Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам,

улсын яллагч Г.Энхбат,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Н,

шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-д холбогдох 1834007840399 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 4-17 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Ц гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн урд талын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Т.Витз маркийн 55-34 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 "Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг Дараах байдлаар асааж явна. а/ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Лхагвасүрэнг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Ц-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны дүгнэлт болон Замын Цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16 хуудас/, замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 08 дугаар хуудас/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-13 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Норовбанзадын мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/, гэрч Л.Цийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Г.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч П.Баяржаргалын мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч П.Норовбанзадын мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Буяннэмэхийн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, шинжээчийн 168 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, хохирлын үнэлгээ /хх-ийн 41-42 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 43 дугаар хуудас/, ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх- ийн 49-54 дүгээр хуудас/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн шинжээчийн 136 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 63 дугаар хуудас/, шинжээчийн 10800 дугаартай дүгнэлт /хх-ийн 64- 65 дугаар хуудас/, шинжээчийн 10810 дугаартай дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, яллагдагч Л.Ц-ийн /хх-ийн 71-73 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 74 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 75 дугаар хуудас/, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 76-77 дугаар хуудас/, цагдаагийн газрын цахим хайлтын системийн лавлагаа /хх-ийн 78-82 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн үндэсний төв лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Төв аймаг дахь цагдаагийн газарт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орой болсон зам тээврийн ослын улмаас амь хохирсон Баатарын Лхагвасүрэнгийн оршуулгын зардал 3.330, 980 төгрөг, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 4.763562.92 төгрөгийг төлсөн нь үнэн болно гэсэн баримт, 4,763,562,92 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/, химийн шинжилгээний 10715 дугаартай дүгнэлт /хх-ийн 92-94 дүгээр хуудас/, шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Л.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн урд талын асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Т.Витз маркийн 55-34 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Лхагвасүрэнгийн амь насыг нь хохироосон болох нь:

“орой 20 цагийн орчим ээж тамхигүй болчихсон тамхинд явна гэхээр нь би 5000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд удалгүй араас нь утсаар залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь тосох санаатай араас нь гарахад зам дээр машинд дайруулсан байдалтай байж байсан.” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Норовбанзадын мэдүүлэг/хх-ийн 22-23 хуудас/,

“эмнэлгийн зүүн талын уулзвар дээр хойд талаасаа машин ирж байсан, тэр машины гэрэл яг өөдөөс тусаж байх үед гэнэт түс гээд яваад өгсөн. Тэгээд би цаашлаад эмнэлгийн уулзав руу ороод юу мөргөсөн талаараа харсан чинь хүн мөргөсөн байсан. Тэгээд яваад очиход цагдаагийн хар өнгийн машин ирчихсэн чи хүн мөргөчихлөө ш дээ би одоо цагдаа дуудна гэж байсан. Тэгээд би түргэн дуудсан нэг их удалгүй түргэн цагдаа хоёр ирсэн      би машин өнгөрөөгөөд хөдөлсөн байсан тул 20-30 орчим километр цагийн хурдтай л явж байсан байх миний хувьд ямар нэгэн зогсоох арга хэмжээ аваагүй. Би хүн огт хараагүй байсан.” гэрч Л.Цийн мэдүүлэг /хх- ийн 24-25 дугаар хуудас/, “эмээг гарсны дараа удалгүй араас нь ээж залгахад утас нь холбогдохгүй байхаар нь гарсан чинь зам дээр машинд мөргүүлсэн байсан гэсэн. Тэгээд би мөн Улаанбаатар хотоос ажлаа тараад ирэхэд зам тээврийн осол болсон байсныг нүдээрээ харсан” гэрч Г.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

“хэрийн талаар орой 21 цаг өнгөрч байхад манай нөхөрт Норовбанзад утсаар хэлж мэдсэн” гэрч П.Баяржаргалын мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

“орой 20 цагийн орчим ээж тамхигүй болчихсон тамхинд явна гэхээр нь би 5000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд удалгүй араас нь утсаар залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь тосох санаатай араас нь гарахад зам дээр машинд дайруулсан байдалтай байж байсан.” гэрч П.Норовбанзадын мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

“Л.Ц нь гэрээсээ нүүрс авахаар 20 цагийн орчим машинтай гарсан юм аа. Тэгээд 20 цаг 40 минутын орчим над руу өөрөө утсаар хэлээд би осол гаргасан гээд хэлсэн, тэгж л мэдсэн.” гэрч Б.Буяннэмэхийн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, шүүх хуралдааны тэмдэглэл,

Уг зам тээврийн осол нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн урд талд байрлах асфальтан зам дээр эмэгтэй хүн машинд дайруулсан байдалтай нас барсан гэх хэрэгт хэргийн газрын үзлэгийг хийв. “А" цэгийг асфальтан замын хойд талын эгнээнд байрлаж байх бөгөөд замын урд ирмэгээс 4.90 меТр хойд ирмэгээс 2.20 мөтр байв. А цэгээс өртөнцийн зүгээр баруун урд талд 5.90 меТр зайд асфальтан зам дээр үүссэн, ууссан мөрийг 1 гэсэн тоогоор тэмдэглэв. “1" тоо нь асфальтан урд ирмэгээс 3.50 метр хойд ирмэгээс 3.60 метр зайд байв. Уг 1 гэсэн тооноос мөн баруун урд зүгт 2.50 метр зайд доош харж хэвтсэн байдалтай 50 орчим насны эмэгтэй хүний цогцос байх/ талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар /хх-07 тал/,

“Тоёота витз маркийн 55-34 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явсан урсгалд гарсан.” талаар Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт авагдсанаар /хх-09 тал/,

“Осол гарсны дараа тээврийн хэрэгсэл хаана, ямар байрлалтай байсан нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэл хийх явцыг бэхжүүлсэн. “ гэрэл зургийн үзүүлэлтүүдэд /хх-10-13 тал/,

Зорчигч Б.Лхагвасурэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” мөн 3.9 “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно” а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

55-34 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв. гэсэн 136 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Шинжилгээнд ирүүлсэн “Л.Ц-ийн 40н эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. гэсэн 10800 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-64-65 дугаар хуудас/,

“Л.Ц гэж хаягласан цус нь В/Ш/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн 10810 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-66 дугаар хуудас/,

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 168 дугаартай: “...1.2.Талийгаачийн биед гавал ясны нийлмэл хУгарал, тархины эдийн аалзан хальсан доорх ус харвалт, хоёр талын олон хавирганы хУгарал, хуйх, духанд язарсан шарх, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3 дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гавал ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух духны язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, биед үүссэн зулгаралт пэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Талийгаачийн цуснаас 2.7 промилли спирт илэрсэн. Цусанд илэрсэн спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 6 талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7 Б.Лхагвасүрэн нь гавал ясны нийлмэл хугарал, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 8. Б.Лхагвасүрэн нь 3-р бүлгийн цустай байна. гэх 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

Шинжээчийн дүгнэлтүүд, осол гарсны дараа цаг алдалгүй ослын газрыг хамгаалалтад авч хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хэрэг учралын газрыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлэгт тодорхой, тогтвортой тусгагдсан тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүний амь нас хохирсон гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Л.Ц-ийн МУ-ын ЗХД-ийн 15.1 дугаарт “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно. 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж Б.Лхагвасүрэнгийн амь насыг хохироосон зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангасан.

Уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шинж нь гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол гэж хуульчилсан, шүүгдэгч Л.Ц-ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь нас хохирсон болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, зүйлчлэл тохирсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдлыг ойлгоно.

 

Шүүгдэгч Л.Ц нь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хохирол, хор уршиг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Л.Ц нь хуулиар тоггоосон насанд хүрсэн байна.

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс уг гэмт хэргийн улмаас үүдэн гарсан амь хохирогчийн оршуулгын зан үйлтэй холбогдон гарсан 4763562 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгдэгч сайн дураараа төлж барагдуулсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаар шүүхэд мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзлаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Л.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийгтухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулж, хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №1111846 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, №01968987 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Л.Ц-д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Ц нь урдчилан цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 /нэг/ хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Л.Ц үүрэг болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Ц нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ийг жолоодох эрхийг 3 \гурав\ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг, Л.Ц нь цагдан хоригдсон хоноггуйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Норовбанзадад нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №01968987 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Л.Ц-д буцаан олгож, №1111846 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
  7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

               9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ