Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 158/2023/0051/З |
Дугаар | 221/МА2024/0106 |
Огноо | 2024-02-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0106
“Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК
Хариуцагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н*******
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 007487904 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д*******
Хариуцагч Т.Н*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 158/2023/0051/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 007487904 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.29, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан “Х*******” ХХК-иас Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Н*******ад холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 007487904 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэнгүй.
Нэхэмжлэгч нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргад 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу хайрга авахаасаа өмнө хайрга авч ашиглах талаар хүсэлтээ гаргасан. Тус сумын Засаг дарга ч 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уг асуудлыг шийдвэрлэх тухай цохолт хийсэн.
Үүний үндсэн дээр нэхэмжлэгч компанид зөвшөөрөл олгогдсон. Уг зөвшөөрлийн зөв эсэх нь тус компаниас шалтгаалах асуудал биш юм. Шүүх хуралдаан дээр хариуцагч нь сумын Засаг дарга буруутай талаар мэдүүлсэн болно.
Нэхэмжлэгч хайрга ашигласны төлбөрийг төлсөн. Эдгээр байдлыг харгалзан үзвэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д***ын давж заалдах гомдлыг хангав.
1.Шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс хуулийн зохицуулалтыг буруугаар тайлбарлаж гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Тухайлбал “Х***” ХХК нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.29, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах зорилгоор бус харин Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Тариалан сумын зааг Намнангийн ард авто зам дагуу үйлчилгээний зориулалттай барилга барихад хэрэглэх зорилгоор Хутаг-Өндөр сумын 1-р багийн Цагаан булаг гэх газраас 2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний хооронд нийт 8 машин буюу 144 м3 хайрга авсан болох нь Зөрчлийн хэрэгт авагдсан фото зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэргээр тогтоогдож байна.
Шийдвэрийн үндэслэл болгосон дээрх хуулийн зохицуулалт нь байнгын шинжтэй үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулсан, тухайлбал Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар "түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгох бөгөөд мөн уг хуулийн 11 дүгээр зүйлийн 2.5, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.29-т тус тус зааснаар харьяалах нутаг дэвсгэртээ хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгох эрхтэй.
Харин гомдол гаргагчийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихийг хүсээгүй гагцхүү нэг удаагийн шинжтэй буюу өөрсдийн барьж буй зам дагуух үйлчилгээний төвийн барилгын хэрэгцээнд Сэлэнгэ голын дагуух каръераас 220 м3 хайрга олгож өгөх хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23/48 албан бичгээр Хутаг-Өндөр сумын Засаг даргад хандаж гаргасан, Засаг дарга Д.Л*** уг албан бичигт 30-ны өдөр “Газрын даамал, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид газрын байршил болон хайрга олгох боломжийг судлах” гэж цохсон, байгаль хамгаалагч Б.Х*** элс хайрга олборлох ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичгээр хайрга авах зөвшөөрөл олгосон, 9 дүгээр сарын 4-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тамгын газрын дансанд хайрга ачсаны төлбөрт нийт 900.000 төгрөг төлсөн байна.
Мөн зөрчлийн хэрэгт гэрч Хутаг-Өндөр сумын 1-р багийн байгаль хамгаалагч Д.Х***ын “…Засаг дарга П.Л**** над руу залгаад хайрганы асуудал яасан бэ гэж асуухад нь 8 удаа авсан, дахиад 1 машин хайрга нэмж авмаар байна гэсэн гэхэд, аан за за тэгвэл тэрийг нь бичээд өгөөд явуулчих гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр өмнөх 8 удаа авсан болон дээрээс нь нэмж 1 машин хайрганы зөвшөөрөл бичиж өгсөн. …хайрга тээвэрлэсэн асуудлыг БОУХБ Ж.А***, сумын Засаг дарга П.Л*** нар мэдэж байсан. …тус газар нь манай сумын иргэд ахуйн хэрэгцээнд байгаль хамгаалагчийн хяналтан доор хайрга авдаг газар байгаа юм…”,
-зөрчлийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.А***гийн “…2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр багийн байгаль хамгаалагч Д.Х***аас 180 м3 хайрганы төлбөр төлж зөвшөөрөл авсан. …сумын Засаг дарга 8 дугаар сарын 30-ны өдөр надад цохолт хийсэн байсан. Би ажлаар хөдөөгүүр явж байгаад ирсэн. Аймгийн Засаг даргын орлогч Д.Ж***, сумын Засаг дарга Д.Л*** нарт хайрга авах талаар хүсэлт гаргасан тухай хэлэхэд зөвшөөрч тохиролцсон гэж утсаар хэлсэн…” гэсэн мэдүүлгүүдээс тус тус үзэхэд “Х***” ХХК-ийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хайрга олборлож тээвэрлэсэн гэж буруутгаж, шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
2.Шүүхийн шийдвэрт “…хуулиар эрх олгосон аймгийн Засаг даргад хүсэлтээ тавьж тусгай зөвшөөрөл авах боломжтой атал аймгийн Засаг даргын орлогч, сумын Засаг дарга зэрэг хуулиар эрх олгогдоогүй этгээдэд хандаж хуульд заасан зөвшөөрлийг аваагүй…” гэх боловч гомдол гаргагч нь дээрх байдлаар өөрийн хэрэгцээнд хайрга авах хүсэлтээ гаргаж зохих зөвшөөрөл авч, төлбөр төлсөн үйл баримтыг шүүх маргаан шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй.
Тухайлбал “Х***” ХХК-д олгосон Ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг нь хайрга дайрганд биш харин Ойн тухай хуулиар зохицуулагдах ойн дагалт баялагыг ашиглахад хамааралтай гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч энэ тохиолдолд сумын Засаг даргын цохолт, аман зөвшөөрлийн дагуу багийн байгаль хамгаалагчаас өөрийн эрх хэмжээний хүрээнд олгосон зөвшөөрлийг шууд үгүйсгэх боломжгүй.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан.
Дээрхээс дүгнэхэд тус компанийн гаргасан гэх зөрчлийн нөхцөл байдал, шинжийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад харгалзан үзэх шаардлагатай байсан, өөрөөр хэлбэл огт хүсэлт гаргалгүйгээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр, тодорхой хэмжээний төлбөр төлөлгүйгээр бус сумын Засаг даргын зохих зөвшөөрлийн хүрээнд, тодорхой төлбөр төлж ахуйн хэрэгцээнд ашиглахаар хайрга авсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх зөрчлийн шинжийг агуулаагүй байх тул хариуцлага ногдуулах үндэслэл болохгүй.
Нөгөөтэйгүүр хууль хэрэглээний хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хуульд түгээмэл тархацтай ашигт малтмалыг газрын хэвлийгээс “олборлох”, эсхүл газрын гадаргуугаас “ялган авах” гэж ялгаатай тусгасан, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно” гэж зааснаас үзэхэд ч энэ тохиолдлыг хайрга олборлохоос илүүтэй ялган авсанд хамааруулах боломжтой, иймд ашиг олох зорилгогүйгээр тээвэрлэлт хийснийг шийтгэл ногдуулахдаа хариуцагч улсын байцаагч, маргааныг шийдвэрлэхдээ шүүх тус тус анхаарах ёстой.
3.Шүүхийн процессийн хувьд Зөрчлийн тухай хуулиар ногдуулсан шийтгэлийн хуудастай холбоотой маргаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3 буюу тусгай журмаар гомдлоор үүсэх хэрэг, маргаанд хамаарах тул захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрт “Х***” ХХК-ийн гомдлыг “нэхэмжлэл” гэж буруу тодорхойлсон байгааг цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэл болгон,
ТОГТООХ нь:
1.Булган аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 007487904 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “Х***” ХХК-ийн өмгөөлөгч Н.Д***ын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН