| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2018/0043/И |
| Дугаар | 00515 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00515
| 2018 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2018/00515 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ** тоотод оршин суух Боржигон овогт О.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ** тоотод оршин суух Боржигон овгийн Ц.Э,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ** тоотод оршин суух Чонос овгийн Ц.Т нарт холбогдох,
19 202 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Ц.Т, хариуцагч Ц.Т-н өмгөөлөгч Д.Н, хариуцагч Ц.Э, гэрч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д нь Ц.Эг гуйсны дагуу 19 202 500 төгрөгийг Ц.Эгийн ах Ц.Тийн зээл болох БИДЭТ ББСБ-ын зээл төлөлтөнд хийсэн. Э, ах Ттэйгөө уг зээлийг аваад хүүг нь багасгаад өөр газраас зээл аваад өгнө гэж хэлэн зээлийн төлөлтөө хийлгэж, Т нь барьцаа ҮХЭХ-гөө барьцаанаас суллаж авсан ба маргааш нөгөөдрөөс нь зээл бүтэхгүй боллоо гэсэн. Т, Э нарт мөнгөө төлөхийг шаардахад шүүхэд өг гээд намайг хохироож байх тул 19 202 500 төгрөгийг Ц.Төөс гаргуулж өгнө үү. Э нь 7 хоногийн өмнөөс над руу ярьсан юм. Би Ттэй утсаар ярихад та хоёр наад асуудлаа шийд гэж хэлсэн. Би Эд туслах үүднээс л зээлийг нь хааж өгсөн. Үндсэн зээлдэгчээр Т гарын үсэг зурсан байдаг, Ц.Э, Ц.Т хоёроос хоёулангаас нь нэхэмжилнэ... гэжээ.
Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт оршин суудаг. 2016.08.30-нд Ц овогтой Эг Ө ХХК буюу Э хэвлэл компанийхаа үйл ажиллагааг явуулахад минь тус болооч гэж гуйсны үндсэн дээр БИДЭТ ББСБ-аас өөрийн орон сууц болох ** , ** тоот гэрчилгээг барьцаалж 20,0 сая төгрөгийн зээлийг авч өгсөн. Гэтэл БИДЭТ ББСБ-аас авсан зээлийн төлөлтөө Ц.Э цаг хугацаандаа төлөхгүй явсаар 300 гаруй хоног болсон учир шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдэгдэл удаа дараа ирсэн. Иймд Ц.Эг зээлийн төлөлтөө хийж үл хөдлөх хөрөнгийг минь чөлөөлж өг гэж би шаардсан. Ц.Э зээлээ төлсөн гэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авчирч өгсөн. Зээлээ төлөхдөө ямар хүнээс мөнгө авсныг би мэдэхгүй. Ц.Т миний бие Ц.Эгийн хамт гарын үсэг зурж О.Д гэгч хүнээс мөнгө зээлж аваагүй бөгөөд уг хүнийг би танихгүй, хараагүй. Иймд Ц.Эгийн авсан 19 202 500 төгрөгийн тооцоонд огт оролцоо байхгүй. Миний зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй... гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016.08.30-нд Ц.Тийн ** тоот Ү-2101007533 тоот гэрчилгээг барьцаалж БИДЭТ ББСБ-аас зээл авсан. Уг зээлийн зарцуулалт Ц.Төд хамааралгүй бөгөөд Ө ХХК-нд үйл ажиллагаандаа зориулж зарцуулсан. Зээлийн үлдэгдэл болох 19 202 500 төгрөгийг О.Дас авч БИДЭТ ББСБ-д шилжүүлж чөлөөлүүлсэн. О.Дас зээл чөлөөлүүлсэн 19 202 500 төгрөг нь Ц.Тийн оролцоо байхгүй бөгөөд ямар нэгэн хамааралгүй. Уг чөлөөлүүлсэн мөнгөний хариуцлагыг хүлээж О.Д-гхохиролгүй болгоно гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие Ц.Э нь Ц.Ттэй хамтран 8,0 сая төгрөгийн зээлийг 2015.11.13-нд Транскапитал ББСБ-аас авсан. Үүнээс 6,0 сая төгрөгийг Ц.Т, 2 сая төгрөгийг Ц.Э миний бие авч зарцуулсан. Уг зээл дээр Ц.Т нь 2 удаа төлөлт хийж үндсэн 6 сая төгрөгөөс 500 000 төгрөг хасагдаж 5 500 000 төгрөгийг үлдэгдэл байсан. Энэ үлдэгдэл мөнгө миний төлөх мөнгөтэй нийлээд 7 045 730 төгрөгийг Цэрмаа гэх хүнээр хаалгаж БИДЭТ ББСБ-аас анх 20,0 сая төгрөгийн зээл хамтран авсан. Цэрмаад 7,0 сая төгрөгийг буцаан өгч үлдсэн 13 сая төгрөгийг Ц.Э миний бие авч зарцуулсан. 20 сая төгрөгний зээлийг авч чөлөөлүүлэх хүртэл нийт 19 сарын хугацаанд Ц.Т нь огт төлөлт хийж байгаагүй бөгөөд өөрийн төлөх ёстой хүүгийн төлбөр 4 075 500 төгрөг нийт 9 575 500 төгрөгийг албан ёсоор төлөх ёстой гэж үзэж байна. Дээрх 19 сарын хугацаанд Ц.Э миний зүгээс БИДЭТ ББСБ-д 11 814 313 төгрөг төлсөн. Уг зээл нь хугацаа шахагдаж төлөлт хоцорч эхлэхэд банкнаас төлбөрөө төл гэж шахаж эхэлсэн. Ингээд Ц.Төөс бид хоёр өөр хүү багатай зээл судалж авахаар тохиролцсон. Тэгээд БИДЭТ ББСБ-аас зээл авах болж Ц.Тийн нэр дээр зээл гарах болохоор болгон одоо бичиг баримт барьцаагаа авчран зээлээ ав гээд Ц.Т ах надад чи одоо зээл хаах хүнтэйгээ уулзаад хаалгаад ир тэгээд 2-лаа зээлээ аваад буцаан төлнө гэж хэлсэн. Зээлээ хаагаад лавлагаа авах хүсэлтээ өгөөд 24 цагийн дараа лавлагаа гарна гэж хэлэхэд Ц.Т ах, ахдаа гэрчилгээ өгөөд явуулчих гэртээ нэг хонуулья гэж хэлсэн. Өглөө 9 цагт уулзаж зээлээ аваад хүний мөнгө өгье гэж тохиролцоод маргааш өглөө 09 цагт залгахад би одоо зээл авахаа болилоо гэсэн. Би хариуд та юу ярьж байгаа юм бэ, энэ хүний зээл чөлөөлсөн мөнгийг яах юм бэ, ядаж та өөрийн төлөх ёстой мөнгөө банкных нь хүүтэй өг гэж хэлэхэд үгүй гэсэн. Нэг хоногийн дараа би ахин утасдан та эсвэл 10,0 саяыг ч болов аваад өгөөч 2-лаа гэрээ хийгээд таны төлөх ёстой мөнгийг би төлье гэж хүртэл гуйж үзсэн. Огт зөвшөөрөхгүй байсан. Хэд хоногийн дараа О.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ингээд Ц.Т над руу холбогдон байр битүүмжилж байна гэсэн. Хэрвээ би алдах дээрээ тулвал бүгдийг чинь ална шүү надад айх зүйл байхгүй гэж хэлэхэд би ар гэр хүүхдүүддээ санаа зовж эхэлсэн. Дараа нь холбогдоод ах нь уулзаж ярих зүйл байна гээд би гэрт нь очиж уулзахад чи мэдүүлэг тайлбараа Төд огт хамааралгүй гэж хэл гэсэн. Тухайн үед би маш их дарамттай байсан. Би хэсэг бодож байгаад тайлбар бичиж өгье гэхэд яг одоо бич гээд машин дотроо бичүүлсэн. Бичиж дуусаад өөрийн үндсэн төлөх ёстой 10,0 сая төгрөгийг өгч чадахгүй, дараа нь 5,0 саяыг өгвөл өгнө гэсэн. Ц.Төөс үндсэн төлбөр 5 500 000 төгрөг, хүүгийн төлбөр 4 075 500 төгрөг нийт 9 575 500 төгрөгийн төлүүлэх хүсэлтэй байна. Уг тайлбар бичиж өгсний дараа шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэх нь зүйтэй юм гэж шийдээд энэ тайлбарыг бичлээ... гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Д нь Ц.Т, Ц.Э нарт холбогдуулан 19 202 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ттэй хамтран төлнө гэсэн, хариуцагч Ц.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Ц.Э: ...би Ц.Ттэй хамтран 8,0 сая төгрөгийн зээлийг 2015.11.13-нд Транскапитал ББСБ-аас авсан. Үүнээс 6,0 сая төгрөгийг Ц.Т, 2,0 сая төгрөгийг Ц.Э миний бие авч зарцуулсан. Уг зээл дээр Ц.Т нь 2 удаа төлөлт хийж үндсэн 6,0 сая төгрөгөөс 500 000 төгрөг хасагдаж 5 500 000 төгрөгийн үлдэгдэл байсан. Энэ үлдэгдэл мөнгө миний төлөх мөнгөтэй нийлээд 7 045 730 төгрөгийг Цэрмаа гэх хүнээр хаалгаж БИДЭТ ББСБ-аас анх 20,0 сая төгрөгийн зээл хамтран авсан. Цэрмаад 7,0 сая төгрөгийг буцаан өгч үлдсэн 13 сая төгрөгийг Ц.Э миний бие авч зарцуулсан. 20,0 сая төгрөгний зээлийг авч чөлөөлүүлэх хүртэл нийт 19 сарын хугацаанд Ц.Т нь огт төлөлт хийж байгаагүй бөгөөд өөрийн төлөх ёстой хүүгийн төлбөр 4 075 500 төгрөг нийт 9 575 500 төгрөгийг албан ёсоор төлөх ёстой гэж үзэж байна. Иймд хамтран төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа гэж тайлбарласан.
Хариуцагч Ц.Т нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...2016.08.30-нд Ц.Э нь Э хэвлэл компанийхаа үйл ажиллагааг явуулахад тус болооч гэж гуйсны үндсэн дээр БИДЭТ ББСБ-аас өөрийн орон сууцаа барьцаалж 20,0 сая төгрөгийн зээлийг авч өгсөн. Гэтэл БИДЭТ ББСБ-аас авсан зээлийн төлөлтөө Ц.Э цаг хугацаандаа төлөхгүй явсаар 300 гаруй хоног болсон учир шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдэгдэл удаа дараа ирсэн. Иймд Ц.Эг зээлийн төлөлтөө хийж үл хөдлөх хөрөнгийг минь чөлөөлж өг гэж би шаардсан. Ц.Э зээлээ төлсөн гэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авчирч өгсөн. Зээлээ төлөхдөө ямар хүнээс мөнгө авсныг би мэдэхгүй. Би О.Д гэдэг хүнээс мөнгө зээлж аваагүй, уг хүнийг танихгүй, хараагүй гэж мэтгэлцсэн.
Хариуцагч нарын тайлбар болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд Ц.Т нь БИДЭТ ББСБ-аас өөрийн орон сууцаа барьцаалан 20,0 сая төгрөгийг Ц.Эг гуйсны дагуу авч өгсөн байх ба, Ц.Э нь мөн өөрөө хамтран зээлдэгчээр орсон талаар талууд тайлбарласан. Уг 20,0 сая төгрөгийн зээлийг Ц.Э авч хэрэглэсэн гэдэг дээр хариуцагч нар маргаагүй, гэрч ч мөн Ц.Э уг мөнгийг хэрэглэсэн гэж мэдүүлсэн. Харин өмнө нь хариуцагч нар хаанаас хэдэн төгрөгийн зээл хамтран авсан, хэн нь хэдэн төгрөгийг авч хэрэглэсэн, одоо хэн нь хэдэн төгрөг төлөх зэрэгт шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
БИДЭТ ББСБ-аас авсан 20,0 сая төгрөгийн зээлийн гэрээнд Ц.Т, Ц.Э нар хамтран зээлдэгчээр орсон байх ба, уг зээлийг чөлөөлөөд дахин хүү багатай зээл аваад буцаагаад мөнгийг нь төлөхөөр О.Дтай Ц.Э ярилцаж тохиролцсон байдал тэдний тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Ц.Тийн төлөх ёстой зээлийг /үүргийг/ төлсөн, Ц.Эгийн дансанд хийгээгүй БИДЭТ ББСБ-ын данс руу шилжүүлсэн учир Иргэний хуулийн 491.4, 491.7-д зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэж Ц.Ттэй хамтран хариуцна гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.4-д бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд боломж гармагц ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээд өөрөө уг үүргийг гүйцэтгэж эхлэх буюу уг үүргээс татгалзах хүртэл үүргийг гүйцэтгэнэ, 491.7-д үүргийн гүйцэтгэл ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдийн хүсэл зориг, ашиг сонирхолд нийцэхгүй бол үйлдэл хийсэн этгээд зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхгүй бөгөөд хэрэв үйлдэл хийсэн этгээд үүнийг мэдэж байсан бол ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд учирсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
Хэдийгээр О.Д нь 19 202 500 төгрөгийг БИДЭТ ББСБ-ын данс руу шилжүүлсэн ч, энэ нь Ц.Э, Ц.Т нарын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгээд байгаа асуудал биш, Ц.Эгийн гуйлтын дагуу, дараа нь бага хүүтэй мөнгө аваад мөнгийг нь буцаагаад өгнө гэсэн тохиролцооны үндсэн дээр хийгдсэн байна. Тиймээс Ц.Э, О.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. БИДЭТ ББСБ-аас Ц.Тийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 20,0 сая төгрөгийн зээлийг Ц.Э авсан нөхцөл байдал нотлогдож байх тул Ц.Эгаас 19 202 500 төгрөг гаргуулан О.Дд олгож, Ц.Төд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253 970 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эгаас 253 970 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Эгаас 19 202 500 /арван есөн сая хоёр зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан О.Дд олгож, хариуцагч Ц.Төд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 253 970 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эгаас 253 970 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018.04.24-ний өдрийн 142/ШЗ2018/01929 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА