| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0302/И |
| Дугаар | 361 |
| Огноо | 2018-05-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 361
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, И овогт Ны Еийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургууль /захирал Ж.А/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2783482 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.
Нэхэмжлэгч Н.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Е би Ц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд биеийн тамирын цагийн багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2016 оны 11-р сарын 15-ны өдрийн 85, 2016 оны 11-р сарын 16-ны 88 дугаар бүхий тушаалуудаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн 140 дугаар бүхий шийдвэрээр намайг Ц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд биеийн тамирын цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон билээ. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил олгогч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул миний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдан ажил олгогч намайг ажилд эгүүлэн томилолгүй 1 жил болсны эцэст тус сургуулийн захирлын 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн 63 дугаар бүхий тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлэн урьд эрхэлж байсан цагийн багшийн ажилд эгүүлэн томилсон билээ. Ажил олгогчийн буруугаас болж би 2016 оны 11-р сарын 16-наас 2017 оны 12-р сарын 22-ныг хүртэл буюу 13 сар ажилгүй байсан бөгөөд энэхүү ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ. Миний өмнө авч байсан сарын цалин 214114 төгрөг байгаа бөгөөд ажилгүй байсан 13 сараар тооцвол 13 сар х 214114 төгрөг = 2783482 төгрөг болж байгаа болно. Иймд Ц сумын Бүрэн дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин болох 2783482 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Н.Е шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх 13 сарын цалин 2783482 төгрөгийг Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулиас гаргуулах гэж байгаа гэв.
Хариуцагч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ны Еийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. Н.Е 2016 оны 8-р сард анх ажилд орохдоо яамнаас ирсэн төлөвлөгөөнд ямар ч илүү цаг байхгүй үед өмнөх захирал хоосон орон тоонд тушаал гарган ажилд томилсон байсан. Хоосон орон тооны тушаалыг авч илүү цаг байхгүй мөртлөө шүүхэд хандсан тул 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн 140 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017-2018 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд байгаа биеийн тамирын хичээлийн илүү гарсан 4 цагийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд өгсөн юм. Тийм учраас сургуулийн хэмжээнд яамнаас батлагдсан төлөвлөгөөний дагуу илүү гарч байгаа 4 цагийг л өгч байгаа.
2. Яамнаас баталсан төлөвлөгөөнөөс илүү цаг олгох ямар ч боломжгүй тул нягтлан бодогч хэдэн төгрөг олгох нарийн тооцоог гаргасан гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Е нь хариуцагч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулиас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2783482 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хариуцагч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.Аа нь “... Н.Е 2016 оны 8-р сард анх ажилд орохдоо яамнаас ирсэн төлөвлөгөөнд ямар ч илүү цаг байхгүй үед өмнөх захирал хоосон орон тоонд тушаал гарган ажилд томилсон байсан. Хоосон орон тооны тушаалыг авч илүү цаг байхгүй мөртлөө шүүхэд хандсан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140 дүгээр шийдвэрийг биелүүлэн 2017-2018 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд байгаа биеийн тамирын хичээлийн илүү гарсан 4 цагийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд өгсөн юм. Тийм учраас сургуулийн хэмжээнд яамнаас батлагдсан төлөвлөгөөний дагуу илүү гарч байгаа 4 цагийг л өгч байгаа. Яамнаас баталсан төлөвлөгөөнөөс илүү цаг олгох ямар ч боломжгүй тул нягтлан бодогч хэдэн төгрөг олгох нарийн тооцоог гаргасан” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Н.Е нь Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай “Тушаалыг хүчингүй болгох тухай” болон 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 88 дугаартай “Биеийн тамирын багш Н.Еийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Ц сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Н.Еийг Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын цагийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.
Ажил олгогч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч Н.Еийг цагийн багшаар томилсон байна.
Нэхэмжлэгч Н.Е нь ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т зааснаар хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах үндсэн эрхтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэсний дагуу нэхэмжлэгч Н.Еийн шаардах эрх нь үүсэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.Еийн НДД №А1097531 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 9 дүгээр сард 214114 төгрөг, 10 дугаар сард 588815 төгрөг, 11 дүгээр сард 296688 төгрөг гэж бичилт хийгдсэн байх ба нэхэмжлэгч Н.Е нь тухайн үед 8 цагийн биеийн тамирын цагийн багшаар ажиллаж байх хугацаандаа 214114 төгрөгийн цалинтай байсан гэж тодорхойлж байгаа учир тухайн үеийн цагийн багшаар ажиллаж байсан цалингаар болон 2016 оны 09 сарын ажлын цагийн тодорхойлолт /ажилласан хоног 8, ажилласан цаг 64/ гэснийг үндэслэн нэхэмжлэгч Н.Еийн ажилгүй байсан хугацаанд ноогдох цалин хөлсний нөхөн олговрыг цагийн багшийн сарын цалин 214114 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал нь “.... Ц сумын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогч Р.Шы тодорхойлолтоор Н.Е нь долоо хоногт 4 цагаар сард 16 цагийн хөлсөнд 86619 төгрөг, 13 сард х 86619 = 1126047 төгрөг авах ёстой” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Н.Е нь анх ажилд томилогдон ажиллаж байсан хугацаандаа 4 цагийн хичээл зааж цалинжиж байсан нь, Р.Шы тодорхойлолт нь цаг хугацааны хувьд хэдэн оны хэдээс хэдэн саруудад 4 цагийн багшаар цалинжиж цалин хөлс авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус нотлогдохгүй байх тул хариуцагчийн энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-т “ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Н.Еийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.Ад үүрэг болгох нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Еийн ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2783482 төгрөгийг /2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх/ Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулиас гаргуулан олгож, ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Еийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 59500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.Ад 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 20 минутад болох шүүх хуралдааны товыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Еийн ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2783482 /хоёр сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан Н.Ет олгож, Н.Еийн ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн санхүүгээс 59500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ет олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН