Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0295

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                                                                     

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, Э.О нар

Нэхэмжлэгч: Х.Э

Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаар Хариу мэдэгдэх тухай актыг хүчингүй болгуулах, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0218 дугаар шийдвэртэй;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, Э.О нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0137/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Х.Э-аас Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан “Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаар Хариу мэдэгдэх тухай актыг хүчингүй болгуулах, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/00218 дугаар шийдвэрээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Х.Э-д олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль журамд нийцүүлэн олгохыг Гадаадын иргэн, харьяатын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Б.Б-Э нараас давж заалдах гомдолдоо:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 218 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.4-д “... Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаартай “Хариу мэдэгдэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч нэхэмжлэлээ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нь 30 хоногоос хэтэрсэн гэдэг нь нотлогдохгүй байна”, 4.5-д “Тодруулбал, хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газар нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаартай "Хариу мэдэгдэх тухай" албан бичгийг нэхэмжлэгч Х.Э нь "Монгол шуудан" ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан болох нь тус компанийн бичгээр гаргасан лавлагаагаар тогтоогдсон нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан байна" гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана." гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаартай "Хариу мэдэгдэх тухай" албан бичгийг "Монгол шуудан" ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан болох нь тус компанийн бичгээр гаргасан лавлагаагаар тогтоогдсон байхад 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь дээрх хуульд заасан 30 хоногоос хэтэрсэн бөгөөд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 18-нд дуусгавар болсон тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээж аваагүй бөгөөд "хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан байна" гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3.2. Үндэслэх хэсгийн 4.1-д "Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэх тайлбарыг хүлээн авахгүй", 4.3-т "Энэ журмыг хангуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах болохоос хэргийн оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэдэг асуудал биш болохын хамтаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй болох нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийг энэ үндэслэлээр буцаах хууль зүйн үндэслэл байхгүй" гэж дүгнэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаартай "Хариу мэдэгдэх тухай" албан бичгийг хүлээн авмагцаа хариуг эс зөвшөөрч буй тохиолдолд тухайн асуудлаараа дээд шатны байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандах, эсхүл Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг анхан шатны шүүх хүлээн аваагүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч буюу Гадаадын иргэн, харьяатын газрын дээд шатны байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж шийдвэрлүүлэх хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

3.3. Үндэслэх хэсгийн 2.11-д “Нэхэмжлэгч Х.Э-ын ажиллаж байсан Виз, зөвшөөрөл, харьяатын газарт мэдээллийн төвийн мэргэжилтэн албан тушаал нь ...төрийн захиргааны албан тушаалд хамаарч байгаа нь дээрх журмын үйлчлэлд хамаарах албан тушаалтан мөн болох зэрэг үйл баримт тогтоогдлоо” гэж дүгнэсэн боловч Үндэслэх хэсгийн 3.17-д "Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... шууд томилох эрх зүйн орчин бүрдээгүй үед төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангаагүй, төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилох нь эрх зүйн үндэслэлгүй байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно”, 3.18-д “Учир нь ... агентлагийн даргын бүрэн эрхэд хууль тогтоомжид заасны дагуу томилох... бүрэн эрхийнхээ хүрээнд ...томилж ажиллуулсан учраас...тайлбарыг хүлээн авахгүй, ... захиргааны актын үндэслэлд хамаарахгүй болно" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална.” гэж заасан. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга томилох тушаал гаргахдаа хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан иргэнийг томилох хуулиар заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Х.Э-ын томилгоо нь хууль зүйн үндэслэлтэй байж, түүнийг төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж дүгнэх үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Э-ын томилгоог хууль бус байсан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй, энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа "төрийн жинхэнэ албан тушаалтан мөн" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3.1. Үндэслэх хэсгийн 2.6-д "Нэхэмжлэгч Х.Э 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхөд Гадаадын иргэн, харьяатын газраас түүнд ямар нэг буцалтгүй тусламж олгоогүй байна.", 2.8-д "...нэхэмжлэгч Х.Э-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгож, төрийн албанаас чөлөөлөгдөх үед нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхийг хязгаарласан дээрх журам хүчин төгөлдөр үйлчилж байснаас үүдэн уг тусламжийг аваагүй, энэ талаар Х.Э нь аливаа байдлаар гомдол гаргаж байгаагүй ажээ", 3.2-д "... Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны тов байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно" гэж заажээ, 3.4-т "Засгийн газраас 2023 оны 243 дугаар тогтоолоороо энэхүү журмын "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцож, уг шийдвэрээ 2023 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан байна" гэж дүгнэсэн хэр нь Үндэслэх хэсгийн 3.7-д "... шалгуурыг нэхэмжлэгч хангаагүй тул тусламжийг олгох боломжгүй гэж дүгнэн тусламж олгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна

3.3.2. Учир нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын тушаалаар баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.2-т заасан... төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ" гэх журмын заалтыг Х.Э-ыг 2019 оны Б/98 дугаар тушаалаар ажилд томилогдон ороход нь танилцуулсан бөгөөд энэхүү журмын 1.2 дахь заалтыг нь Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2023.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тодорхой заасан байдаг Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэн, харьяатын газар нь Төрийн албаны хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журам, мөн энэхүү журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолыг дагаж мөрдсөн, хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэгжүүлсэн нь харин ч хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн түүнчлэн Үндэслэх хэсгийн 3.10-д "...төрийн албанд 28 жил гаруй ажилласан хугацааны үр дагаврыг үгүйсгэсэн, төрийн албан хаагчийнхаа хувьд хангагдах ёстой баталгааг эдэлж чадахгүйд хүрсэн буюу хуулийн дээрх үзэл санаанд нийцээгүй зохицуулалт байжээ", 3.12-т "Тодруулбал, Засгийн газраас "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.2 дахь заалтыг хүчингүй болгосон шийдвэрээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан нь "буцалтгүй тусламж авах эрх" нь журмын уг заалтын үйлчилж байсан хугацаанд үйлчлэхгүй гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалт биш, ийм байх эрх зүйн боломжгүй болно", 3.13-т "...хуулийнхаа үзэл санаанд нийцээгүйн дээр иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт бий болсон бол уг зохицуулалтыг “тухайн цаг хугацаанд буцаан хэрэглэх” эрх зүйн зарчимтай болно” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.3.3. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг хариуцагч буюу Гадаадын иргэн, харьяатын газраас батлан гаргаагүй бөгөөд зөвхөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлсэн байхад дээрх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актад хариуцагчийг хамааруулан дүгнэлт хийж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Үндэслэх хэсгийн 2.4-т "...Х.Э нь төрийн албанд 27 жил орчим, ... 8 сар орчим төрийн албанд ажилласан... ажил байдлын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна", 3.10-д "...төрийн албанд 28 жил гаруй (өөрөө 41 жил гэж тайлбарладаг) ажилласан..." гэж ажилласан хугацааны хувьд нэхэмжлэгчийн зөрүүтэй тайлбарыг хүлээн авч, холбогдох байгууллагаас тодруулах ажиллагааг хийгээгүйгээр үнэлэлт, дүгнэлт өгсөн нь нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан хугацааг тодорхойлох боломжгүй бөгөөд шүүхээс үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгсөн гэж үзэх боломжгүй байна.

3.3.4. Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.” гэж заасныг хэрэгжүүлээгүй.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг удирдлага болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана", 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасан.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаартай "Хариу мэдэгдэх тухай" акт нь хуулийн дээрх заалтын үйлчлэлд хамаарахгүй бөгөөд захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 218 дугаартай шийдвэр нь бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоол нь тухайн захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож буй Гадаадын иргэн, харьяатын газрын баталсан гаргасан захиргааны акт бус, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлсэн байгууллага байхад анхан шатны шүүхээс Засгийн газрын батлан гаргасан тогтоолын зүйл заалтын эрх зүйн үр дагаврын талаар үнэлэлт, дүгнэлт өгч, улмаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаартай “Хариу мэдэгдэх тухай” албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 218 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүх маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
  2. Талуудын маргаж буй зүйл нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь заалтыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулан нэхэмжлэгч Х.Э нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх эсэх талаар байна.
  3. Нэхэмжлэгч Х.Э-аас “...2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаа буюу нийт 23 сарын чөлөө авсан. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй бүрэн төлөгдөж байсан. Нэхэмжлэгч нь төрийн байгууллагад нийт 37 жил ажиллаж, зүтгэсэн нь үнэн байхад дээрх үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзаж байгаа нь хуулиар олгосон эрхийг зөрчиж байна” гэж, хариуцагчаас “...Х.Э нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр төрийн албанаас чөлөөлөгдөх үед дээрх тогтоолоор баталсан журмын 1.2 дахь заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд Х.Э-ын  сүүлд томилогдон ажилласан хугацаа нь 8 сар буюу журмын заалтын шаардлагыг хангахгүй...”  гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Маргааны үйл баримтын талаар;

 

    1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/189 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.4, 4.2-т заасныг тус тус баримтлан Боомт, орон нутгийн хэлтсийн сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Э-ыг “гэр бүлийн гишүүнээ асрах хүсэлтийг харгалзан” төрийн албанаас чөлөөлсөн байна.
    2. Хариуцагч дээрх тушаалыг гаргахдаа төрийн албанаас чөлөөлөгдөх зохицуулалт болох Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасан “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр төрийн албан хаагч /нэхэмжлэгч/-ийг бичгээр гаргасан хүсэлтийг нь харгалзан төрийн албанаас чөлөөлжээ.
    3. Харин 1 жил 11 сарын дараа хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Х.Э-ыг тус газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газарт мэдээллийн төвийн мэргэжилтнээр томилохдоо төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох зохицуулалт болох Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхөх” зохицуулалтыг баримтлан түүнийг томилсон байх бөгөөд ингэхдээ 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчаас “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг танилцуулж, нэхэмжлэгч түүнд гарын үсэг зурсан байна. /хх-ийн 28 дахь талд/
    4. Үүнээс 8 сарын дараа буюу хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар “Х.Э нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, төрийн албанаас чөлөөлөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

  1. Хууль зүйн үндэслэлийн талаар;

 

    1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаар тогтоолоор[1] дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар тогтоолоор дээрх заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлсэн байна.
    2. Журмын 1.2 дахь заалтыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар тогтоолоор хүчингүй болгосны дагуу нэхэмжлэгч Х.Э-аас нэг удаагийн буцалтгүй тусламж авахаар гаргасан хүсэлтийг хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын дарга 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/2185 дугаар албан бичгээр “...2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон, төрийн албанаас чөлөөлөгдсөн Х.Э-д тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дээрх журмын заалт “хүчингүй болсон” хэдий ч дагаж мөрдөх хугацааг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоосон байх тул нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй” гэж татгалзсан байх бөгөөд энэхүү хариуг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
    3. Учир нь Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасан нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд зорилго нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс тус албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлэх явдал юм.
    4. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “...төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэх заалтыг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр журамлажээ.
    5.  Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “Төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно. Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.”, 3.3-т “Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна” гэж заасны дагуу төрийн албан хаагч нь хуанлийн сүүлийн 3 жил ажилласан байх шаардлагыг хангасны үндсэн дээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгогдохоор байна.
    6. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч Х.Э нь 2017 оны 05 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар дуустал хугацаанд нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлж байснаас үзвэл, нэхэмжлэгч нь дээрх журмын “тасралтгүй 3 жил ажилласан байх” шаардлагыг хангахгүй болох нь нотлогдож байх бөгөөд төрийн албанаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн Х.Э-ын  хувьд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаа нь мөн журмын “Гурав. Төрийн албанд ажилласанд тооцох хугацаа”-д тооцогдохгүй.
    7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Х.Э /1959 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн/ нь 2019 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон төрийн албанаас чөлөөлөгдсөн энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг хүчингүй болгож /2023 оны 243 дугаар тогтоолоор/, уг зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамласан нь нэхэмжлэгчид хамаарахгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
    8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь төрийн албанаас 2019 онд чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш даруй 4 жилийн дараа буюу төрийн албан хаагчийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон энэ тохиолдолд дээрх журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор түдгэлзүүлж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгосон /2023 он/ хугацаанд хамаарахгүй тул уг журмыг нэхэмжлэгчид буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
    9. Дээрхээс дүгнэн үзвэл, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/2185 дугаар албан бичгээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
    10. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э-ын  “Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2185 дугаар “Хариу мэдэгдэх тухай” актыг хүчингүй болгуулах, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

 

 

 

 

[1] https://shuukh.mn/single_case/3131?daterange=2023-01-01%20-%202023-05-27&id=3&court_cat=3&bb=1