Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0317

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай Б.Бийг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгчийн ажилд Мал эмнэлгийн ерөнхий газарт ажилд орохоос өмнө сонгогдсон байсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт би ажиллаж байсан. Уг хуулийг дагаад боловсруулагдсан журам, заавар төлөвлөгөө гээд 120 гаруй бичиг баримт гарсан. Уг журам, зааврыг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, цахилцуулах ажлыг санаачилж эхлүүлээд энэ нь ажил хэрэг болж байна. Миний хувьд ажлыг сайн хийж байсан бөгөөд дэлхийн стандартыг монголын хөрсөн дээр буулгах талаар санаачилгатай ажиллаж байсан. Намайг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаар хариуцагч хэлсэн. Гэтэл түр орлон хийж байгаа хүн ажилтан биш, хүн биш болдог юм уу? өнөөдрийг хүртэл Мал эмнэлгийн ерөнхий газарт сонгон шалгаруулалт нэг ч удаа зарлаагүй. Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолоор 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Монгол улсын мал эмнэлгийн салбар бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж ажиллаж байгаа. н.Т дарга, мэргэжилтнүүдийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Удирдах албан тушаалд өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Үүнийг гэнэт гарсан шийдвэр учир улс төрийн нөлөө орсон байх гэсэн хардалт байна. Миний туйлын ашиг сонирхол нь хүмүүсийг хүлээлгэсэн салбарыг чадавхжуулах байх гэсэн итгэлийг алдахгүй байх юм. Би Швейцарын хөгжлийн агентлагт 50 сая төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Хүмүүс надаа итгэл хүлээлгэсэн учир хүмүүсийн итгэлийн алдахгүй гэж ажлаасаа гарсан. Энэ шийдвэр гарахдаа хуулийн процессын хувьд буруу гарсан. Уг шийдвэр гарахад би гутарсан, ажиллах гэж байгаа залуучуудаа дэмжих юм уу? Намайг ажиллаж байх үед гурван сайд солигдсон. Сонгон шалгаруулалт зарлавал би хуулийн шаардлагаа хангасан байгаа. Ур чадварыг хараад шалгуурын 50 хувийг хангаж байгаа бол энд ажиллах боломж байгаа. Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийг дарга гэдэг албан тушаалд ажиллаж байгаа гэдгээ нуугаагүй ажиллаж байсан гэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан. Мөн оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б дугаар тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Баталгаажуулалтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй ажиллаж байсан. Маргаан бүхий Б/86 дугаар тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны тухай хуульд чөлөөлөх, халах, сэлгэн ажиллуулахад тус тусад нь өөр өөр үндэслэл баримталдаг. Гэтэл маргаан бүхий тушаал нь Б.Бийг ажлаас чөлөөлөх тухай гэж гарсан хэдий ч ажлаас чөлөөлөх үндэслэлүүдээс нэгийг ч дурдаагүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан захиргааны актад хууль зүйн үндэслэлийг заана гэснийг зөрчиж байгаа бөгөөд хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Б/86 дугаар тушаалыг гаргахдаа 18 дугаар зүйлийн 18.5-д заасныг баримталсан байдаг бөгөөд 18.5-д төрийн албан хаагч давхар эрхэлж болох ажлын төрлийг зохицуулсан байдаг. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь давхар ажил эрхэлж болохгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагааг хийх ёстой байсан боловч нэхэмжлэгчийг 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөөд 25-ны өдөр сонсох ажиллагааг хийсэн тэмдэглэл үйлдсэн байна. Энэ нь хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй үндэслэл болж байна. Б.Б нь тухайн үед ажилд орохдоо Монголын үндэсний мал эмнэлгийн холбоонд ажиллаж байгааг тухайн үеийн дарга н.Т болон хамт ажиллаж байгаа бүх хүмүүс нь мэдэж байсан. Энэ талаар гэнэтхэн мэдсэн юм шиг тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу хэрэв давхар ажил эрхэлж байгаа бол ажил олгогч, дээд албан тушаалтнаас нь давхар ажил эрхэлж байгаа ажлаасаа чөлөөлөгдөх мэдэгдлийг урьдчилан өгсөн байх ёстой байсан. Хэрэв дээд албан тушаалтан нь ийм мэдэгдэл өгсөн бол нэхэмжлэгч нь Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны даргын ажлаасаа гарч үндсэн ажилдаа ажиллах байсан. Энэ мэдэгдлийг өгөөгүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Нэхэмжлэгч нь буруутай үйл ажиллагаа явуулаагүй, харин удирдлага нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гарсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим-ын дагуу Б.Б нь хамгаалагдах ёстой. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 05/6223 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж ирсэн, уг албан бичгийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байгаа. Уг холбоонд ажиллаж байгаа гэдэг мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж байсан. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан учир жинхлэн ажилласан тохиолдолд давхар эрхэлж байсан Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэл сонирхолтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаар тушаал Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтад үндэслэсэн, хуульд нийцсэн шийдвэр байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гомдол шийдвэрлэсэн хариу хуулийн хүчин төгөлдөр байна. Уг хариу нь нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хүлээж авч, хянаж үзээд Хуулиар хориглосон давхар ажил эрхлэх хориглолтын заалт зөрчсөн гэдэг дээр тодорхой хариу өгсөн байсан. Нэхэмжлэгч нь Төрийн жинхэнэ албанд 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр томилогдохдоо Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны тэргүүн буюу удирдах зөвлөлийн даргын албан тушаалаас татгалзаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17, 39.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д тус тус заасан давхар ажил эрхлэхтэй холбоотой хориглолтын заалтуудыг зөрчсөн байдаг. Ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл тушаалд байхгүй байна, захиргааны актын бичгээр гаргах гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж нэхэмжлэгийн өмгөөлөгч хэлсэн.

Нэхэмжлэгч нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хүн байтал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ агентлагийн газрын даргаар томилогдох гэж гаргасан байгааг нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хэрэгтэй гэж үзэж байна. Хуулийн дагуу болохгүй зүйлийг шүүхээс хүлээж аваад шийдвэр гаргах боломжгүй байна. 2018 онд түр орлон гүйцэтгэгчээр томилогдох үед нь агентлаг дөнгөж байгуулагдсан сул орон тоо нь нөхөгдөөгүй байсан үед түр томилогдсон. Одоо шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хуулиар түр орлон гүйцэтгэгчээр ажиллах үндэслэл, журам нь зөрчигдөж байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зөрчил Мал эмнэлгийн ерөнхий газар дээр харагдаж байна. Хэрэгт авагдсан өөр нэгэн нөхцөл нь Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тушаал нь нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанаас түр чөлөөлсөн байгаа.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар жинхэнэ албанд нөөц бүрдүүлэх журмын холбогдох хэсгүүдэд Гадаад улсад ажиллахаар төрийн албанаас чөлөөлөгдсөн хүний нөөцөд байх хугацаа нь 3 жил байна гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2015 онд гадаад ажиллахаар явсан учир төрийн албаны нөөцөд байх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Нэмж хэлэхэд эрхэлсэн түшмэлийн хууль ёсны шаардлагыг хангахгүй хүн Төрийн албаны зөвлөлөөс тодорхойлолт аваад, Удирдлагын академид суралцдаг юм бэ? энэ үндэслэлгүй юм. Төрийн албанд ажилласан жил, ахлах түшмэлээр ажилласан жилийг хангаж байж нэхэмжлэгч нь дээд шатны эрхэлсэн түшмэлийн сургалтад сууж төгсөх ёстой. Мөн Удирдлагын академи хууль зөрчиж сургалтад хамруулж байна гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай Б.Бийг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.18 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийг үндэслэн Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бийг Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллан давхар ажил эрхэлж холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин ажиллах байгаа гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад 2009 оны 5 дугаар сард орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 96 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна.

Б.Б нь 2018 оны 7 дугаар18-ны өдрөөс Мал эмнэлгийн ерөнхий газарт Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Б.Бийн хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянуулахаар Авилгатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянуулахаар Авилгатай тэмцэх газарт хүргүүлэхдээ Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон талаарх мэдээллээ хүргүүлжээ.

Авилгатай тэмцэх газраас ...нэр дэвшигч Б.Бийн эхнэр Б.Ба нь нийслэлийн мал эмнэлгийн газарт шинжлэгч эмчээр ажилладаг тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд дээрх хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх мөн хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна гэснээс үзвэл нэхэмжлэгчийг Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон мэдэгдэлд хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй байна гэжээ.

Мөн Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо нийгэмд үйлчилдэг ТББ нь 2009 онд байгуулагдсан, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь малын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, мал, зэрлэг амьтдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр сургалт семинар зохион байгуулах малын эмч, малчидыг мэдээллээр хангах, малын халдварт өвчнөөс хамгаалах гэж заасан байх бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн Б.Бийн 2018 оноос 2021 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос ирүүлсэн мэдээллээс үзвэл тухайн төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага нь их хурал, түүнээс удирдах зөвлөл сонгогдож, ерөнхийлөгчөө сонгодог. Дэлхийн мал эмнэлгийн холбооны албан ёсны гишүүн, удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч нь цалин урамшуулал авдаггүй, ашгийн төлөө бус мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болох нь тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1.6-д багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх эрхтэй гэж заасан байна.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана, 8.6-д Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ, 8.7-д Эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8.6-д заасан тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8.4-т заасны дагуу шийдвэр гаргах бөгөөд шийдвэр гаргаагүй бол ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцно гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлд давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг тогтоож өгсөн байх бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус төрийн бус байгууллагын үйл ажиллагаа тухайн хориглосон заалтад ороогүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй гэж, 19.2-д Энэ хуулийн 19.1-д заасан танилцуулга хүлээн авсан албан тушаалтан ажлын байрны шаардлагыг харгалзан 30 хоногийн дотор давхар эрхэлж болохгүй алба, ажил, үүргээс чөлөөлөгдөх, гэрээ болон эрхийг цуцлах эсэх тухай шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ гэж мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, албан тушаалыг нь бууруулах гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд энэ талаар мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн тул ашиг сонирхлын зөрчилгүй гэж тооцохоор байна.

Мөн хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга энэ асуудлыг мэдсэн атлаа нэхэмжлэгчид бичгээр сануулах үүргээ биелүүлээгүй байна.

Харин давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтад нэхэмжлэгчийн сонгуульт мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус төрийн бус байгууллагын үйл ажиллагаа тухайн хориглосон заалтад ороогүй байх бөгөөд хэрвээ нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, албан тушаалыг нь бууруулах гэж заасныг хариуцагч зөрчсөн байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ...тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй, түр орлон гүйцэтгэгчээр томилох журам зөрчсөн, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэж тайлбар гаргаж байна.

Хариуцагчийн гаргаж байгаа тайлбар дээр дурдагдсан төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн ангилал зэрэглэл нь агентлагийн газрын даргад тавигдах шаардлага тул нэхэмжлэгчид хамааралгүй, Б.Б нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд тухайн ажил албан тушаалд томилох үед Төрийн албаны тухай хуучин хууль үйлчилж байсан, Мал эмнэлгийн ерөнхий газар Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын даргын албан тушаалд өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт явуулах захиалгыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй, мөн Төрийн албаны зөвлөлийн магадлалгаагаар нэхэмжлэгчийг албан тушаалын ангилал зэрэглэл ТЗ-11, төрийн албан ажилласан хугацаа 8 жил, ахлах түшмэлийн албан тушаалд 2,6 жил ажиллаж байгаа тул эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц цагийн сургалтад суралцах шаардлагыг хангасан гэж үзсэн байх бөгөөд Удирдлагын академийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 02-ний өдрийн А/84 дүгээр тушаалаар эрхэлсэн түшмэлийн багц цагийн сургалтад суралцаж байх тул Мал эмнэлгийн ерөнхий газар Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч гэж үзэн төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзвэл сонсох ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 55 минутад эхэлсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлснөөс хойш хоёр өдрийн дараа хийгдсэн гэж үзэхээр байна.

Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэлт баталгаагаар хангагддаг тул Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай тушаал нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин энэхүү шүүхийн шийдвэр маргаан бүхий албан тушаалд зарлах сонгон шалгаруулалтад саад болохгүй гэдгийн дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан шүүхээс Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Б.Бийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,518,309.00 /таван сая таван зуун арван найман мянга гурван зуун есөн/ төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож нэхэмжлэгч Б.Бэд олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6, 8.7, 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/86 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Бийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан тушаалаас тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.   Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 5 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,518,309.00 / таван сая таван зуун арван найман мянга гурван зуун есөн / төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, нэхэмжлэгчид олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ