Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 40

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар А.Багагандаваад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070053 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:                                           Л.Отгончимэг

Иргэдийн төлөөлөгч                                                П.Баасансүрэн, Б.Батнамсрай     

Улсын яллагч:                                                           Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч:                                         Д.Цэнд-Аюуш

Хохирогч:                                                                 С.Алтанцэцэг

Шүүгдэгч:                                                               А.Багагандаваа  нар оролцов.        

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг Биндэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эгч А.Туяагийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Рашаант  19 дүгээр гудамж 3 тоот түр хашаанд оршин суух, / иргэний үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 16 дугаар гудамжны 8 тоот/ 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 90 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2011 оны 8 дугаар сарын 6-нд хугацаа дуусч суллагдсан, 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 38 тоот шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, СЖ93102719 дугаарын регистертэй, Асар хатгин овгийн Аюушмаагийн Багагандаваа.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч А.Багагандаваа нь ялтай байхдаа 2016 оны 2 дугаар сарын 20-24-ний өдрийн хооронд Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын задгайн 76а тоот хашаанд байрлах иргэн САлтанцэцэгийн гэрт нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, 1 литрийн “Соёмбо” нэртэй архи 1 ширхэгийг тус тус хулгайлж, бусдад 700. 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Багагандаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Алтангэрэлийнд архи ууж байгаад цагдаад баригдсан. Би Дивизэд гурав хоносон байсан. Анх Сүхболд надад  энэ айлыг зааж өгсөн, би хулгайлсан аягануудыг Алтангэрэлд өгсөн. Цагдаа нар мэдүүлгийг газар дээр нь шалгахад тэр айлыг заа гэж надад тулгаж хэлсэн. Хөндлөнгийн гэрчээр нэг манаачийг дуудаж авчирсан” гэв.

Хохирогч С.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 2 сарын 20-нд хот яваад 3-4 хоноод гэртээ ирэхэд манайхаас 5 ширхэг мөнгөн аяга, 1 шил “Соёмбо” архи, тал шил “Болор” архи алдагдсан байсан. Аяганууд шифртэй чемоданд байсныг манай гэрийн хар иштэй хутгаа хөшиж онгойлгосон байсан, хутганы үзүүр муруйсан байсан. Хашааны хаалганы цоож байхгүй харин гэрийн цоожийг өлгөсөн байсан. Одоо 5 ширхэг мөнгөн аяганыхаа хохирлыг барагдуулж авмаар байна, харин 1 шил “Соёмбо” архины үнийг нэхэмжлэхгүй” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч У.Наранбадрахын өгсөн: “... Би 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр А.Багагандаваа гэгчийн мэдүүлгийг шалгах ажиллагаанд мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Л.Алтансүх, эрүүгийн ахлах төлөөлөгч шинжээч, цагдаагийн дэслэгч З.Өнөрбуян, хяналтын прокурор Б.Алтанцэцэг, хөндлөнгийн гэрчээр Д.Отгонхуяг нарын хамтаар оролцсон. Тухайн үед цагдаагийн хэлтэс дээрээс хөдлөхөд А.Багагандаваа гэгч нь өөрөө хэргийн газрыг зааж “Талс” дэлгүүр гэсний дагуу очиж мэдүүлэг шалгаж байсан. Уг ажиллагаанд оролцоход, яллагдагч А.Багагандавааг тулган шаардаж, хэргийн газрыг өөрсдөө заасан зүйл байгаагүй. А.Багагандаваа нь өөрөө зааж тэрийг нь бичиж тэмдэглэл хөтөлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлж байгаа байдал ажиглагдсан. Багагандаваа гэгч нь өөрөө үйлдсэн хэргээ ярьж хаанаас юу авсан гэдгээ зааж сэтгэл өөдрөг байх шиг санагдсан. Тухайн үед А.Багагандаваа нь би хэрэг үйлдэхдээ согтуу байсан болохоор аяга хаанаас авсан гэдгээ мэдэхгүй байна гэж байсан. ...Мөрдөн байцаагч, шинжээч нар ёс бусаар харьцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 56/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонтуяагийн өгсөн: “…Би 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Багагандаваа гэж хүний мэдүүлэг шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцож “Талст” дэлгүүрийн гадна очиж зураг авч, хашаан дотор орж зураг авч, гэрт  орж зураг авч тэмдэглэл хөтөлж байсан. Тэр залуу өөрөө болсон зүйлийнхээ талаар ярьж байсан. Тухайн үед тэр залуу өөрөө юм яриад зааж өгч байсан. Тэрийг нь 1 цагдаа бичиж, 1 цагдаа зургийг нь авч байсан. 2 цагдаа, 1 эмэгтэй прокурор, хөндлөнгийн гэрч, мэдүүлэг шалгуулж байсан залуу байсан. Тэр залуугийн хувьд зүгээр байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 57/

 

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “... Сэжигтэн А.Багагандаваа нь “Би хэдний өдрийг сайн санахгүй байна. Ченж зогсож түүхий эд авдаг цэгийн хойд талд “Талст” 2 давхар дэлгүүрийн хашаанд байх Монгол гэрээс 5 мөнгөн аяга хулгайлсан гэж мэдүүлсний дагуу А.Багагандаваагаас “та хашааны хаагуур давж орсон гэрлүү нь яаж орсон хаанаас хэдэн мөнгөн аяга авсан бэ” гэж асуухад А.Багагандаваа нь “би Талст гэх хоёр давхар дэлгүүрийн залгаа хашааны урдаас давж орсон” гэх хашааг сэжигтэн Багагандаваагаар заалгаж “Nokia”  маркийн гэрэл зургийн аппаратаар заалгаж байгаад бэхжүүлэв. Багагандаваа нь хашаан доторх хашааны зүүн булангаас төмөр аваад хаалга хөшсөн гэж мэдүүлэв. Сэжигтэн Багагандаваа 5 ханатай гэрт ороод гэрийн хойд хэсэгт байрлах зурагтны тавиурын шургуулга шилэн хаалгатай тавиур зэргийг заасан. Сэжигтэн Багагандаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг хаанаас аяга авснаа мэдэхгүй байна гэж мэдүүлэв.  Мөн мэдүүлгийг шалгах ажиллагаандаа Багагандаваа нь тэгээд би аягыг авч гарсан. Хаалга цоожилсон цоожийг барьж яваад Багануур дүүргийн Хуцаагийн гудамжинд хаясан гэж мэдүүлсэн...” гэсэн  /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хэрэг учралын газрын тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 4-8/

“Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр “ 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга нийт 5 ширхэг мөнгөн аягыг 700.000 төгрөгөөр” үнэлсэн гэжээ. /хх-ийн 43 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 492 тоот актын “ А.Багагандаваа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдэл холбогдлыг ойлгон удирдах чадвартай, хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт /хх-ийн 161 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай “ 13 см урттай ажлын хэсэгтэй, 13.5 см урттай хар өнгийн бариултай, ажлын хэсгийн урд үзүүрээс 4 см зайд мурийж гулзайсан, бариулын нэг тал нь байхгүй, бариул үл ялиг хөдөлгөөнтэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол /хх-н 23/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Аюушмаагийн Багагандаваагийн өмчлөлд эрхийн бүртгэлтэй Г-2208000653  дугаарт бүртгэлтэй Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 16 дугаар гудамжны 8 тоот газрыг битүүмжилсүгэй” гэсэн тогтоол /хх-н 26/

Шүүгдэгч А.Багагандаваагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, шүүгчийн захирамж, суллагдсан тухай тэмдэглэл /хх-ийн 112-131 дүгээр хуудас/,

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 492 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Яллах дүгнэлтэд Аюушмаагийн Багагандаваагийн ургын овгыг “Боржигон” гэх боловч Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 402/000586 дугаартай Иргэний үнэмлэхний лавлагаагаар түүний ургын овог нь Асар Хатгин  болох нь тогтоогдож байна. /хх-н 106/

Шүүгдэгч  А.Багагандаваа нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хооронд Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын задгайн 76а тоот хашаанд байрлах иргэн С.Алтанцэцэгийн гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж онгойлгож, улмаар гэрийн цоожийг онгойлгон орж гэрийн хойморт байсан чемоданы шифрийг хутгаар хөшиж, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга болон 1 литрийн “Соёмбо” нэртэй 1 шил архи зэргийг хулгайлж, бусдад 700 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Багагандаваагийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би мөнгөн аяганууд хулгайлж авсан” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Алтанцэцэгийн “хотоос гэртээ ирэхэд чемоданд байсан 5 ширхэг мөнгөн аяганууд байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, гэрч У.Наранбадрах, Д.Отгонтуяа нарын “А.Багагандаваа нь “Талст” дэлгүүрийн залгаа хашааг урд талаас нь давж ороод хашааны зүүн булангаас төмөр аваад гэрийн хаалгыг хөшиж орсон гэж мэдүүлж байсан. Багагандаваа гэрт ороод зурагтны тавиурын шургуулга шилэн хаалгатай тавиур зэргийг заасан. Харин тухайн үед согтуу байсан болохоор яг хаанаас аяга авснаа мэдэхгүй байна гэж мэдүүлж байсан” гэсэн мэдүүлэг, “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийн хохирлын үнэлгээ, хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл /хх-н 4/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-н 12/ зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

А.Багагандаваа нь шүүхийн хэлэлцүүлэгт “хулгай хийсэн тэр айлыг Сүхболд надад зааж өгсөн, мөн “хулгайлсан аягануудаа Алтангэрэлд өгсөн” гэж тус тус мэдүүлдэг боловч энэ нь гэрч Х.Алтангэрэл, Ч.Ганболд, насанд хүрээгүй гэрч А.Баярсайхан нар мэдүүлгүүдээр няцаагдаж байна./хх-н 55,59-60/

Шүүгдэгч нь үйлдэлдээ ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хандсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг дээрхи гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Багагандаваа нь гэмт хэрэг үйлдэх үедээ 23 настай буюу Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, сэтгэцийн болон оюун ухааны хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “А.Багагандаваа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэсэн 492 тоот дүгнэлтээр /хх-161 хуудас/ тогтоогдож байна.

А.Багагандаваа нь Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг ялаа биечлэн эдэлж байгаад, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан дээрх ялын эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлжээ. Харин Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар А.Багагандаваагийн ялтай байдал нь арилаагүй болно.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч А.Багагандавааг урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

А.Багагандаваа нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт зааснаар онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдах тул оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлбэл зохино.   

Шүүхээс А.Багагандаваад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, харин гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлах нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч нь эд хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй, тогтмол орлогогүй, амьдралын түвшин зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд 20.000 төгрөг хураахаар шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд хохирогч С.Алтанцэцэгт учруулсан 5 ширхэг мөнгөн аяганы төлбөр болох 700.000 төгрөгийг шүүгдэгч А.Багагандаваагаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Харин хохирогч С.Алтанцэцэг нь “Соёмбо” нэртэй архины хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

           Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Улсын бүртгэлийн Г-2208000653 дугаарт бүртгэгдсэн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 16 дугаар гудамжны 8 тоот газар нь А.Багагандаваагийн өмчлөлийнх биш болох  нь 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-н 29/ Иймд  уг газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

А.Багагандаваагийн цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Шүүгдэгч А.Багагандаваад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Асар хатгин овгийн Аюушмаагийн Багагандавааг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар Асар хатгин овгийн Аюушмаагийн Багагандаваад 20.000 /хорин мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.Багагандаваагийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Багагандаваагийн цагдан хоригдсон 119 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Багагандаваагаас 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Алтанцэцэгт олгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн Г-2208000653 дугаарт бүртгэгдсэн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 16 дугаар гудамжны 8 тоот газрыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Шүүгдэгч А.Багагандаваад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Тогтоол хүчин төгөлдөр болтол А.Багагандаваад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Багагандаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ОЮУНБАТ

                        ШҮҮГЧИД                                         Б.БАЙГАЛМАА

                                                                                  А.БЯМБАЖАВ