Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 182

 

Д.Д-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00817

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Д-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Г-т холбогдох

           “2.880.900 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д-,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-аас:

Би 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Г-т 2.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 16-нд 1.500.000 төгрөгийг зээлж барьцаат зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Г- нь одоог болтол гэрээний үүргээ үл биелүүлж төлбөр мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж нийт 5.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г-аас:

Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дансаар нэг удаа, бэлнээр нэг удаа тус тус төлсөн. Д.Д- дэвтэр дээр гарын үсэг зуруулж авсан. 2015 оны 6 дугаар сарын 08-нд 2.000.000 төгрөг зээлдүүлэхээр ярилцсан боловч уг өдөр 1.500.000 төгрөгийг өгсөн. Д.Д- маргааш нь 500.000 төгрөгийг нэмж өгнө гэсэн боловч өгөөгүй. 2015 оны 06 дугаар сарын 18-нд мөнгө зээлж аваагүй. Анх 2 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч 1.500.000 төгрөг л өгсөн.

Манай талаас 1.250.000 төгрөгийг төлсөн учир үлдэх 250.000 төгрөгийг л хүлээн зөвшөөрч байна. 2.000.000 төгрөг аваагүй 1.500.000 төгрөг авсан тул амаар гэрээ байгуулсан гэж үзээд хүү алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар шийдвэрээр:

           Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6 дaхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас 3.397.818 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.852.182 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Б.Г-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2003007332 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчид 2-27А тоот 503 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах Улсын бүртгэлийн Ү-2003017086 дугаарт бүртгэгдсэн 64.0 мкв талбайтай хувийн сууц зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 69.315 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга давж заалдсан гомдолдоо:

Үндсэн зээлийн үлдэгдэл 250.000 төгрөгөөс алданги тооцох ёстой байсан. Нэхэмжлэгчээс дахин 2 сая төгрөгийн зээлийг аваагүй. Нэхэмжлэгч Б.Г-т 2 сая төгрөг төлсөн гэдгийг нотлох баримт байхгүй байхад шүүх дээрх мөнгийг авсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Д- хариуцагч Б.Г-т холбогдуулж, үндсэн зээл 3.500.000 төгрөг, түүний гэрээгээр тохиролцсон хүү, алданги 1.750.000 төгрөг нийт 5.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Г- нэхэмжлэгчээс 1.500.000 төгрөг зээлсэн, 1.250.000 төгрөг буцааж төлсөн, одоо үлдэгдэл 250.000 төгрөг төлнө гэж маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, бичгийн гэрээгээр 1.500.000 төгрөг, гэрээгүйгээр амаар тохиролцон 2.000.000 төгрөг тус тус зээдүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдсон гэж дүгнээд 1.500.000 төгрөгт хүү, алданги тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.397.818 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1.852.182 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй, бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн 4, 5 дугаар талд авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн “Зээлийн гэрээ”, зээлдэгч Б.Г-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-2003007332 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-27А тоот 503 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, уг газарт байрлах Улсын бүртгэлийн Ү-2003017086 дугаарт бүртгэгдсэн 64 м/кв талбайтай хувийн сууц барьцаалсан “Барьцаат зээлийн гэрээ” тус тус байгуулагдаж, талууд гарын үсгээр баталгаажуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-т “Талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх...” гэж заасантай нийцэж байна.

Хэргийн 5 дугаар талд авагдсан баримтын арын хуудсанд зээлдэгч Б.Г-ийн гарын үсэг зурсан бичвэрээс үзвэл 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч бэлнээр 1.500.000 төгрөгийг хүлээн авсан, 06 дугаар сарын 16-нд бичгийн гэрээгүйгээр 2.000.000 төгрөг нэмж, нийт 3.500.000 төгрөг зээлж авсан болох нь нотлогдоно.

Хэрэгт зээлийн болон барьцаат зээлийн гэрээ гэсэн 2 баримт нотлох баримтаар авагдсан бөгөөд зээлийн гэрээний 3 дахь заалт, барьцаат зээлийн гэрээний 6 дахь заалтаар зээлдэгч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хоног дутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасантай нийцнэ.

Зээлдэгч Б.Г- 2015 оны 7, 8, 9 дүгээр саруудад сар бүр 350.000 төгрөг, нийт 1.050.000 төгрөг,  10 дугаар сард 200.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг буцааж төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Талууд зээлийн болон барьцаат зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж,  уг  гэрээг сунгаагүй байх тул нэхэмжлэгч Д.Д- Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл болон үлдэгдэл 1 сарын хүү, алданги шаардах эрхтэй харин 2.000.000 төгрөг зээлдүүлэхдээ гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү шаардах эрхгүй байна.

 Иймд 1.650.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 400.000 төгрөг,  алданги 200.000 төгрөг,  бүгд 600.000 төгрөг дээр бичгийн гэрээгүй зээл  2.000.000 төгрөгийг нэмж нийт 2.600.000 төгрөгийг хариуцагч Б.Г-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Г-ийн нэрийг бичихдээ “Б.Г-”, “Д.Г-” гэж өөр өөрөөр бичсэн болохыг анхааруулж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1050 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас 3.397.818 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.852.182 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас 2.600.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.650.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 56.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Г-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Б.Г-т олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧИД                                                 С.ЭНХЖАРГАЛ                                 

                                                                                                                   Л.АМАРСАНАА