Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0105

 

 

 

 

 

 

 

 

            С.Н******* нарын нэр бүхий 4 иргэний

            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Н*******

Нэхэмжлэгч: С.М*******

Нэхэмжлэгч: С.С*******

Нэхэмжлэгч: С.М*******

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Г.А*******

Гуравдагч этгээд: С*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот, улсын бүртгэлийн Y-2202011882 дугаартай 49.3 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 0729 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0007/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Н******* , С.М******* , С.С*******, С.М******* нар Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот, улсын бүртгэлийн Y-2202011882 дугаартай 49.3 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 729 дүгээр шийдвэрээр: 

“Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н******* нарын нэр бүхий иргэдээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот, улсын бүртгэлийн Y-2202011882 дугаартай 49.3 мкв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруугийн 28 дугаар байрны 30 тоот нэг өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.С байсан. Тэрбээр 2008 оны 12 дугаар сарын 2-ны өдөр нас барсан. Үүний дараа түүний өмчлөлийн орон сууцыг 2009 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 22 дугаартай өв залгамжлах гэрчилгээг хууль зөрчин гаргуулж орон сууцны өмлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт орсон ба үүнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөгдсөн тул уг өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

3.2.Гэвч шүүхээс 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 7 дугаар зүйлийн 7.6, 12 дугаар зүйлийн 12.4.1, 12.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт тус тус хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн холбогдох заалтыг улсын бүртгэл хөтлөн явуулахдаа нэгэн адил дагаж мөрдөх бөгөөд өв залгамжлах гэрчилгээгээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөх тохиолдолд уг хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа эсэх, эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон үед тодруулах, нэмэлт нотлох баримт шаардах, бусад өвлөгч нар байгаа эсэх, эсхүл татгалзсан эсэх асуудлыг улсын бүртгэгч хянан шалгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгчийн талаар тодорхой хуульчилж өгсөн. Мөн шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны болон 2019 оны журмыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тухайн цаг хугацаанд энэхүү журмууд нь батлагдаагүй байсан байна.

3.3.Шүүхээс “…нотариатын үйлдлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байгаа боловч хариуцагч байгууллагын хийсэн бүртгэл хууль бус болохыг илэрхийлэхгүй…” гэж дүгнэсэн хэсгийг үнэхээр ойлгохгүй байна. Бүртгэл хийх болсон үндсэн баримт бичиг нь хууль бус гэдэг нь шүүхээр тогтоогдсон байтал уг бүртгэлийг хууль бус биш гэж үзэх ямар хууль зүйн үндэслэл байгааг үндэслэлтэй дүгнээгүй, цаг хугацааны хувьд дараа нь тогтоогдсон нөхцөл байдал гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүхийн үзэж байгаагаар аливаа төрлийн хэрэг маргааныг гарахаас нь өмнө буюу ирээдүйд ийм маргаан гарах гэж байгаа тул хууль шүүхийн байгууллагад хандаж байна, урьдчилан шийдвэрлэж өгнө үү гэх байдлаар гараагүй гэж ойлгогдож байна.

Ихэнх маргаан үйл явдал болж байгаа эсхүл болоод өнгөрснийг нөхөн тогтоох байдлаар зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгатай байдаг. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 729 дугаар шийдвэрийг өөрчилж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2007 онд анх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011882 дугаарт иргэн Б.Сумъяагийн өмчлөлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу-28 дугаар байрны 30 тоот орон сууцны зориулалттай 49.3 мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг нотариатчийн өвлөх эрхийн 22 дугаартай гэрчилгээг үндэслэн 2009 онд түүний эхнэр Ц.Эд шилжүүлэн бүртгэсэн, улмаар 2010 онд Ц.Э өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг иргэн Г.А*******д, 2013 онд Г.А******* Япон Улсын иргэн С*******д тус тус худалдсан, тухай бүрт улсын бүртгэлд зохих өөрчлөлт орж, тэдгээрт өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан гэрчилгээ олгогдсон байна.

Харин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1510 дугаар шийдвэрээр Б.Сумъяагаас Ц.Эд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгэх үндэслэл болсон дээрх 1 өрөө орон сууцны Өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийг хангах үр дагаварт хүргэхгүй.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн, гэтэл 2007 онд улсын бүртгэлийн Ү-2202011882 дугаарт бүртгэгдсэн бүртгэл иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй ямар ч холбогдолгүй буюу нэхэмжлэгчдийн эцэг Б.Сумъяад анх өмчлөх эрх үүсгэсэн бүртгэл болно.

2.Нэхэмжлэл болон давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нар өөрийн эцгийн өмчлөлийн орон сууц түүнийг нас барснаас хойш хууль бус өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Ц.Эгийн өмчлөлд шилжсэнийг, улмаар нэр бүхий иргэдэд шилжин бүртгэгдсэнийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй маргасан, энэ талаар ч шийдвэрийн Үндэслэл хэсгийн 5-д дурдсан байна.

Мөн давж заалдах гомдолд “…улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан…” гэх боловч 2009 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 22 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2017 онд шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон нь Б.Сумъяагаас хойшх өвлөх эрхийн гэрчилгээ, худалдах, худалдах авах гэрээг тус тус үндэслэж хийгдсэн нийт 3 удаагийн өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэлүүдийн Ц.Эд өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэлд хамааралтай.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, хариуцагчийн бичгийн тайлбарт ч энэ талаар тодорхой дурдсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа давж заалдах гомдолд дурдсаны дагуу тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл шаардлага болон үндэслэлүүд нь хоорондоо зөрүүтэй байна.

Гэвч өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь гуравдагч этгээд Г.А*******, Япон Улсын иргэн С******* нарын өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь Ц.Эд 2009 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотариатын үйлдсэн өвлөх эрхийг гэрчилгээг үндэслэн шилжүүлэх үед уг гэрчилгээ хүчинтэй байсан, иймд хариуцагчаас нотариатын үйлдлийг нягтлан шалгаж өв нээгдэх хугацаа болсон эсэх, өөр өвлөгч байгаа эсэхийг тодруулах зэргээр мэдүүлгийг буцаах эрхгүй, энэ талаар шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Нэгэнт өмчлөгчөөр бүртгэгдсэн Ц.Эгаас өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдахад, дараагийн өмчлөгч мөн адил одоогийн өмчлөгчид худалдахад тэдгээрийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгох нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.

3.Тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг нэрлэн заагаад 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэжээ.

Дээрх 3 бүртгэлийг хийх үед одоогийн үүссэн нөхцөл байдал бий болоогүй, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсангүй. Мөн орон сууцны өмчлөх эрх Ц.Эгаас хойш 2 дахь өмчлөгчид шилжсэн, тэрбээр нас барсан, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар Г.А*******, Япон Улсын иргэн С******* нар нь орон сууцны шударга эзэмшигч байх тул эдгээр иргэдэд өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хууль бус гэж үзэхгүй.

Түүнчлэн Ц.Эд өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэлийг “өвлөх эрхийн гэрчилгээг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон ч бодит байдалд нэхэмжлэгчдийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                                  

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН