хохирогчоор тогтоон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авахад “...Отгонбаяр намайг хүргэж өгсөн залуутай хардаж намайг зодсон. Урьд нь намайг огт цохиж, зодож байгаагүй.” Гэж мэдүүлсэн /хх-19/, яллагдагч И.Оын өмнө нь гэрчээр мэдүүлэхдээ “... лифтэнд суух гэтэл Гэрэлчимэг нэг залуутай инээлдчихсэн лифтнээс гарч ирсэн. Гэрэлчимэг бага зэрэг халамцуу байсан ба тэрээр нөгөө залуугаа сугадчихсан байхаар нь “юу вэ? Наадах чинь юун залуу вэ” гэж хэлээд Гэрэлчимэгийн зүүн шанаанд 1 удаа алгадсан. Би Гэрэлчимэгээс хаана байж байгаад ирсэн тухай асуутал тэрээр “би чамайг хайж яваад ангийнхаа хүүхэдтэй тааралдаад хүргүүлсэн юм” гэхэд гарт нь баарны такс наалттай байхад худлаа яриад байсан. Мөн урьд нь Гэрэлчимэг намайг гадаадад байхад өөр залуутай уулзаж байсан нь мэдэгдээд би тэр залуутай нь ярьж эхнэрийнхээ өмнөөс уучлалт гуйж, айл гэр үймүүлж битгий уулз гэж хэлж байсан. Дээрх шалтгаануудаас болж миний уур хүрч бухимдаад Гэрэлчимэгийн 2 хацар, шанаа орчим 3-4 удаа алгадаж, зүүн гуя руу 1 удаа өшиглөөд, дух руу нь гараараа 1-2 удаа цохиж заамдсан. Дутуу уугаад үлдээсэн архийг Гэрэлчимэгт өгсөн.” гэсэн бөгөөд яллагдагчаар татаж мэдүүлэг авахад эхнэр С.Гэрэлчимэгийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулах болсон шалтгааны талаар тодорхой мэдүүлсэн. Иймд шүүгдэгч И.Оын эхнэр С.Гэрэлчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Яллагдагч И.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж прокурор хүсэлтийг нь хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад нэгэнт тогтоогдсон баримтанд үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн   хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 302 дугаартай захирамжийг хүчингүй болож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх И.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

И.От холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь И.Оыг өөрийн хамтран амьдрагч С.Гэрэлчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгах явцад С.Гэрэлчимэг нь “1 жилийн өмнөөс эхлэн намайг дарамталж эхэлсэн. 2017 онд нэг удаа гар хүрж байсан. Тухайн үед би цагдаад хандаагүй, тэр хүнээс айгаад байсан юм” /1хх-11-12/ гэж тодорхой мэдүүлсэн байх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй нөхцөл байдлыг хангасан байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, санаа зорилго, учирсан хор уршигаар тодорхойлогдох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэв.

 

Мөн И.О нь удаа дараа захиргааны зөрчил гаргаж байсан талаар АСАП сангийн тодорхойлолтод /хх-31-39/ байх бөгөөд уг зөрчлийг гаргахад хэн, хаанаас дуудлага өгсөн талаар шалгаж тогтоогоогүй, түүний хувийн байдлыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 302 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Нарангэрэлийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 6 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ          

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ