| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Ц.С
Шүүгдэгч: П.Ө нарыг оролцуулан
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Пын Өад холбогдох 2012................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Э сумын 4 дүгээр баг, Б хорооллын 17-08 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З овогт Пын Ө /РД:***/,
Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Шүүгдэгч П.Ө нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ......... аймгийн ........сумын ..... багийн нутаг, “Д” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, өөрийн эзэмшлийн ** АРА улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А, 12.1-д заасныг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ө.Гийн биед хүнд, Д.Чын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын үед:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оы өгсөн: “...П.Ө нь миний нөхөр байгаа юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Нөхөр бид хоёр Улаанбаатар хотод хүүгээ эмчлүүлсэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар 1 сарын дараа дахин үзүүл гэж байсан. Хамгийн сүүлд толгойн зураг авч үзээд дахин үзүүлэх шаардлага байхгүй, шимэгдэх цус нь бүрэн шимэгдсэн байна, зүгээр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
*Хохирогч Д.Чын өгсөн: “...П.Ө нь миний хүү байгаа юм. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Би төрсөн хүү Өын эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
*Гэрч П.Гын өгсөн: “...П.Ө нь миний төрсөн дүү байгаа юм. Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зуслангийнхаа байран дээр байшин барьж байтал дүү П.Ө нь машинтайгаа сумын төв орж явна гээд эхнэр О, хүү Г, охин, манай ээж Ч, хамаатны охин А, нартай явж байсан. Тухайн машиныг М жолоодож явсан. Надад жаахан туслаад тэд нар 13 цагийн үед Тариат сумын төв явсан. 16 цагийн үед М утсаар залгаад Дасгалт гэх газар онхолдчихлоо, Тариат сумаас эмнэлгийн машин ирээд бид явж байна гэж хэлсэн. Тэгээд би гэррүүгээ очиж утсаар ярьж холбогдоод тухайн зам тээврийн осол болсон гэх газар 20 цагийн үед ирэхэд Мөрөн багийн төвийн сайжруулсан шороон замын зүүн гар талд манай дүүгийн ** АРА улсын дугаартай, давхар кабинтай Портер маркийн машин зүүн талаараа хажуулдсан байдалтай, урд салхины шил, эд зүйл нь хагарсан байсан. М, Ө нар эрүүл ирээд, эрүүл явсан. Тухайн машинд Өын эхнэр хүүхэд сууж явсан болохоор архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, манай дүү хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзсан үедээ л архи хэрэглэдэг. Сүүлд осол болсны дараа хамт сууж явсан хүмүүсээс хэн жолоодож явсан талаар асуухад Ө жолоодож явсан гэж хэлсэн. П.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох туршлага байхгүй. 2020 оны 09 дүгээр сард худалдаж авснаас хойш машин жолоодож байгаа, эрхийн үнэмлэх байхгүй, мал малладаг, малчин, гэрийн ажилд сайн, тамхи татдаггүй, цэргийн алба хаасан. Тусгай дунд боловсролтой, эхнэр хүүхдэдээ халамжтай сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
*Насанд хүрээгүй гэрч Б.Аы өгсөн: “...Тухайн өдөр би хөдөө гэрээсээ Тариат сумын төв рүү сургуулийн байрнаас хувцсаа авах ажлаар Ө ахын машинтай Тариат сумын Алтаад багт байх гэрээсээ явсан. Тухайн үед Ө ахын машинд Ө, эхнэр нь, хоёр хүүхэд нь, ээж Ч, манай хамаатны ах М гэх хүмүүс явсан. Хөдөөний М ах машин жолоодож явсан, замдаа Г ах зуслангийнхаа байран дээр байшин барьж байсан. Бид очоод бага зэрэг туслаад 13 цагийн үед М ах жолоо бариад Тариат сум руу явсан. Замдаа Суман голын гүүр гараад зам цагаан гайгүй гээд Ө ах машинаа өөрөө бариад явсан. Мөрөн багийн төвийн урд талруу сайжруулсан шороон зам руу ороод хэсэг явж байтал гэнэт замын хажуу талруу ороод машин зүүн гар талаар унаад хөрвөөсөн. Тэгээд бид машинаас гараад хамгийн сүүлд цонхоор гарсан. Тэгээд М ах Тариат сумын төв рүү эмнэлэг дуудаад бид эмнэлгийн машинд суугаад явсан. Би хянах самбарыг нь хараагүй, миний бодлоор 40 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Тухайн үед бүгд эрүүл явсан ба Ө ах жолоо барьж явсан, түүний хажууд эхнэр нь Г гэх хүүхдийн хамт хажууд нь, баруун талын хаалганы хажууд М ах, хойд суудлын зүүн талд Ч эгч Гийг тэврээд, би баруун гар талд нь сууж явсан. П.Ө нь тухайн үед зогсоох арга хэмжээ аваагүй, шууд замын хажуу хэсэг рүү ороод унасан. Миний толгой өвдөөд эмчид үзүүлэхэд тархи доргисон байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,
*Гэрч Д.Чын өгсөн: “...П.Ө нь миний төрсөн хүү байгаа юм. Тийм учраас би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
*П.Өын гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрээ эмнэлэгт үзүүлэх ажлаар Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг, Битүүт гэх газраас өөрийн эзэмшлийн ** АРА улсын дугаартай давхар кабинтай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр О, 3 настай хүү Г, 2 настай охин Г, төрсөн эх Ч, хамаатны дүү охин А, хамаатаны залуу М нарын хамт 10 цагийн үед миний машиныг М жолоодож Тариат сумын төврүү явсан. Замдаа төрсөн ах Г зуслангийнхаа байран дээр ганцаараа байшин барьж байхаар нь бид очоод жаахан тусалж байгаад хөдөлсөн. Машин мөн М жолоодоод явсан, замдаа Мөрөн багийн нутаг, модон гүүр гараад би машинаа бариад М урд суудал дээр суугаад явсан. Тэгээд хэсэг яваад Мөрөн багиин төвийн урд байдаг сайжруулсан шороон зам руу ороод явж байтал Дасгал гэх газар жолооч талын урд дугуй хагараад замын зүүн гар тал руу замаас гараад машин нэг хөрвөөгөөд, 4 дугуй дээрээ зогссон. Тэгээд хүүхдүүд уйлаад бид машинаасаа гараад Тариат сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлгийн машин ирээд Архангай аймгийн төв рүү аваад явсан. Аймгийн төв эмнэлэг дээр ирээд ээж үлдээд эхнэр бид хоёр, хүү Гийг эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу авч явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархины тасагт хүү Гийг хэвтүүлэн эмчилгээ хийлгээд Архангай аймагт 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Уг осол нь тухайн өдрийн 14 цагийн үед болсон, цаг агаарын тухайд цэлмэг нартай, үзэгдэх орчин хэвийн тэгш, шулуун зам байсан. Харин зам бага зэрэг цастай байсан. 45-50 км цагийн хурдтай явсан. Зогсоох арга хэмжээ аваагүй, сандраад шууд замын хажуу тал руу орсон. Би тухайн үед эрүүл явсан, надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхиин үнэмлэх байхгүй. Миний эзэмшлийн машин юм. Би 2020 оны 09 дүгээр сард худалдаж авсан юм. Би жолоо бариад, хажууд эхнэр хүү Гийг тэврээд суусан хажууд нь хаалга талд М суусан, хойд суудал дээр манай манай охин, ээж, дүү охин А нар сууж явсан. Толгой хуйх язраад оёдол тавиулсан, эхнэрийн гарын алга язраад оёдол тавиулсан, ээж Чын эгэм, хавирга нь хугарсан, хүү Гийн толгой гэмтсэн, А, М, охин Г нар гэмтэж бэртээгүй зүгээр. Зам тээврийн осол урд дугуй хагарсанаас болсон гэж бодож байна, хурдаа тохируулж яваагүй миний буруу. Урд салхны шил хагарсан, зүүн талын урд хаалга хумигдаж, шил нь кабин дээд хэсгээр хумигдаж гажсан, зүүн хойд хаалганы шил хагарсан, зүүн урд гэрлэн дохио харгарсан зэрэг гэмтлүүдтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/,
*Гэрч Б.Оы өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлэгт үзүүлэх ажлаар аймгийн Тариат сумын Алтайд багийн нутаг Битүүт гэх газраас нөхөр П.Ө 3 настай хүү Г, 2 настай охин Г, хадам ээж Ч, хадам дүү охин А, залуу М нарын хамт 10 цагийн үед нөхрийн эзэмшлийн ** АРА улсын дугаартай давхар кабинтай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Моор жолоодуулаад Тариат сумын төврүү явсан. Учир нь манай нөхөр жолоо барих эрхийн үнэмлэх байхгүй, замдаа бартаатай даваатай учраас Моор жолоо бариулсан юм. Замдаа хадам ах зуслангийнхаа байран дээр ганцаараа байшин барьж байхаар нь бид тусалж байгаад хөдөлсөн. Машиныг М жолоодоод явсан. Мөрөн баг модон гүүрийн ойролцоо манай нөхөр Ө машинаа бариад М урд суудал дээр миний хажууд суугаад явсан. Тэгээд хэсэг яваад Мөрөн багийн төвийн урд сайжруулсан шороон зам буюу Дасгал гэх газар явж байгаад гэнэт машин замаас гарч хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Тэгээд бид машинаасаа гараад сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн. Эмнэлгийн машин ирээд биднийг үзэж, ээж Ч, хүү Г нөхөр бид нарыг аваад Архангай аймгийн төв эмнэлэг дээр ирээд хадам ээж үлдээд, манай хүү Гийг Улаанбаатар хот руу яаралтай явах хэрэгтэй гээд нөхөр бид хоёр хүү Гийг эмнэлгийн машинаар Улаанбаатар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархины тасагт хэвтүүлэн 19 хоног эмчилгээ хийлгээд Архангай аймагт 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Тухайн өдөр 14 цагийн үед болсон, сайржууулсан шороон зам бага зэрэг цастай шулуун тэгш зам байсан, тормос гишгэсэн үгүйг би мэдэхгүй байна. Бид бүгд эрүүл байсан бөгөөд тухайн машиныг манай нөхөр 2020 оны 09 сард худалдаж авсан юм. Манай нөхрийн толгой хуйх язраад оёдол тавиулсан, миний гар зүсэгдсэн оёдол тавиулсан, хадам ээж Чын эгэм, хавирга нь хугарсан, хүү Гийн толгой гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/,
*Гэрч А.М өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ө эхнэрээ сумын төв орж үзүүлнэ гэж хэлсэн. Түүний эхнэр О жирэмсэн юм. Тэгээд манай төвд байдаг болохоор гэртээ харих ажлаар хамт явсан явахдаа П.Ө 3 настай хүү Г, 2 настай охин Г, хамаатны эгч Ч, А нарын хамт 10 цагийн үед П.Өын эзэмшлийн ** АРА дугаартай давхар кабинтай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй би жолоодоод, сумын төв рүү явсан. Манай байгаа газраас Тариат сумын төв ороход даваа нь өндөр, бартаатай учир би машиныг нь барьсан юм, Ө жолооны үнэмлэх байхгүй, замдаа хамаатны ах Г зуслангийнхаа байран дээр байшин барьж байхаар нь бид очоод жаахан тусалж байгаад хөдөлсөн. Суман голын модон гүүр гараад зам цагаан саадгүй болсон учраас өөрт нь машиныг нь өгч жолоо шилжүүлсэн юм. Цааш яваад Мөрөн багийн нутаг Дасгал гэх газар сайжруулсан шороон зам дээр явж байтал гэнэт машин замаас гараад бид сандраад орилтол машин хөрвөөгөөд 4 дугуй дээрээ зогссон. Тэгээд машинаасаа гараад Тариат сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн, эмнэлэг ирээд биднийг эмч үзээд Ч эгч, Өын хүү Г, О нарыг аваад Архангай аймгийн төв рүү явсан. А, бид хоёр үлдсэн юм. Сайжруулсан шороон зам байсан, бага зэрэг цастай шулуун тэгш зам байсан. Тухайн үед машины хурд нь миний бодлоор 50 км цагийн хурдтай явсан байх, зогсоох арга хэмжээ аваагүй. Бид нар бүгд эрүүл явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/,
*Гэрч Ж.Оийн өгсөн: “...П.Ө нь манай хүргэн бөгөөд миний том охин Отай гэр бүл болж амьдарч байгаа юм. Тэд 2 хүүхэдтэй бөгөөд мал маллаж амьдардаг сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,
*Гэрч Д.Эийн өгсөн: “...П.Ө нь миний төрсөн эгч Чын төрсөн хүү байгаа юм. Тэрээр мал маллаж амьдардаг бөгөөд даруу төлөв зантай, хүнд тусархуу, цэргийн алба хаасан, малч, сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,
*П.Өын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ** АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Тариат сум орохоор явсан юм. Тэгээд замдаа М ахаар машинаа бариулж байгаад Мөрөн багийн модон гүүрээ гараад зам цагаан болсон тул машинаа бариад явж байтал зүүн урд дугай хагараад замын зүүн талруу гараад машин онхолдсон юм. Би тухайн үед 40-50 км цагийн хурдтай явж байсан юм. Би согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11 ху/,
*Зам тээврийн ослын акт, схем зураг /хх-ийн 12-13 ху/,
*Б.Оы биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай
1. Б.О биед баруун гарт шарх, баруун хөл орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
6. Б.О нь осол болох үед 3 дахь жирэмслэлт, 29-30 долоо хоногтой жирэмсэн байжээ гэх дүгнэлт /хх-ийн 43 ху/,
*П.Өын биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай
1. П.Өын биед зулайн орой хэсэгт хуйханд зоөлон эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 48 ху/,
*Хохирогч Ө.Гийн биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай
1. Ө.Гийн биед гавлын зүүн чамархайгаас зүүн хөхлөг сэртэн дайрсан, баруун чамархайгаас суурь ясны их далавч дайрсан шугаман хугарал, баруун чамархай хэсгийн тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 54 ху/,
*Хохирогч Ө.Гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 55-59 ху/,
*Хохирогч Д.Чын биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай
1. Д.Чын биед зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал зүүн талын эгэм ясны сэлтэрхийт хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас зүүн талын эгэмний хугарлыг уян хадаасаар хадаж бэхлэх хагалгаа хийгджээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 63 ху/,
*Рентгэн зураг /хх-ийн 64 ху/,
*Хохирогч Д.Чын эмчилгээ хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 66-68 ху/,
*Ө.Гийн биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай Ө.Гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 74 ху/,
*Б.Аы биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 617 дугаартай
1. Б.Аы биед, тархи доргилт гэмтэл учирчээ. Өөр ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй.
2. Тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Б.Аы биед учирсан тархи доргилт гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь, 2020.11.27-ны шинжээч эмчийн үзлэг болон 2-р шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны бичлэгээс харахад, шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал /цээжний рентген харалтын/ ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана гэх дүгнэлт /хх-ийн 77 ху/,
*Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 78-79 ху/,
*А.Мын биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай А.Мын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 83 ху/,
*** АРХ улсын дугаартай “Хюүндай Портер” маркийн авто машинд учирсан эвдрэлийн үнэлгээг тогтоосон “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 447 дугаартай “Авто машинд учирсан эвдрэлийг 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлсон дүгнэлт /хх-ийн 88-89 ху/,
*Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай
1. ** АРА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) гэсэн заалт, Мөн дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Зам тээврийн осол гарахад, замын орчин байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 93 ху/,
Жолоочийн үнэмлэхтэй эсэх талаарх лавлагаа /хх-ийн 108 ху/,
Архангай аймгийн Э сумын 4 дүгээр багийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2116, 2115 дугаартай тодорхойлолтууд /хх-ийн 110-111 ху/,
Архангай аймгийн Тариат сумын Алтайд багийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 483 дугаартай тодорхойлолт /хх-ийн 112 ху/,
Ө.Г, Ө.Г нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 113-114 ху/,
** АРА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх лавлагаа /хх-ийн 118 ху/,
*Зайран овогт Пын Ө /РД:***/-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 121 ху/,
*Ял шийтгэгдэж байсан талаарх лавлагаа /хх-ийн 122 хуу/,
*Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 123-126 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч П.Өад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Ө нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ........ аймгийн......... сумын ........ багийн нутаг, “Д” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, өөрийн эзэмшлийн ** АРА улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А, 12.1-д заасныг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ө.Гийн биед хүнд, Д.Чын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.Ө нь үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оы өгсөн: “...П.Ө нь миний нөхөр байгаа юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Нөхөр бид хоёр Улаанбаатар хотод хүүгээ эмчлүүлсэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар 1 сарын дараа дахин үзүүл гэж байсан. Хамгийн сүүлд толгойн зураг авч үзээд дахин үзүүлэх шаардлага байхгүй, шимэгдэх цус нь бүрэн шимэгдсэн байна, зүгээр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,Гэрч П.Гын өгсөн: “...16 цагийн үед М утсаар залгаад Дасгалт гэх газар онхолдчихлоо, Тариат сумаас эмнэлгийн машин ирээд бид явж байна гэж хэлсэн. Тэгээд би гэррүүгээ очиж утсаар ярьж холбогдоод тухайн зам тээврийн осол болсон гэх газар 20 цагийн үед ирэхэд Мөрөн багийн төвийн сайжруулсан шороон замын зүүн гар талд манай дүүгийн ** АРА улсын дугаартай, давхар кабинтай Портер маркийн машин зүүн талаараа хажуулдсан байдалтай, урд салхины шил, эд зүйл нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, насанд хүрээгүй гэрч Б.Аы өгсөн: “...Мөрөн багийн төвийн урд талруу сайжруулсан шороон зам руу ороод хэсэг явж байтал гэнэт замын хажуу талруу ороод машин зүүн гар талаар унаад хөрвөөсөн. Тэгээд бид машинаас гараад хамгийн сүүлд цонхоор гарсан. Тэгээд М ах Тариат сумын төв рүү эмнэлэг дуудаад бид эмнэлгийн машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/, гэрч Б.Оы өгсөн: “...Тэгээд хэсэг яваад Мөрөн багийн төвийн урд сайжруулсан шороон зам буюу Дасгал гэх газар явж байгаад гэнэт машин замаас гарч хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Тэгээд бид машинаасаа гараад сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн. ...Манай нөхрийн толгой хуйх язраад оёдол тавиулсан, миний гар зүсэгдсэн оёдол тавиулсан, хадам ээж Чын эгэм, хавирга нь хугарсан, хүү Гийн толгой гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/, гэрч А.Мын өгсөн: “...Цааш яваад Мөрөн багийн нутаг Дасгал гэх газар сайжруулсан шороон зам дээр явж байтал гэнэт машин замаас гараад бид сандраад орилтол машин хөрвөөгөөд 4 дугуй дээрээ зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/, П.Өын яллагдагчаар өгсөн: “...Мөрөн багийн модон гүүрээ гараад зам цагаан болсон тул машинаа бариад явж байтал зүүн урд дугуй хагараад замын зүүн талруу гараад машин онхолдсон юм. Би тухайн үед 40-50 км цагийн хурдтай явж байсан юм. Би согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/, Зам тээврийн ослын акт, схем зураг /хх-ийн 12-13 ху/, хохирогч Ө.Гийн биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 ху/, хохирогч Д.Чын биед учирсан гэмтлийн зэргийн тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 63 ху/, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 93 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг, “Дасгал” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, өөрийн эзэмшлийн ** АРА улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А, 12.1-д заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул П.Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект мөн буюу жолооч гэж үзэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Өын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ө.Гийн биед хүнд, Д.Чын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт болон жолоочийн үнэмлэхтэй эсэх талаар авсан лавлагаанаас үзэхэд П.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь тогтоогджээ.
Иймд шүүгдэгч П.Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Чын биед зүүн талын 5, 6, 7 дугаар хавирганы хугарал зүүн талын эгэм ясны сэлтэрхийт хугарал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна гэх мөн хохирогч Ө.Гийн биед гавлын зүүн чамархайгаас зүүн хөхлөг сэртэн дайрсан, баруун чамархайгаас суурь ясны их далавч дайрсан шугаман хугарал, баруун чамархай хэсгийн тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарч байх тул нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр мөн нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өад 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 133-134 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, хохирогч Д.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэргийн материалтай танилцах үед “гомдол саналгүй” /хх-ийн 123-124 ху/ гэсэн байх тул шүүгдэгч П.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна.
Шүүгдэгч П.Өад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дхаь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Өад шүүхээс оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, түүнд тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжилсэн эд хөрөнгөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Пын Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өад оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ө нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өад үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ө нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ