| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2018/02683/И |
| Дугаар | 02673 |
| Огноо | 2018-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 02673
| 2018 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2018/02673 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 13 дугаар байрны 247 тоотод оршин суух, П.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 39-03 тоотод оршин суух, ургийн овогтой Ц.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Н миний бие 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б-тэй 5,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-г 11 хоногийн хугацаатайгаар 2 хувийн хүүтэйгээр байгуулсан. Гэтэл Ц.Б нь гэрээний үүргээ өнөөдрийг болтол биелүүлээгүй бөгөөд П.Ннамайг хохироосоор байна. Ц.Б эс “Зээлийн гэрээ”-ний нийт төлбөр болох үндсэн зээл 5,000,000 төгрөг хүү 1,100,000 төгрөг, алданги 0,5 хувийг бодохоор гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас 3,050,000 төгрөг нийт 9,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ннь Ц.Б-тэй2017 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 9,150,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 100,000 төгрөг, алданги 50 хувиас хэтрэхгүйгээр 2,550,000 төгрөг нийт 7,650,000 төгрөг болж байна. Үүнээс 2018 оны 08 сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг авсан тул зээлээс 2,000,000 төгрөг хасч байна. Иймд хариуцагч Ц.Б эс 5,650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ннь хариуцагч Ц.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 3,500,000 төгрөгөөр багасгаж, 5,650,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч П.Н, хариуцагч Ц.Б нар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг 11 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, хэрэв зээл, зүүг хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлжээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хуулийн агуулгад нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч талын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу төлөгдөөгүй зээл, гэрээгээр тохиролцсон хугацааны хүү, зээлийн гэрээний 2.7-т заасны дагуу алданги гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Харин хариуцагч Ц.Б д шүүх нэхэмжлэлийн хувийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гардуулж, эрх, үүрэг тайлбарлан өгсөн. Мөн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн болон тус шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд хариуцагч Ц.Б эс 5,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н-толгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Ц.Б эс 5,650,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н-толгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б эс 105,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Н-толгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР