Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0355

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ЭТ” ХХК

Хариуцагч: Соёлын яам, БСШУСЯ/*****2518 дугаартай тендер шалгаруулалтыг явуулсан Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яам

 Нэхэмжлэлийн шаардлага: Тендерийн Үнэлгээний хороо болон захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах тухай БСШУСЯ/*****2518 дугаартай тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, “ЭТ” ХХК-д учирсан цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол 16,164.763 төгрөг гаргуулах, Сангийн яамны 2020 оны 14 дүгээр сарын 20-ны №6-1/2559 дугаар албан тоотоор өгсөн шийдвэрийн гомдлыг хянан хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Л.Б, хариуцагч Соёлын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, С.Б, хариуцагч Сангийн яамны Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн захирал Ч.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерт оролцож байгаа компаниуд хурдан тендерээ шийдүүлж ажлаа хийхийг бодно. Хууль тогтоогч нар хуулиараа хугацааг богиносгоод байхад тендер шалгаруулах ёстой яам, тамгын газар тендерийг 30 хоног дотор шалгаруулдаггүй. Сангийн яам нь  хянадаг, бичиг баримт дүрэм журмыг боловсруулж, сургалт явуулж гэрчилгээ олгодог атлаа Сангийн яам өөрсдөө хууль зөрчдөг. Хуулийн дагуу 30 хоног дээр нэмж 15 хоногоор нэг удаа хугацааг сунгаад хэрэг түдгэлзүүлэх маягаар дахин хугацаа сунгадаг. Практик дээр дээд тал нь 18 хоногт шийдсэн байдаг. Сангийн яамны хариу орой ирсэн гэж хэлдэг. Нэг бичиг бичээд бичгээ 4-5 хоногийн дараа гардуулдаг. Эс үйлдэхүйгээрээ хууль тогтоогч, Улсын Их Хурлаас илүү их эрх мэдэлтэй болчихсон. Тендерт оролцож гомдол гаргавал Сангийн яамны  мэргэжилтэн хянадаг. Ингээд 18 хонуулаад тендерийн хүчинтэй байх хугацааг би түдгэлзүүлж байна гээд бичиг өгөхөөр хуулиас даваад 45 хоногийн дотор гэрээ байгуулах ёстой тендер нь 60, 70 хоног гээд сунадаг.  Энэ асуудлаар гомдол гаргахаар бидний зөв гээд сууж байгаа. Захиалагч буюу захиргааны байгууллага тендер шалгаруулах гэж байна гэж 30 хоног дотор хангалттай шалгаруулж болно. 30 хоног гэсэн учир 25 дахь хоног дээр нь тендер шалгаруулалтын үйл ажиллагааг явуулдаг. Үүнийг нь Сангийн яаманд 5 хоног дотор гомдол гаргаад, Сангийн яам 15 хоногийн дотор гомдлыг нь шийдвэрлэнэ. Ингээд тендер хүчинтэй байх хугацаа нь дуусчихдаг. Хэн хохирдог вэ гэхээр тендер авсан компани нь хохирдог. Тэгээд хууль зөрчсөн гээд гэрээ байгуулдаггүй. Нэхэмжлэгчид хариуцагчаас гэрээ байгуулах талаар их гуйсан. Ингээд цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохироод дуусдаг гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч нь тендер хүчинтэй байх хугацааны дотор “соёл урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдах авах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 202002518 дугаартай тендерийн нэгдүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар “ЭТ” ХХК-д учирсан цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол болох 16.164.763 төгрөгийг гаргуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан. Сангийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №6-1/2559 тоотоор өгсөн шийдвэрийн гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд тендер шалгаруулалтын хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье” гэсэн хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоох хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэ сонгон шалгаруулалт тендерийн хүчинтэй байх хугацааны дотор гэрээ байгуулах хуультай байгаа. Тендер хүчинтэй байх үндсэн хугацаа нь 30 хоног, нэмэлт хугацаа 15 хоног байдаг. Энэ хугацааны дотор багтаж тендерийн үнэлгээний хороо болон захиалагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь тендер шалгаруулалтаа хийж, гэрээ хийж чадаагүй. Яагаад гэрээг энэ хугацаанд багтаж хийж чадаагүй вэ гэж хариуцагчаас асуухаар Сангийн яам 15 хоног сунгасан гэдэг тайлбар өгсөн байдаг. Сангийн яам нэг удаа 15 хоногоор хугацааг сунгах эрхтэй байдаг. Сангийн яам хуулийн дагуу уг гомдлыг 14 хоногийн дотор хянадаг. Энэ тохиолдолд 10 хоног хянасан байсан. 5 хоног илүү гарсан. Захиалагч болон үнэлгээний хороонд 35 хоногийн илүү хугацаа гарж ирсэн. Сангийн яам гомдлыг хүлээж аваад захиалагчид гомдлыг хүлээж аваад хянахдаа түр түдгэлзүүлдэг хуультай байдаг. Ингээд Сангийн яам гомдлыг хүлээж аваад тендер шалгаруулалтын цаашид үргэлжлэх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Гэхдээ Сангийн яамны энэ бичиг дотор “гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа давхар зогсох болсныг мэдэгдье” гэсэн өгүүлбэр байдаг. Тэгэхлээр тендер хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлэх гэж хуульд байхгүй эрх мэдлийг эдэлж байна. Тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 30 хоног байдаг бөгөөд Сангийн яамнаас 15 хоног сунгавал 45 хоног болно.

Гэтэл энэ  тендер хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлэх аргаар Сангийн яаманд дээр байх хугацааг сунгаж байгаа. 15 хоног хянах юм нь цааш сунаад 60 хоног болоод явж байна. Практик дээр 14 хоног хянах хуультай ч 18 хоног болж байж хариу өгдөг болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулиар тендер хүчинтэй байх хугацаа нь 45 хоног, тендерийг нэг удаа сунгах хугацаа 35 хоног байсан бөгөөд нийт 75 хоногийн дотор тендер зохион байгуулдаг байсан. Сүүлд н.О гишүүний санаачилгаар тендерийн хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулиар дараах өөрчлөлт оруулсан. Тендер зохион байгуулалт урт удаан сунжирч байна, мөн тендерт оролцогчид гомдол гаргаж зуны турш тендер шалгаруулалт явуулсаар бүтээн байгуулалтын ажил байхгүй болж байна гэж үзсэн. Хуулийн үзэл баримтлал нь ийм байдаг. Ингээд 45 хоног байсан тендер хүчинтэй байх хугацааг 30 болгож, нэг удаа 30 хоногоор сунгаж болдог байсныг 15 хоног болгож өөрчилсөн. Тендерт оролцогчид үндэслэлгүй гомдол гаргаж, тендерийн үйл ажиллагааг сунжруулдаг учир гомдол гаргадаг компаниудыг үндэслэлгүй гомдол гаргавал 20 хүртэлх  сая төгрөгөөр  торгож, тендерийн баталгааг нь хураадаг болсон. Ингээд тендерийг будлиулдаг, луйварддаг нь хувийн компани гээд Улсын Их Хуралын гишүүд ярьж байсан. Тендер зохион байгуулдаг төрийн захиргааны байгууллагад хэр халдаагаагүй, хууль нь тийм юм гэв.

Гурав. Хариуцагч Соёлын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, С.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манайх нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг удаа дараа өгч байгаа. Боловсрол, соёл, спортын яамны зарласан “соёл, урлагийн гэрэл, дууны төхөөрөмж худалдан авах” тендер шалгаруулалтын хоёр дугаар багц дээр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргахдаа хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг огт хийлгээгүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар “...гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу заасан хугацаанд Сангийн яаманд гомдол гаргаж байгаагүй. Удаа дараагийн шүүх хуралд үүнийг тайлбарлаж байсан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Сангийн яаманд 2020 оны 8 дугаар сард гомдол гаргасан байсан. Өөрөөр хэлбэр хуулийн хугацаа өнгөрсний дараа уг гомдлыг Сангийн яаманд гаргаснаа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн болгож тайлбарладаг.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “гомдлыг энэ хуулийн 55.1-д заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсвэл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогчийг” шүүхэд гомдол гаргахаар заасан байдаг. Өөрөөр хэлбэр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлээгүй, захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй байдаг.

Иймд хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй байх тул энийг шийдсэн шийдвэр гаргах боломжгүй байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “тендерт шалгаруулалт холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан. Гэтэл талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, гол нөхцөл үүсээгүй байгаа. Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, хуульд заасан нөхцөлийг хангаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Манай зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг, Захиргааны ерөнхий хуулийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тендерт оролцогчид шууд шүүхэд гомдол гаргаж болно”, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд “захиргааны байгууллагад гомдол гаргахын өмнө зайлшгүй захиргааны байгууллагаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн байна” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар энэ хуулийн дагуу захиргааны ерөнхий хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэгдүгээр багцын хувьд мэдэгдэл өгөөд гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэгч ярьж байгаа. Энэ нь хоёр дугаар багц дээр юм. 1 дүгээр багц дээр сонгон шалгаруулалт хийгдсэн. ЭТ ХХК сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол үүсэж гэж байгаа. Сангийн яамны сайтад зар дээр зарласан тендерийн бичиг баримтад тендер шалгаруулалтад оролцох зардал гэх хэсэгт нь “захиалагч нь тендерт оролцоход гарах бүх зардлыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд захиалагч ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбоотой зүйлийг хариуцахгүй” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тал энэ заалтыг хүлээн зөвшөөрч тендерт оролцсон. Мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй учир энэ асуудлыг яриад байх хэрэггүй. Өөрсдөө энийг хүлээн зөвшөөрч тендерт оролцчихоод ямар нэгэн хохирлын асуудал ярихгүй, үүнтэй холбоотой асуудал хариуцагч тал хүлээхгүй гэсэн байгаа. Хохирлын тал дээр маргах боломжгүй. Миний дээр хэлснээр нэхэмжлэгч талаас захиалагч тендерт оролцохдоо хохирлоо өөрөө бүрэн хариуцна, үүнийг хариуцагч хүлээхгүй гээд заасан байдаг гэв.

Дөрөв. хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Энэ 1, 2 дугаар багцтай холбоотой асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн сайдын тушаалаар гомдлыг хянан шийдвэрлэх журам байдаг. Уг журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэхдээ тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түдгэлзүүлдэг. Ингээд түдгэлзүүлсэн шийдвэрээ хуульд заасны дагуу мэдэгдэх ёстой гээд түдгэлзүүлсний дараа, ийм ийм баримтыг захиалагчаас Сангийн яаманд ирүүлнэ үү” гэж хугацаа зааж өгсөн албан бичиг юм. Энэ нь шийдвэр биш процесс шинжтэй үйл ажиллагаа юм. Гэтэл нэхэмжлэгч нь үүнийг үйл ажиллагаа гэж үзсэн. 

Мөн нэхэмжлэгчид ямар ашигтай гэдгийг ойлгохгүй байгаа албан бичгээр гарсан, гадагш чиглээгүй, захиргааны актын шинжийг хангахгүй баримт юм. Нэхэмжлэгчийг бухимдалтай байгааг ойлгож байна. Гэхдээ 2019 онд хуульд нэмэлт өөрчлөл орж тухайн үед шийдвэр гаргаж байгаа хугацаа өөрчлөгдсөн гэж хэлсэн. Гэхээд тендерийн хугацааг түдгэлздэг байсан журамд ямар ч өөрчлөлт оруулаагүй.  2015 онд батлагдсан хуулиас хойш 75 хоногийн хугацаа олгогддог байсан. 2018 онд “ЭӨ” ХХК-с яг энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан. Тухайн маргаан нь Сангийн яаманд гомдол гаргаад 14 хоногийн хугацаа нь тоологдож байсан. Ингэж тоологдож байх хугацааны тендерийн хугацаа нь дууссан учир Сангийн яамнаас энэ тендер шалгаруулалтын хугацаа дууссан байна.

 Иймд хугацаа нь дууссан учир гомдол шийдвэрлэхгүй гэсэн байдаг. Гэтэл “ЭТ” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа энэ 75 хоногийн хугацаа захиалагч тендерийн үйл ажиллагааг зохион байгуулах хугацаа болохоос биш үүн дотор Сангийн яамны гомдол шийдвэрлэх хугацааг оруулж тооцож болохгүй гэдэг байдлаар гаргасан. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр эцэслэн нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэр гарснаас хойш ийм байдлаар хуулийг хэрэглэх юм байна. Яг энэ тендер шалгаруулалтын бичгийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр Сангийн яамыг хариуцагчаар татсаны дараа хандсан. Үүнтэй нь холбоотой тайлбар хэлээд явуулсан. Нэхэмжлэгч өөр тендерт холбогдуулан үүнтэй адил асуудлаар Сангийн яаманд дахин гомдол  гаргасан. Нэхэмжлэгчид шүүхийн ийм шийдвэр гарсан байдаг, үүнтэй танилцахыг зөвлөж байна. Сангийн яам өөрөө дур мэдээд өгүүлбэр оруулсан юм биш харин Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. 2019 оны энэ шийдвэр гарсны дараа Сангийн яам энэ хуулийг ингэж хэрэглэх юм байна гээд мэдэгдэлдээ “гомдол хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье” гэсэн өгүүлбэрийг дүгээр мэдэгдэл болгож оруулдаг болсон. Энэ нь нэхэмжлэгчид холбогдуулж шийдвэр гаргасан зүйл биш. Энэ бичиг нь нэхэмжлэгч компанид хандаагүй, захиргааны байгууллага дотооддоо гаргасан албан бичиг юм. Мөн энэ нь оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулах бий гэдгээс сэргийлсэн асуудал юм. Энэ шийдвэр хугацааг хойшлуулж тоолохоор нэхэмжлэгчийн ямар эх зөрчигдөж байгааг ойлгохгүй байна. Хугацааг урт байна гэж биш энэ хугацааг богино байна гэж маргах ёстой байсан юм биш үү” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Тендерийн Үнэлгээний хороо болон захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах тухай БСШУСЯ /202002518 дугаартай тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, “ЭТ” ХХК-д учирсан цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол 16,164,763 төгрөг гаргуулах, Сангийн яамны 2020 оны 14 дүгээр сарын 20-ны №6-1/2559 дугаар албан тоотоор өгсөн шийдвэрийн гомдлыг хянан хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодруулжээ.

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ. 

Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яамнаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зарласан Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах нэртэй тендерийн 1 дүгээр багцад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар ЭТ ХХК-ийг гишүүдийн 100 хувийн саналаар сонгон шалгаруулж, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын  яамнаас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2/2277 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрх олгож байгааг “ЭТ” ХХК-ийн захирал Ч.Бд мэдэгдсэн байна.

Тендер шалгаруулалтын 1,2 дугаар багцад тухайн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг “П” ХХК, “ЭТ” ХХК эс зөвшөөрсөн тул сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас гомдлыг хянаад 2020 оны 04 дүгээр  сарын 30-ны өдрийн 6-1/2927 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын 1 болон 2 дугаар багцын оролцогчдод гэрээ байгуулах эрх олгосон болон татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн  тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд мэдэгджээ.

Үүний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах үнэлгээний хороо 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дахин хуралдаад 1 дүгээр багцад үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар ЭТ ХХК-ийг шалгаруулсан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дээрх хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 13/1867 дугаартай алба бичгээр  тендерт оролцогчдоос ирүүлсэн морин хуур хөгжмийн зэмсгийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагыг төлөөлөн шинжээч томилон ажиллуулах хүсэлтийг улсын филармоны даргад, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13/2139 дугаартай албан бичгээр тендер оролцогчдоос ирүүлсэн хөгжмийн болон гэрлийн тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт, тоон үзүүлэлтийг хянан үзэж, хангалттай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар улсын драмын эрдмийн театр, улсын хүүхэлдэйн театрын даргад ханджээ.

Энэхүү албан бичгийн дагуу улсын филармоноос 2020 оны 4 дүгээр сарын  07-ны өдрийн үнэлгээний хуралд шинжээч оролцуулан ажиллаж, улсын драмын эрдмийн театр 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 58 дугаартай, улсын хүүхэлдэйн театр мөн өдрийн 38 дугаартай албан бичгээр техникийн тодорхойлолт, үзүүлэлтийн саналыг хүргүүлсэн ажиллагаа явуулсан болох нь хавтаст хэрэгт байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2/3087 дугаартай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг үндэслэн  өмнө нь танай байгууллагад 2020 оны 2/2277 дугаартай албан тоотоор олгосон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр гэж дүгнэснийг үүгээр мэдэгдэж байна гэсэн албан бичгийг “ЭТ” ХХК-ийн захирал Ч.Бд мэдэгджээ.

Сангийн яамнаас 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/3118 дугаартай Төрийн болон орон нутгийн өмчин хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг үндэслэн тендер шалгаруулалтын 1 болон 2 дугаар багцын тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгаж, энэхүү хугацааг тендер хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс тоологдох  албан бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн байна.

Мөн ЭТ ХХК нь Худалдаа хөгжлийн банканд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 32,230,000.00 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг байршуулж,  Боловсрол, соёл,шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн боловч захиалагч байгууллагаас гэрээ байгуулаагүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заажээ. Тэгвэл хариуцагч Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас  ЭТ ХХК-д гэрээ байгуулахыг мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоног дуусахаас өмнө тендерийн хүчинтэй хугацаа дуусаж гэрээ байгуулах боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд  тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг тооцож үзвэл,захиалагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/3087 дугаартай албан бичиг гаргах үед дууссан байна.

Харин хариуцагчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д тендерт оролцогч энэ хуулийн… захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон  тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд Сангийн яаманд гомдол гаргаагүй гэж нэхэмжлэгчийг  урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэж  буруутгаж байгаа тайлбарын хувьд ЭТ ХХК нь шүүхэд 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй нь захиалагчийн буруу болохыг тогтоолгож өөрт учирсан хохирлоо гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон захиргааны акттай маргаагүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагагүй, харин хариуцагч 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2/3087 дугаартай албан бичгээ нэхэмжлэгчид 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон болно.

Гэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Боловсрол,соёл,шинжлэх ухаан, спортын яамыг сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй гэж буруутгаж байгаа бөгөөд  Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтын системчлэлээс үзвэл гэрээ байгуулах эрх олгох нь тендер шалгаруулах үйл ажиллагааны сүүлчийн үе шат тендер ирүүлэх, нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох: бөгөөд энэхүү цогц үйл ажиллагаа нь бүхэлдээ  тендер хүчинтэй байх хугацаанд хэрэгжихээр  байна.

Иймд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д гэрээ байгуулах хүртэл гэж заасныг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт гэрээ байгуулах эрх олгох тухай  тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэсэнтэй холбож тайлбарлах  нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан тендер хүчинтэй байх хугацаанд байгуулахаар байна.

Дээрх хуулийн заалтуудыг тухайн маргаантай холбогдуулан авч үзвэл захиалагч байгууллагаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зарласан БСШУСЯ/*****2518 дугаартай тендер шалгаруулалтын 1,2 дугаар багцын тендер хүчинтэй байх хугацаа сунгах зөвшөөрөл хүссэн албан бичгийг Сангийн яам руу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлж, Сангийн яам 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/3118 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар дээрх тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг олгож, тус хугацааг тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан өдрөөс тоологдохыг анхааруулсан байна.

Дээрх нөхцөл байдлаас тус тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл байх ба, түүнээс хойш Сангийн яам 15 хоногоор сунгах зөвшөөрөл олгосноос үзвэл,тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 5 дугаар сарын 06-ний өдөр хүртэл байхад нэхэмжлэгч энэ хугацаа дууссан болохыг мэдсээр байж гүйцэтгэлийн баталгааг банканд байршуулсанд хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл тендерийн үнэлгээний хороо болон захиалагч байгууллагыг БСШУСЯ/*****2518 дугаартай тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй гэж буруутгах боломжгүй байна гэж үзлээ.

ЭТ ХХК-д учирсан цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролд 16,164,763.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулах иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг заасан бөгөөд 52.5.2-д зааснаар хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд  захиргааны байгууллага ямар  үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэхийг заажээ.

Мөн хариуцагч тендерийн баримт бичгийн 10.1-т  тендер оролцогч тендер бэлтгэх, захиалагчид  ирүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд захиалагч ямар ч нөхцөлд энэхүү зардалтай холбогдох хариуцлага хүлээхгүй гэж заасан гэж тайлбарлаж байгаа бөгөөд шүүхээс захиалагч байгууллагыг сонгон шалгаруулалт хийсэн гэж үзэж, харин гэрээ байгуулах үйл ажиллагаа тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаанд хийгдээгүйд  дээрх үндэслэлүүдээр хариуцагчийг шууд буруутгах боломжгүй байна гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан шийдвэрийг гаргах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Сангийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №6-1/2559 дугаартай албан тоотоор өгсөн шийдвэрийн… гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай 6-1/2559 дугаартай албан бичгээр БСШУСЯ/*****2518 дугаартай соёл  урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын 1, 2 дугаар багцад оролцсон “П” ХХК-аас гомдол гаргасан тул тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж байна гээд  Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь хэсэгт заасныг дагуу гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа түр зогсох болохыг үүргээр мэдэгдье гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн байна.

Сангийн яам дээрх гомдлыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд шийдвэрлэсэн байх ба Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасантай Сангийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2559 дугаартай албан бичгийн …гомдлыг хянах хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье гэсэн хэсэг зөрчөөгүй байна.

Нөгөөтэйгөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн  этгээдээс  захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, гаргасан нэхэмжлэл гэж заасантай тухайн тохиолдлыг холбогдуулан үзвэл Сангийн яамны 6-1/2559 дугаартай албан бичиг нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

 Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, мөн тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа түр хугацаагаар зогсоосон нь нэхэмжлэгчид сөрөг бус эерэг үр дагавартай болно.

 Учир нь Тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг гомдлыг хянан шалгах хугацаанд түдгэлзүүлснээр захиалагчийн тендер хүчинтэй байх хугацаанд хэрэгжүүлэх тендер ирүүлэх, нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох цогц ажиллагааны хугацаанд нөлөөлөхгүй тул тендерт оролцогчдод сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                               

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 24 дүгээр зүйл, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 55 дугаар зүйлийн 55.1, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй Соёлын яам, Сангийн яаманд холбогдуулан гаргаснаар Тендерийн Үнэлгээний хороо болон захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацааны дотор Соёл, урлагийн байгууллагад гэрэл, дууны тоног төхөөрөмж худалдан авах тухай БСШУСЯ/*****2518 дугаартай тендерийн 1 дүгээр багцад сонгон шалгаруулалт хийгээгүй, гэрээ байгуулаагүй буруутай болохыг тогтоож, ЭТ ХХК-д учирсан цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол 16,164.763 төгрөг гаргуулах, Сангийн яамны 2020 оны 14 дүгээр сарын 20-ны №6-1/2559 дугаар албан тоотоор өгсөн шийдвэрийн гомдлыг хянан хугацаанд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр хугацаагаар зогсох болсныг мэдэгдье гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                              ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ